| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2206045980737 |
| Дугаар | 2023/ДШМ/715 |
| Огноо | 2023-07-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | З.Хүслэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2023/ДШМ/715
2023 7 18 2023/ДШМ/715
Б.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Хүслэн,
хохирогч Э.М, түүний өмгөөлөгч Н.Б,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.С, А.З,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/530 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.С, А.З нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-д холбогдох ......................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Э.М-ыг .............. дүүргийн.................... дугаар хорооны нутаг дэвсгэр, .......... байрны ............... тоотод байхад нь “Япон улсаас орж ирсэн Субару Форестер загварын тээврийн хэрэгслийг зарна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох, урьдын харилцааны үед бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, 33.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөлгүй залилах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны үед бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Б-д урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан нэг ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б урьд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Б-с 25.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.М-д олгож, хохирогч Э.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Б-с жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр анхан шатны шүүхийн гадаа Доржсүрэн ах Мөнхтулга бид 3 уулзан гэрээ өгье гээд тохирон шүүх хуралд ортол би тэр гэрийг мэдэхгүй, Доржсүрэнтэй ярьсан гэсэнд гомдолтой байна. Учир нь би аливаа байдлаар зүс таних ченж Мөнхтулгаас авсан мөнгийг буцааж өгөхгүй байх хүсэл зорилго байгаагүй. Мөнгөө авсан гэдгээ цагдаа шүүх дээр хүлээн зөвшөөрсөн. Хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хоригдож байхын оронд Мөнхтулгад өгөх мөнгөний асуудлыг гарч шийдвэрлэхийг хүсэж байна. Мөн би залилах гэмт хэрэг хийсэндээ бус, харин Мөнхтулгаас авсан мөнгөө буцааж өгөх гэж удсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл намайг шүүх залилах гэмт хэрэг үйлдсэн гэдгээ зөвшөөрсөн гэж үзсэнд гомдолтой байна. Манайх ам бүл тавуулаа эхнэр, хүүхэд, эцэг, дүүгийн хамт амьдарч байгаа. Эцэг минь түнхэний элэгдлээс болоод хэвтэрт асаргаанд байдаг. Миний төрсөн эгч болох Удвал талийгаач болох ганц хүү нь болох У.Баяржавхлангийн асран халамжлагчаар хамт амьдардаг. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.С, А.З нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч А.З гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар Б.Б нь Э.М-с авсан мөнгийг буцаан өгөөгүй талаар л мэдүүлсэн болохоос түүнээс авсан мөнгөө буцаан өгөхгүй байхаар хүссэн, залилсан гэдэг агуулгаар нэг ч мэдүүлэг, тайлбар гаргаагүй байдаг. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Б өмгөөлөгчгүй оролцсоны улмаас түүний өгсөн мэдүүлгийг гуйвуулан бодит байдлаас өөрөөр мөрдөгчийн санал, яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрт тусгагдсан байна. Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь илт зөрүүтэй, бодит байдлыг өөр өөрөөр тайлбарлаад байдаг. Хэрэгт цугларсан баримтуудаар Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны эрсдэл бий болсон буюу гэрээний үүргийн хэрэгжилтийн талаарх асуудал, маргаан гарсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.С, А.З нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.С гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б нь хохирол, төлбөрийг төлөхгүй байх санаа, зорилго огт агуулаагүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч тус бүрээс мэдүүлэг авах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, Д-г хохирогчоор тогтоож, түүнээс мэдүүлэг аваагүй. Анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч Б.Б нь хохирол, төлбөртэй холбоотой асуудлыг Д-тэй ярилцаж, тохиролцож байсан. Мөн шүүгдэгч Б.Б нь эрх зүйн мэдлэггүйн улмаас хохирогч Э.М-с мөнгө авснаа буруутай гэж үзэн “би буруутай” гэж мэдүүлсэн нь түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэт ойлгогдсон. Мөн хэрэгт авагдсан хохирогч Э.М-ын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Анхан шатны шүүх хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байсан. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байсан тул шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.М-с орж ирсэн мөнгийг өөрийнх нь болсон гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, хохирогч Э.М-с орж ирсэн мөнгийг тухайн автомашиныг худалдсан мөнгө гэж бодож байсан. Шүүгдэгч Б.Б-д хохирогчоос авсан мөнгөө буцаан өгөхгүй байх санаа, зорилго огт байгаагүй. Харин хохирогчийн мөнгийг гүйцээж өгөх санаа, зорилготой байсан. ...” гэв.
Хохирогч Э.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолд “хохирогчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг” гэж дурдсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч надаас “Б.Б-ийг мэддэг үү. Зүс таних уу” гэж асуухад нь би “зүс танина” гэж хариулсан. Харин би шүүгдэгч Б.Б-ийг огт танихгүй, зүс л мэднэ гэж илэрхийлээгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас намайг автомашины төлбөрт өгсөн 33.000.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгийг буцаан авсныг тухайн автомашиныг авахаа больсон мэтээр тайлбарлаж байна. Гэтэл тухайн үед би Б.Б-д “ах нь машин авах гэсэн чинь 8.000.000 төгрөг дутчихлаа. Ахдаа 8.000.000 төгрөг өгчих. Харин би машины тээврийн зардлын мөнгийг өгье” гэж хэлсэн. Учир нь, тухайн автомашины тээврийн зардал ойролцоогоор 8.000.000 төгрөг болох байсан. Шүүгдэгч Б.Б-ийн эцэг нь асаргаанд байдаг тул түүнд шүүхээс оногдуулсан ялыг өөрчлөх боломжтой бол түүнийг хорих байрнаас гарч ирсний дараа бид төлбөр тооцооны асуудлаа хоорондоо ярилцаж, тохиролцох боломжтой гэж үзэж байна. ...” гэв.
