| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямын Амарзаяа |
| Хэргийн индекс | 118/2024/0045/З |
| Дугаар | 118/ШШ2024/0062 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 118/ШШ2024/0062
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П................
Хариуцагч: Завхан аймгийн Их-Уул сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Д. нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П., нэхэмжлэгчийн өмгөөлөгч В. /онлайнаар,/ хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг дарга О. /онлайнаар/, гуравдагч этгээд Д. /онлайнаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/66, А/67 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
2. Хэргийн нөхцөл байдал: Анх Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар захирамжаар ХААН банкны барилга шинээр баригдах болсон учир ХААН банкны эзэмшиж байсан хуучин хашааны газрыг иргэн гийн д гэр бүлийн хэрэгцээнд зориулан эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр 0,07 м.кв газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ олгожээ. /хавтаст хэргийн 73, 74,112-р хуудас/
Их-Уул сумын Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар захирамжаар Я., түүний гэр бүлийн 3 гишүүдэд сумын төв, Баян Ухаа 1-р багт /өмчлөх газрын хэмжээ тодорхойгүй/ газар өмчлүүлсэн байна. /хавтаст хэргийн 109, 150-р хуудас/
2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/122 дугаар захирамжаар Я.гийн өмчилж буй газрын талбайн хэмжээ зөрүүтэй гэх үндэслэлээр Я.д Баян-Ухаа багийн Жавхлант хороо, 7-******* тоот хаягт 563 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, өмнөх 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 /А/23 гэж бичсэн/ дугаар захирамжийн Я.д холбогдох хэсэг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгосон байна.
3. Я. П. нарын байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу Я.гээс П.ид Их-Уул сумын Баян Ухаа, 1-р баг 7-******* тоотод байрлалтай, 563 м.кв газар өмчлөх эрхийг шилжүүлэн, ******* дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон бөгөөд хариуцагчаас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг үндэслэн “Баян-Ухаа багийн Жавхлант хороо, 7-******* тоот 563 м2 газрын 162 м2 газар нь Хаан банкны өмчлөлийн дуудлага худалдаагаар худалдсан газар” гэх үндэслэлээр 2020 оны А/122 дугаар захирамжийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/66 дугаар захирамжаар хүчингүй болгож, мөн өдрийн А/67 дугаар захирамжаар гуравдагч этгээд болох Д.д Баян-Ухаа баг, Жаргалант хороо, ******* тоот хаягт, 162 м2 газрыг өмчлүүлсэн.
4. Нэхэмжлэгч тал “Би өөрийн газар өмчлөх эрхээсээ татгалзаагүй, 162 м.кв газрыг миний газартай давхцуулан өмчлүүлсэн нь хууль бус” гэж,
5. Хариуцагч тал “Гуравдагч этгээд нь дуудлага худалдаагаар худалдаж авсан нь үнэн, ...тухайн үеийн Засаг дарга дур мэдэн үндэслэлгүйгээр захирамж гаргаж талбайн хэмжээг сунгасан тул уг зөрчлийг арилгаж А/66, А/67 дугаар тоот захирамжуудыг гаргасан нь үндэслэлтэй” гэж тус тус маргасан.
