Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2024/0848

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Г.Бэ /РД:/,

          Хариуцагч: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэрэг маргааныг  хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, Н.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар “Хууль хэрэгжүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах;

          1.2.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгах;

          1.3.Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Бы 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ******* дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах.

          Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

          2.1. аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот захирамжаар нэхэмжлэгч Г.Бийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

          2.2.Төрийн албаны зөвлөлд төрийн албан хаагчийн хууль бус томилгооны талаарх иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Бийг томилсон үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт шалгалт хийж, улмаар Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 08 дугаар хуралдаанаар хэлэлцэж, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай тогтоолоор Г.Бийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тус аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай захирамж Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөнийг тогтоож, уг захирамжийг хүчингүй болгож, зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгаврыг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай албан бичгээр аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.

          2.3.Улмаар нэхэмжлэгч Г.Бээс Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

          2.4. аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр захирамжаар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг үндэслэн Г.Бийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилж, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгожээ.

          2.5.Төрийн албаны зөвлөлөөс Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр томилсон Г.Бийг ажлаас чөлөөлж, албан тушаалын сул орон тоог нээлттэй зарлахыг мэдэгдсэн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.

          2.6.Нэхэмжлэгч Г.Бээс Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар албан бичгийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

          2.7.Нэхэмжлэгч Г.Бээс 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд намайг нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд нэр дэвшүүлсэн Тогтоол гаргахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн  бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дээрх ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагаа “Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгах” гэж өөрчилсөн.

          2.8.Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Моос 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Төрийн албан зөвлөлийн гишүүн Д.Бы 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ******* дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргасныг тус шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.            

          2.9.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ аймгийн Засаг даргын 2022 оны дүгээр захирамжаар Г.Бийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2020 оны *******  дугаар захирамжийг хүчингүй болгосон, тухайн үед Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлахгүй байсан тул хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг баримтлан ажлын туршлагыг харгалзан уг албан тушаалд Г.Бийг жинхлэн томилсон нь хууль зөрчөөгүй, хууль бусаар томилогдсон гэж үзэхгүй, уг захирамжийг Төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгосон ямар нэг шийдвэр гараагүй, хүчин төгөлдөр байна, ...хэрэв нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзвэл эрх бүхий байгууллага болох Төрийн албаны зөвлөл, шүүхээс энэ талаар шийдвэр гарсан байх ёстой, түүнээс Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан бичгийг үндэслэн төрийн албан хаагчийг чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй, гишүүн нь Төрийн албаны зөвлөлийг төлөөлөхгүй, дангаар шийдвэр гаргах эрхгүй, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл дуусгавар болсноор хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед гарсан хууль ёсны тушаалыг дуусгавар болгох, эсхүл хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй, мөн Төрийн албаны зөвлөлөөс дээрх хуулийн үйлчлэл дуусгавар болсноор албан тушаалаас чөлөөлөхтэй холбоотой шийдвэр гараагүй, ...Төрийн албаны зөвлөлөөс зарласан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч орж хамгийн өндөр оноог авч, сонгон шалгаруулалтын комиссоос тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэхээр санал оруулахад Төрийн албан зөвлөлөөс ямар нэг шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгч уг сонгон шалгаруулалтад оролцох шаардлагагүй бөгөөд анхнаасаа хууль ёсны дагуу уг албан тушаалд томилогдсон байсан, ...нэхэмжлэгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэхгүй байгаатай холбоотой гаргасан өргөдөлд Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн *******, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр тус тус хариу өгсөн гэх боловч энэ албан бичгүүд нь Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэр биш, хэрэв нэр дэвшүүлэхээс татгалзаж байгаа бол хууль журмын тодорхой заалтыг үндэслэн татгалзсан шийдвэрийг бичгээр гаргаж мэдэгдэх ёстой, ийм шийдвэр гараагүй, хууль журамд татгалзах үндэслэлийг заагаагүй” гэж тайлбарладаг.

          Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ “Г.Бэ нь 2020 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилогдсон тул чөлөөлөх тухай зөвлөлийн тогтоол гарсан, үүнтэй нэхэмжлэгч шүүхэд маргаж байгаад нэхэмжлэлээсээ татгалзсан, Г.Бийг хууль бусаар томилсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь аймгийн Засаг даргаас Тамгын газрын даргын орон тооны сонгон шалгаруулалтын зарлах захиалга ирүүлснээр нотлогддог, ...Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар Г.Бийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд төрийн албан тушаалд ажиллаж байхдаа төрийн албан хаагчийн эрх үүргийг хэрэгжүүлээгүй, ёс зүйгүй үйлдлүүдийг олон удаа гаргасан, төрийн албан хаагчийг хууль бусаар халсан, чөлөөлсөн тухай гомдол ирсэн, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлдэггүй тул түүнийг нэр дэвшүүлэхээс татгалзсан, ...Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл дуусгавар болсноор сонгон шалгаруулалтгүй томилогдсон хүмүүсийг албан тушаалаас чөлөөлөх тухай Төрийн албаны зөвлөлөөс тэмдэглэл, мэдэгдэл гарсан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас албан бичиг хүргүүлсэн, нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн 2023 оны дугаар хуралдааны тэмдэглэлтэй маргадаггүй,  Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн *******, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн *******, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай албан бичгүүдийг хүчингүй болгосон ч нэр дэвшүүлэхээс татгалзсан шийдвэр нь хэвээр байх тул ач холбогдолгүй, ...нэхэмжлэгч Г.Бийг тэтгэвэрт гарахтай холбоотой мэдээлэл байгаа ба тэрээр тэтгэвэрт гарвал даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасан ч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй” гэж тайлбарлан маргаж байна.

          Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

          3.1.Нэхэмжлэгч Г.Бээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Г.Бэ намайг аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон. Түүнээс өмнөх хугацаанд миний бие Засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Төрийн албаны зөвлөлийн зүгээс намайг үүрэгт ажлаас чөлөөлөх үүрэг болгосон үндэслэлээ өөрийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн маргаан бүхий Хууль хэрэгжүүлэх тухай захиргааны актад “ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд Г.Бийг Төрийн албаны тухай хууль зөрчиж томилсныг тогтоон 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Хугацаатай үүрэг өгөх тухай” дугаар тогтоол, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” дугаар тогтоол тус тус гарч байсан гэж тайлбарладаг. Гэтэл дээр дурдсанчлан миний бие тус албан тушаалд 2022 оны 12 сард томилогдсон буюу намайг хууль зөрчиж томилсныг тогтоосон гэх албан шаардлагууд нь одоогийн томилогдсон албан тушаалд огт хамааралгүй өмнөх түр орлон гүйцэтгэгч хийж байх үеийн шийдвэр тул үндэслэлгүй. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна” гэж, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийн 4.4-т “Зөвлөлийн хуралдаанаар Зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ”, 4.5-д “Зөвлөл хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана. Бүрэн эрхийнхээ хүрээнд албан даалгавар, зөвлөмж гаргаж болно. Зөвлөлөөс гаргасан шийдвэрт Зөвлөлийн дарга гарын үсэг зурна” гэж тус тус заасан. Үүнээс үзвэл Төрийн албаны зөвлөл нь албан даалгавар, тогтоол гаргах тохиолдолд зөвлөлийн хурлаар шийдвэрлэж, зөвлөлийн дарга гарын үсэг зурахаар байна. Гэтэл тус маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн шийдвэрт зөвлөлийн дарга гарын үсэг зураагүй, зөвлөлийн хуралдаан хийгдээгүй зөвхөн нэг гишүүний шийдвэрээр захиргааны акт гаргасан байх тул энэ нь хууль зөрчсөн акт байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж зааснаас үзвэл тус албан шаардлага нь заавал биелэгдэх шинжтэй, Г.Бэ намайг ажлаас чөлөөлөхийг үүрэг болгосноор хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн хууль бус захиргааны акт юм.

