Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС             

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Намдаг

хохирогч Н.Мөнхтуул

иргэний нэхэмжлэгч К.Есенбек

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

От холбогдох эрүүгийн  201626021526 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.О 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр  Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны орчим О.Ариунжаргалтай маргалдаж байх үедээ чулуу шидэж авто зогсоолд байсан иргэн К.Есенбекийн эзэмшлийн 06-69 УБЛ улсын дугаартай “Ниссан Скайлан” маркийн авто машины урд салхины шилийг хагалж 300,000 төгрөгний хохирол учруулсан ,

мөн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны орчим иргэн Н.Мөнхтуултай авто машин гэмтээлээ гэж хэллээ гэж маргалдан зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.О  шүүхийн хэлэлцүүлэгт: Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул би шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарын хохиролыг төлж барагдуулна гэв.

 

 

Хохирогч Н.Мөнхтуул шүүхийн  хэлэлцүүлэгт: 2016 оны 5 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн үед хэрэг болсон. Гадаа хүмүүс маргалдаад, орилолдоод байхаар нь гэрийнхээ цонхоор хартал манай машины хамар дээр хүн суугаад байхаар нь би машинаас холд гэж хэлэхэд тоохгүй байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гарч очиход тэнд байсан хоёр эмэгтэй хоорондоо зодолдоод байсан. Би очоод боль гэж хэлээд салгахад тэнд байсан 2 залуу над руу дайраад байсан. Тэгээд тэр хоёр залуу яваад өгсөн. Б.О такси бариад явах гэхээр нь би явуулахгүй гэхэд миний үснээс зулгааж намайг зодсон. Надад мөнгөн дүнгээр нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Би 4 хүүхэдтэй болох хүсэл мөрөөдөлтэй байсан. Одоо би хүүхэд төрүүлэх боломжгүй болсон би их гомдолтой байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч  К.Есенбек шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 5 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө манай байрны гадаа  хүмүүс зодолдоод нэг эмэгтэй нь эрэгтэй рүүгээ чулуу аваад шидсэн чинь миний машины шилийг онож хагалсан. Тухайн үед хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүн байсан бөгөөд шүүгдэгч О  согтуу байсан.  О хохирогч  Мөнхтуулыг үснээс нь зулгааж татахаар нь би салгасан. Энэ хэрэг цагдаа дээр их удсан шалтгаан нь холбогдогч нь олдохгүй байна гээд байсан.  Миний машины шил эд зүйлийн үнэлгээгээр 300.000 төгрөг болсон боловч яг оригнал шил нь Моннис ХХК дээр 2.400.000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Гэсэн хэдий ч би үнэлгээний дагуу 300.000 төгрөгийг үнэлгээ хийлгэсний хөлс 20000 төгрөгийн хамт нийт 320.000 төгрөгийг Оээс нэхэмжилж байна.  Энэ хугацаанд надаас О огт уучлалт гуйгаагүй. Хохиролоо барагдуулж авмаар байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Н. Мөнхтуул мөрдөн байцаалтанд:”2016 оны 5 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 байранд гэртээ байхад 23 цаг 30 минутын орчим гадаа согтуу хүмүүс орилолдоод машин тэрэг цохиод байсан.  Тэгэхээр нь би гадаа гараад нөгөө согтуу эмэгтэй хүнийг өөрийнхөө машинаас холдуулсан. Манай хажуу айлын хүний машины салхины шилийг хагалсан байсан тэгээд миний машин руу чулуу шидэх гээд байсан. Гэтэл тэр эмэгтэй миний нүүрийг маажаад үснээс зулгаагаад гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн.  Уг үл таних эмэгтэй намайг зодчихоод зугатаах гээд байсан. Тэгэхээр нь би зууралдсан тухайн үед цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаа нар ирээд би Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  гомдол гаргасан. Би уг үл таних эмэгтэйд зодуулснаасаа болоод 4 долоо хоногтой жирэмсэн байсан хүүхдийн маань зулбахыг завдсан гэж эмч хэлсэн. Тэгээд 2016 оны 6 дугаар сард 3 сартай байхдаа хүүхдээ амьгүй болсоныг мэдээд цэвэрлүүлсэн. Би нэгдүгээр төрөхөд шинжилгээ өгсөн байгаа хүүхдэд маань ямар шалтгааны улмаас болж амьгүй болсныг тогтоолгохоор өгсөн байгаа хариу нь 7 дугаар сарын сүүлээр гарна. Би нэгдүгээр төрхийн амбулторид цэвэрлүүлсэн. Эмчилгээний дэвтэр эмнэлэгт байгаа. Шүүх эмнэлэгт дахин үзүүлээгүй байгаа. Тэр эмэгтэй миний нүүр рүү маажиж, үснээс үсдэж, гэдэс рүү 2-3 удаа цохисон. Гомдолтой байна би өнөөдөр эрүүл мэндээрээ хохирсон, хүүхдээ хүртэл алдчихаад байна” /хх-ийн 31-32/ гэх мэдүүлэг,