6. Нэхэмжлэгч нь Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/66, А/67 дугаар захирамжийн талаар Завхан аймгийн Засаг даргад гомдол гаргаж, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 246 дугаар албан бичгээр хариу авсан байх ба 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
7. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие иргэн Я.гээс 2020 онд зохих хууль тогтоомж, гэрээний дагуу Завхан аймгийн Их-уул сумын 1-р баг Баян-Ухаа Жавхлант 8 гудамж, ******* тоот хаягтай нэгж талбарын дугаартай эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй 563 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болно. Гэтэл Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д. нь өөрийн албан тушаалаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй нийлж иргэн П.ийн хувийн өмчийн энэхүү газраас 162 м.кв газрыг 2023 оны А/66 дугаартай захирамжаар илт хууль бусаар хүчингүй болгож, улмаар 2023 оны А/67 дугаар захирамжаар энэхүү 162 м.кв газрыг өөрийн нэр дээр өмчлүүлсэн байна. 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/66 захирамжийг гаргахдаа Монгол Улсын иргэнд өмчлүүлэх тухай хуулийн 31 дугаар зүйлийн "31.1.2.газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар;" гэх заалтыг үндэслэн гаргасан нь туйлын хачирхалтай байна. Учир нь иргэн П. миний бие өөрийн энэхүү газар өмчлөх эрхээсээ татгалзаагүй бөгөөд яагаад татгалзсан мэтээр захирамж гаргаж, иргэний хувийн өмчийн газрыг үндэслэлгүйгээр булаан авч өөрийн нэр дээр гаргуулан авч байгааг ойлгохгүй байна. Мөн А/66 захирамжийн 1 дэх хэсэгт дэх "563 м.кв газрын 162 м.кв газар нь Хаан банкны өмчлөлийн дуудлагаар худалдаагаар худалдагдсан газар" гэж буй нь худал болно. Учир нь анх ХААН банкны салбар шинэ байранд орсонтой холбоотойгоор ХААН банкны хуучин ашиглалтгүй болсон барилгын орчим газрыг тухай үед овогтой д Их-уул сумын Засаг даргаар ажиллаж байсан Д. нь өөрөө 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаартай захирамжаар анх эзэмшүүлсэн байдаг. Мөн банкны уг ашиглалтгүй байшин нь одоо ч ХААН банкны салбарын өмчөөр бүртгэлтэй бөгөөд үүнтэй Я., П. болон ХААН банкны зүгээс маргаж байгаагүй болно. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т "Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно" гэж заажээ. Энэ заалтын дагуу Я.гийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж улсын бүртгэлийн байгууллагаас газар өмчлөх гэрчилгээ олгогдсон бөгөөд П. миний бие энэхүү газар өмчлөх эрхийг Иргэний хуульд заасны дагуу шилжүүлэн авсан болно. Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр баталгаажиж үүсдэг бөгөөд энэхүү улсын бүртгэлд бүртгэгдсэн газар өмчлөх эрхийг хэн нэг Засаг дарга өөрийн үзэмжээр бүхэлд нь эсвэл хэсэгчлэн өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүчингүй болгох, дуусгавар болгох эрхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж миний газар өмчлөх эрхийг үгүйсгэсэн эдгээр хууль бус захирамжуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн гаргасан захирамжийг надад мэдэгдээгүй, холбогдоогүй. Би тухайн үед мал маллаж байсан. Манай эхнэр багш хийдэг. Манай эхнэр сумын төв дээр байсан мэдэгдэх боломжтой байсан. Миний утас руу залгаагүй. Тухайн үед надад мэдэгдэх гэж оролдоогүй гэж үзэж байна гэв.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П. нь Л. гэх хүнээс 2020 онд хууль тогтоомж, гэрээний дагуу Завхан аймгийн Их-Уул сумын 1-р баг, Баян-Ухаа жавхлант, 7 дугаар гудамж ******* тоот хаягтай ******* нэгж талбарын дугаартай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 562 м кв талбай бүхий газрыг өмчлөх эрхтэйгээр худалдан авсан. Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д. өөрийн албан тушаалаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй нийлж нэгдэн П.ийн өмчийн газраас 162 м кв газрыг хууль бусаар хэсэгчлэн хүчингүй болгуулж, А/67 дугаар захирамжаар тухайн газрыг өөрийн нэр дээр өмчлүүлэн авсан. 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/66 дугаар захирамжийг гаргахдаа Монгол улсын иргэн газар өмчлөх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт буюу тухайн иргэн газар өмчлөх эрхээсээ татгалзсан гэх үндэслэлийг иш татсан нь хачирхалтай байна. Тус хуулийн 31 дүгээр зүйлд газар өмчлөх эрхээсээ татгалзах 2 үндэслэлийг маш тодорхой заасан байдаг. Тухайлбал, тухайн иргэн Монгол улсын иргэний харьяатаас гарснаар, тухайн иргэн газар өмчлөх эрхээсээ сайн дураараа татгалзсанаар газар өмчлөх эрх дуусгавар болдог.
П. нь газар өмчлөх эрхээсээ татгалзаагүй байхад яагаад газар өмчлөх эрхээс татгалзсан гэх үндэслэлээр захирамж гарган иргэний хувийн өмчийн газрыг булаан авсныг ойлгохгүй байна. Д. Их-Уул сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Л. гэх хүнд 563 м кв газрыг өмчлүүлсэн байдаг.
