Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Ц.Б түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

шүүгдэгч Г.Б түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам

шүүгдэгч Д.О түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Г.Б, Д.О нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726020469 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Ц.Б.

 

Г.Б

  

Д.О.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ц.Б нь 2015 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан  дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 12 дугаар байрны подвальд байрлах иргэн Д.Долоончулууны эзэмшлийн унадаг дугуй засварын газарт нэвтэрч бэлэн 720.000 төгрөг, 210.000 төгрөгийн үнэ бүхий монетон гинж тус тус хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул Таун хотхоны 1а байрны гражид байсан иргэн М.Азжаргалын эзэмшлийн 34-88 УНЗ улсын дугаартай Форд Экспедишн маркийн автомашины зүүн хойд хаалганы жижиг гурвалжин шил, иргэн Д.Энхбаярын эзэмшлийн 92-99 УНО улсын дугаартай Мерседес Бенз Жи-500 маркийн автомашины баруун урд хаалганы том цонх, иргэн Н.Энхмэндийн 20-45 УНС улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 маркийн автомашины цонхыг тус тус хагалж Н.Энхмэндийн 20-45 УНС улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 маркийн автомашин дотроос нь 2 ширхэг ном, тамхи, үүргэвч, ажлын хувцас болон тухайн автомашины 2 талын толь хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Б, Г.Б нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороолол, Нархажид сүмийн зүүн талд үерийн далан дээр Ш.Ариунбаярын Самсунг Жи-7 маркийн гар утсыг хутгална гэж хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Б, Г.Б, Д.О нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хорооллын хойд талын далан дээр Б.Батцоож, Д.Бямбасүрэн, Х.Энхболд нарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж Д.Бямбасүрэнгийн Самсунг Эс-4 маркийн гар утас, Б.Батцоожийн Эл Жи-3 маркийн гар утас, Х.Энхболдын Самсунг Жи-1 маркийн гар утсыг дээрэмдсэн,

Шүүгдэгч Д.О нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Өндөр дэнж төвийн баруун талд байрлах Жаст ойл шатахуун түгээх станцын орчимд иргэн З.Отгонхишигийг гар утсыг нь авах зорилгоор толгойн тус газар нь араас нь цохиж хүч хэрэглэн довтолж “Iphone-6s” маркийн гар утсыг дээрэмдсэн гэх гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт:  Би холбогдсон бүх үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролуудаа төлж барагдуулаагүй байгаа гэв.  

 

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт: Би Отгонхишигийн толгой руу цохиогүй, ipone-6 утсыг нь аваад зугатаачихсан. Тэгээд цагдаад баригдаад утсыг нь биет байдлаар буцаагаад өгсөн. Утасных нь дэлгэц нь хагарсан гэхээр нь хохирогчтой харилцан тохиролцоод 160.000 төгрөг өгсөн. Б, Г.Б нартай бүлэглэж Батцоож, Бямбасүрэн, Энхболд нарыг дээрэмдсэн гэх үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би тухайн үед улаан куртик өмсөж явсан бөгөөд Батцоож, Бямбасүрэн, Энхболд нарын аль хоёрыг нь мэдэхгүй байна хоёр нь намайг нийлээд зодсон. Тэгэхээр нь би яваад өгсөн юм гэв.

 