Хохирогч Э.М-ын өмгөөлөгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би уг хэрэгт урьд нь оролцож байгаагүй. Өчигдөр хамт нэг өрөөнд суудаг өмгөөлөгч Б.Б надад “энэ хэрэгт оролцоод өгөөч” гэж хүсэлт гаргасны дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд би хохирогч А.М-ын өмгөөлөгчөөр оролцож байна. Миний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, шунахай сэдлээр хүний мөнгийг авчхаад өгөх ёстой хугацаандаа өгөхгүй хувьдаа завшсан үйлдэл нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна. Залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдийн санаа, зорилго ямар байсныг тогтоох маш төвөгтэй байдаг. Харин уг хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Б анхнаасаа ямар санаа, зорилготойгоор хохирогч Э.М-с мөнгө авсан нь тогтоогдсон гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Э.М нь бизнес эрхэлдэг тул түүнд хохирол, төлбөрөө барагдуулж авах л чухал байгаа. Иймд шүүгдэгч Б.Б-д хорихоос өөр төрлийн ял оногдуулж, түүнийг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж өгнө үү. Учир нь, шүүгдэгч Б.Б хоригдож байх хугацаандаа хохирол, төлбөрийг төлөх боломжгүй. ...” гэв.
Прокурор З.Хүслэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Б.Б нь тухайн үед хохирогч Э.М-с 33.000.000 төгрөгийг автомашины төлбөрт авсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “хохирогч Э.М 8.000.000 төгрөгийг буцаан авснаар гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдэх боломжгүй болсон” гэж тайлбарлаж байна. Хэдийгээр хохирогч Э.М 8.000.000 төгрөгийг буцаан авсан боловч шүүгдэгч Б.Б үлдэгдэл 25.000.000 төгрөгийг хохирогчид буцаан олгох ёстой. Хохирогч Э.М нь шүүгдэгч Б.Б-д “үлдэгдэл мөнгөө эсхүл машинаа авъя” гэхэд ямар нэгэн шалтаг хэлдэг байсан. Иймд хохирогч Э.М Гаалийн ерөнхий газраас автомашин гарсан эсэхийг тодруулахад 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаалийн хяналтын талбайгаас автомашин гарсан байдаг. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасныг харгалзан шүүгдэгч Б.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан тул түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Э.М-д “Япон улсаас орж ирсэн “Субару Форестер” загварын тээврийн хэрэгслийг зарна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, 33.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөхгүй залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Э.М-ын “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зүс таних Б.Б гэх залуутай ярилцаж тохиролцоод, түүнээс “Субару Форестер” загварын тээврийн хэрэгсэл гааль дээрээс худалдан авахаар тохиролцож, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б-ийн данс руу 28.000.000 төгрөг шилжүүлж, дахин найзын ............. гэх данснаас Б-ийн ...................данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө Б-тэй холбогдон “хоёулаа гааль руу явж машинаа авах уу” гэтэл “би ханиад хүрээд гэртээ байна, босож чадахгүй байна, явж чадахгүй байна” гэсэн, тэр өдрөөс хойш бараг өдөр болгон шахуу холбогдож “би машинаа авъя” гэдэг байдлаар байнга холбогддог байсан. Тэгтэл тэр залуу байнга шалтаг хэлж надтай уулзахаас төвөгшөөсөөр байгаад өдийг хүрлээ. Одоо тэр залуугаас мөнгөө авч чадахгүй, цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” /хх 10/,
яллагдагч Б.Б-ийн “...Э.М-с 33.000.000 төгрөг тухайн өдөр шилжүүлж авсан, үүнээс одоо санаж байгаагаар 8.000.000 төгрөгийг буцаан М-д шилжүүлсэн, одоо нийт 25.000.000 төгрөг өгөөгүй байгаа. ...” /хх 47-48/ гэх мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, шүүгдэгч Б.Б-ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 27/, тооцоо нийлэх гэрээний хуулбар, хохирогч Э.М-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 29-31/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 34/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг нотолж, Б.Б-ийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийн бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Б.Б “...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.С, А.З нар “...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.
Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөл нь анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг буцаан өгөхгүй гэсэн субьектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг.
Хавтаст хэргийг судлан үзэхэд, Б.Б-ийн хохирогч Э.М-ыг “Япон улсаас орж ирсэн Субару Форестер загварын тээврийн хэрэгслийг зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс 33.000.000 төгрөгийг авч өөрийн өмнөх өр төлбөртөө зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө...”-ийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Мөн Субару Форестер 2013 ......маркийн машин 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатарт ирээд “П” гаалийн хяналтын талбайд байсан нь “Г” ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд уг автомашиныг Б.Б-д өгөхгүйгээр төлбөр тооцоонд шилжүүлсэн нь тогтоогдсон байна.
Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.М-д 25.000.000 төгрөг төлөхөөс ямар нэгэн төлбөр төлж барагдуулаагүй байгааг шүүгдэгч Б.Б-ийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй, ял хүндэдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.С, А.З нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 98 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/530 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.С, А.З нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