Л. нь газар өмчлөх эрхийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн нэгж талбарын дугаар авсан. Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн бол хэн нэгэн Засаг дарга захиргааны журмаар оролцон тухайн иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгодог дуусгавар болгодог хууль тогтоомж байхгүй. Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар П. гэх хүн Л.гээс газар өмчлөх эрхийг иргэний хууль тогтоомжийн дагуу шилжүүлсэн авсан байтал тухайн газрыг Их-Уул сумын эрх бүхий албан тушаалтнууд иргэн газар өмчлөх эрхээсээ татгалзаагүй байхад татгалзсан мэтээр Засаг дарга захирамж гарган иргэн П.ийн өмчлөх эрхэд халдаж буйг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иргэний хууль тогтоомжийн дагуу газар өмчлөх эрх баталгаажсан байхад сумын Засаг дарга захирамж гаргасныг хууль бус болохыг тогтоож өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
9. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газрын маргаан нь тус сумын иргэн Х.*******гийн дуудлага худалдаагаар авсан ХААН банкны барилга бөгөөд газрын гэрчилгээтэй, үл хөдлөхийн гэрчилгээ зэрэгтэй ба түүнийг үл харгалзан тухайн үеийн Засаг дарга дур мэдэн үндэслэл тооцоогүйгээр захирамжилж талбайн хэмжээг сунгасан явдал нь хууль бус ба бусдын эрх, эд хөрөнгөд ноцтойгоор зөрчсөн учир газрын захирамжийг хүчингүй болгож, иргэн тус бүрийн эрхийг хангасан явдал юм. Иргэд тус маргаантай газар дээр байгаа байшин үл хөдлөх хөрөнгийг харилцан мэддэг байсан ба дамжуулан зарсан явдал нь өөрөө ойлгомжгүй байдал үүсгэж байна. Иргэн Я., н.******* нар хажуу талын Хаан банкны газарт тухайн үеийнхээ эрх мэдлийг ашиглан кадастр хийлгэн өргөтгөж авсан. Тухайн үеийн дарга нар нь түүнийг батламжлаад явсан нь энэ маргааны эх үүсвэр болж байна гэж үзэж байна. А/122 дугаар захирамжийг хэсэгчлэн хүчингүй болгож байгаа гэв.
10. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Их-Уул сумын Засаг даргатай төрөл садны холбоо байхгүй. Өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд авъя гэж бодож байсан бол тухайн газрыг авах боломжтой байсан байх. Хаан банкны барилгыг 2007 онд дуудлага худалдаанд орж авсан. Миний өмчлөлийн зүйл болсон гэж бодож явсан. Тухайн газрыг хүнд шилжүүлэх гэсэн миний бус Хаан банкны эзэмшилд байсан. Би дуудлага худалдаагаар ороод авахаар минийх болно гэж бодсон. Хаан банкинд хүсэлтээ тавьсан. Аймгийн Хаан банкныхан мэдэж байгаа. Шүүх банкнаас холбогдох материалуудыг авсан байх гэж бодож байна. Их-Уул сумын Хаан банкны тооцооны төвд барилга барих зориулалтаар 1997 оны 05 дугаар сард талийгаач н.******* дарга захирамж гарган 50x50 м кв газар олгосон байдаг. Барилга газартайгаа холбогдон явдаг байх. 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар захирамж байдаг. Захирамжид газрын нэгж талбар, талбайн хэмжээг заагаагүй хашааны газар гэж дурдсан байдаг. Хаан банк хойд талдаа түлээний хашаатай байсан. Сумд амьдарч байсан хүмүүс мэдэж байгаа. Дуудлага худалдаагаар авсан газраа өөрийнхөө өмчлөлийн зүйл гэж бодож байсан. Гэнэт миний газар, байшин тэр чигтээ зарагдсан мэт асуудал үүссэн. Учрыг нь сайн ойлгохгүй байна. Улсын бүртгэлийн газраас асуусан. Яагаад Хаан банкны нэртэй газар дээр кадастр хийдэг юм гэсэн. Тухайн маргаан бүхий газар нь улсын бүртгэлд Хаан банкны нэр дээр байгаа. Иргэний хувьд Их-Уул сумын Засаг даргад хүсэлт гаргасан. Надаас нэг хүн энэ газраа зараач гэж гуйсан юм. Их-Уул сумын Засаг дарга О.тай хуйвалдсан асуудал байхгүй. Өөрийн, аавын гэр орноо агуулж буй байшин. Бэлэглэх гэрээ байгуулсны дараа Я.д газар өмчлүүлсэн байна. Өмчлүүлэх байсан бол дараагийн газар шилжсэн хүнд газар өмчлүүлэх ёстой байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг үнэлэн, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарыг харьцуулан судлаад маргаан бүхий захиргааны актууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзлээ.