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Ариунбаярыг дээрэмдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Ш.Ариунбаярын Самсунг Жи-7 маркийн гар утасны үнэ 450000 төгрөгийн өөрт оногдох 225000 төгрөгийг төлсөн. Б, О нартай бүлэглэж Батцоож, Бямбасүрэн, Энхболд нарын эд зүйлийг дээрэмдсэн үйлдлүүдийг зөвшөөрч байна. Би Батцоожид 83.300 төгрөг, Энхболдод 83.300 төгрөг төлсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Ш.Ариунбаярын мөрдөн байцаалтанд “Би 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн хорооллын эцсийн Дархан нэхий худалдааны төвөөс баруун хойшоо яваад байрлах ахмадын асрамжийн газарт хүмүүнлэгийн ажил хийхээр найз Хүслэн, Дөлгөөн нарын хамтаар очсон юм. Ингээд “Хос алтан тулга” төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг тул зохих ёстой үйл ажиллагааг зохион байгуулж дуусаад 20 цагийн орчимд ахмадын асрамжийн газраас гарах гэхэд нэрийг нь мэдэхгүй, асрамжийн газрын захирал нь та гурвыг хүргээд өгөх үү гэхээр нь Дөлгөөн, Хүслэн хоёр хэрэггүй ээ алхаад харьчихая гээд Дөлгөөн, Хүслэн нарын хамтаар гараад Дархан нэхий худалдааны төвийн баруун талаар гараад хорооллын эцсийн гэрлэн дохиогоор гараад Хавай фитнэссийн хажуу талаар өнгөрөөд автомашины замаар ертөнцийн зүгээр урд зүгт чигтэй явж байтал модны хоёрын дунд замын хойд талд байрлах “Рич Хилл” гэх нэртэй зочид буудлын зүүн талаар Дөлгөөн, Хүслэн нарын хамт юм яриад явж байсан, би тухайн үед нэг их анзаарч хараагүй ба Дөлгөөн, Хүслэн хоёр араас хүн дагаад байгааг тухайн үед анзаарсан байсан. Ингээд бид гурав модны хоёрын дунд замыг хөндлөн гараад байрны тоотыг мэдэхгүй 10 дугаар хорооллын үерийн далан руу буудаг шатны баруун талд байрлах байрны орчимд явж байтал Дөлгөөн, Хүслэн хоёр нь байрны хажууд байрлах хүүхдийн тоглоомын талбай руу явж орсон, би тухайн үед тэр хоёрыг тоглоомын талбай руу орохыг мэдээгүй урд нь явж байтал Хүслэн нь намайг нааш ир, ийшээ орж сууя гэж дуудахаар нь эргээд хартал үл таних 20-25 орчим насны хоёр эрэгтэй хүний халзан толгойтой хүн нь намайг эргэж харах үед баруун талын мөрлүү мөрлөөд зөрөх үедээ замаа хараач гээд эргэж хараад хэлэхээр нь ямар нэгэн үг хэлэлгүй Дөлгөөн, Хүслэн хоёрын сууж байсан саад руу явж орсон. Тэгтэл араас замаа харж яваач гээд үл таних хоёр хүн ирсэн ба энэ үед Дөлгөөн мөрлөөгүй байна шүү дээ гэхэд, халзан толгойтой хүн нь та гурав хаана байдгийн гэхээр нь 10 хороололд байдаг юм гэхэд ах нь энэ хавийг бүгдийг мэднэ, танина, саяхан шоронгоос гараад ирсэн, 16 настайдаа орж байсан гэж яриад байсан. Энэ үед Хүслэнгийн ээж нь над руу залгаж таараад гар утсаа гаргаж ирээд Хүслэнд өгч яриулаад, Хүслэн удахгүй очлоо гэж хэлээд үл таних хоёр хүний хажуугаар нь гараад явахад араас Халзан толгойтой хүн нь намайг гар утсаараа нэг яриулчих гэхээр нь дугаараа хэлээч гэхэд одоо дугаарыг санахгүй байна, Скайтелийн дугаар хэлэхээр нь би мобикомын сүлжээндээ үнэгүй ярьдаг, нэгжгүй байсан тул утсаар яриулж болохгүй байсан. Тэгээд залгаад өөрт нь сонсгоход Мобикомын дугаар руу залгаад яриатхая гэж хэлээд миний гар утсыг булааж аваад нэг дугаар руу залгаад байсан. Тэр дугаарыг сайн харж чадаагүй. Тэгээд залгасаар байгаад цаад хүн нь утсаа авахгүй байсан тул Хүслэн, Дөлгөөн бид гурвыг шатаар доошоо бууя гэж хэлээд бид гурвын араас явсан ба тухайн үедээ дээрэлхэж, загнаж, дарангуйлсан байдалтай үг хэллэг хэлж байсан. Ингээд шатаар доош буугаад далан дээр очиж зогссон ба халзан толгойтой хүн нь миний гар утсаар ахиад хүн залгаад байсан ба сүүлд миний барьж байсан 95950331 дугаар нь эгч Ариунтунгалагийн нэр дээр байдаг ба сүүлийн ярьсан утасны биллийг авч үзэхэд 99179742 дугаарын утас руу 2017.01.27-ны өдрийн 20:43:28 секундэд 01:32 секундийн яриа хийж ярьсан. Ингэж ярихдаа цаад хүнийгээ манай цагдаа найз байгаа юм, ганц гарч ирээд уулзах гэхээр бүгдээрээ байхгүй болчих юм, хаана байгаан, хурдан хүрээд ирээч гэсэн утгатай зүйл ярьж байгаад салгачихсан. Ингээд утсаар ярьж дуусаад үл таних хоёр хүн намайг далангаас баруун тийш дагуулж явсан ба Хүслэн, Дөлгөөн хоёр хажуу талд үлдсэн юм. Тэгээд намайг дагуулж явсаар байгаад тухайн үед гэрэлгүй харанхуй байсан, хэргийн газарт гэрэл зургаар надаар заалгаж байгаад авсан газарт намайг дагуулж очоод миний гар утсыг халзан толгойтой нь халаасандаа хийгээд одоо таксины мөнгө өг гэж хэлсэн. Энэ үед Дөлгөөн шатаар далангаас 10 дугаар хороолол руу буусан шатаар доош буусан ба надаас үл таних хоёр хүн яагаад найз чинь яваад өгч байгаан, хоёр найзыгаа дууд гэхээр нь айгаад ямар нэгэн юм болж магад гэж бодоод дуудахад Дөлгөөн ирээгүй шууд гэр лүүгээ явчихсан. Тэгээд Хүслэн ирэхэд гар утсыг халааснаасаа гаргаж ирэхгүй, одоо зайлцгаа гээд эргэж хараад ертөнцийн зүгээр баруун тийшээ яваад өгсөн. Ингэж явахаасаа өмнө Хүслэнг ирсэн байхад зайлцгаа, араас дагаад байх юм бол гуяанд чинь хутгална шүү гэж хэлээд зүүн талын бүдүүн гуя нэг удаа өшиглөсөн. Тэгээд яваад өгсөн. Тэгээд Хүслэн бид хоёр дагаж явсаар байгаад далангийн хойд талын явган хүний гүйдэг зам дуусдаг хүртэл дагахад Халзан нь хамт явж байсан арай өндөр нуруутай залуудаа хандан наадахынхаа гуя руу нь хутгалчихаач гээд байсан. Хүслэн бид хоёр араас нь дагахдаа гар утсаа авъя, мөнгө өгөөд гар утсаа авъя гэхэд үгүй гээд яваад байсан. Ингээд бид хоёр хутгалж магад гэж бодоод явган хүний гүйдэг замын төгсгөлийн орчимд явж байсан эрэгтэй хүний гар утсыг гуйж байгаад цагдаад дуудлага өгсөн.” /1хх-ийн-21-22/ гэсэн мэдүүлэг

Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 27/

Таньж олуулах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 17/

 

Хохирогч Д.Бямбасүрэн мөрдөн байцаалтанд “2017 оны 02 дугаар сарын 22-ны орой 22 цагийн орчим би Батцоож, Энхболд нарын хамт БГД-ийн 6-р хороо 10 дугаар хорооллын хойд талын усны далангийн орчим 3-р хороолол талаасаа доошоо шатаар бууж байхад хар өнгийн куртик, хар өнгийн малгайтай халамцуу, 25 орчим насны эрэгтэй хүн намайг мөрлөөд зөрсөн. Юм хэлээгүй цаашаа яваад өгсөн ба араас “... 3 пизда минь наанаа зогсч бай гэж хашгирсан. Бид зогсолгүй доошоо буусан чинь шатны үзүүрт 2 залуу зогсож байсан. Нөгөө эхний залуу наад 3-аа бариад ав гэхэд бид 3 зогссон. Тэгсэн чинь улаан куртиктэй согтуу залуу нь юм хэлэлгүй намайг шууд шанаа руу цохиод авсан.Тэгэхээр нь би дээшээ зугтсан чинь араас улаан куртиктэй хөөсөн боловч намайг гүйцээгүй ба анх намайг мөрлөдөг нь нааш ир чамайг зодохгүй гэхээр нь буцаад очсон чинь тэр мөрлөдөг залуу хүн мөрлөчхөөд уучлал гуйж бай гээд мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэсэн ба тамхи байна уу гэхээр нь байхгүй гэхэд намайг нэгжээд энгэрийн зүүн талын халаасанд байсан цагаан өнгийн Самсунг С-4 маркийн утсыг аваад халаасандаа хийсэн ба шатны доор байсан манай Энхболд, Батцоож болон өөрөө хамт явсан 2 залуугаа дуудсан. Ирэхэд нь харахад хар өнгийн куртик, хар өмдтэй залуу нь Батцоожийн Эл жи-З маркийн утсыг чихэндээ барьчихсан Энхболдын Самсунг жи-1 маркийн утсыг нөгөө гартаа барьчихсан ирсэн. Харин гарт нь ямар нэгэн хутга байгаагүй. Ингээд улаан куртиктэй нь намайг яасан их зугтаадаг юм бэ гээд гуяруу нэг жийсэн ба зайлцгаа гэсэн. Бид 3 утсаа авъя гээд араас нь ойртоод хар куртиктэй / Сайхнаа гэх зугтаад олдоогүй залуу/ залуугийн араас нь бариад авсан чинь улаан куртиктэй залуу намайг цохих гэхээр нь би түрүүлээд нүүр хавьцаа нь цохисон. Тэгтэл тэр 3 шууд цаашаа зугтсан” /1хх-ийн 74-75/ гэсэн мэдүүлэг