          Нэхэмжлэгч Г.Бэ намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон томилгоо нь үндэслэлтэй тухайд: Г.Бэ намайг аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон. Ийнхүү томилохдоо Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэсэн. Тус томилгоог хүчингүй болгосон, хууль бус гэж үзсэн эрх зүйн хүчин төгөлдөр хэм хэмжээ гараагүй тул томилгоог хууль бус, үндэслэлгүй гэж үзэх хууль эрх зүйн боломжгүй. Хууль хэрэгжүүлэх тухай маргаан бүхий захиргааны актад дурдсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангаж, Г.Бэ намайг ажлаас чөлөөлөх албан шаардлагыг хүргүүлсэн. Гэтэл тус албан бичигт намайг ажлаас чөлөөлөх тухай, томилгоо үндэслэлгүй тухай ямар нэгэн агуулга огт байхгүй тус томилгоонд хамааралгүй захиргааны акт байна. Миний бие хүчин төгөлдөр хуулийн хэм хэмжээний дагуу томилогдсон бөгөөд тус хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй тул ийнхүү үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэлгүй.

          Албан тушаалаас чөлөөлөх үндэслэлгүй тухайд: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар “Хууль хэрэгжүүлэх тухай” захиргааны актаар Г.Бэ намайг ажлаас чөлөөлж биелэлтийг ирүүлэхээр шийдвэрлэсэн. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг тусгасан байна. Үүнд, Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, хуульд заасан бусад үндэслэл гэж хуульчилсан байна. Миний хувьд Төрийн албаны тухай хуулийн дээр дурдсан албан тушаалаас чөлөөлөх үндэслэлийн аль аль нь бүрдээгүй. Гэтэл Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх г ямар үндэслэлээр намайг албан тушаалаас чөлөөлөх болсон тухай дурдаагүй, илрүүлсэн зөрчил, дутагдал байхгүй нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж, ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан хууль бус захиргааны акт байна.

          Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар “Хууль хэрэгжүүлэх тухай” захиргааны акт нь төрийн захиргааны байгууллагаас гарсан, Г.Бэ намайг ажлаас чөлөөлөх асуудлыг зохицуулсан, байгууллагаас гадагш чиглэлтэй буюу гуравдагч этгээдэд чиглэсэн шинжтэй. аймгийн Засаг даргад намайг ажлаас чөлөөлөхийг үүрэг болгосон тул миний хөдөлмөрлөх эрх дуусгавар болох буюу эрх зүйн шууд үр дагавар бий болсон. Албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан тул захирамжилсан шинжтэй байна. Үүнээс үзвэл дээрх албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны акт юм. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дээрх албан шаардлагаар аймгийн Засаг даргад намайг албан тушаалаас чөлөөлөхийг үүрэг болгосноор нэхэмжлэгч миний Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4-т “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэж, мөн тус хуулийн Дөчин зургаадугаар зүйлийн 3-т “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно” гэж заасан Үндсэн хуульд тусгайлан зохицуулсан хөдөлмөрлөх, төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах эрх зөрчигдсөн. Төрийн албан хаагчийн баталгааг хуульчилсан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана:” гэж, 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж зохицуулсан. Гэтэл дээр дурдсанчлан намайг албан тушаалаас чөлөөлөх болон халах Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл байхгүй атал албан тушаалаас чөлөөлөхийг үүрэг болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн хууль бус захиргааны акт байна. Тус хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх, Төрийн албаны тухай хуульд заасан хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй гэж тусгайлан хуульчилсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн. Төрийн албаны зөвлөлийн гаргасан захиргааны актыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу ийнхүү шууд шүүхэд хандаж буй болно. Би өмнө аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэж байсан. Ийнхүү намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон аймгийн Засаг даргын захирамжийг Төрийн албаны зөвлөл хууль бус гэж үзээд хүчингүй болгосон. Би үүнийг эс зөвшөөрч, танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд хожим нэхэмжлэлээ татан авсан. Иймд тухайн маргаан нь намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсонтой холбоотой маргаан байсан билээ. Харин дээрх маргаанаас хойш аймгийн Засаг дарга нь намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд жинхэлж томилсон. Тухайн захирамжийн хувьд Төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй. Тэгсэн хэрнээ өмнөх түр орлон гүйцэтгэгчээр томилсон Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг бичиж, намайг ажлаас чөлөөлөх чиглэл өгч байгаа нь хууль бус билээ. Би өмнө танай шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авснаар намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамж, түүнийг хүчингүй болгосон Төрийн албаны зөвлөлийн тогтоолтой холбоотой маргах эрхгүй болсон гэдгээ ойлгож байна. Гэхдээ одоо маргаж буй шалтгаан нь намайг түүнээс хойш жинхэлж томилсон бөгөөд Засаг даргын тус захирамж нь хууль ёсны гэж үзэж байгаа болно. Түүнчлэн, намайг жинхэлж томилсон Засаг даргын захирамжийг Төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгосон зүйлгүй.  Ийнхүү би өмнө маргасан асуудлаар дахин нэхэмжлэл гаргаагүй гэж үзэж байна. Иймд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 сарын 06-ны өдрийн ******* дугаар “Хууль хэрэгжүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          3.2.Нэхэмжлэгч Г.Бээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлдээ: “Төрийн албаны зөвлөлөөс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд төрийн албаны тусгай шалгалтыг зарласан. Би тус шалгалтад оролцож, хамгийн өндөр оноо авсан. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын -ны өдрийн дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмыг баталсан байна. Тус журмын 12.1-д “Зөвлөл... нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ” гэж заасан. Журмын тус заалтын дагуу сонгон шалгаруулалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан оролцогчийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх шаардлагатай билээ. Энэ үүднээс намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад нэр дэвшүүлэхийг хүсэж, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн үед би Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан. Иймд Төрийн албаны зөвлөл миний тус өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногт багтаан намайг нэр дэвшүүлэх учиртай байсан. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэрээр миний тус өргөдлийг хянан шийдвэрлэхээс татгалзсан байна.

          Зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухайд: Төрийн албаны зөвлөлийн дээрх эс үйлдэхүйн улмаас миний хөдөлмөрлөх, төрийн жинхэнэ алба хаах эрх зөрчигдөж байна. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн зүгээс намайг “Ковид”-ын тухай хуулиар шалгалтгүй томилогдсон учир шалгалт өгч, нэр дэвшиж байж томилогдох шаардлагатай гэж буруутгасан. Би тус шаардлагыг нь биелүүлж, төрийн албаны тусгай шалгалтад орж, хамгийн өндөр оноо авсан. Төрийн албаны зөвлөл хуулийн дагуу ажилладаг бол намайг тус албан тушаалд нэр дэвшүүлсэн тогтоол гаргах учиртай. Гэтэл намайг нэр дэвшүүлсэн тогтоол гаргахгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг талдаа намайг “төрийн албаны тусгай шалгалтад орсонгүй” гэж буруутгаж байгаа мөртлөө тусгай шалгалтад ороод хамгийн өндөр оноо авахаар нэр дэвшүүлэхгүй байна. Иймд бид өөрийн зөрчигдөж буй хөдөлмөрлөх, төрийн жинхэнэ алба хаах эрхээ хэрэгжүүлэх үүднээс ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэв.

