| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямын Амарзаяа |
| Хэргийн индекс | 18/2024/0050/З |
| Дугаар | 118/ШШ2024/0063 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 118/ШШ2024/0063
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Б.*******
Хариуцагч: Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын Тамгын газрын хооронд үүссэн төрийн захиргааны албан хаагчдад таван жилд нэг удаа олгодог мөнгөн урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Яруу сумын Засаг даргын Тамгын газрын даргын төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийг хуульд заасан үндэслэлээр олгохыг даалгах
3. Нэхэмжлэгч тал “...Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь заалтыг 2022 оны нэмэлт өөрчлөлтөөр төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор хуульчилсан 2023 онд 5-аас дээш жил ажилласан төрийн захиргааны албан хаагчдын судалгааг гаргуулан 2024 оны төсөвт миний тэтгэмж нь суугдан ирсэн. Гэтэл Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.******* нь Засгийн газрын журам 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан өндөр насны тэтгэвэрт гараад ажиллахгүй байгаа гэсэн үндэслэлээр уг тэтгэмжийг олгогдохгүй байгааг хууль бус...” гэж,
4. Хариуцагч тал “Б.******* нь 2023 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарч өндөр насны тэтгэмжээ авсан. Засгийн газрын 2024 оны 83 дугаар “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох” тухай тогтоолд зааснаар 2023 онд өндөр насны тэтгэвэрт гарсан албан хаагчид хамаарахгүй одоо ажиллаж байгаа албан хаагчдад олгох ёстой учраас уг тэтгэмжийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй” гэж тус тус маргасан.
5. Нэхэмжлэгч нь сумын Засаг даргад гомдол гаргаж, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/107 тоот албан бичгээр хариуг авч, тус шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
6. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1989 оноос эхлэн төрд 34 жил ажиллахдаа сүүлийн 11 жил тасралтгүй Яруу сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж ирсэн бөгөөд 2015 оны 04-р сарын 15-ний өдрөөс төрийн сангийн мэргэжилтнээр томилогдож 2020 оны 11-р сарын 01-ний өдрөөс санхүүгийн албаны дарга буюу ерөнхий нягтлан бодогчоор томилогдож төрийн захиргааны албан хаагч буюу төрийн жинхэнэ албан хаагчаар 8 жил ажиллаад тэтгэвэртээ 2023 оны 12-р сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаасаа чөлөөлөгдсөн. 2022 оны 11-р сарын 11-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Төрийн албаны тухай хуулийн 51-р зүйлийн 51.3 дахь заалтыг нэмж төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор хуульчилсан тул 2023 онд 5-аас дээш жил ажилласан төрийн захиргааны албан хаагчдын судалгааг гаргуулан 2024 оны төсөвт Б.******* миний тэтгэмж нь суугдан ирсэн. Гэтэл Завхан аймгийн Яруу сумын ЗДТГ-ын дарга Д.******* нь 2024 оны 02-р сарын 28-ны өдөр Засгийн газрын журам батлагдсан бөгөөд өндөр насны тэтгэвэрт гараад ажиллахгүй байгаа гэсэн үндэслэлээр уг тэтгэмжийг олгогдохгүй гэж үзэж байгаа эс үйлдэхүй нь хууль бус учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Төрийн захиргааны албан хаагчийн баталгаа болон 2022 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр төрийн захиргааны албан хаагч 5 жил тутамд тэтгэмж авахаар болсон бөгөөд Засгийн газрын 2024 оны 02-р сарын 28-ны өдрийн журамд зааснаар миний бие Б.******* нь тэтгэмжийг авах шаардлагыг хангаж байна. Өөрөөр хэлбэл хуулийн болон журамд заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд 2022 онд хууль батлагдахад төрийн албанд ажиллаж байсан боловч 2024 оны 02-р сард Засгийн газрын журам батлагдахад тэтгэвэрт гарсан хүнд олгохгүй гэх агуулгатай заалт журамд тусгагдаагүй болно. Сумын засаг даргад гомдол гаргасан боловч Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2024 оны 09-р сарын 06-ны өдрийн 1/107 тоот албан бичгээр миний гаргасан өргөдлийг хүлээн аваагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Яруу сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б.*******д төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийг хуульд заасан үндэслэлээр олгохыг даалгаж өгнө үү гэжээ.