Гар утас хураан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 71/

Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 188/

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Батцоож мөрдөн байцаалтанд “2017 оны 2 дугаар сарын 22-ны орой 21 цаг өнгөрч байхад би найз Энхболд, Бямбасүрэн нарын хамт 10 дугаар хорооллын хойд талын далангийн ойролцоо 3 дугаар хорооллоос доошоо бууж явсан. Ингээд далангаар дөнгөж доошоо уруудаж байтал өөдөөс ирж байсан хар өнгийн куртиктэй согтуу залуу Бямбасүрэнг мөрлөсөн юм. Тэгээд бид 3 нэг их тоогоогүй доошоо уруудаад алхтал нөгөө согтуу залуу зогс гээд хашхираад байсан ба бид 3-ын өмнөөс дахиад 2 согтуу залуу гараад ирсэн чинь наад 3-аа бариад ав гэхэд улаан өнгийн куртиктэй залуу нь Энхболдын гарнаас бариад авсан. Тэр 2 бас согтуу байсан юм. Тэгээд бид 3-ыг яг далангийн доошоо буудаг шатны хажууд зогс гээд зогсоосон ба анх мөрлөөд байсан залуу нь мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь нэг нь /хэрэг болсны дараа зугтчихсан Сайхнаа гээд байсан залуу/ халааснаасаа тонгорог гаргаад хутгаа барьчихаад хутгалж чадна шүү гээд байсан юм.Тэгтэл нөгөө хар малгайтай анх мөрлөдөг залуу нь миний халаасыг ухаад ЛЖ-ЖЗ маркийн цайвар саарал өнгийн гар утсыг авсан. Би ямар нэг байдлаар эсэргүүцэл үзүүлээгүй. Харин хутга тулгасан залуу Энхболдын утсыг авсан ба миний утсыг авдаг хар малгайтай залуу нь Бямбасүрэнгийн утсыг авсан. Тэгээд бид нарын утсыг авчхаад тэд дээшээ далан руу шат өгсөөд гүйчихсэн. Бид 3 араас нь гүйж хутга барьсан байсан залууг Бямбасүрэн араас нь тэврээд авчихсан чинь улаан куртиктэй залуу Бямбасүрэнг нүүр лүү нь нэг удаа цохиод авсан. Тэгээд тэд салаад нөгөө 3 цаашаа гүйхээр нь араас нь 54-р сургуулийн хашаагаар дамжаад буцаад урагшаа гүйхээр нь араас нь хөөгөөд гэмтлийн эмнэлгийн хажуугаар гардаг замын урд байх автомашины угаалгын газрын тэндээс улаан куртиктэй залууг нэг машины доогуур ороод хэвтчихсэн байхад нь барьж авсан. Нөгөө 2-ыг алдчихсан юм. Ингээд цагдаад хэлсэн ба удалгүй цагдаа ирсэн. Харин цагдаа ирэхээс өмнө бид нарын барьж авсан улаан өнгийн куртиктэй залуугийн утас дуугарахаар нь автал нөгөө зугтсан хар куртиктэй залуу нь залгасан ба 1-р хороолол Саппорогийн хажууд байх шөлөндөө гэдэг газар байна, авсан утсаа сим-ийг нь аваад янзалчихлаа хүрээд ир гэсэн. Цагдаа ирэхээр нь хамт яваад нөгөө хар куртиктэй залууг бариад авчирсан. Харин хутга тулгасан залууг олоогүй ба миний утсыг ч олоогүй. Харин цагдаа нь утсаар хутга тулгадаг залуутай яриад байх шиг байсан. Энэ баригдсан хүмүүс нь мэдэхгүй гээд байсан. Шөнө цагдаа дээр байцаалт өгч байхад хар куртиктэй залуу нэг утсыг чинь зугтаж байхдаа өөдөөс чинь шидсэн гээд байсан ба нилээн согтуу байсан. Тухайн үед хутга тулгахаар нь л бид айсан ба мөнгөө өг гэсэн байхгүй гэхэд шууд халаас ухаад утас авсан. Харин зодож цохисон зүйл байхгүй. Араас нь хөөж байхад бидний өөдөөс хэн ч гар утас шидээгүй, гадаа бол харанхуй болчихсон байсан боловч гудамжны гэрэлд юм харагдаж байсан. Миний биед гэмтэл учраагүй, Тэр улаан куртиктэй залууг харин танихгүй хүний машин доогуур ороод нуугдаад хэвтчихсэн байхад нь барьж авсан ба түүнийг зодож цохиогүй шууд цагдаа дуудсан. Харин куртикны ханцуй нь урагдсан байсан ба машин доороос татаж гаргах үед урагдсан байх тэр залуу бусдаасаа бүр их согтуу байсан” /1хх-ийн 79-80/ гэсэн мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 188/

 

