Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 80

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Уд холбогдох эрүүгийн 1705013330301 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.У  2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 83б байрны 87 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн дүү А.Ундрахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.У шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч А.Ундрах мөрдөн байцаалтанд“...У миний төрсөн эгч юм...2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр би ээжийндээ 2 хүүхдийнхээ хамт байж байсан юм. Гэтэл тухайн өдрийн 20 цагийн орчим манай эгч У гадаас ганцаараа орж ирсэн. Тэгээд У намайг банны өрөөний шүршүүрийг эвдэлчихлээ гээд байсан. У надад та нар ирэхээрээ дандаа юм эвддэг гээд байсан. Би угаасаа хэрүүл болно гэж бодоод дуугүй байгаад байсан. У гэтэл манай том охиныг наанаасаа босоодох гэхээр нь би охиноо өмөөрөөд эгч Утай хэрэлдэж эхэлсэн. У том өрөөнд байсан би жижиг өрөөнд байсан. У жижиг өрөөнд орж ирээд надтай хэрүүл хийгээд гартаа аяга бариад далайгаад байсан. Тэгээд л буцаад л гал тогооны өрөөнд орж байж байгаад удаагүй буцаад жижиг өрөөнд орж ирээд дахиад аягаараа над руу далайгаад байсан. У надтай байн байн хэрүүл хийгээд байхаар нь би Утай барилцаж аваад үсдэлцээд зууралцсан. Нэг мэдэхэд би газар унасан байсан. У бид хоёр бие биенийгээ үсдээд газар хамт унасан байдалтай байсан. Би тэр үед гараа хартал миний гарнаас цус гоожоод байсан. Яг тэр үед гаднаас ээж орж ирсэн. Ээж орж ирээд бид хоёрыг салгасан. У миний толгойноос үсэдсэн. Багалзуураас базсан. У бид хоёр ер нь хоорондоо таарамжгүй байдаг. Эцэг ондоо болохоор тэгдэг байх. Надад гомдол санал байхгүй” /хх-ийн 19/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Галбаа мөрдөн байцаалтанд: “Ундрах, У нар миний төрсөн охидууд байгаа юм. 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ...21 цагийн орчим гэррүүгээ ортол том охин У бага охин Ундрах нар хоорондоо зодолдсон юм шиг байдалтай буюу охин Ундрах гараа барьсан газраар жаахан цус гарсан шалан дээр цус байдалтай байсан. Тэгээд би гэртээ ороод түргэн дуудаад эмч нар Ундрахыг аваад явсан...” /хх-ийн 21/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагчаар А.У мөрдөн байцаалтанд: “2017 оны 11 дүгээр сарын 7-ны орой 20 цагийн орчим би ажлаа тараад гэртээ харихад миний төрсөн дүү А.Ундрах гэрт хүүхэдтэйгээ хамт байж байсан. Ундрах дандаа гэрийн эд хогшилыг эвдэлж хагалж байдаг. Би тухайн үед Ундрахыг чи дандаа яахаараа юм эвдэлдэг юм чи ямар өөрөө авдаг биш гэж хэлсэн. Тэгтэл Ундрах надад яасан  ч яадаг юм пизда наахуу гээд намайг хэлэх хэлэхгүйгээр хэлээд л хоорондоо маргалдаад зодолдсон. Ундрахтай жаахан маргалдсаныхаа дараа усанд орчихоод гарч ирээд аягатай цай уугаад том өрөөнд зогсож байсан. Гэтэл Ундрах жижиг өрөөнөөс гарч ирээд намайг шууд жийгээд унагаасан. Тэр үед миний гарт байсан аягатай ус газарт унасан байх. Ундрах газар унахдаа хөл гараа аяган дээр зүссэн байх. Тухайн үед аяга хагарсан үгүйг мэдэхгүй байна. Өөр зодоон болоогүй” /хх-ийн 53/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13982 дугаартай“ А.Ундрахын биед баруун мөр, эрүү, баруун шуунд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл ир ирмэгтэй зүйлийн, цус  хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй”  /хх-ийн 27/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор А.Уянгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56/, ял шалгах хуудас /хх-ийн 43/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 57/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.У  2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 83б байрны 87 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн дүү А.Ундрахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан”  гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:

хохирогч А.Ундрахын”...У надтай байн байн хэрүүл хийгээд байхаар нь би Утай барилцаж аваад үсдэлцээд зууралцсан. Нэг мэдэхэд би газар унасан байсан. У бид хоёр бие биенийгээ үсдээд газар хамт унасан байдалтай байсан. Би тэр үед гараа хартал миний гарнаас цус гоожоод байсан...” /хх-ийн 19/ гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Галбаагийн”...том охин У бага охин Ундрах нар хоорондоо зодолдсон юм шиг байдалтай буюу охин Ундрах гараа барьсан газраар жаахан цус гарсан шалан дээр цус байдалтай байсан...” /хх-ийн 21/ гэсэн мэдүүлэг,

яллагдагчаар А.Уянгын”...Ундрах надад яасан ч яадаг юм пизда наахуу гээд намайг хэлэх хэлэхгүйгээр хэлээд л хоорондоо маргалдаад зодолдсон...” /хх-ийн 53/ гэсэн мэдүүлэг,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13982 дугаартай дүгнэлт /хх-ийн 27/ болон хохирогчийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 64/  зэргээр нотлогдож тогтоогдсон байна.  

 

Прокуророос А.Уд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч А.У-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн дүү А.Ундрахын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.У энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдаж байна.