1. Маргаан бүхий Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 12-ны А/66 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтуудыг үндэслэн Я.д 563 м.кв газар өмчлүүлсэн тус сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/122 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.
1.2. Анх Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар захирамжаар ХААН банкны барилга шинээр баригдах болсон гэх үндэслэлээр ХААН банкны эзэмшиж байсан хуучин хашааны газрыг иргэн гийн д гэр бүлийн хэрэгцээнд зориулан эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр 0,07 /м2 гэж бичсэн/ газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон.
1.3. Гуравдагч этгээдээс тухайн үед ХААН банк урд хэсгээрээ /ертөнцийн зүгээр зүүн талаараа/ хашаа байхгүй, хойд хэсэгтээ хашаа байсан, тэр газрыг нь эзэмшүүлсэн гэж маргах боловч шүүхээс хийсэн үзлэгээр бодит байдал дээр хойд тал /ертөнцийн зүгээр баруун тал/-ын газар 700 м.кв хүрэхээргүй байна.
1.4. Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар захирамжаар /хавтаст хэргийн 109-р хуудас/ гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлт гаргасан иргэдэд газар өмчлүүлэхийг зөвшөөрсөн байх бөгөөд уг захирамжийн хавсралтын 4 дүгээрт Я., түүний гэр бүлийн гишүүдэд сумын төв, Баян Ухаа 1-р багт, газар өмчлүүлсэн, ингэхдээ газрын хэмжээг хавсралтад тодорхой бичээгүй байна.
Гэвч 2010 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээнээс харахад Я.д Баян-Ухаа 1-р багийн төвийн ...... тоотод /одоо Жавхлант хороо 7-******* тоот хаягтай болсон/ гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг өмчлүүлсэн болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 93-р хуудас/
Ийнхүү Я.д 700 м.кв газрыг өмчлөх эрх олгож, ............ дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байх тул түүнийг маргаан бүхий газрыг өмчлөх эрхтэй байсан гэж үзэхээр байна.
1.5. Хариуцагчаас Я. нь тухайн үед хууль зөрчиж газар эзэмшсэн гэж маргах боловч гуравдагч этгээд болох Д. нь сумын Засаг даргаар ажиллаж байх үедээ Я.д анх 700 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж байсан, Газрын тухай хуулийн 21.4.3-д зааснаар газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах нь сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал байх тул Я.г хууль бусаар газар эзэмшсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
1.6. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т “өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах” эрхтэй гэж зааснаар Я. нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дээрх өмчийнхээ 700 м.кв газрыг П.ид бэлэглэхээр бэлэглэлийн гэрээ байгуулсан. /хавтаст хэргийн 122-р хуудас/
Дээрх бэлэглэлийн гэрээ хийгдсэний дараа Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар өмчлөх захирамжид талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай” А/122 дугаар захирамжаар Я.гийн өмчилж буй газрын хэмжээ зөрүүтэй байгаа гэх үндэслэлээр Баян-Ухаа багийн Жавхлант хороо, 7-******* тоот хаягт 563 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, өмнөх 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн /А/23 дугаар гэж бичсэн/ захирамжийн Я.д холбогдох хэсэг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ........... дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгосон байна. /хавтаст хэргийн 75-р хуудас/
1.7. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус заасан.
1.8. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийгдсэний дараа А/122 дугаар захирамжаар талбайн хэмжээг багасгаж, түүнийг үндэслэж 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн П.ид Их-Уул сумын 1-р баг, Баян-Ухаа, Жавхлант 7-р гудамж, .............. тоот хаягт 563 м.кв газрыг өмчлөх эрх үүсч, ........... дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон /хавтаст хэргийн 5-р хуудас/, Я.гийн газар өмчлөх эрх дуусгавар болохоос өмнө талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсныг буруутгах боломжгүй. Нэхэмжлэгч өмчийнхөө газрыг 700 м.кв байх ёстой гэж маргаагүй, 563 м.кв газар өмчилж байгаагаа хүлээн зөвшөөрч байх тул гуравдагч этгээдийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийгдсэний дараа 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Я.гийн өмчлөх газрын хэмжээг өөрчилсөн нь буруу гэх тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч уг өмчлөлийн газар дээрх амьдрах зориулалттай, 80 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн ...... дугаарт 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн байна. /хавтаст хэргийн 189-р хуудас/
Нэхэмжлэгч 563 м.кв газрыг өмчлүүлэхээр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсоныг хүлээн зөвшөөрсөн, нэгэнт энэ талаар маргаагүй байх тул П. нь 563 м.кв газрын хууль ёсны өмчлөгч байна.