Хохирогч Х.Энхболд мөрдөн байцаалтанд “2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 10 дугаар хорооллын хойд талын  далан уруудаад Батцоож, Бямбасүрэн нарын хамт явж байтал 1 залуу далан доороос авирч гарч ирээд урд явж байсан Бямбасүрэнг мөрлөсөн. Мөрлөөд тухайн залуу Бямбасүрэн рүү замаа харж явалдаа гээд уурласан. Тэгэхээр нь бид гурав дуугүй явсан. Тэгтэл тэр залуу араас орилоод дуудаад байсан. Тэр үед бид нарын урд талаас далангийн хажуугаас 2 залуу гарч, ирсэн. Хойно үлдсэн залуу нөгөө хоёр залууд хандан наад гурваа бариад ав гэсэн. Хойно үлдсэн залуу ирээд нөгөө хоёртойгоо нийлсэн. Тэр гурав мэндлээд ахын дүү нар мөрлөчихөөд ингээд зүгээр явчихаж болохгүй ш дээ гэсэн зүйл ярьж байснаа бид гурвыг нэг нэгээр нь салгаад гурван хэсэг болгоод уулзсан. Над дээр 167 см орчим нуруутай туранхайвтар, цулгай хар өнгийн саравчтай малгайг саравчийг нь урагш харуулж зөв өмссөн. Цагаан өнгийн юүдэнтэй ноосон цамцтай залуу ирж уулзсан. Гадаа харанхуй байсан учир бусад шинж тэмдгийг нь сайн анзаараагүй. Би одоо царайных нь төрхийг санахгүй байна. Тэр залуу надаас утсаа өгчих ганц ярьчихъя гэсэн. Би өөрийнхөө эзэмшлийн Самсунг Жи-1 маркийн гар утсыг гаргаж өгөхөд, тэр залуу утсыг маань аваад, миний цээж рүү 1 удаа өшиглөчихөөд далан өгсөөд гүйгээд зугтаасан. Би араас нь гүйхэд надтай хамт явсан хоёр залуу надын дээд талд байсан ба тэр хоёр бас утсаа алдчихсан нөгөө залуучууд нь дээшээ зугтаагаад гүйж байсан. Бид гурав араас нь гүйгээд Бямбасүрэн ард нь гүйж байсан залууг барьж авахад Бямбасүрэнг хальт цохичихоод зугатаасан. Араас нь хөөхөд 1 залуу нь хутга гаргаж ирчихээд дүрчихнэ шүү гэж орилсон. Бид гурав хөөсөөр байгаад 172 орчим нуруутай, улаан куртиктэй, махлаг залууг нь барьж аваад, цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн.” /1хх-ийн 85-86/ гэсэн мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 188/

 

Хохирогч Д.Долоончулуун мөрдөн байцаалтанд“...2015 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө миний ажиллуулдаг унадаг дугуй түрээсийн газарт хулгай орж миний зүүж хэрэглэж байсан 3.5 граммтай эрэгтэй хүний монетон гинж, 2015 оны 2 дугаар сард байхаа хувь хүнээс өмнө хэрэглэж байсан төмөр сейф худалдан авсан байсан. Тэгээд төмөр сейфэндээ өөрийн гэсэн хэрэглээний зүйл болох бэлэн мөнгөн, бусад эд зүйлээ хадгалдаг байсан. Тухайн үед би төмөр сейфэн дотор бэлнээр 5.880.000 төгрөг гэж бодож байсан боловч надад ямар нэг бүртгэл судалгаа байхгүй ч сейфэнд яг хэдэн төгрөг байсан талаар санахгүй байна. Бараандаа явах гээд мөнгө цуглуулж сейфэндээ хийдэг байсан. Харин мөнгөний хэрэг гарвал тэр мөнгөнөөсөө авч хэрэглэдэг байсан. Би ойролцоогоор 5 сая 800 гаран мянган төгрөг байсан байх гэж бодож байсан  боловч. Авч хэрэглэсээр байгаад 4 сая гаруй төгрөгийг хэрэглэсэн байх. Одоо бодох нээ төмөр сейфэнд 1 сая төгрөг хүрэхгүй мөнгө байсан байхаа яг хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй байна.” /2хх-ийн 67-68/ гэсэн мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /2хх-77/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 28-34/

 

Яллагдагч Ц.Б мөрдөн байцаалтанд“ Би 2015 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны подвалийн нэг цонх онгорхой байхаар нь орж үзмээр санагдаад орсон чинь, өөдөөс тоосгоор өрсөн хана байхаар нь хонгил дотор ханын шавар нураах багаж эд зүйл хайтал автомашины дугуйн дорцов олдсон. Тэгээд дорцовоор ханыг эвдээд дотогш ортол өрөөн дотор жижигхэн дөрвөлжин лангуу байсан. Лангуун дотор 1 ширхэг 20,000 төгрөг байхаар нь аваад халаасандаа хийгээд хананд өлгөөстэй дугуйн эд зүйл хийдэг бололтой цүнх өлгөөтэй байхаар нь аваад тэр өрөөнд болон хананд өлгөөстэй байсан дугуйн эд зүйлийг нөгөө цүнхэндээ хийгээд гарах гэтэл лангууны хажуу талд бор өнгийн буйдан байсан. Буйдангийн хажуу талд саарал өнгийн төмөр сейфийг эвдэж онгойлготол дотроос нь дөрвөлжин хайрцагтай эд зүйл байхаар нь онгойлгож үзтэл 1 боодол мэт 20,000 төгрөгийн дэвсгэртүүд байхаар нь аваад хайрцаг дотор шар өнгийн эрэгтэй хүний монетон гинж байсан тэрнийг аваад нөгөө цүнхэнд хийсэн эд зүйлийг үлдээгээд 12 дугаар байрны өөдөөс харсан зам дээрээс такси бариад 3, 4 дүгээр хорооллын Бичил нэртэй цайны газарт хоол захиалж идээд 1 боодол 20,000 төгрөгийг дэвсгэртийг тоолоход бэлэн 700.000 төгрөг байсан” /2хх-ийн 86-87/ гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Н.Энхмэнд мөрдөн байцаалтанд “2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө өглөө үүрээр 04 цагийн үед хаалга цохихоор онгойлгоход граж дотор байсан машинд хулгайч орсон байна та гараад ирээч гэсэн. Тэгээд граж руугаа ороход миний Ланд-80 маркийн 20-45 УНС улсын дугаартай машины баруун хойд их цонхыг хагалж дотор нь байсан эд зүйл болох 2 ширхэг ном, хайрцагтай шоколадыг газар гаргаад шидсэн байсан. Мөн машины 2 ширхэг толийг хулгайлж авч явсан байсан. Толины дотор талын гурвалжин тагийг хугалсан байсан. Мөн миний хажууд байрлуулсан байсан 2 машины цонхыг хагалсан байсан. Жолоочийн хаалган талын хавтсанд байсан багажнаас 10 номерын түлхүүр байхгүй байсан. Би бодохдоо уг 10 номерын түлхүүрийг ашиглан 2 ширхэг толийг авч явсан байхаа. Цагдаагийн байгууллага дээрээс очиж 2 ширхэг толио эргүүлэн авсан. Машины хойд шилийг 150.000 төгрөгөөр, толины суурь хаалтыг 60.000 төгрөгөөр хийлгэсэн. Баримтыг хэрэгт хавсаргасан. Миний машинд манай ажилтан Энхболд хар үүргэвчтэй эд зүйлээ тавьсан байсныг хулгайч мөн авч явсан байсан. Дотор нь ямар эд зүйл байсныг мэдэхгүй. Машинд ажилд хэрэглэдэг суурь станц байсан алга болчихлоо гэж бодсон ба суурь станцаа олсон. Чери набор 2 ширхэг нэг бүр нь 8500 төгрөг, Төрийн соёрхолт хүртсэн ном нэг бүр нь 30.000 төгрөг 2 ширхэг байсан, эдгээр зүйлийг газар хаяад дахиж ашиглах боломжгүй болгосон байсан. Учирсан хохирлыг барагдуулж өгнө үү” /2хх-ийн 182/ гэсэн мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 219, 220/