 

Хохирогчоор К.Есенбек мөрдөн байцаалтанд ”2016 оны 5 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө 00 цагийн орчим би гэртээ ирж байтал манай орцны үүдэнд согтуу эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо маргалдаж орилолдож байсан. Тэнд 2 эрэгтэй, 2 эмэгтэй байсан, нэг эмэгтэй нь нэг эрэгтэйтэйгээ маргалдаад эмэгтэй нь эрэгтэй рүүгээ чулуу аваад шидсэн чинь миний машины урд салхины шилийг оночихсон. Тухайн үед зогсоолд өөр машин ч байсан болохоор хөрш эмэгтэй Мөнхтуул гэрээсээ гарч ирсэн. Тэр хооронд 2 эрэгтэй нь яваад өгсөн, 2 эмэгтэй нь үлдсэн, машины шил хагалсны нөгөө эмэгтэй нь бол эрүүл архи дарс уугаагүй юм шиг харагдаж байсан. Мөнхтуул бид хоёр тэр хоёр эмэгтэйг явуулахгүй гээд замыг нь хаагаад зогссон. Тэгсэн согтуу эмэгтэй Мөнхтуул руу дайраад үсийг нь зулгаагаад нүүрийг нь маажаад байсан. Цагдаа ирэхээс өмнө согтуу эмэгтэй хөрш Мөнхтуулыг үсдээд газар унагаасан, согтуу эмэгтэй ч өөрөө унаад байсан. Мөнхтуулын охин нь сүүлд гараад ирчихсэн байсан. Мөнхтуул бид хоёр уг нь согтуу хүнд гар хүрээд яахав гээд замыг нь хаших маягтай л зогсож байсан. Үнэлгээний компани урд салхины шилийг шинээр солиход зардал нь 300.000 төгрөг болно гэж үнэлсэн. Урд шил нь 250.000 төгрөг, резинэн жийргэвч нь 30000 төгрөг, солих ажлын хөлс нь 20000 төгрөг гэсэн. Согтуу эмэгтэй манай хөрш Мөнхтуулыг үсдээд доош дараад унасан, салгасны дараа бас нүүрийг нь маажиж зууралдсан, тэгэхдээ өшиглөж байсан, заримдаа хөл нь хүрээд заримдаа хөл нь гэдэс орчим нь хүрч өшиглөж байсан. Согтуу эмэгтэй бас нэлээн биеэрхүү байсан санагдаж байна. Би гомдолтой байна одоо хүртэл машинаа янзлуулаагүй байгаа” /хх-ийн 106-107/ гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Ариунжаргал мөрдөн байцаалтад: ”Би Отэй дотно биш танилын төдий харьцаатай. 2016 оны 5 дугаар сарын 7-ны шөнө 22 цагийн үед гэртээ байж байхад О нэг дугаараас над руу залгаад хаана байгаа юм, гэрийн чинь хажууд байна, гараад ирээч, Баясаатай муудчихлаа гэсэн, удаагүй би гэрийнхээ тавчиктай гарч очиход Оийн хувцас шороо болчихсон, нүүр рүү нь алгадаад хавдаж бамбайсан, үс нь сэгсийсэн уйлчихсан байдалтай Баясаа намайг зодчихлоо гэсэн. Баясаа гэдэг нь Оийн найз залуу. 2016 оны 5 дугаар сарын 7-ны шөнө О ирээд бид хоёр 41 дүгээр байрны сааданд нэг нэг пиво уусан, энэ хооронд Баясгалан О хоёр утсаар хэрэлдээд л байсан хэсэг хугацааны дараа Баясгалан бидэн рүү ирээд Оийг шууд нүүр рүү нь алгадсан түүний хамраас цус гараад, О газар уначихаад босоод түүн рүү чулуу шидсэн чинь байрны гадаа байсан машины урд салхины шилийг хагалсан О Баясгалан хоёр байрны гадаа хашгираад хэрэлдэж байхад шил нь хагарсан машины хүн бололтой өндөр ах машины хажууд ирсэн байсан. Дараа нь бас нэг хүүхэн гарч ирээд О рүү дайрч давшлан эмэгтэй юм байж архи уугаад гэх мэтээр хараасан, О уг нь энэ эгчээс уучлалт гуйсан ч тоохгүй хараагаад байсан тул О уурласан, тэгээд тэр 2 зодолдон тэр эгч Оийг үсдээд хэн хэнийгээ үснээс нь зулгаагаад  байхаар нь салгасан тэгтэл энэ эгч Оийн гэдэс хөл рүү нь өшиглөөд байсан, О гараараа энэ эгчийн нүүр рүү нь савж цохисон, тэгснээ л үсдэлцсэн байж байхад нь цагдаа ирж тэднийг салгасан. Угаасаа энэ эгч Оийг хэлэх хэлэхгүй үгээр их хэлсэн. Цагдаа ирээд түүнийг авч явах гэхэд болон энэ эгчтэй маргалдаж байхдаа О “намайг ингэж тамлаж байхаар би үхсэн нь дээр, амиа хорлоно гээд орилоод, би жирэмсэн хүүхдийг нь авахуулна, ингэж амьдарч яадгийн гэж хэлсэн. Оийг энэ эгч үсдэж чирсэн, мөн цээж хөхний орчимд нь маажиж урсан, О ч энэ эмэгтэйг үсэдсэн, адилхан бие биенээ л өшиглөөд байх шиг байсан. Цагдаа ирсний дараа харахад энэ эгчийн нэг нүд нь цохиулаад нулимс гоожсон сонин болсон байсан. О нэлээн согтуу байсан...” /хх-ийн 14-15/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Л.Төмөрбаатарын мөрдөн байцаалтанд ”Би Мөнхтуулын нөхөр нь байгаа юм. Манай эхнэр 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр өөрийн амьдардаг байрны гадаа согтуу эмэгтэйд зодуулж биедээ гэмтэл авсан ба тухайн үедээ жирэмсэн байж байгаад 2016 оны 6 дугаар сарын 20-ны үеэр зулбаж нэгдүгээр төрөхөд авхуулж байсан. Ингээд манай эхнэр тухайн эмэгтэйд зодуулснаасаа болж зулбасан гэж үзэж ар гэрийн зүгээс болон манай эхнэр гомдол гаргаж цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа юмаа. Тухайн үед би байгаагүй хөдөө ажлаар явж байсан манай дээд айлын хөрш залуу байгаа тэр залуу харж байсан гэсэн. Манай эхнэр Мөнхтуул 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэгдүгээр төрөхөд очиж ураг хөндүүлэх мэс ажилбар хийлгэсэн байгаа. Түүнээс хойш эмчилгээ хийлгэж байгаа.” /хх-ийн 56-57/ гэсэн мэдүүлэг

