Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/689

 

 

 

 

 

 

  2023              7              06                                      2023/ДШМ/689

 

 

                                                                   Н.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Намдаг,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Я.Б,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/732 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Баяр-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ............................. дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Б нь өөрийгөө Форексийн багш гэж итгүүлэн цахим орчинд валютын арилжаа хийнэ, ханшийн өсөлт бууралтаас ашиг олно гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Д.Г-оос 38.000.000 төгрөг шилжүүлэн авсан, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ....... дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ барьцаалан зээлдүүлэх газарт хохирогч Г.З-оос 3.400.000 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зариудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-д 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 3/ гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар Н.Б-ийн цагдан хоригдсон 182 /нэг зуун наян хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-с 26.162.000 /хорин зургаан сая нэг зуун жаран хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Г-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад анхнаасаа Г ахыг залилж мөнгийг нь өөртөө олж авах санаа зорилго байгаагүй. Бид 2 хамт сууж байгаад арилжаагаа хийдэг байсан. Хамтдаа ашгаа татан алдагдлаа зөвшөөрөх шийдвэр гаргаж байсан. Эхний 15.000.000 төгрөг алдсаны дараа ярилцаж байгаад шархаа нөхөх зорилгоор дахин 13.500.000 төгрөг арилжаанд оруулсан. Энэхүү арилжаа нь эрсдэлтэй гэдгийг би хэзээ ч нууж байгаагүй ба хоёулаа мэдэж байсан. Ашиг олох үедээ олдог байсан. Г ах олсон ашгаа өөрийнхөө дансаар татаж авдаг байсан баримт нь 1 дүгээр хавтас хэргийн 248 дугаар хуудсанд байгаа. Хэдийгээр хохирогчийн ийм зүй бус үйлдлүүд байдаг боловч миний хувьд гэм буруугаа өөртөө бүрэн хүлээж хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлдэг. Иймд миний хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Я.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг өмнө давж заалдах шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх үед 1.000.000 төгрөгийн торгуулийн ялыг төлөөгүй гэсэн асуудал яригдсан. Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцэх үед торгуулийн ялыг төлсөн талаарх баримтаа гаргаж өгснийг шүүх үнэлж шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгчийг анх 1.000.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй гэсэн шалтгаанаар хорьсон. Өмгөөлөгчийн зүгээс тухайн үед давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэж байсан. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Гэтэл улсын яллагчийн зүгээс 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан байхад анхан шатны шүүхээс өмнө оногдуулсан ялыг дахин оногдуулсан нь хэрэгт субъектив байдлаар хандсан гэж үзэхээр байгаа тул үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөн шүүгдэгчийн төрсөн дүү нь хохирогчийн дансанд 1.162.000 төгрөгийг шилжүүлж хохирол төлсөн. Анхан шатны шүүхээс “зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад оршин суугаа хаяг тодорхойгүй” гэж шийтгэх тогтоолдоо дурдсан учир байнгын оршин суугаа хаягийн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Иймд миний үйлчлүүлэгчийн хохирол төлбөрөө төлсөн байдал болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Н.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Б нь өөрийгөө Форексийн багш гэж итгүүлэн цахим орчинд валютын арилжаа хийнэ, ханшийн өсөлт бууралтаас ашиг олно гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Д.Г-с 38.000.000 төгрөг шилжүүлэн авсан, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ барьцаалан зээлдүүлэх газарт хохирогч Г.З-с 3.400.000 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.З-ийн “...тухайн хүний Ард банкны .................. дугаартай данс руу 3.400.000 төгрөгийг ломбард зээл гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд тэр хүн миний хажууд суугаад арилжаагаа хийгээд байх шиг байсан ба 3 цагийн дараа болж байна уу гээд асуутал 30 минутын дараа болчихно гэж хэлсэн. ...тэгээд гэрээсээ барьцаанд тавих юм аваад өгье гэхээр нь худлаа юм шиг санагдаад цагдаад дуудлага өгсөн. ...” /1хх 13/,