 

Гэрч Б.Батхишиг мөрдөн байцаалтанд ”Энхмэнд бид нар нэг байгууллагад ажилладаг юм. 2017 оны 01 дүгээр сарын 02-нд ажил тараад Энхмэндийн машинд өөрийн хар ногоон өнгийн үүргэвчтэй эд зүйлээ мартаад буусан байсан. Маргааш нь Энхмэнд машины цонхыг хулгайч хагалаад  чиний үүргэвчтэй хувцсыг аваад явсан байна гэсэн. Уг үүргэвчин дотор west  нэртэй 3 хайрцаг тамхи, Centurion харуул хамгаалалт гэсэн бичигтэй шаргал өнгийн хуучин ажлын өмд 1 ширхэг ногоон өнгийн тамхины асаагуур Kerasis саарал өнгийн савтай шампунь зэрэг байсан...эд зүйлээ эргүүлэн авсан гомдолгүй. /2хх-ийн 186/ гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Энхбаяр мөрдөн байцаалтанд“ 2017 оны 01 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед өөрийн Бенз-G маркийн 92-99 УНО дугаартай авто машинаа Могул таун хотхоны гражид байрлуулаад гэртээ орсон. Үүрээр 06 цагийн үед хаалга тогшоод танай машины цонхыг хагалсан байна. Та гараад ирээч цагдаа дуудсан байгаа гэсэн. Тэгээд граж руу ороход миний машины баруун урд талын том шилийг хагалчихсан байсан. Машин доторх эд зүйлийг эмх замбараагүй болгосон байсан. Эд зүйлээ үзэхэд алга болсон зүйл байгаагүй. Миний хажууд байсан Ланд-80 маркийн машины 2 ширхэг толь алдагдсан, мөн хойд шилийг нь хагалсан байсан. Мөн Ford expedition маркийн машины жолоочийн хойд хаалганы жижиг шилийг хагалсан байсан. Цагдаа нар ирээд үзлэг хийсэн. Өөрийн машины шилийг Дөлгөөн нуурын тэнд байрлах шил худалддаг газраас 400.000 төгрөгөөр худалдан авч хийлгэсэн. Баримтыг гаргаж өгсөн ” /2хх-ийн 185/  гэсэн мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 243/

 

Гэрч Э.Хаш-Эрдэнэ мөрдөн байцаалтанд “2017 оны 01 дүгээр сарын 01-ний 23 цаг 40 минутын орчим камераа хянаж байтал Могул таун 1А байрны гражид унадаг дугуй түрчихсэн танихгүй 25 орчим насны залуу явж байгаад узелийн хаалга татсан. Сэжиг бүхий хүн байсан учир гражаа шалгахаар гарсан. Гражийг бүтэн тойрч шалгахад хэн ч байгаагүй. Гражаас гараад ирэхэд нөгөө залуу унадаг дугуйгаа түрчихсэн явж байсан. Хойноос нь хөөхөд дугуйгаа унаад зугатсан. Тэгээд цагдаад дуудлага өгч гражаас би машинаа асааж хойноос нь гарсан. Тэгтэл цагдаа залгаад уулзвар дээр хүрээд ир гэсэн. Тэгээд яваад очиход цагдаа нар нөгөө хулгай хийсэн хүнийг барьчихсан зогсож байсан. Харуулын дарга Балданцэрэнд мэдэгдэж гражаа шалгахад 3 машины цонхнууд нь хагарсан. Ланд 80 маркийн машины 2 ширхэг толийг хулгайлсан байсан. Машины эзэмшигч нарыг дуудаж машиныг нь шалгуулахад өөр алга болсон зүйл байхгүй байна гэсэн. Харин нэг хохирогч Ланд-80 маркийн машинаас хар үүргэвч байхгүй байна гэсэн. Уг машины хажууд номнууд болон шоколад гаргаад тавьсан байсан. Тэр хулгайчийн унаж явсан дугуй нь 1-а байрны 7 давхарт холбоосоор дулааны шугамтай холбосон байсан дугуй юм. Холбоосыг нь таслаад авч явсан байсан. Уг унадаг дугуйн эзнийг Гантөмөр гэдэг ба дуудаж дугуйг нь өгсөн” /2хх-ийн 187/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч А.Гантөмөр мөрдөн байцаалтанд”...2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө гэртээ амарч байтал хаалга хүн тогшихоор нь тайлтал байрны харуул залуу “таны дугуйг хулгайлчихлаа, унадаг дугуй хулгайлсан хүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс барьчихсан байгаа та очиж уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиж уулзахад хүү Чингаралд Дүнжингарав худалдааны төвөөс 2015 онд 300.000 орчим төгрөгөөр худалдаж авч өгсөн Хятад улсад үйлдвэрлэсэн унадаг дугуй байсан. Ингээд унадаг дугуйгаа хэргийг шалгаж байсан байцаагчаас бүрэн бүтэн хүлээж авсан “ / 3хх-ийн 96-97/ гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч З.Отгонхишиг мөрдөн байцаалтанд “2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 20 цагийн орчим би Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 43-75 тоотод байрлах гэрээсээ гараад Эх хүүхдийн эрүүл мэндийн эмнэлгийн ертөнцийн зүгээр баруун талаар нь хойноосоо урагшаагаа замын зүүн талаар явган хүний зам дагаад алхаж байгаад Жаст ойл колонкийн хашаа руу ороод зүүн тийшээ алхаж явж байсан чинь миний гар утас дуугарсан. Тэгэхлээр нь би куртикнийхээ халааснаас Самсунг Эс-6 маркийн гар утсаа гаргаж ирээд утсаар ярьчихаад гар утсаа тасалсан чинь гэнэт нэг хүн араас толгой руу  цохиод миний гарт байсан гар утсыг шүүрээд зүүн хойшоогоо гүйгээд контейнэр даваад цаашаагаа Очир хотхон руу орчихсон. Тэгэхлээр нь би Очир хотхоны гарч ирдэг гарц руу амдаад гүйсэн чинь миний гар утсыг булаасан хүн өөдөөс гарч ирснээ урагшаа зам руу гүйхлээр нь би араас нь орилоод гүйсэн. Хоёр цагдаа гарч ирээд нөгөө хүнийг араас нь хөөгөөд барьж авсан. Тэгээд би гар утсаа алдсан талаар өргөдөл бичиж өгсөн. Тухайн үед миний толгой цохиулснаас болж өвдөөд зүгээр болохгүй байсан болохоор би Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт гэрээсээ түргэн дуудаж үзүүлсэн чинь хараа чинь хязгаарлагдсан байна гээд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр эмнэлэгт 7 хоног хэвтээд толгойны эмчилгээ хийлгээд гарсан” /3хх-ийн 37/ ” гэсэн мэдүүлэг

Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 24/

 

Иргэний нэхэмжлэгч М.Азжаргал мөрдөн байцаалтанд “Би өөрийн эзэмшлийн Ford expedition маркийн 34-88 УНЗ улсын дугаартай автомашинаа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Могул таун хотхоны байрны доод талын худалдаж авсан 16 тоот нийтийн граш дотор байрлуулж тавьсан юм.  2017 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 03-04 цагийн хооронд гэртээ амарч байтал байрны харуул хаалга тогшоод машины чинь цонхыг хүн хагалчихлаа гэхээр нь доошоо буугаад хартал машины зүүн хойд талын хаалганы жижиг гурвалжин шилийг хагалсан, машин дотроос эд зүйл алдагдаагүй дотор шил хагалсан чулуу байсан.  Тэгээд Хан-Уул дүүргийн цагдаа дээр хэрэг үйлдсэн хүн нь баригдсан байсан. Машины зүүн хойд хаалганы жижиг гурвалжин шил дан шилээрээ солигдох боломжгүй байсан тул шилнийг хүрээг сууриар нь авчруулж сарын дараа 970000 төгрөгөөр авч үйлчилгээний хөлсөнд 150000 төгрөг өгч  суурилуулсан санагдаж байна...машин дотроос эд зүйл алдагдаагүй байсан. ...надад учирсан 1.120.000 төгрөгийг нэхэмжилж байна”  /3хх-ийн 93-95/  гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

Шүүгдэгч Д.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 195/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 227/

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 334 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 228/

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1 дугаартай ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар /1хх-ийн 230/

Шүүгдэгч Ц.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 93/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 195/

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 606 дугаартай хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /2хх-ийн 136/

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 97/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 103/

Шүүгдэгч Г.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 198/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 214/,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 217-222/,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 281 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 223/ болон бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Ц.Б 2015 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан  дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 12 дугаар байрны подвальд байрлах иргэн Д.Долоончулууны эзэмшлийн унадаг дугуй засварын газарт нэвтэрч бэлэн 720.000 төгрөг, 210.000 төгрөгийн үнэ бүхий монетон гинж хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул Таун хотхоны 1а байрны гражид байсан иргэн М.Азжаргалын эзэмшлийн 34-88 УНЗ улсын дугаартай Форд Экспедишн маркийн автомашины зүүн хойд хаалганы жижиг гурвалжин шил,

иргэн Д.Энхбаярын эзэмшлийн 92-99 УНО улсын дугаартай Мерседес Бенз Жи-500 маркийн автомашины баруун урд хаалганы том цонх,

иргэн Н.Энхмэндийн 20-45 УНС улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 маркийн автомашины цонхыг тус тус хагалж Н.Энхмэндийн 20-45 УНС улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 маркийн автомашин дотроос нь 2 ширхэг ном, тамхи, үүргэвч, ажлын хувцас болон тухайн автомашины 2 талын толь хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

                                     

хохирогч Д.Долоончулууны “...миний ажиллуулдаг унадаг дугуй түрээсийн газарт хулгай орж миний зүүж хэрэглэж байсан 3.5 граммтай эрэгтэй хүний монетон гинж...төмөр сейфэнд 1 сая төгрөг хүрэхгүй мөнгө байсан байхаа яг хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй байна.” /2хх-ийн 67-68/ гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /2хх-77/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 28-34/,

 

иргэний нэхэмжлэгч М.Азжаргалын”...доошоо буугаад хартал машины зүүн хойд талын хаалганы жижиг гурвалжин шилийг хагалсан, машин дотроос эд зүйл алдагдаагүй, дотор шил хагалсан чулуу байсан...надад учирсан 1.120.000 төгрөгийг нэхэмжилж байна”  /3хх-ийн 93-95/  гэсэн мэдүүлэг,

 

иргэний нэхэмжлэгч Д.Энхбаярын “...өөрийн машины шилийг Дөлгөөн нуурын тэнд байрлах шил худалддаг газраас 400.000 төгрөгөөр худалдан авч хийлгэсэн. Баримтыг гаргаж өгсөн ” /2хх-ийн 185/  гэсэн мэдүүлэг,

эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 243/,

 

гэрч Э.Хаш-Эрдэнийн”...камераа хянаж байтал Могул таун 1А байрны гражид унадаг дугуй түрчихсэн танихгүй 25 орчим насны залуу явж байгаад узелийн хаалга татсан...хойноос нь хөөхөд дугуйгаа унаад зугатсан...гражаа шалгахад 3 машины цонхнууд нь хагарсан. Ланд 80 маркийн машины 2 ширхэг толийг хулгайлсан байсан...Ланд-80 маркийн машинаас хар үүргэвч байхгүй байна гэсэн. Уг машины хажууд номнууд болон шоколад гаргаад тавьсан байсан. Тэр хулгайчийн унаж явсан дугуй нь 1-а байрны 7 давхарт холбоосоор дулааны шугамтай холбосон байсан дугуй юм. Холбоосыг нь таслаад авч явсан байсан. Уг унадаг дугуйн эзнийг Гантөмөр гэдэг ба дуудаж дугуйг нь өгсөн” /2хх-ийн 187/ гэсэн мэдүүлэг,

 