Тухайн иргэн нь манай байгууллагаас гарахдаа өндөр насны тэтгэмжээ аваад гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэв
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах эрх зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь Яруу сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтнээр томилогдон, ТЗ-3-3 шатлалаар, мөн тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга буюу ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ТЗ-6-04 шатлалаар тус тус цалинжиж ажилласан байна. /хавтаст хэргийн 5, 6-р хуудас/
3. Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар /хавтаст хэргийн 7-р хуудас/ өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсонтой холбогдуулан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, улмаар 2024 оны 01 дүгээр сараас эхлэн тэтгэвэр тогтоолгосон болох нь өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас /хавтаст хэргийн 23, 24-р хуудас/, тэтгэмж олгосон баримтаар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 39-р хуудас/
4. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталжээ.
5. Дээрх журмын 1.1-д “Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч (цаашид "Төрийн захиргааны албан хаагч" гэх)-д 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал (цаашид "мөнгөн урамшуулал" гэх) олгоход энэ журмыг баримтална”, 2.1-т “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна.” гэж тус тус заажээ.
6. Түүнчлэн, журмын 5.2-т “Төрийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан иргэн төрийн захиргааны байгууллагад дахин ажиллаж байгаа тохиолдолд түүнд мөнгөн тусламж олгохгүй” байхаар журамласан.
7. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгохоор тодорхойлсон.
Иймд төрийн албанд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан иргэнийг төрийн албан хаагч гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийг хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах зорилго бүхий мөнгөн урамшуулал олгох хууль, журамд заасан “төрийн захиргааны байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч” гэх ойлголтод өндөр насны тэтгэвэрт гарсан иргэнийг хамруулахааргүй байна.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэмэлт орсон бөгөөд тухайн үед Б.******* нь төрийн захиргааны албан тушаалд 5-аас дээш жил ажиллаж байсан тул урамшуулал авах шаардлагыг хангаж байсан гэж маргаж байна.
9. Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсгийг нэмсэн байх бөгөөд уг хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид урамшуулал олгох зохицуулалт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн байна.
10. Хууль болон дээрх журмын агуулгаас харахад хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчийг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор одоо ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид урамшууллыг олгохоор байх бөгөөд нэхэмжлэгчийн тухайд төрийн захиргааны албан тушаалд 8 жил 8 сар ажиллаад 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоолгож, төрийн албанд ажиллаагүй байх тул дээрх урамшууллыг авах үндэслэлгүй байна.
11. Хариуцагчаас ирүүлсэн төсвийн талаарх баримтаас харахад 3 хүнд нийт 22,440,000 төгрөгний урамшуулал олгогдохоор төсөв батлагдаж, гүйцэтгэлээр 14,520,000 төгрөгний урамшуулал нь олгогдсон талаар тусгагдсан байна. /хавтаст хэргийн 33-35-р хуудас/
Нэхэмжлэгч надад олгох урамшуулал төсөвт суугдсан байхад олгохгүй байгаа нь буруу гэж маргах бөгөөд өмнө нь урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг төрийн захиргааны байгууллагын төсөвт батлуулахын тулд урамшуулал авах нөхцөл хангасан хүмүүсийн нэрсийг гаргаж явуулсан байх бөгөөд Б.******* тухайд хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө ажлаас чөлөөлөгдсөн байх тул “тасралтгүй ажиллаж байгаа” гэх нөхцөлийг хангахгүй байна.
Иймд Яруу сумын Засаг даргын Тамгын газрын даргаас мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа нь нэхэмжлэгч Б.******* эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
12.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хавтаст хэргийн 55, 56 дугаар хуудсанд авагдсан тэтгэмжийн 7,920,000 төгрөг буцаан татагдсан талаарх баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан бөгөөд тус баримт нь тамга тэмдгээр баталгаажаагүй, ямар баримт, эх сурвалжаас гаргаж өгсөн нь тодорхойгүй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* “Яруу сумын Засаг даргын Тамгын газрын даргын төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, урамшууллыг хуульд заасан үндэслэлээр олгохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА