Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/714

 

 

 

 

 

 

  2023              7            18                                         2023/ДШМ/714

 

 

Ш.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

цагаатгагдсан этгээд Ш.О-ийн өмгөөлөгч Д.Э,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/70 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Цэрэнбалжирийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар эсэргүүцлээр Ш.О-д холбогдох ...........................дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш.О нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн орчим ............. дүүргийн .............дугаар хороо .............. тоот хашаан дотор Б.У-ыг “хүний хашаан дотор орж ирлээ” гэж хэлсэн шалтгаанаар маргалдан хавсарч унагааж, биед шилбэ ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ш.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.О-д холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.О-г цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ш.О-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т заасныг баримтлан 2307000350090 дугаар эрүүгийн хэргийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэлтэд буцааж, шүүгдэгч Ш.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Цэрэнбалжир бичсэн эсэргүүцэлдээ: “...Цагаатгах тогтоолыг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд, хохирогч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн мэдүүлэгт “...Тэгээд би нэг залуутай нь куртикнийхээ энгэрээс барилцаад, зууралдаж, ноцолдож байгаад бид хоёр хамт газар унасан. Тэгээд би хашаанаас гар гээд босоод хашааны үүд рүү алхтал надтай хамт байсан залуу миний араас босож ирээд хавсарч унагаасан...”, хохирогч Б.У 2023 оны 02 дугаар сарын 28-ны дахин мэдүүлэхдээ “...зууралдаж байх явцад хамт газар унахдаа би тэр залуугийн дээр нь уначихсан. Тэгээд унасны дараа нь босоод эргэж хашааны хаалга зүг рүү алхаад явж байтал араас нөгөө залуу босож ирээд миний зүүн хөлийн өвдөг хавьцаа хөлөөрөө хүчтэй хавираад өшиглөчихсөн. Тэгээд би газар зүүн хөл талаараа унасан, миний зүүн хөл маш их өвдөөд эхэлсэн...”, Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “...Нийт 2 удаа унасан. Эхлээд энэ хүнийг гаргах гэж ноцолдож байгаад дээр дээрээ унасан. Хашаанаас гар гээд буцаад алхахад араас хавсарч унагаагаад нэг унасан. Сүүлд унахдаа би ерөөсөө гишгэж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлгийг тус тус өгсөн. Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2 удаагийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дээрх мэдүүлгүүдээ эрс өөрчилж “...хэрхэн гэмтэл авснаа санахгүй байна, хавсарч унагасан гэж бодсон, эхний уналт дээр уг гэмтлийг авсан...” гэж мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад нь аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж хуульчилсан. Цагаатгах тогтоолтой танилцахад хохирогч Б.У-ын мөрдөн байцаалт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн “...араас хавсарч унагасны улмаас уг гэмтлийг авсан...” гэсэн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэсэн тухай дүгнэлтийг хийгээгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Мөн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийг удирдлага болгох хуулийн зүйл, заалт хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгожээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоол гаргахад баримтлах зүйл, заалтууд. Харин шүүх шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийг бүхэлд нь баримталж цагаатгах тогтоолыг гаргаагүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил болжээ. Иймд Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/70 дугаар цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Ц.Цэрэнбалжирын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Хохирогч Б.У-ыг шүүхийн шатанд худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгүүлж, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Одоогийн байдлаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ш.О-ийн өмгөөлөгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Учир нь, шүүхийн цагаатгах тогтоолын 9-11 дүгээр талд шүүх шийдвэр гаргахдаа үнэлсэн баримтуудад маш тодорхой заасан. Хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байсан тул анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг харьцуулан шинжлэн судалсан. Энэ талаар цагаатгах тогтоолд тодорхой тайлбарлаж дурдсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн прокурор эсэргүүцэл бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Б.У “би согтуу байсан тул яаж гэмтэл авснаа санахгүй байна” гэж мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ш.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

 

Ш.О-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Прокуророос Ш.О-г 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр .......... дүүргийн ......... дугаар хороо ................ тоот хашаан дотор Б.У-ыг “хүний хашаан дотор орж ирлээ” гэж хэлсэн шалтгаанаар маргалдан хавсарч унагааж, биед шилбэ ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хохирогч Б.У-ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дараах нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ.