 

Гэрч Д.Уранчимэг мөрдөн байцаалтад /Өргөө амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмч ажилтай/ ”...Н.Мөнхтуул гэх эмэгтэй нь 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр манай эмнэлэгт өсөлтгүй жирэмслэлт гэсэн оноштойгоор хэвтэж умайн хөндий вакум соруулаар сорж цэвэрлэх ажилбарыг хийлгүүлж тухайн өдрөө эмнэлгээс гарсан, ба Н.Мөнхтуулын умайн хөндийгөөс гарсан эдсийг  эхэсийн шинжилгээнд өгсөн хариу нь ямар гарсан талаар мэдэхгүй байна. Н. Мөнхтуул гэх эмэгтэй дээрхи ажилбарыг хийлгэх явцдаа бусдад зодуулсан талаараа хэлээгүй биед нь гэмтлийн шинж тэмдэг байгаагүй. Өсөлтгүй жирэмслэлт нь ихэвчлэн эхсийн эмгэг, халдвар, ямар нэгэн ургийн гажиг, хромсомын эмгэг зэрэг байдлаас үүсдэг. Гэхдээ эхсийн шинжилгээний хариунд юунаас үүссэн талаар гарсан гэж бодож байна...” /хх-ийн 60/ гэсэн мэдүүлэг

 