          Хариуцагчийн шийдвэр хууль бус болох тухайд: Төрийн албаны тухай хуулийн 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно” гэж заасан. Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 12.1-д заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан оролцогчийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх шаардлагатай. Төрийн албаны тухай хууль болон дээрх журмуудад тусгай шалгалтаас хамгийн өндөр оноо авсан хүнийг нэр дэвшүүлэхгүй байх үндэслэлийг заагаагүй. Иймд Төрийн албаны зөвлөл намайг нэр дэвшүүлэхээс татгалзах үндэслэл, бүрэн эрх байхгүй гэж үзэж байна. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд миний өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан (2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөрт) шийдвэрлэж, намайг нэр дэвшүүлэх учиртай байсан. Гэтэл намайг нэр дэвшүүлэх асуудлыг өмнө хэлэлцэн шийдвэрлэсэн мэтээр хариу өгсөн байна. Намайг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг өмнө хэлэлцсэн боловч нэр дэвшүүлсэн эсвэл нэр дэвшүүлэхээс татгалзсан шийдвэр гаргаагүй байсан. Хэрэв нэр дэвшүүлэхээс татгалзсан шийдвэр гаргасан бол тэр нь тодорхой огноо, дугаартай, хуулийн үндэслэлтэй албажсан шийдвэр байх учиртай. Иймд намайг нэр дэвшүүлсэн асуудлыг өмнө шийдвэрлэсэн гэх үндэслэлгүй юм.    Төрийн албаны тухай хуулийн 67.1-д төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байхаар, олонхын саналаар шийдвэр гаргахаар заасан. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн гишүүн дангаар надад татгалзсан хариу өгч байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн гишүүнд Төрийн албаны зөвлөлийг төлөөлж шийдвэр гаргах бүрэн эрх байхгүй. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 6.2-т тодорхой заасан. Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэр нь 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гарсан байна. Би үүнээс хойш 30 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.

          3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлдээ: “Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын шалгалтад оролцож, хамгийн өндөр оноо авсан. Гэвч түүнийг тус орон тоонд нэр дэвшүүлэх эсэх асуудлыг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэхгүй байсан. Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар нэхэмжлэгчийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн боловч нэр дэвшүүлсэн эсвэл нэр дэвшүүлэхээс татгалзсан шийдвэр гаргаагүй. Тэгсэн мөртлөө Төрийн албаны зөвлөлийн нэг гишүүн нь “Таны асуудлыг шийдвэрлэх боломжгүйг үүгээр уламжилж байна” гэсэн байна.. Төрийн албаны зөвлөлийн нэг гишүүн нь тус байгууллагыг төлөөлж шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй билээ. Төрийн албаны тухай хуульд зааснаар тус байгууллага нь хамтын удирдлага бүхий байгууллага. Иймд аливаа асуудлыг хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргах учиртай. Үүнтэй холбоотой зөвхөн нэг гишүүн дээрх байдлаар нэхэмжлэгчид хариу өгч байгаа нь илт хууль бус юм. Учир нь, тухайн гишүүнд Төрийн албаны зөвлөлийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгчийг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Төрийн албаны зөвлөлийн зүгээс намайг нэг бол нэр дэвшүүлэх эсвэл нэр дэвшүүлэхээс татгалзах шийдвэр гаргах учиртай. Харин нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхгүй эсвэл хэлэлцсэн ч шийдвэрлэхгүй гэх үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хууль, ямар нэгэн журамд ийнхүү заасан зүйл байхгүй. Иймд дээрх шийдвэр нь ямар нэгэн хуульд үндэслэхгүйгээр гарсан байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Бы 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ******* дугаартай албан бичгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          3.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Бэ гэж хүнийг томилох томилгоо 2 удаа хийгдээд байна. Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, тогтоолууд гаргасан. Түүнийг нь Г.Бэ маргаж явж байгаад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад тухайн түр орлон гүйцэтгүүлэх албан тушаалаа өгсөн. Үүгээр энэ харилцаа дууссан. Гэхдээ бодит байдлыг тодруулж хэлэхэд яагаад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бэ гэхээр Төрийн албаны зөвлөл Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоон дээр шалгалт зарлачхаад Г.Бийг бүртгэхгүй, бүртгэсэн ч шалгалтаа явуулахгүй байсан. Би шалгалтдаа оръё гэхэд та тэгвэл нэхэмжлэлийн шаардлагаа татаж ав, маргаантай байгаа учраас шалгалт явуулахгүй гэж нэг ёсондоо шахан боогдуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс би нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзчихвал шалгалт явах юм байна гэж итгээд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Гэтэл Төрийн албаны зөвлөл таны талаар гомдол ирчихсэн байгаа учраас шалгалтыг бид хойшлууллаа гээд дахиад шалгалтаа хойшлуулчихсан. Шалгалт болоогүй. Тухайн шалгалт болохгүй байсан учраас аймгийн Засаг даргын зүгээс төрийн алба тасралтгүй үргэлжлэх ёстой гэдэг утгаараа шинээр тушаал гаргаад Г.Бийг тухайн албан тушаал дээр томилсон. Энэ нь жинхэлж томилсон явдал байсан. аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай захирамжаар Тамгын газрын даргын албан тушаалд томилсон байгаа. Нэг ёсондоо түр орлон гүйцэтгүүлэх харилцаа, түүнтэй холбоотой маргаан явж дууссаны дараа тухайн алба эзэнгүй байж болохгүй,  шаардлага хангаж байсан хүн нь нэхэмжлэгч байсан учраас томилсон. Томилохдоо тухайн үед Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль тогтоомж үйлчилж байсан, мөн Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтаа зарлахгүй байсан учраас сонгон шалгаруулалтгүйгээр хүн томилохоос өөр аргагүй байсан. Тухайн хуулиар аливаа шалгалтыг зохион байгуулахгүй гэдэг хуулийн заалт уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан байсан. Тэгэхээр энэ нь хуульд нийцсэн тушаал гэж үзнэ. Мөн Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийг Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгосон зүйл байдаггүй. Одоог хүртэл уг тушаал хүчин төгөлдөр байгаа. Тэгэхээр томилгоо нь хүчин төгөлдөр байгаа хэр нь өмнөх түр орлон гүйцэтгүүлэх үеийн нөхцөл байдлаа ярьж бодит нөхцөл байдлаа хариуцагчийн зүгээс мэдэхгүй байна. Хэрэв нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх бол  уг хүнийг томилсон тушаал хууль зөрчсөн байна гэж эрх бүхий байгууллага болох Төрийн албаны зөвлөл эсвэл шүүхээс тогтоож хүчингүй болгох ёстой. Тэгж байж чөлөөлөгдөнө. Төрийн албаны зөвлөлийн гишүүний хэн нэгэн нь наад хүнээ чөлөөл гээд албан бичиг явуулаад чөлөөлдөг зүйл биш юм. Хоёрдугаарт, Төрийн албаны зөвлөл Г.Бийг хууль бусаар томилогдсон байна гэдэг байдлаар шийдвэр гаргаж болно. Гэхдээ тийм шийдвэр гаргасан зүйл байдаггүй. Төрийн албаны зөвлөлийн гишүүн нь Төрийн албаны зөвлөлийг төлөөлөхгүй, хүний нэрийн өмнөөс дангаар шийдвэр гаргахгүй. Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн албаны зөвлөл гэдэг хамтын шийдвэр гаргадаг хамтын удирдлагатай байгууллага байна гэж заасан. Тэгэхээр хамтын шийдвэр гаргана гэдэг маань олонх нь хүрэлцэн ирж байж хурал хүчин төгөлдөр болдог. Мөн сонгон шалгаруулалтгүйгээр томилсон хүнийг Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл дуусмагц чөлөөлнө гэдэг агуулга байхгүй. Тухайн хүн нэг ёсондоо хууль ёсоор томилогдсон гэсэн үг. Энэ нь өөрөө тухайн үеийнхээ хууль тогтоомжтой нийцэж байсан.

          Мөн Төрийн албаны зөвлөлөөс өмнө нь сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон хүмүүсийг дараа нь нөхөж сонгон шалгаруулалтаар томилно эсвэл чөлөөлнө гэдэг агуулгатай хуулийн заалт байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* шийдвэрийг хүчингүй болгуулаад маргаан бүхий албан тушаал буюу Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэхэмжлэгчийг нэр дэвшүүлэхийг даалгах гэж байгаа. Бид уг асуудлаар маргаад Төрийн албаны зөвлөл шалгалтаа зохион байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд тухайн шалгалтад ороод хамгийн өндөр оноог авсан. Бусад шалгалтад оролцогчдоос шалгалтын оноотой холбогдуулан маргаагүй. Гэтэл Төрийн албаны зөвлөл ямар ч шийдвэр гаргахгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр намайг Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлж өгөөч гэсэн хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд гаргадаг. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно гэж заасан. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар тогтоол байгаа. Уг тогтоолын 12.1 дэх хэсэгт зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаад шалгалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ гэсэн. Гэтэл Засаг даргын зүгээс Тамгын газрын даргад Г.Бийг сонгон шалгаруулалтаар нь томилох гэхээр Төрийн албаны зөвлөл нэр дэвшүүлэхгүй байгаа. Нэхэмжлэгч хамгийн өндөр оноо авсан тул намайг томилооч гэдэг өргөдөл хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр хариу өгсөн. Үүнд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу таны өргөдлийг дахин хянан шийдвэрлэх үндэслэлгүй байна гэсэн. Өөрөөр хэлбэл өмнө нь шийдсэн асуудлаар дахиж өргөдөл шийддэггүй гэсэн агуулгаар таны өргөдлийг шийдэх боломжгүй гэдэг. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан 01 дүгээр сарын 23-ны өдрийн намайг нэр дэвшүүлээч гэдэг өргөдөл дээр ямар ч хариу өгч байгаагүй. Тэгэхээр энэ нь үндэслэлгүй. Өмнө шийдчихсэн гэж тайлбарлахдаа юуг үндэслэл болгоод байна гэвэл 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр таныг нэр дэвшүүлэх асуудлаар хуралдсан хэдий ч бид ямар ч шийдвэр гаргасангүй, та дэмжигдсэнгүй гэдэг албан бичиг өгдөг. Тэрийгээ таны асуудлыг шийдчихсэн байсан гэж хэлээд байгаа. Гэтэл тэрхүү зөвлөлийн хуралдаан дээр, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тэрхүү албан бичгээр ч гэсэн ямар ч асуудлыг шийдээгүй. Нэг ёсондоо нэхэмжлэгчийг нэр дэвшүүлэхээс татгалзъя гэдэг шийдвэр биш байсан. Татгалзъя гэдэг шийдвэр байгаагүй учраас бид анх эс үйлдэхүй гэж маргаж явж байсан. Эс үйлдэхүй гэж маргаж явж байхад энэ албан бичиг ирсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд эс үйлдэхүй биш татгалзсан шийдвэртэй маргаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Өмнө нь татгалзсан шийдвэр гаргаагүй. Хэрвээ татгалзсан шийдвэр гаргана гэвэл хуулийн тодорхой заалтаа бичээд журмын заалтаа бичээд ийм үндэслэлээр таныг нэр дэвшүүлэхээс татгалзаж байна гэдэг байдлаар шийдвэр тодорхой бөгөөд бичгээр гарсан байх ёстой. Гэтэл ямар ч тийм шийдвэр гараагүй байсан. Мөн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн энэхүү албан бичиг нь Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэр биш, дарга нь өөрөө дур мэдээд явуулсан бичиг байгаа. Тэгэхээр Төрийн албаны зөвлөл хамтын удирдлагатай байгаа учраас олонхоороо шийдвэр гаргана гэдэг Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтууд зөрчигдөж байгаа. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмнө нь шийдсэн асуудал гэдэг үндэслэл байгаагүй.

          Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн огноотой татгалзсан гэх шийдвэрийг ирүүлэхдээ таны өргөдлийг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 40 дүгээр хуралдаанаар танилцуулсан, Г.Бийг Засаг даргын Тамгын газрын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудал дэмжигдээгүй болно, дэмжигдээгүй шалтгаан нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлдэггүй, хууль бусаар төрийн албанд ажилласан учраас таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй болохыг уламжилж байна гэсэн. Үүнтэй холбогдуулан бид 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Учир нь ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Нэр дэвшүүлэхээс татгалзаж байна гэдэг тодорхой үндэслэл заасан бичгээр албажуулсан зүйл байхгүй.

          Төрийн албаны зөвлөлийн нэг гишүүн нь төлөөлж шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй. Гэтэл мөн адил Төрийн албаны зөвлөлөөс хурал хийхгүйгээр гишүүн нь албан бичгээр хариу өгчихсөн байсан. Тийм учраас хууль бус гэж үзэж байгаа. Хэрэв нэр дэвшүүлэхээс татгалзаж байгаа бол Төрийн албаны тухай хууль, эсвэл журам зэрэгт нэр дэвшүүлэхээс татгалзах хуульд заасан үндэслэл байдаг бол тэрийгээ дурдаад татгалзаж байгаа талаар хариу өгөх ёстой. Тэгвэл бид яг тухайн татгалзаж байгаа шийдвэртэй нь маргах байсан. Гэтэл тийм зүйл байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэнтэй холбоотой хариу тайлбартаа нэхэмжлэгчийн өгсөн өргөдөлд нь хариу өгсөн зүйл мэдэгдлийн шинжтэй гэдэг хариу тайлбарыг гаргадаг. Тэгэхээр 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг нь захиргааны акт биш эрх зүйн зохицуулалт агуулаагүй юм бол 3 дугаар сард таны асуудлыг 12 дугаар сард шийдчихсэн, дахиж шийдэхгүй гэж хариу өгөөд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь өөрийгөө үгүйсгэж, зөрчилтэй болгоод байна. Төрийн албаны зөвлөл нэхэмжлэгчийг нэр дэвшүүлэхээс татгалзсан шийдвэр гаргаад байгаа юм уу, үгүй юм уу гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй байгаа. Хэргийн үйл баримтын хувьд энэхүү хэрэг нь ямар нэгэн маргаангүй хэрэг гэж харж байна. Учир нь Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон шийдвэр хүчинтэй байгаа. Тэрийг хүчингүй болгоогүй. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр мэдээллийн шинж чанартай хариу өгсөн тул захиргааны акт биш гэж үзэж байгаа. Харин Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ******* дугаартай албан бичиг нь захиргааны акт буюу татгалзал байсан. Тэгэхээр уг актыг хүчингүй болгохыг даалгах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