Үүнд, хохирогч Б.У-т учирсан гэмтлийн талаар шинжээч эмч О.Н-ын “...Б.У-ын биед шилбэ ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 40 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 32-33/, “...Ш.О-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 28 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 35/, шинжээч эмч О.Н-ын “...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б.У-ын биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байсан. ...Б.У-ын биед зүүн хөлний шилбэний ясны өвдөгний үе рүү орсон хугарал гэмтэл тогтоогдсон. Уг хугарал нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...Тухайн үед зүүн хөлний шилбэний яс хэсгээр газар унасны улмаас дээрх гэмтэл учирсан байх боломжтой. ...” /хх 36-39/, хохирогч Б.У-ын “...хүний хашаан дотор орж ирлээ гэж хэлээд бага зэрэг маргалдаж эхэлсэн. Тэгээд би нэг залуутай нь куртикнийх нь энгэрээс барилцаад, зууралдаж, ноцолдож байгаад хамт газар унасан. Тэгээд би хашаанаас гар гээд босоод хашааны үүд алхтал надтай хамт унасан залуу миний араас босч ирээд миний араас хавсарч унагаасан. Тэгтэл миний хөл эвгүй болоод би босож чадаагүй. Налайх дүүргийн эмнэлэг дээр очтол миний хөлийг хугарчихсан байна. Гэмтэл рүү яв гээд явуулсан. ...” /хх 9/,

“...би тэр залуутай зууралдаад зогсож байгаад бид хоёр хоёулаа газар хамт уначихсан. Тухайн үед би өөрөө газрын арай уруу хэсэгт нь нөгөө залуу газрын өндөр хэсэгт нь зогсож байсан. Зууралдаж байх явцад хамт газар унахдаа би тэр залуугийн дээр нь уначихсан. Тэгээд унасны дараа нь босож ирээд миний зүүн хөлний өвдөг хавьцаа хөлөөрөө хүчтэй хавираад өшиглөчихсөн. Тэгэхэд би зүүн хөл талаараа газар унасан. ...” /хх 11-12/,

“...намайг О гэх залуу ардаас хавирч унагаахыг хараагүй гэж хэлж байсан. ...” /хх 14/,

гэрч Б.О-ын “...Би хоёр залуутай нь хашаан дотор 00-ын ойр орчимд юм яриад зогсож байтал Б.У ах нэг залуутай маргалдаад зогсож байсан. Тэгж байснаа нэг их удалгүй У ах газар уначихсан босож чадахгүй байна гээд байсан. ...” /хх 16/,

гэрч С.С-ийн “...тухайн жижиг биетэй ах би цагдаа, тийм учраас хууль мэдэх болно, та нар хүний эзэмшилд нэвтэрч орж ирсэн. Ш гэх хүн чинь байхгүй бол торгууль бэлэн төлөх болно шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь ахаа бид нар зүгээр айл андуурчихсан байна гэсэн чинь намайг зодох гээд хөөсөн. Тэгэхээр нь би зугтаачихсан чинь намайг гүйцэж чадалгүй, манай О гэх найз руу очоод цохих гээд байсан чинь манай найз хойшоо ухраад алхаад байсан. Тэгсэн шууд манай найзыг хавсраад газар унагаагаад өөрөө дээрээс нь дараад унасан. Тэгээд цохих гээд далайж байснаа гэнэт миний хөл бэртэлтэй, хөл сэдрээчихлээ, наад бацаан чинь дэвсчихлээ, цагдаа дууд гэж хэлсэн. ...” /хх 17-19/,

гэрч О.Ц-ын “...Нэг нь С рүү дайрахад, С зугтаахад араас нь хөөсөн. Нөгөө нь манай найз О-ийг хавирч унагаагаад өөрөө дээр нь дарж унаад, дээрээс нь цохих гэж байгаад болиод боссон. Босохдоо тэр ах газар унаад, миний хөл мэдээгүй болчихлоо гээд байсан. ...” /хх 21-22/,