гэрч А.Гантөмөрийн”...харуул залуу “таны дугуйг хулгайлчихлаа, унадаг дугуй хулгайлсан хүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс барьчихсан байгаа та очиж уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн...унадаг дугуйгаа хэргийг шалгаж байсан байцаагчаас бүрэн бүтэн хүлээж авсан “ / 3хх-ийн 96-97/ гэсэн мэдүүлэг,

 

хохирогч Н.Энхмэндийн “...машины хойд шилийг 150.000 төгрөгөөр, толины суурь хаалтыг 60.000 төгрөгөөр хийлгэсэн. Баримтыг хэрэгт хавсаргасан. ...набор 2 ширхэг нэг бүр нь 8500 төгрөг, Төрийн соёрхолт хүртсэн ном нэг бүр нь 30.000 төгрөг 2 ширхэг байсан, эдгээр зүйлийг газар хаяад дахиж ашиглах боломжгүй болгосон байсан. Учирсан хохирлыг барагдуулж өгнө үү” /2хх-ийн 182/ гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 219, 220/, хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл /2хх-ийн 160/, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 164-168/ болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хоёр. Шүүгдэгч Ц.Б, Г.Б нар бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороололд байрлах Нархажид сүмийн зүүн талд үерийн далан дээр Ш.Ариунбаярын Самсунг Жи-7 маркийн гар утсыг хутгална гэж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч Ш.Ариунбаярын”...миний гар утсыг халзан толгойтой нь халаасандаа хийгээд одоо таксины мөнгө өг гэж хэлсэн...Хүслэнг ирсэн байхад зайлцгаа, араас дагаад байх юм бол гуяанд чинь хутгална шүү гэж хэлээд зүүн талын бүдүүн гуя руу нэг удаа өшиглөсөн...”/1хх-ийн-21-22/ гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 27/, таньж олуулах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 17/ болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гурав.Шүүгдэгч Ц.Б, Г.Б, Д.О нар бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хорооллын хойд талын далан дээр Б.Батцоож, Д.Бямбасүрэн, Х.Энхболд нарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж Д.Бямбасүрэнгийн Самсунг Эс-4 маркийн гар утас, Б.Батцоожийн Эл жи-3 маркийн гар утас, Х.Энхболдын Самсунг Жи-1 маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Бямбасүрэнгийн “...улаан куртиктэй согтуу залуу нь юм хэлэлгүй намайг шууд шанаа руу цохиод авсан...намайг нэгжээд энгэрийн зүүн талын халаасанд байсан цагаан өнгийн Самсунг С-4 маркийн утсыг аваад халаасандаа хийсэн...харахад хар өнгийн куртик, хар өмдтэй залуу нь Батцоожийн Эл жи-З маркийн утсыг чихэндээ барьчихсан Энхболдын Самсунг жи-1 маркийн утсыг нөгөө гартаа барьчихсан ирсэн. Харин гарт нь ямар нэгэн хутга байгаагүй...улаан куртиктэй залуу намайг цохих гэхээр нь би түрүүлээд нүүр хавьцаа нь цохисон...” /1хх-ийн 74-75/ гэсэн мэдүүлэг, гар утас хураан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 71/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 188/,

 

насанд хүрээгүй хохирогч Б.Батцоожийн”...анх мөрлөөд байсан залуу нь мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь нэг нь халааснаасаа тонгорог гаргаад хутгаа барьчихаад хутгалж чадна шүү гээд байсан юм. Тэгтэл нөгөө хар малгайтай анх мөрлөдөг залуу нь миний халаасыг ухаад Эл жи-З маркийн цайвар саарал өнгийн гар утсыг авсан...харин хутга тулгасан залуу Энхболдын утсыг авсан ба миний утсыг авдаг хар малгайтай залуу нь Бямбасүрэнгийн утсыг авсан...” /1хх-ийн 79-80/ гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 188/,

 

хохирогч Х.Энхболдын “...тэр залуу надаас утсаа өгчих ганц ярьчихъя гэсэн. Би өөрийнхөө эзэмшлийн Самсунг Жи-1 маркийн гар утсыг гаргаж өгөхөд, тэр залуу утсыг маань аваад, миний цээж рүү 1 удаа өшиглөчихөөд далан өгсөөд гүйгээд зугтаасан...бид гурав хөөсөөр байгаад 172 орчим нуруутай, улаан куртиктэй, махлаг залууг нь барьж аваад, цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн.” /1хх-ийн 85-86/ гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 188/ болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Дөрөв. Шүүгдэгч Д.О 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Өндөр дэнж төвийн баруун талд байрлах Жаст ойл шатахуун түгээх станцын орчимд иргэн З.Отгонхишигийн гар утсыг нь авах зорилгоор толгойн тус газар нь араас нь цохиж хүч хэрэглэн довтолж “Iphone-6s” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч З.Отгонхишигийн “...би куртикнийхээ халааснаас Самсунг Эс-6 маркийн гар утсаа гаргаж ирээд утсаар ярьчихаад гар утсаа тасалсан чинь гэнэт нэг хүн араас толгой руу  цохиод миний гарт байсан гар утсыг шүүрээд зүүн хойшоогоо гүйгээд контейнэр даваад цаашаагаа Очир хотхон руу орчихсон...би араас нь орилоод гүйсэн. Хоёр цагдаа гарч ирээд нөгөө хүнийг араас нь хөөгөөд барьж авсан...” /3хх-ийн 37/  гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 23/, баталгааны хуудас /3хх-ийн 24/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Ц.Б, Г.Б, Д.О  нарын тус тусын үйлдсэн гэмт хэргүүд нь цаг хугацааны хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөх үед хамаарах боловч тэдгээрт холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Их хурлаас батлагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Прокуророос шүүгдэгч Ц.Бд холбогдох “Хулгайлах” гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, давтан үйлдлээр агуулах саванд нэвтэрч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан“ гэмт хэрэгт,  

Ц.Б, Г.Б, Д.О  нарт холбогдох “Дээрэмдэх” гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт  хэрэгт зүйлчилж ирүүлсэн нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж шүүх дүгнээд Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэлэлцэж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Быг “Бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, давтан үйлдлээр агуулах саванд нэвтэрч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулах,

шүүгдэгч  Ц.Б, Г.Б, Д.О нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Б, Г.Б, Д.О нарт эрүүгийн хариуцлага  оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Бд тус тус оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэмж нэгтэж нийт эдлэх ялыг тогтоов.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Г.Б, Д.О нар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж барагдуулсан, бусдад  төлөх төлбөргүй байна.