          3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны зөвлөлийн 3 албан бичгийг хүчингүй болгуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгож байна. аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшүүлэхийг даалгах гэдэг шаардлагаасаа татгалзсан гэж ойлголоо. Нэгдүгээрт, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгийг хүчингүй болгуулъя гэдэг. Г.Бийн хувьд 2020 оны орон нутгийн сонгуулийн дараа аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон байдаг. Ингэж томилохдоо Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь хэсэгт “Иргэн, албан хаагчдын гомдол мэдээллийн дагуу Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ” гэж заасны дагуу Г.Бийн хууль бусаар Тамгын газрын даргын албан тушаалд томилчихлоо, хууль тогтоомж зөрчигдөөд байна гэдэг гомдол мэдээлэл ирсэн. Тухайн мэдээллийн дагуу Төрийн албаны зөвлөл шалгаад тогтоол гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн найруулгад төрийн албаны тусгай шалгалт өгч байж уг албан тушаалд нэр дэвшиж томилогдох байсан. Гэтэл Г.Бийн хувьд шууд томилсон захирамж гарсан байдаг. Үүнийг Төрийн албаны зөвлөл тогтоож энэ тухай тогтоол гаргасан. Тухайн тогтоол гаргасны дараагаар нэхэмжлэгч шүүхэд жил гаруй хугацаанд маргаж байгаад уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны тогтоолыг хэрэгжүүлж байна гээд аймгийн Засаг дарга Г.Бийг Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн хэр нь эргүүлээд томилчихсон. Төрийн албаны зөвлөлд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахин гомдол мэдээлэл ирсэн. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс шалгаад Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг нэр төдий биелүүлсэн байна гээд дахин дугаартай тогтоол гаргадаг. Тухайн тогтоолтой дахин маргаад явж байх хугацаанд Төрийн албаны зүгээс ямар ч ажиллагаа хийх боломжгүй байсан. Шүүх дээр маргаж байгаа учраас албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах боломжгүй. Ингэж явж байгаад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад уг асуудал дууссан. Г.Бэтэй холбоотой гомдол, мэдээлэл Төрийн албаны зөвлөлөөр маш их ирдэг. Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дугаартай бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбартай нэхэмжлэгчийг нэхэмжлэлээсээ татгалз тэгвэл уг албан тушаалын дээр нэр дэвшүүлье гэдэг зүйлийг дурдаж байна. Ийм зүйл огт болоогүй. Гомдол мэдээлэл гаргах эрх үндсэн хуулиар иргэн бүрд олгогдсон эрх тул тухайн хүний эрхийг зөрчиж гомдлоосоо татгалз гэх байдлаар тулгаж болохгүй. Г.Бэ нь нэхэмжлэлээ гаргаад явж байх хугацаанд аймгийн Засаг даргаас Төрийн албаны зөвлөлд Тамгын газрын даргын орон тооны сонгон шалгаруулалтыг зарлах талаар захиалгаа ирүүлдэг. Өөрөөр хэлбэл захиалгаа ирүүлж байна гэдэг нь Тамгын газрын даргаар Г.Бийг хууль бусаар томилчихсон гэдгээ хүлээн зөвшөөрөөд байна гэдэг агуулга харагдаж байна. Захиалга ирүүлсний дараагаар аймгийн Засаг даргын Тамгын газрын сул орон тооны сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Нийт 4 хүн оролцоод Г.Бэ хамгийн өндөр оноог авсан. Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын комисс байгуулсан. Тухайн комисс нь Г.Бийг хамгийн өндөр оноо авсан байна гээд нэр дэвшүүлэхээр Төрийн албаны зөвлөлийн хурлаар танилцуулсан хэдий ч зөвлөлийн хуралдаанаар Г.Бийг нэр дэвшүүлэхээс татгалзсан шийдвэр гарсан. Энэ нь тухайн хуралдааны тэмдэглэлээс харагддаг. Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийн 4.4-т “Төрийн албаны зөвлөл бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлыг шийдвэрлэнэ. Гишүүдийн олонхын саналаар уг асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан. Тухайн хуралдаанаар олонхын санал авч чадаагүй бол шийдвэр гаргаагүйд тооцно гэж заасан байдаг. Төрийн албаны зөвлөл хуралдаад Г.Бэ гэх хүнийг нэр дэвшүүлэх асуудлаас татгалзсан, яагаад татгалзсан бэ гэвэл Г.Бийн хувьд төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж байхдаа төрийн албан хаагчийн эрх үүргийг хэрэгжүүлээгүй, ёс зүйгүй үйлдлүүдийг маш олон удаа гаргасан байдаг. Төрийн албан хаагчийг хууль бусаар халсан, чөлөөлсөн үүнтэй холбоотой гомдол саналууд Төрийн албаны зөвлөлд маш олон удаа ирсэн. Төрийн албаны зөвлөл Г.Бийн төрийн албан хаагчийг томилж чөлөөлөхтэй холбоотой шийдвэрийг шалгаад хууль бус байна гэж үзэж гаргасан шийдвэрүүдийг биелүүлэхийг даалгахад огт биелүүлдэггүй. Иймээс Төрийн албаны зөвлөл хуралдаанаараа хэлэлцэж ёс зүйгүй хүнийг удирдах албан тушаалд томилохоос татгалзсан. Үүний дараагаар нэхэмжлэгчийн зүгээс намайг Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүл гэдэг хүсэлтийг хэд хэдэн удаа гаргаж байсан.  Тухай бүр хүсэлтэд Төрийн албаны зөвлөлийн зүгээс хариу өгсөн. Нэхэмжлэгчийн хувьд 2020 онд төрийн жинхэнэ албан тушаалд хууль бусаар томилогдоод Төрийн албаны зөвлөлтэй маргаад явж байсан үйл баримтууд байдаг.

 Хоёрдугаарт, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Төрийн албаны зөвлөлийг төлөөлөхгүй, ганцаараа бүх асуудлыг шийдвэрлээд байна гэдэг зүйлийг ярьж маргаад байна. Г.Бийг төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчөөд Тамгын газрын даргын албан тушаалд хууль бусаар томилсон байна гэдгийг Төрийн албаны зөвлөл хамтаараа хэлэлцээд шийдвэрлэсэн тогтоол гарсан. Уг албан тушаалд нэр дэвшүүлэхгүй гэдэг асуудлыг ч мөн хамтаараа хэлэлцсэн.