иргэний нэхэмжлэгч Ж.Г-ын “...Б.У нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.420.100 төгрөгийн зардал гарсан тул дээрх зардлыг О-с гаргуулж өгнө үү. ...” /хх 86/ гэх мэдүүлгүүд, яаралтай тусламжийн хуудас /хх 31, 97/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-6/ зэрэг баримтууд авагджээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн “...улсын яллагчийн яллаж буй баримтууд болох шинжээч эмч О.Н болон гэрч Б.О, Б.С, О.Ц нарын мэдүүлгүүд, хохирогч Б.У анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...бид хоёр газар унасан, би хавсарсан зүйл байхгүй. Газар хазгай нь хазгай. Цас орчихсон байсан. Бид хоёр унасан, би босож ирээд алхсан ч дахин унасан. Хөл гишгэж чадахгүй байсан. Шүүгдэгчтэй барьцалдаж унахдаа би дээр нь унасан. Босож ирээд хоёр алхаад дахин унасан. Тухайн үед би жоохон уучихсан байсан. Энэ талаараа мэдүүлэг дээрээ дурдсан байдаг. Хоёр алхахдаа хөлөө зүгээр үгүйг нь мэдээгүй. Дахин унаад босож чадахгүй байхдаа л өөрийгөө гэмтсэн гэдгээ мэдсэн. ...тэгсэн шүүгдэгч өөрөө хавсраагүй гэсэн. Дүүгээсээ асуухад би таныг хавсарч байхыг хараагүй гэдэг. Би дотроо бодохдоо энэ залуу намайг хавсарчихлаа гэж бодоод байгаа юм. Мэдүүлэг өгөхдөө хавсарсан гэж мэдүүлсэн. Согтуу байхдаа буруу мэдүүлсэн байж магадгүй. ...” /хх 160/ гэх мэдүүлгүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлээр хохирогч, шүүгдэгч, гэрч нар тухайн үед маргаан болж “хавируулж унасан” гэх газрыг заасан байх бөгөөд хохирогчийн “Ш.О намайг хавирч унагаасан” гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байх ба гэрч Б.О-ын “шүүгдэгч, хохирогчийг хавирч унагааж байхыг хараагүй” гэх бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна. ...” гэсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ш.О-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Тодруулбал, шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог.

 

Харин прокурорын яллах дүгнэлтэд дурдсан, Ш.О-г хохирогч Б.У-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутган яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолж чадаагүй байх бөгөөд Ш.О-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэхгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, яллах, цагаатгах байдлыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Б.У нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ш.О-д “миний араас хавсарч унагаасны улмаас гэмтсэн” гэх боловч хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч Б.У тус гэмтлийг шүүгдэгч хавирч унагааж учруулсан гэх үйл баримт эргэлзээтэй байна. Нөгөөтэйгүүр, хохирогч Б.У анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгчтэй барьцалдаж унахдаа би дээр нь унасан, тухайн үед би жоохон уучихсан байсан. ...тэгсэн шүүгдэгч өөрөө хавсаргаагүй гэсэн. Дүүгээсээ асуухад би таныг хавсарч байхыг хараагүй гэдэг. Би дотроо бодохдоо энэ залуу намайг хавсарчихлаа гэж бодоод байгаа юм. Мэдүүлэг өгөхдөө хавсарсан гэж мэдүүлсэн, согтуу байхдаа буруу мэдүүлсэн байж магадгүй. ...” /хх 160/ гэх мэдүүлсэн зэргээр 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ш.О-ийн үйлдлээс хохирогч Б.У-ын эрүүл мэндэд нь шилбэ ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэв.

 

Харин анхан шатны шүүхээс цагаатгах тогтоолын тодорхойлох хэсгийн удирдлага болгох хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгосон нь буруу тул магадлалаар зөвтгөв.

 

Иймд прокурор Ц.Цэрэнбалжирийн “...цагаатгах тогтоолын удирдлага болгосон хуулийн зүйл, заалт буруу...” талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгох талаар эсэргүүцлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/70 дугаар цагаатгах тогтоолын тодорхойлох хэсгийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Ц.Цэрэнбалжирийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар эсэргүүцлийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