Харин шүүгдэгч Ц.Б бусдад учруулсан хохиролоо төлж барагдуулаагүй байх бөгөөд нийт 3.612.000 төгрөгийн төлөх төлбөртэй.

Үүнээс хохирогч Д.Долоончулуунд 1.580.000 төгрөг, хохирогч Н.Энхмэндэд 287.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Энхбаярт 400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Азжаргалд 1.120.000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын хуралдааны явцад:

Шүүгдэгч Д.Оийн өмгөөлөгч Н.Нарантуяа “Миний үйлчлүүлэгч Д.О нь Г.Б, Ц.Б нартай бүлэглэж Б.Батцоож, Д.Бямбасүрэн, Х.Энхболд нарыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй, мөн хохирогч Отгонхишигийн гар утсыг дээрэмдээгүй булааж авсан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн санал дүгнэлт,

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Н.Цэрэндулам “Шүүхээс ял оногдуулахдаа Г.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн санал дүгнэлт тус тус гаргав.  

 

Шүүгдэгч Д.О нь Г.Б, Ц.Б нартай бүлэглэж хохирогч Б.Батцоож, Д.Бямбасүрэн, Х.Энхболд нарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж  эд зүйлийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан хохирогч Д.Бямбасүрэнгийн”... улаан куртиктэй согтуу залуу нь юм хэлэлгүй намайг шууд шанаа руу цохиод авсан...улаан куртиктэй нь намайг яасан их зугтаадаг юм бэ гээд гуя руу нэг жийсэн ба зайлцгаа гэсэн. Бид 3 утсаа авъя гээд араас нь ойртоод хар куртиктэй залуугийн араас нь бариад авсан чинь улаан куртиктэй залуу намайг цохих гэхээр нь би түрүүлээд нүүр хавьцаа нь цохисон. Тэгтэл тэр 3 шууд цаашаа зугтсан” /1хх-ийн 74-75/ гэсэн мэдүүлэг,

насанд хүрээгүй хохирогч Б.Батцоожийн мөрдөн байцаалтанд “...нөгөө согтуу залуу зогс гээд хашхираад байсан ба бид 3-ын өмнөөс дахиад 2 согтуу залуу гараад ирсэн чинь наад 3-аа бариад ав гэхэд улаан өнгийн куртиктэй залуу нь Энхболдын гарнаас бариад авсан...улаан куртиктэй залуу Бямбасүрэнг нүүр рүү нь нэг удаа цохиод авсан. Тэгээд тэд салаад нөгөө 3 цаашаа гүйхээр нь...араас нь хөөгөөд гэмтлийн эмнэлгийн хажуугаар гардаг замын урд байх автомашины угаалгын газрын тэндээс улаан куртиктэй залууг нэг машины доогуур ороод хэвтчихсэн байхад нь барьж авсан...” /1хх-ийн 79-80/ гэсэн мэдүүлэг,

хохирогч Х.Энхболдын“...бид гурав хөөсөөр байгаад 172 орчим нуруутай, улаан куртиктэй, махлаг залууг нь барьж аваад, цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн.” /1хх-ийн 85-86/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдсон өөрөөр хэлбэл хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд заасан байна.

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт Д.О би улаан куртик өмсөж явсан гэж мэдүүлсэн нь дээрх нотлох баримтуудаар давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Нэр бүхий шүүгдэгч нарын дээрмийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд прокурор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэсэн зохицуулалтыг журамлаж ирүүлсэн нь хуульд нийцсэн байна.

 

Мөн шүүгдэгч Д.Оийн хохирогч З.Отгонхишигийн толгой руу цохиж гар утсыг нь авсан үйлдэл нь хэрэгт авагдсан хохирогчийн”...гэнэт нэг хүн араас толгой руу  цохиод миний гарт байсан гар утсыг шүүрээд зүүн хойшоогоо гүйгээд...би араас нь орилоод гүйсэн. Хоёр цагдаа гарч ирээд нөгөө хүнийг араас нь хөөгөөд барьж авсан...” /3хх-ийн 37/  гэсэн мэдүүлэг болон яаралтай тусламжийн баримт /3хх-ийн 25-27/, “...Д.Оөөс хохиролын мөнгө эмчилгээний зардал 160.000 төгрөг хүлээн авлаа...” гэсэн тэмдэглэл /3хх-ийн 28/ зэргээр нотлогдсон бөгөөд хохирогчид хүч хэрэглэж эд зүйлийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан дээрэмдэх гэмт хэргийн бүхий л шинжийг агуулсан гэж үзнэ.

 

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудыг няцаасан, үгүйсгэсэн, ямар нэг эргэлзээ төрөхүйц баримт хэрэгт тогтоогдоогүй тул өмгөөлөгч Н.Нарантуяагаас гаргасан дээрхи хүсэлтийг шүүх хүлээж аваагүй болно.

Нэр бүхий шүүгдэгч нар урьд нь шүүхээр удаа дараа ял шийтгэгдэж байсан байх бөгөөд тэдгээрийн болон Г.Бын хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “...хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг нүдний шилийг шүүгдэгч Ц.Б нь хохирогч Н.Энхмэндийн автомашин дотор байсан үүргэвчнээс авсан гэж мэдүүлж байх тул эдгээрийг Н.Энхмэндэд буцаан олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Быг бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, давтан үйлдлээр агуулах саванд нэвтэрч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт, 

Шүүгдэгч Б, О, Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ц.Бд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 5 /тав/ сар хорих ял,

Шүүгдэгч Ц.Б, Д.О, Г.Б нарт шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 5 /тав/ хорих ял оногдуулсныг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ц.Б, Д.О, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон Ц.Б 151 хоног, Г.Б 103 хоног, Д.О 103 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

       

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Баас нийт 3.612.000 төгрөгийг гаргуулж  хохирогч Д.Долоончулуунд 1.580.000 төгрөг, хохирогч Н.Энхмэндэд 287.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Энхбаярт 400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Азжаргалд 1.120.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Г.Б, Д.О нар бусдад төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдсугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг эмэгтэй хүний нүдний шил, 1 ширхэг Ray ban гэсэн бичиглэлтэй нүдний шилийг хохирогч Н.Энхмэндэд буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар саарал өнгийн чулуу,  автомашины дугуйн дроцов тус бүр нэг ширхэг, асаагуур хоёр ширхэгийг  устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

 

9. Ц.Б, Г.Б, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс цагдан хорьсугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Б, Г.Б, Д.О нарыг цагдан хорьсонг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