Гуравдугаарт, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчингүй болсноор албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэдэг ойлголт байхгүй гэдэг байдлаар ярьж байна. Энэ хууль нэг жил гаруй хугацаанд үйлчилсэн байдаг. Хуулийн үйлчлэл дуусгавар болсонтой холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт яаралтай зарлаарай гэдгийг бүх төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосон. Үүний дагуу мөн Засгийн газрын зүгээс 5Ш ажиллагаа явагдсан байдаг. Г.Бийн хувьд шүүх дээр маргаантай байгаа гэдэг үндэслэлээр энэ асуудлаас гарсан байгаа. 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орон нутгийн сонгууль явагдсан. аймгийн хувьд шинээр бүрэлдсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр анхныхаа хуралдааныг хийгээд хурлын дарга болон Засаг даргаа сонгох үйл ажиллагаа явагдсан байгаа. Г.Бэ гэх хүний хувьд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 60 нас хүрсэн өөрөө тэтгэврээ тогтоолгох гээд хүсэлтээ гаргаад явж байгаа талаар мэдээлэл ирсэн байгаа. Үүний дагуу уг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болох анхдугаар хуралдаанаас өмнө аймгийн Засаг дарга болох Ч.Ч гэх хүн нь Г.Бийг төрийн албанаас чөлөөлөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох захирамж гарахаар төлөвлөгдөөд энэ талаар үйл ажиллагаа явагдаж байгаа гэдгийг аймгийн Засаг даргын Тамгын г болон салбар зөвлөлөөс тодруулахад ийм ийм нөхцөл байдалтай байгаа гэдгийг хэлсэн. Нэгэнт Г.Бэ нь тэтгэврээ тогтоолгоод төрийн албанаас чөлөөлөгдөж байгаа тохиолдолд нэр дэвшүүлэх асуудал нь нэхэмжлэгчийн хувьд ямар ч ач холбогдолгүй болж байна. Г.Бийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах гэдэг шаардлага гаргаад байгаа. Эс үйлдэхүй эсхүл татгалзсан шийдвэр хоёрын аль нэг нь байж даалгах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргадаг. Гэтэл энэхүү нэхэмжлэлийн шаардлагууд нь хоорондоо уялдахгүй байна. Мөн нэхэмжлэгч талаас Төрийн албаны зөвлөл татгалзах тогтоол гаргах ёстой, тэрхүү тогтоол гараагүй учраас үүнийг шийдвэр гэж үзэхгүй гээд байна. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2023 оны дугаар хуралдаанаар сонгон шалгаруулах комисс өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд нэр дэвшүүлэхээр танилцуулахад зөвлөл комиссын шийдвэрийг хэлэлцээд нэр дэвшүүлэх эсэх дээр санал хураахад хэн ч дэмжээгүй. Дэмжээгүй гэдэг нь цааш агуулгаараа татгалзал байна гэж ойлгодог. Гэтэл нэхэмжлэгчээс шийдвэр биш гэж нэхэмжлэлийнхээ үндсийг тодорхойлоод байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа Төрийн албаны зөвлөлийн албан бичгүүд нь үндсэндээ Г.Бийг сонгон шалгаруулалтад оруулж томилох үйл ажиллагаа Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар дэмжигдээгүй гэдэг байдлаар Засаг даргад мэдээлэл хүргүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэр зайлшгүй биелэгдэх зарчимтай. Гэтэл Г.Бэ нь тэтгэвэрт гараад Төрийн албанаас чөлөөлөгдөхөд нэр дэвшүүлэх, Засаг даргын Тамгын газрын дарга болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүхийн шийдвэр бодитой хэрэгжих боломжгүй болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Төрийн албаны зөвлөл өөрөө нэр дэвшүүлэхээс татгалзах эрхгүй гээд байна. Хэрэв тийм эрхгүй бол эдгээр хүмүүс чинь яах гэж олонхын шийдвэр гаргах вэ. Шийдвэр гаргах эрхтэй учраас санал хураалт явуулаад байгаа. Төрийн албаны зөвлөлөөс хуралдааныхаа дэгийг баталчихсан, тухайн дэгд шийдвэр гаргахгүй байж болно гээд заасан. Тэгэхээр заавал шийдвэр гарах албагүй. Төрийн албаны зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд Г.Бийг нэр дэвшүүлэхээс татгалзсан.

Хоёрдугаарт, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.И*******ы явуулсан бичгийг хүчингүй болгоно гээд байна. Тухайн бичгийг хүчингүй болгохоор тухайн сонгон шалгаруулалт нь өөрөө хүчингүй болчих үр дагавар үүсэх үү. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс бид Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баримталж томилсон, уг хуулийн үйлчлэл дуусмагц тухайн албан тушаалаас нь чөлөөлөх зохицуулалт байхгүй гэж тайлбарлаад байна. Г.Бийг сүүлд томилохдоо дээрх хуулийн хэрэгжилт дуусахаас 3 хоногийн өмнө томилсон байдаг. Энэ талаар Б.И******* гишүүний явуулсан 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн албан бичигт тодорхой дурдсан байгаа. Б.И******* гишүүний гаргасан шийдвэр нь Төрийн албаны зөвлөлөөс хамтаараа гаргаж байгаа шийдвэр биш гэж үзээд байгаа. Төрийн албаны зөвлөлөөс Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт дуусгавар болсонтой холбоотой мэдэгдэл гаргаж байсан. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр буюу хуулийн хэрэгжилт дуусгавар болмогц эдгээр хүмүүс чөлөөлөгдөнө гэдэг байдлаар тэмдэглэл гаргаж байсан. Мөн Засгийн газраас шүүр ажиллагаа явуулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас албан бичиг гарсан байдаг. Гэтэл чөлөөлөх талаар яригдаагүй гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. аймгийн Засаг даргаас сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалга өгөөд нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч шалгалтдаа орсон учраас хуулийн дагуу томилогдсон гэдэг нь няцаагдаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад Д.Б гишүүний албан бичгийг хүчингүй болгуулъя гээд байгаа. Энэ нь зөвлөлөөс ямар шийдвэр гарсныг л тайлбарлаж бичсэн албан бичиг юм. Уг албан бичгийг хүчингүй болсноороо тэрхүү зөвлөлийн хуралдаанаар нэр дэвшүүлэхээс татгалзаж шийдвэр гаргасан шийдвэр хэвээрээ л байх учраас ямар ч ач холбогдолгүй. Иймээс нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэг.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай “Хууль хэрэгжүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичгээр “...Төрийн албаны зөвлөлөөс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд Г.Бийг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсныг тогтоосон байхад Зөвлөлийн шийдвэрийг үл биелүүлж, Г.Бийг хууль бусаар ажиллуулсаар байгаа нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөнийг;

...Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл дуусгавар болсонтой холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2022 оны дугаар хуралдааны тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Мэдэгдлийн дагуу төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон Г.Бийг албан тушаалаас чөлөөлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын захиалгыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг;

...хууль тогтоомж зөрчиж томилогдсон тухайн иргэнд 2022 оны 7 дугаар сараас хойш олгосон цалин, хөлс, нэмэгдлийг төрд учруулсан хохиролд тооцож, нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгааг...” тус тус аймгийн Засаг даргад хандан мэдэгджээ.

4.Дээрх албан бичиг нь нэхэмжлэгч Г.Бийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөхийг аймгийн Засаг даргад үүрэг болгосон, түүний төрийн албанд хөдөлмөрлөх эрхийг дуусгавар үр дагавар бий болгосон, үйлчлэл нь нэхэмжлэгчид чиглэсэн, хэрэв биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр захирамжилсан шинжтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт байна.

5.Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана...”, 65.7-д “Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Улсын Их Хурал батална”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, дугаар зүйлийн .1-д “Зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах...” гэж тус тус заажээ.

6.Мөн Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийн 4.2-т “Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хуралдаан байна”,  4.4-т “Зөвлөлийн хуралдаанаар Зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ”, 4.5-д “Зөвлөл хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана. Бүрэн эрхийнхээ хүрээнд албан даалгавар, зөвлөмж гаргаж болно…”, 4.7-д “Зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг Зөвлөл баталж, мөрдүүлнэ” гэж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн хуралдааны дэгийн 6.1-д “Зөвлөлийн бүх тогтоол, шийдвэр хамтын байх бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргана...”, 6.2-т “Хуралдаанаар хэлэлцсэн асуудал тус бүрээр Зөвлөл тогтоол гаргана. Хэлэлцсэн асуудлаас хамааран албан даалгавар, зөвлөмж, бусад эрх зүйн актыг батлан гаргаж болно. Хэлэлцсэн асуудлын шийдвэрийг тэмдэглэл хэлбэрээр гаргаж болно” гэж тус тус заасан байна.