Сэжигтнээр Б.О мөрдөн байцаалтад”...Би 2016 оны 5 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 00 цагийн орчимд манай найз болох Ариунжаргалын байрны гадаа ганцаараа очсон тэгэхэд манай найз Ариунжаргал гадаа байж байсан. Тэгээд тус 41 дүгээр байрны гадаа сааданд Ариунжаргал бид хоёр том пиво авч уусан тэгээд мөн манай эрэгтэй найз болох Тоогий гарч ирээд бид 3 ууж байгаад нэг мэдэхэд нэг танихгүй эгч намайг үсдээд би тонгойсон байдалтай байсан. Тэгээд манай найз охин болох Ариунжаргалтай хэрэлдээд байсан тэгээд удалгүй цагдаа ирээд аваад явсан. Би болсон явдлын талаар сайн санахгүй байна, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Машиных нь шилийг хагалаад муудалцсан юм шиг байна лээ. Би зодолдсон талаараа сайн санахгүй байна. Би машины шил хагалснаа санахгүй байна манай найз Ариунжаргал чи чулуу шидээд хагалсан гэж маргааш өглөө нь надад хэлсэн...” /хх-ийн 98-100/ гэсэн мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6282 дугаартай” Н.Мөнхтуулын  биед зовхи, шилбэнд зулгаралт, ураг зулбахыг завдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 13/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 593 дугаартай ”Урьд гарсан №6282 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Мөнхтуулын биед 2017 оны 5 дугаар сарын 7-нд учирсан ихсийн ховхролтын улмаас ургийн өсөлт зогсож ураг амьгүй болсон бөгөөд уг шалтгааны улмаас умайн хөндийг вакум соруулаар цэвэрлэх ажилбар хийгдсэн байна. 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ЭХО шинжилгээгээр ихсийн ховхрол оношлогдсон байна. 2016 оы 6 дугаар сарын 28-ны №НӨАГ-2149 тоот шинжилгээний хариунд: онош” ихсийн эд гүнзгий дистрофи /тэжээл хувирал/ өөрчлөлттэй гэжээ. Ураг эх дотор амьгүй болох шалтгаан нь олон байдаг” үүнд:

-ихсийн эмгэг/ихсийн ховхрол, дутмагшил/ 30%, -халдвар, голлон төрөлттэй холбоотой 12%, -төрөлхийн гаж хөгжил 6%, -эхийн даралт ихдэлт, чихрийн шижин <5%, -шалтгаан тодорхойгүй 30%, -анхны төрөлт 14%, -эхийн таргалалт 12%, -эхийн нас 35-с дээш 11%, -тамхи татах 6% тус тус байдаг байна. Мөнхтуулын биед хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд ихсийн ховхрол үүссэн байх боломжтой байна. Мөнхтуулын биед зовхи, шилбэнд зулгаралт, ихсийн ховхролын улмаас ургийн өсөлт зогсож ураг амьгүй болсноор жирэмслэлт таслагдалт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 82-83/,

Шүүгдэгч Б.Оийн хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 131/, ял шалгах хуудас /хх-ийн 129/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 114/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 115/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                              

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Оийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар Б.О найз Баясгалантай маргалдаж Баясгалан руу авч шидсэн чулуу Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байрны гадаа зогсоолд байсан иргэн К.Есенбекийн эзэмшлийн 06-69 УБЛ улсын дугаартай “Ниссан Скайлан” маркийн авто машины урд салхины шилийг онож хагалсан болох нь:

гэрч О.Ариунжаргалын”...Баясгалан бидэн рүү ирээд Оийг шууд нүүр рүү нь алгадсан түүний хамраас цус гараад, О газар уначихаад босоод түүн рүү чулуу шидсэн чинь байрны гадаа байсан машины урд салхины шилийг хагалсан...” /хх-ийн 14-15/, хохирогч Н.Мөнхтуулын”... манай хажуу айлын хүний машины салхины шилийг хагалсан байсан...” /хх-ийн 31-32/, хохирогчоор К.Есенбекийн “...нэг эмэгтэй нь нэг эрэгтэйтэйгээ маргалдаад эмэгтэй нь эрэгтэй рүүгээ чулуу аваад шидсэн чинь миний машины урд салхины шилийг оночихсон...” /хх-ийн 106-107/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах гэмтээх” гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхыг шаардана.      

Гэм буруугийн санаатай хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байхыг ойлгоно. 