хохирогч Д.Г-ын “...тухайн залуу өөрийгөө Н.Б гэж танилцуулсан. Арилжаа хийж байна гээд нөтбүүкээ над руу харуулсан. Уг зүйл нь вальютын өсөлт бууралт үздэг график байсан ба мөнгөө хийж байгаад өссөн үед нь зогсоогоод мөнгөө буцаагаад өсгөж авдаг, ашиг гардаг, танд мөнгө байгаа бол хийчих, би таны нүдэн дээр чинь харуулъя гэж хэлэхээр нь би өөрт байсан 5.000.000 төгрөгийг 2 хувааж данс руу нь шилжүүлсэн. Тэгтэл тэр дороо надад “ашиг” гэсэн утгатай 122.222 төгрөг орж ирсэн ба энэ байдлаар өдөр болгон 50.000 төгрөг ашиг орж ирнэ, танд ямар байдлаар арилжаа хийдгийг зааж өгнө, хэрэв та мөнгөтэй бол хоёулаа уг арилжааг цэнэглээд таны мөнгийг 100 хувь буцааж өгнө, олсон ашгаа хувааж авъя гэж хэлсэн. ...Би нийтдээ 38.000.000 төгрөг өгсөн ба 1 сая гаран төгрөг буцааж авсан. ...” /1хх 192-192, 195/,

яллагдагч Н.Б-ийн “...Би З-с 3 цагийн дотор 3.400.000 төгрөг зээлчих тэгээд олсон ашгийнхаа буюу 300 долларын 100 долларыг нь өгье гээд авсан. ...Би богино хугацаанд өндөр ашиг олохоор койны арилжаанд ороод өндөр эрсдэлтэй байсан учир бүх мөнгөө алдсан. ...Д.Г ахын автомашинд хамт хоноод арилжаа хийдэг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа алдагдалд ороод би боломжоороо мөнгийг нь төлж өгнө гэж хэлээд салсан. ...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.  ...” /1хх 41-43, 206-207, 2хх 27-28/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Г.З-н эзэмшлийн Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 53-55/, хохирогч Д.Г-ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 242-248/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 2/, БЗДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /1хх 3/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 6-10/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Г.З-с 3.400.000 төгрөг, хохирогч Д.Г-с 38.000.000 төгрөгийг тус тус өөрийн дансанд шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж, нийт 41.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогч Г.З, Д.Г нарын мэдүүлгүүд болон бусад баримтуудаар шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг залилж, хохирол учруулсан, энэхүү үйлдлээ шунахайн сэдлээр үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм буруугийн асуудлаар маргаагүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлжээ.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Хавтас хэргийг судлан үзэхэд, Н.Б нь хохирогч Г.З, Д.Г нарыг “валютын арилжаа хийнэ, ханшийн өсөлт бууралтаас ашиг олно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 41.400.000 төгрөгийн хохирол учруулсан, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинж болох “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө...”-ийг шилжүүлэн авсан гэх шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна шүүгдэгч Н.Б-д тухайн зүйл хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, хуульд заасан хэмжээний дотор буюу 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон байна.

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.162.000 төгрөгийг /2хх 216/ нөхөн төлсөн хэдий боловч урьд 3 удаа залилах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдал, үлэмж хэмжээний хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, үргэлжилсэн үйлдлээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, хохирол бүрэн төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан ялыг хүндэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хорихоос өөр төрлийн ялаар солих, биеэр эдлэх ялаас багасгаж өгөхийг хүссэн шүүгдэгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ийн гаргасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Н.Б-ийн 2023 оны 5 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 49 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/732 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Шүүгдэгч Н.Б нь хохирогч Д.Г-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.162.000 /нэг сая нэг зуун жаран хоёр мянга/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

 

                                

                                ШҮҮГЧ                                                               Т.ШИНЭБАЯР

 

 

                                ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