7.Дээрх хууль тогтоомжийн хэм хэмжээнээс үзэхэд, Төрийн албаны зөвлөл нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаар хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх буюу зөвлөл аливаа асуудлыг  хамтын удирдлагын зарчимд үндэслэн шийдвэрлэхээр, уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй, зарим тохиолдолд тэмдэглэл хэлбэртэй байхаар зохицуулжээ.

8.Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн эрхлэх ажил үүргийн хуваарийг баталсан байх бөгөөд уг хуваарьт гишүүн нь Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах тодорхой нэг асуудлыг хариуцан ажиллаж, тухайн чиглэлээрх Төрийн албаны зөвлөлийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах хүрээнд шийдвэр гаргах эрхтэй байна.

9.Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 19 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн эрхлэх ажил үүргийн хуваарийн 5.1-д заасан “Төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагыг бэхжүүлэхтэй холбоотой бодлого, үйл ажиллагаа”, 5.5-д заасан “Буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой бодлого, үйл ажиллагаа”-г Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.И******* эрхлэн гүйцэтгэхээр заасан байх тул маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичгийг ажил үүргийн хуваарьт заасан бүрэн эрхийн хүрээнд зөвлөлийн гишүүний гаргасан шийдвэр гэж үзнэ.

10.Гагцхүү Төрийн албаны зөвлөлийн гишүүн нь өөрийн хариуцсан ажил үүргийн хуваарийн дагуу тухайн чиглэлээрх зөвлөлийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах хүрээнд гаргасан шийдвэр нь хууль  болон Төрийн албаны зөвлөлийн шийдвэрт үндэслэсэн байх шаардлага тавигдана. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлөөс хамтын шийдвэр гаргаж, эцэслэн шийдвэрлээгүй асуудлаар гишүүн шийдвэр гаргах, бодлого үйл ажиллагаа хэрэгжүүлэх эрхгүй байна.

11. аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр захирамжаар[1] Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэн “аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлд удаа дараа өгсөн ч сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй” үндэслэлээр Г.Бийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн томилж, 2020 оны ******* дугаар захирамж /Г.Бийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон/-ийг хүчингүй болгожээ.

12.Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу уг хуулийн үйлчлэх хугацаанд томилох эрх бүхий этгээд иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд хуульд заасан сонгон шалгаруулалт явуулалгүйгээр томилсныг тухайн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд жинхлэн томилсон гэж үзэх үндэслэл болохгүй.

13.Учир нь хуулийн энэхүү зохицуулалт нь цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулахыг түр хугацаанд хориглож, Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага, болзлыг хангасан эсэхээс үл хамааран төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилж, төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэснээс бус тухайн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулалт явуулалгүйгээр жинхэлж томилох эрхийг олгосон заалт биш юм.

14.Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн дугаар зүйлийн .1, 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг сонгон шалгаруулж томилох бөгөөд энэ журмаас гадуур буюу сонгон шалгаруулалт явуулалгүйгээр иргэнийг төрийн жинхэнэ албанд томилох хууль зүйн үндэслэл байхгүй.

15.Тиймээс уг хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулах журмын дагуу иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох үүрэгтэй.

16.Хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” ******* дугаар захирамж/Г.Бийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон/ нь Төрийн албаны тухай хуулийн дугаар зүйлийн .3, .3.2, .4, .6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3 дахь хэсгийг тус тус зөрчсөнийг тогтоож, уг захирамжийг хүчингүй болгохыг аймгийн Засаг даргад даалгасан,

2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар хуралдааны тэмдэглэлээр “Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан ерөнхий, тусгай шаардлага хангаагүй, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй иргэн, албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх, шаардлага хангасан иргэн, албан хаагчийг нээлттэй сонгон шалгаруулалтаар өрсөлдүүлэн тухайн албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулж ажиллахыг төрийн байгууллагын томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтнуудад даалгах”-аар зөвлөмж хүргүүлсэн байх тул Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай албан бичиг нь Төрийн албаны зөвлөлийн хамтын шийдвэрт үндэслэсэн, Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д нийцсэн шийдвэр байна.

17.Иймд нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай “Хууль хэрэгжүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

18.Хоёр.Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Бы 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ******* дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

19.Нэхэмжлэгч Г.Бээс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “...2023 оны 10 дугаар сарын 27-нд Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан тусгай шалгалтад орж, нэгээр шалгарсан, ...Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай албан бичигт Г.Бийг нэр дэвшүүлэх асуудал дэмжигдээгүй болно гэсэн хариу ирсэн байна. Төрийн албаны зөвлөлөөс авсан тусгай шалгалт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа... Иймд миний асуудлыг эргэн харж шийдвэрлэж өгнө үү” гэх өргөдлийг Төрийн албаны зөвлөлд хандан гаргажээ.

20.Маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ******* дугаартай албан бичгээр Г.Бэд “...Зөвлөлийн хуралдаанаар шалгалтын комиссын тайланг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Г.Бийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудал дэмжигдээгүй. Дэмжигдээгүй шалтгаан нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлдэггүй, хууль бусаар иргэнийг төрийн албанд ажиллуулдаг зэрэг болно. Иймд Таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй...” гэх хариуг хүргүүлсэн байна.

21.Дээрх албан бичиг нь нэхэмжлэгч Г.Бийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан “ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг дахин харж шийдвэрлүүлэх” агуулга бүхий хүсэлтэд “боломжгүй” гэж хариу өгч, хүсэлтийг хангахаас татгалзсан эрх зүйн үр дагавар үүсгэсэн шинжээрээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулж байна.

22.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ******* тоот албан бичгээр ирүүлсэн сонгон шалгаруулалт зарлуулах захиалгыг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 164 дүгээр тушаалаар байгуулагдсан шалгалтын комисс 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын удирдах албан тушаалын тусгай шалгалтыг зохион байгуулсан, уг шалгалтад нэхэмжлэгч Г.Бэ оролцож, хамгийн өндөр оноо/67.6/ авч тэнцсэн, улмаар шалгалтын тайланг, нэр бүхий 2 иргэнээс Г.Бэтэй холбоотой ирүүлсэн гомдлын хамт Төрийн албан зөвлөлийн хуралдаанд танилцуулсан бөгөөд хэргийн оролцогчид сонгон шалгаруулалт, түүний  үнэлгээтэй маргаагүй.

23.Төрийн албаны тухай хуулийн 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 66.1.11-д “төрийн албаны... тусгай шалгалтыг зохион байгуулах... төрийн захиргааны... байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах...” гэж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын -ны өдрийн дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын[2] 12.1-д “Зөвлөл... нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ” гэж тус тус заасан байна.

24.Дээрх хууль тогтоомжид заасны дагуу Төрийн албаны зөвлөл хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж, шалгалтад хамгийн өндөр оноо авч тэнцсэн оролцогчийг сул орон тоонд нэр дэвшүүлж, томилох эрх бүхий этгээдэд санал болгохоор байна.

.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 40 дүгээр хуралдаанаар сонгон шалгаруулалтад оролцсон Г.Бийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлж, томилохыг аймгийн Засаг даргад санал болгох асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжээгүй, энэ үндэслэлээ хариуцагч тал “төрийн албан тушаалд ажиллаж байхдаа төрийн албан хаагчийн эрх үүргийг хэрэгжүүлээгүй, ёс зүйгүй үйлдлүүдийг олон удаа гаргасан, төрийн албан хаагчийг хууль бусаар халсан, чөлөөлсөн тухай гомдол ирсэн, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлдэггүй тул дэмжээгүй буюу томилохоос татгалзаж шийдвэрлэсэн” гэж тайлбарладаг.

26.Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн хуралдааны дэгийн[3] 6.1-д “Зөвлөлийн бүх тогтоол, шийдвэр хамтын байх бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргана. Олонхын санал авч чадаагүй бол шийдвэр гаргаагүйд тооцно”, 6.2-т “Хуралдаанаар хэлэлцсэн асуудал тус бүрээр Зөвлөл тогтоол гаргана. Хэлэлцсэн асуудлаас хамааран албан даалгавар, зөвлөмж, бусад эрх зүйн актыг батлан гаргаж болно. Хэлэлцсэн асуудлын шийдвэрийг тэмдэглэл хэлбэрээр гаргаж болно”, 6.5-д “Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг:” гээд 6.5.1-д “шийдвэр гарган батлах”, 6.5.2-т “шийдвэр гаргах шаардлагагүй гэж буцаах”, 6.5.3-т “дахин боловсруулах хугацаа тогтоон хойшлуулах гэсэн хэлбэрээр шийдвэрлэнэ”, 6.6-д “Энэхүү дэгийн 6.5.2, 6.5.3-т зааснаар шийдвэрлэсэн тохиолдолд энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгана” гэж тус тус заажээ.

27.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 40 дүгээр хуралдаанаар Г.Бийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлж, томилох эрх бүхий этгээдэд санал болгох асуудлыг хуралдаанд оролцсон гишүүд бүгд дэмжээгүйг тухайн асуудлаар Төрийн албаны зөвлөл “шийдвэр гараагүй” гэж үзэх бөгөөд энэ нь Г.Бийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхээс татгалзсан Төрийн албаны зөвлөлийн шийдвэр болохгүй.

28.Учир нь дээрх хуралдааны дэгд Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гарган батлах, эсхүл шийдвэр гаргах шаардлагагүй гэж буцаах, дахин боловсруулах хугацаа тогтоон хойшлуулах зэргээр шийдвэрлэж, тогтоол, тэмдэглэл гарахаар/шийдвэрийн хэлбэрийн хувьд/, хэрэв олонхын санал авч чадаагүй тохиолдолд Төрийн албаны зөвлөлөөс тухайн хэлэлцсэн асуудлаар ямар нэг шийдвэр гараагүйд тооцохоор зохицуулсан байх тул Төрийн албаны тухай хуулийн дугаар зүйлийн .1-д заасан “хамтын удирдлагын зарчим”-д үндэслэн зөвлөлөөс Г.Бийг нэр дэвшүүлэхээс татгалзсан шийдвэр/тогтоол, тэмдэглэл/ гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

29.Ийнхүү Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэхээс татгалзсан ямар нэгэн шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  өргөдөлд “шийдвэрлэх боломжгүй” гэж хариу өгсөн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай албан бичиг нь Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны “шийдвэр үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцээгүй, гишүүний үйл ажиллагаа Төрийн албаны зөвлөлийн хамтын шийдвэрт үндэслэсэн байх шаардлагыг хангаагүй хууль бус шийдвэр байна.

30.Өөрөөр хэлбэл, тусгай шалгалт өгч тэнцсэн нэхэмжлэгч Г.Бийг төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшүүлэн томилуулах асуудлыг Төрийн албаны зөвлөл эцэслэн шийдвэрлэлгүй орхигдуулж, түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байх тул Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

31.Маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ******* дугаартай албан бичгийг нэхэмжлэгч Г.Бэд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шуудангаар хүргүүлсэн гэж “Явуулсан баримт бичгийн бүртгэлийн дэвтэр”-т[4] бүртгэсэн байх боловч нэхэмжлэгч уг албан бичгийг гардан авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж дүгнэв.

32.Гурав.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

33.2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Г.Бээс “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 12.1-д зааснаар намайг сул орон тоон дээр нэр дэвшүүлж, санал болгох үндэслэлтэй. Иймд намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг[5] Төрийн албаны зөвлөлд хандан гаргажээ.

34.Төрийн албан зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр “...зөвлөлийн хуралдаанаар шалгалтын комиссын тайланг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудал дэмжигдээгүй талаар Танд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот албан бичгээр хүргүүлсэн. Иймд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Таны өргөдлийг дахин хянан шийдвэрлэх үндэслэлгүй” гэх хариуг хүргүүлсэн байна.

35.Дээрх Төрийн албан зөвлөлийн 2024 оны ******* дугаартай хариу хүргүүлсэн албан бичиг нь нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшүүлэх тухай хүсэлтэд шийдвэрлэх үндэслэлгүй талаар хариу өгч татгалзсан эрх зүйн үр дагавар үүсгэсэн шинжээрээ захиргааны актын шинжийг агуулж байх бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 26-30 дахь хэсэгт дүгнэсэн хууль бус шийдвэрт үндэслэн нэхэмжлэгчид татгалзсан хариу өгсөн тул хариуцагч Төрийн албан зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай албан бичгийг хууль бус шийдвэр гэж үзнэ.

36.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар томилох эрх бүхий этгээд нь төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилох ба тухайн санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй байна.

37.Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилуулахаар эрх бүхий этгээдэд санал болгох нь төрийн албаны төв байгууллагын бүрэн эрхэд хамаарна.

38.Энэхүү маргааны хувьд шалгалтын комиссоос нэхэмжлэгч Г.Бийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлж, Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулсан боловч Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх, томилох эрх бүхий этгээдэд санал болгох ямар нэгэн шийдвэр гараагүй буюу Г.Бийг нэр дэвшүүлэх асуудлыг дэмжсэн, эсхүл татгалзсан байдлаар эцэслэн шийдвэрлээгүй, энэ нь хууль бус байх тул нэхэмжлэгч Г.Бийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлж, томилох эрх бүхий этгээдэд санал болгох асуудлыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагч захиргааны байгууллага шийдвэрлэх нь зүйтэй байна.

39.Иймд дээрх үндэслэлээр Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Г.Бийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгаж шийдвэрлэлээ.

40.Дөрөв.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын талаар:

41.Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Г.Бийн ёс зүйн зөрчил гаргаж сануулах ёс зүйн хариуцлага хүлээсэнтэй холбоотой шийдвэр, түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь Салбар зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх тайлбартай холбогдуулан “ аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай тогтоол, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь Салбар зөвлөлийн 2013 оны 14, 15 дугаартай тогтоол, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай тогтоол”-ыг нотлох баримтын шаардлага хангуулан холбогдох байгууллагаас гаргуулах хүсэлтийг гаргасан.

42.Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн *******, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *******, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулж, түүнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гарган шүүхэд маргадаг.

.Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд дурдсан дээрх баримтууд нь хэрэгт хамааралгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасны дагуу хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн дугаар зүйлийн .1, 27 дугаар зүйлийн 27.3, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Бийн Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *******, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Г.Бийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  А.ГАНЗОРИГ

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 110 дахь тал

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 170 дахь тал

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 156-167 дахь тал

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 50 дахь тал 

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 215 дахь тал