Өөрөөр хэлбэл Б.Оийн дээрх үйлдэлд тухайн авто машины шилийг хагалах гэсэн санаатай үйлдэл тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Иймд Б.Оийн холбогдсон “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж мөрдөн байцаалтын явцад хохирогчоор тогтоогдсон К.Есенбекийг иргэний нэхэмжлэгчээр шүүх тодорхойлж  түүнд учирсан гэм хорын хохиролын баримтаар тогтоогдсон 320.000  төгрөгийг Б.Оээс гаргуулж олгох нь зүйтэй.

 

Харин шүүгдэгч Б.О 2016 оны 5 дугаар сарын 7-нд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байрны гадаа Н.Мөнхтуултай маргалдан зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулах буюу ураг зулбуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Мөнхтуулын”...тэр эмэгтэй миний нүүрийг маажаад үснээс зулгаагаад гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн...би тэр үл таних эмэгтэйд зодуулснаасаа болоод...2016 оны 6 дугаар сард 3 сартай байхдаа хүүхдээ амьгүй болсныг мэдээд цэвэрлүүлсэн...” /хх-ийн 31-32/, хохирогч К.Есенбекийн “...Согтуу эмэгтэй манай хөрш Мөнхтуулыг үсдээд доош дараад унасан, салгасны дараа бас нүүрийг нь маажиж зууралдсан, тэгэхдээ өшиглөж байсан, заримдаа хөл нь хүрээд заримдаа хөл нь гэдэс орчим нь хүрч өшиглөж байсан...” /хх-ийн 106-107/, гэрч О.Ариунжаргалын “...О ч энэ эмэгтэйг үсэдсэн, адилхан бие биенээ л өшиглөөд байх шиг байсан...О нэлээн согтуу байсан...” /хх-ийн 14-15/, гэрч Л.Төмөрбаатарын ”...манай эхнэр 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр өөрийн амьдардаг байрны гадаа согтуу эмэгтэйд зодуулж биедээ гэмтэл авсан ба тухайн үедээ жирэмсэн байж байгаад 2016 оны 6 дугаар сарын 20-ны үеэр зулбаж нэгдүгээр төрөхөд авахуулж байсан...”/хх-ийн 56-57/, гэрч Д.Уранчимэгийн “...Н.Мөнхтуул гэх эмэгтэй нь 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр манай эмнэлэгт өсөлтгүй жирэмслэлт гэсэн оноштойгоор хэвтэж умайн хөндий вакум соруулаар сорж цэвэрлэх ажилбарыг хийлгүүлж тухайн өдрөө эмнэлгээс гарсан...”/хх-ийн 60/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6282 дугаартай /хх-ийн 13/  дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 593 дугаартай ”...Мөнхтуулын биед 2017 оны 5 дугаар сарын 7-нд учирсан ихсийн ховхролтын улмаас ургийн өсөлт зогсож ураг амьгүй болсон бөгөөд уг шалтгааны улмаас умайн хөндийг вакум соруулаар цэвэрлэх ажилбар хийгдсэн байна. 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ЭХО шинжилгээгээр ихсийн ховхрол оношлогдсон байна...Мөнхтуулын биед хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд ихсийн ховхрол үүссэн байх боломжтой байна. Мөнхтуулын биед зовхи, шилбэнд зулгаралт, ихсийн ховхролын улмаас ургийн өсөлт зогсож ураг амьгүй болсноор жирэмслэлт таслагдалт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /хх-ийн 82-83/ гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

Дээрх гэмт хэрэг 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр үйлдэгдсэн байх ба  Б.От холбогдох хэрэг шалгагдах явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна. 

Тухайлбал 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь хөнгөрөх боловч шүүгдэгч Б.Оийн  хувьд түүний гэмт хэрэг үйлдэхэд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг илүү дээрдүүлнэ гэж шүүх үзлээ.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Оийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчлөв.

 

Шүүх, шүүгдэгч Б.Оийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах буюу ураг зулбуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих  ял оногдуулах хуулийн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.От ял оногдуулахад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгч Б.О  бага насны буюу 11 сар 25 хоногтой хүүхэдтэй болох нь 2017 оны 01 дүгээр сарын 28-нд төрсөн охин Б.Намуун-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

Түүний энэ байдал нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэсэн хуулийн заалтад хамаарч байх тул шүүгдэгч Б.От хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэх хугацааг хойшлуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Н.Мөнхтуул баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Оээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж байна.