Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/716

 

 

 

 

 

 

   2023             7              18                                       2023/ДШМ/716

                                                       

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас

шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай

дүгнэлтийг хянан хэлэлцэх тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/638 дугаар шийтгэх тогтоолыг “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор Ч.Батбаатарын бичсэн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/А дүгээр дүгнэлтээр Д.О-д холбогдох 2203001650223 дугаар эрүүгийн хэргийн материалыг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.О нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ................ яамны баруун хойд замд 2022 оны 03 дугаар сарын 28-ны орой 17 цаг 05 минутын орчим “Ниссан тийда” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч А.Э, Д.С нарыг мөргөж эрүүл мэндэд нь тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.О-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.О-аас 1.827.377 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Э-т 920.977 төгрөг, хохирогч Д.С-д 906.400 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.С-ийн 1.332.021 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисныг нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд учирсан 11 эмчилгээтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлын талаар хохирогч Д.С, А.Э нараас шүүгдэгч Д.О-д холбогдуулан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батбаатар бичсэн дүгнэлтдээ: “...Шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн гэж үзсэн үндэслэл, дүгнэлт: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсээс 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ялтан Д.О-д холбогдуулан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн бөгөөд шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгуулийг төлүүлэхээр Д.О-ын гэрийн хаягаар зарлан дуудах хуудас хүргүүлэхэд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчтэй холбогдож гэмт хэрэгт холбогдож, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй талаар мэдэгдсэн тул торгох ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. С.Б нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны орой зам тээврийн осол гаргасан хэрнээ үеэл дүү Д.О-ын нэр, регистрийн дугаарыг хэлж мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.О-ын жолоочийн үнэмлэх болон бусад холбогдох бичиг баримтыг хэрэгт гаргаж өгснөөр 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт Д.О нь шүүхээр ял шийтгүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “С.Б гэгч нь Д.О-ын бичиг баримтыг ашиглан гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн...” нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 638 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг Тээврийн прокурорын газарт буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн. ...” гэжээ.

Прокурор Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.О нь үеэл С.Б-гийн өмнөөс 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн. Өөрөөр хэлбэл, С.Б нь өөрийн үеэл Д.О-ын нэрийг ашигласан нөхцөл байдал тогтоогдсон. Прокурор Ч.Батбаатарын бичсэн дүгнэлтийг дэмжин оролцож байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн дүгнэлтийг дэмжин оролцож байна. Миний үйлчлүүлэгч С.Б нь хэргийг үнэн зөвшөөр шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа.  ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.О нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 638 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлжээ.

Эрүүгийн 2203001650223 дугаар хэргээс үзэхэд Д.О-д холбогдох шүүхийн шийдвэр 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсээс 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ялтан Д.О-д холбогдуулан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн бөгөөд шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгуулийг төлүүлэхээр Д.О-ын гэрийн хаягаар зарлан дуудах хуудас хүргүүлэхэд 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр /хх 16-18/ шийдвэр гүйцэтгэгчтэй холбогдож гэмт хэрэгт холбогдож, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй талаар мэдэгдсэн тул торгох ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдсон байна.

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад С.Б нь үеэл дүү Д.О-ын нэрээр 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт ял шийтгүүлжээ.

Шүүх, шүүгдэгч Д.О-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл болжээ.

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/638 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.О-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалтаас үзвэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл тогтоогдвол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар байна. Өөрөөр хэлбэл шинээр илэрсэн нөхцөл байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль шатанд гарснаас хамаарч тухайн шатанд хэргийг буцаах нь шударга шүүхээр шүүлгэх хүний эрхийн баталгаа гэж үздэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/638 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.О-д холбогдох 2203001650223 дугаар эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцаасугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