1.9. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Иргэний газар өмчлөх эрх дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно”, 31.1.2-д ”газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар“ гэж заасан байна.
Нэхэмжлэгч П. нь дээрх 563 м.кв газрыг өмчлөх эрхээсээ татгалзсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ хариуцагчаас энэ талаар нотолж тогтоосон зүйл байхгүй мөртлөө Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг баримтлан А/66 дугаар захирамжийг гаргасан нь хууль бус байна.
1.10. Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/122 дугаар захирамжаар Я.гийн өмчлөх газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан байх хэдий ч тухайн захирамжийг үндэслэн нэхэмжлэгчид 563 м.кв газрыг өмчлөх эрх үүссэн, А/122 дугаар захирамжийг хүчингүй болгосноор Я.гийн 700 м.кв газар өмчлөх эрх нь сэргэх үр дагавартай, А/66 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байх тул нэхэмжлэгч нь тухайн захирамжид маргах эрхтэй гэж үзнэ.
1.11. Хариуцагчаас 2023 оны А/66 дугаар захирамжийг гаргахдаа 2020 оны А/122 дугаар захирамжийн зөвхөн 162 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон гэж тайлбарлах боловч А/66 дугаар захирамжийн агуулгаас харахад дээрх А/122 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон байна.
1.12. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт гаргахын өмнө... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-д “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заажээ.
Хариуцагч Их-Уул сумын Засаг дарга нь “манай сумын газрын даамлаар ажиллаж байсан н.******* гэх хүн П.той холбогдоод газрын асуудлаар мэдэгдсэн гэж хэлсэн” хэмээн маргаан бүхий 2023 оны А/66, А/67 дугаар захирамжийг гаргахаас өмнө уг шийдвэр чиглэгдэж буй П.ид тайлбар, санал гаргах боломж олгоогүй, сонсох ажиллагааг явуулаагүй, энэ талаар баримт байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбарлаж байна.
Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулах талаарх дээрх хуулийн заалтыг ийнхүү зөрчсөн байх ба энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэстэй байна.
1.13. Иймд Я.гийн өмчлөх газрын хэмжээг багасгаж өөрчилсөн Их-Уул сумын Засаг даргын 2020 оны А/122 дугаар захирамжийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байхгүй байх бөгөөд, маргаан бүхий А/66 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байх тул Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/66 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
2. Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/67 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
2.1 Дээрх маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны А/67 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.3-д заасныг үндэслэн гуравдагч этгээд Д.д тус сумын Баян-Ухаа багийн Жаргалант хороо, ******* тоотод 162 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.
2.2. Сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах, 14.1.3-д зааснаар газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.
2.3. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хэмжээгээр иргэнд газрыг өмчлүүлэх ба уг шийдвэрийг гаргахдаа иргэний гаргасан өргөдөл болон газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр бусад баримтуудыг үндэслэхээр дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгүүдэд зохицуулжээ.
2.4. Гуравдагч этгээд болох Д. нь ХААН банкны Завхан салбарын Их-Уул дахь тооцооны төвийн ашиглаж байсан 30,4 м.кв хэмжээтэй хуучин барилгыг 1450000 төгрөгөөр худалдан авсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ******* дугаар гэрчилгээ /хавтаст хэргийн 38-р хуудас/, 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 53-р хуудас/, ХААН банкны 2007 оны 11 сарын 16-ны өдрийн санамж бичиг /хавтаст хэргийн 78-р хуудас/, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 5495/24/0219 дугаар албан бичиг /хавтаст хэргийн 71-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.
2.5. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан ба 85 дугаар зүйлийн 85.2-д “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж тодорхойлсон.
Иймд гуравдагч этгээд Д.ын худалдан авсан байшин нь газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох үл хөдлөх эд хөрөнгө байх ба маргаан бүхий газар хийсэн үзлэгээр 7,28*4,85 метр буюу 35,3 м.кв талбай бүхий байшин болох нь тогтоогдсон. /хавтаст хэргийн 159-170-р хуудас/
2.6. Гуравдагч этгээд нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны өмчлөлийн газрыг дуудлага худалдаагаар авсан тул газрыг миний нэр дээр гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаснаар хариуцагчаас дээрх маргаан бүхий А/67 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд 162 м.кв газрыг өмчлүүлсэн байна.
2.7. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-д зааснаар иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тохиолдолд …энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэхээр зохицуулсан.
Бодит байдал дээр нэхэмжлэгчийн хашаан дотор гуравдагч этгээдийн дуудлага худалдаагаар авсан байшин байрлаж байгаа нь үзлэгээр тогтоогдсон бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өмчлөл бүхий газрын заагийг тогтоогоогүй, тэмдэглээгүй, нэхэмжлэгчид 563 м.кв газрыг өмчлөх эрх хуулийн дагуу үүссэн байхад түүний өмчлөл бүхий газартай давхцуулан гуравдагч этгээдэд 162 м.кв газар өмчлүүлсэн нь хуульд нийцээгүй байна.
2.8. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасантай нийцээгүй байна
2.9. Бодит нөхцөл байдлыг тогтоох, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага болох сумын Засаг даргаас нарийвчлан шинжлэн судлах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн өмчлөх газар бодит байдал дээр 114 м.кв-аар багасаж, гуравдагч этгээдэд ямар үндэслэлээр 162 м.кв газар өмчлүүлсэн нь тодорхойгүй, үүнээс шалтгаалан нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газрууд давхцалтай болох нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн ........., ............. дугаартай нэгж талбарын кадастрын зураг /хавтаст хэргийн 125, 126-р хуудас/, маргаан бүхий газар хийсэн үзлэгийн тэмдэглэлээр /хавтаст хэргийн 159-170-р хуудас/ тус тус тогтоогдож байна.
2.10. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 27.2 дахь хэсгүүдэд “Иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэж газрын мэдээллийн санд оруулах, хянах үйл ажиллагааг сумын газрын даамал … хариуцан гүйцэтгэхээр заасан бөгөөд нэхэмжлэгчийн хашаагаар хүрээлсэн газрын нийт хэмжээ хэд болох, үүнээс нэхэмжлэгчийн 563 м.кв газартай давхцуулахгүйгээр гуравдагч этгээдэд ямар хэмжээний газрыг өмчлүүлэх боломжтой байгааг газар дээр нь хэмжиж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өмчлөл бүхий газрын хэмжээг нарийвчлан тогтоох нь захиргааны байгууллагын хийж гүйцэтгэх ажил байна. Энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий А/67 дугаар захирамжийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-т зааснаар шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд Их-Уул сумын Засаг даргаас гуравдагч этгээдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргаагүй тохиолдолд Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/67 дугаар захирамж хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2.11. Хэрэгт авагдсан ХААН банкны Их-Уул тооцооны төвийн Баян-Ухаа баг, Үйлчилгээний гудамж .........тоот хаягт байрлах, ....... нэгж талбарын дугаартай 122 м.кв газрын гэрчилгээ, Их-Уул сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/35 дугаар захирамж, 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр олгосон 108 м.кв үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Их-Уул сумын Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар захирамж, 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар захирамж, Их-Уул сумын АХ-ын гүйцэтгэх захиргааны 1992 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн 30 дугаар захирамж зэрэг баримт нь хэрэгт хамааралгүй байх тул шүүх эдгээр баримтыг үнэлж, дүгнэх шаардлагагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/66 дугаар захирамжийг хүчингүй болгож, Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/67 дугаар захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хоёр сарын хугацаанд хариуцагч Их-Уул сумын Засаг дарга нэхэмжлэгчийн 563 м.кв газартай давхцуулахгүйгээр гуравдагч этгээд Д.д газар өмчлүүлсэн захирамж гаргаагүй бол Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/67 дугаартай захирамж хүчингүй болохыг дурьдсугай
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 175 дугаар захирамжийн биелэлт шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц дуусгавар болохыг дурьдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА