| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2320000440028 |
| Дугаар | 2023/ДШМ/18 |
| Огноо | 2023-07-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | З |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2023/ДШМ/18
Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: З/зайнаас цахимаар/,
Шүүгдэгч: Э/зайнаас цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э/зайнаас цахимаар/,
Хохирогчийн өмгөөлөгч: Б /зайнаас цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Одтуяа нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/41 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Э, түүний өмгөөлөгч Э нарын давж заалдсан гомдлыг тус тус үндэслэн, шүүгдэгч Эд холбогдох 2320000440028 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Э
2. Холбогдсон хэргийн товч агуулга:
3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Згаас шүүгдэгч Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч *** Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Балганы Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Эаас 348,991 төгрөгийг гаргуулж хохирогч Ад олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэх иргэний журмаар нэхэмжлэх, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шүүгдэгч 221,000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг тус тус дурдаж,
шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Э давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие нөхөр болох Дтай гэр бүл болж хамтын амьдралын 13 жилийг өнгөрүүлсэн, ...2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үйл явдал Д, А гэх хоёр хүний олон удаагийн ёс зүйгүй үйлдлээс болж үүссэн. Өмнө нь Аг таньдаггүй байсан, хүний биед халдсан өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “6.1...хохирогч А өмнө гэр бүлтэй байсан, Дыг гэр бүлтэй, бага насны 2 хүүхэдтэй гэдгийг мэдсээр байж ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, түүнтэй эр эмийн харилцаа тогтоон, шүүгдэгч Этай хэд хэдэн удаа маргаж, доромжилж байсан нь тогтоогддог, хохирогчийн энэ үйлдэл гэмт хэрэг гарах шалтаан болсон,
6.2. ...348,991 төгрөгийг гэмт хэргийн бодит хохиролд тооцон, ... Тяншинь нэмэлт бүтээгдэхүүн болох кальцийн үнэ шийдвэрлэснийг хүлээн зөвшөөхгүй, Эын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд заавал уух шаардлагагүй, ууснаар өвчин эдгэх эсэх нь тодорхойгүй атал хохиролд тооцож үнийг гаргуулсан нь үндэслэлгүй,
6.3. ...Э өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн 1.2 дугаар зүйлд зааснаар хохирлоо нөхөн төлсөн, 1.4 дүгээр зүйлд заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар Эыг ялаас чөлөөлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
7. Хохирогч А давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...би 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн өглөө ажилдаа явахаар гэрээсээ гараад иргэн Эд орцондоо зодуулж, биедээ хүндэвтэр гэмтэл авсан. Эын хувьд хэрэг гарсан өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд миний биед халдаж гэмтэл учруулсан үйлдлээ ойлгохгүй, миний буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарах болсон гэж тайлбарлаж, гомдол гаргаж байгаад харамсаж байна. Хэрэг гарсан өдрөөс анхан шатны шүүхийн шүүх хуралдаан хүртэл би эхнэр, хүүхэдтэй хүнтэй хамтран амьдарсан нь миний буруу гэж бодож Эд буруу өгч байгаагүй. Тухайн өдөр Дагийжанчивыг манай гэрээс гарч явахад нөхөртэйгөө ярилцаж ойлголцохын оронд яагаад намайг гэрээс гарч ирэхийг хүлээх болов санаа зорилго нь юу байв гэдгийг шүүх харж үзээсэй гэж хүсэж байна” гэжээ.
8. Хохирогчийн өмгөөлөгч Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “8.1. ...Агийн биед ахар сүүлний Ѕ3, Ѕ4-ийн нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан, анхан шатны шүүхээс хохирогч Агийн 348,991 төгрөгийн үнэ бүхий нэмэлт бүтээгдэхүүнийг тухайн гэмтэл авсан цаг хугацаанд авч хэрэглэсэн болох нь төлбөр тооцоо хийсэн Е баримтаар тогтоогдож байна гэж үзэж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь хавтас хэргийн 86 хуудсанд авагдсан Тяньши хүнсний бүтээгдэхүүн нь яс бэхжүүлэх, яс хугарахад уудаг кальци болон дархлааг дэмжих бүтээгдэхүүн бөгөөд хохирогчид дээрх гэмтэл учраагүй бол хэрэглэх шаардлагагүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн юм.
8.2. ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялаас чөлөөлөх ойлголт нь хорих ял оногдуулаад, уг оногдуулсан ялыг эдлүүлэхгүй байх утгыг илэрхийлнэ. Хорих ял оногдуулаагүй бол уг ялаас чөлөөлөх ойлголт үүсэхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ялаас чөлөөлөх ойлголтыг хорих ял дээр хэрэглэх бөгөөд Эрүүгийн хуульд заасан бусад ялаас чөлөөлөх ойлголттой хамааралгүй.
8.3. ... Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Гэмт хэргийн хор уршиг өнөөдрийн байдлаар арилаагүй, цаашид нурууны хугаралтай холбоотой нурууны диск, зөөлөн эдийн урагдалтай учраас цаашид заавал физик эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч нар үзэж байгаа учраас гэмт хэргийн хор уршиг арилаагүй гэж үзэж байна.
8.4. ... шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн би Аг гэрээс нь гарч ирэхийн өмнө 30 орчим минут хүлээж байсан. Энэ хугацаанд ямар санаатай хохирогчийг хүлээж байсан бэ, хохирогчийн биед халдахаар хүлээж байсан уу гэдгийг шүүх харгалзан үзнэ үү. ... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохируулан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
9. Прокурор З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э нь хохирогч Агийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар маргаагүй, Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан, үндэслэл нь Э эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой. Хохирол төлбөрийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид нийт 1,104,500 төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгчийн зүгээс нөхөн төлсөн, хохирогч нь өөрт учирсан хохирол төлбөрийг нотлох баримтаа цуглуулж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан, нэмэлт бүтээгдэхүүн авахыг хуулиар хориглоогүй. Тухайн бүтээгдэхүүнийг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хэрэглэсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч Э, түүний өмгөөлөгч Э нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шийдвэрлэлээ.
1. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.
2. Энэхүү хуулийн зохицуулалт, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн бүх ажиллагааг хянаж, үзэхэд нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
3. Хэргийн үйл баримтын тодруулбал шүүгдэгч Э нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн өглөөний 08 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ***ны хохирогчийн оршин суудаг орцонд, “Нөхрийг нь булааж авсан” гэх шалтгаанаар иргэн Аг гэрээс нь гарч ирэхэд, 2 давхрын шатны уруу араас нь түлхэж, унагаан үснээс нь зууран өчиж, чих, нүүрэн тус газруудад гараараа цохисноос хохирогчийн биед ахар сүүлний S3, S4-ийн нугалмын их биеийн шахагдсан хугарал, дух баруун чихний ар тал, зүүн чихний урд болон ар талд, баруун хацарт хоёр гарын ар талд жижиг зулгаралтууд, бүсэлхийн L2, L3-р нугалмын баруун талд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Агийн “... 2023 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн орчим Замын-Үүд сум 1-р баг 117-17 тоотод байх гэрээсээ гараад ажил руугаа явах гэж байгаад 3 давхраас гараад 2 давхрын шат руу бууж байтал гэнэт нэг хүн араас түлхчихсэн,... эргээд хартал Э гэх хүн байсан шууд намайг үсдэж авсан. Тэгээд би зөрүүлээд үснээс нь зулгаагаад доош нь дарсан тэгтэл миний хөлөөс татаад унагаасан, би шатан дээр дээш хараад унасан, би үснээс нь татсан хэвээрээ байсан. Э миний дээр гараад сууж байгаад намайг самардаад байсан...” гэх мэдүүлэг /хх33-35/,
шүүгдэгч Эын “... би Аг хараад гэр бүл үймүүлдэг чи арай даварч байна гээд шатны уруу түлхсэн, түлхэх үед А шатны доош 4-5 шат уруудаад унасан, эргэж хараад намайг үсэдсэн. Тэгэхээр нь би баруун хөлийг нь өргөж аваад өгзөг нуруу хэсгээр нь газар унагаад чихнээс нь татаж, үснээс нь зулгаасан” гэх мэдүүлэг /хх 62-64/,
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 04/053 дугаартай “... Агийн биед ахар сүүлний Ѕ3, Ѕ4-ийн нугалмын их биеийн шахагдсан хугарал, дух, баруун чихний ар тал, зүүн чихний урд болон ар талд, баруун хацарт, хоёр гарын ар талд жижиг зулгаралтууд, бүсэлхийн L2,3-р нугалмын баруун талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ... Дээрх гэмтлүүдийн ахар сүүлний S3, S4-ийн нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь ... гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 21-22/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба энэ гэмт хэргийн үйл баримтыг бүрэн нотолжээ.
4. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд, мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах, өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт болон шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзнэ.
5. Эрүүгийн хариуцлагын тухайд дээр дурдсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Эын үйлдлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.
Тухайлбал анхан шатны шүүх, шүүгдэгч Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу гэмт хэрэг гарах цаг хугацаанд хохирогчийн зүгээс ямар нэгэн буруутай үйлдэл гаргаагүй, гаргасан гэж үзэх нөхцөл байдал нотлогдож, тогтоогдоогүй талаар мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 1,104,500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгчид 221,000 төгрөгийг төлсөн, цаашид гарах зардлыг нотлох баримтын хүрээнд төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт оногдуулах “...торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах” ялаас торгох ял буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцсэн, хуулийн үндэслэлтэй байна.
Тиймээс шүүгдэгчийн холбогдсон хэргийг зөв зүйлчилсэн, оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ гэж үзнэ.
6. Шийтгэх тогтоолд энэ гэмт хэрэг гарах цаг хугацаанд хохирогчийн зүгээс ямар нэгэн буруутай үйлдэл гаргаагүй, гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн талаар хохирогч А мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж, мэдүүлсэн улмаар хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүгүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа /хх 32/ гаргасан байх тул хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзнэ.
Хэрвээ ийнхүү баталгаа гаргасны дараа хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг учиртай.
7. Харин шийтгэх тогтоолд “... 348,991 төгрөгийн үнэ бүхий нэмэлт бүтээгдэхүүнийг тухайн гэмтэл авсан цаг хугацаанд авч хэрэглэсэн болох нь нотлогдож байх тул уг төлбөрийг гаргуулах нь зүйтэй” гэсэн нь үндэслэлгүй байна.
Хохирогчоос E баримт /хх 86/-д үндэслэн, Тянши кальци нэмэлтээр авч уусан гэх боловч уг хүнсний бүтээгдэхүүнийг түүний биед учирсан гэмтэлтэй холбоотой ууж, хэрэглэхийг эмчээс зөвлөсөн эсэх нь тодорхойгүй, эмчийн бичсэн баримтгүй байх ба уг бүтээгдэхүүнийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан “...эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой зайлшгүй зардал” гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдсонгүй.
8. Шүүгдэгч Эын “...энэ асуудал нөхөр Д, хохирогч А нар гэр бүлээс гадуур харилцаатай байснаас үүссэн” гэсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон хэдий ч гэмт хэрэг гарсан өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн гэмт хэрэг гарсан байдал, хэзээ, хаана, яаж үйлдсэн зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгчийн зүгээс эхэлж, хохирогчийг шатны уруу түлхэж, зодсон харин тухайн цаг хугацаанд хохирогчийн зүгээс эхэлж, шүүгдэгчийн эсрэг хууль бус, зүй бус үйлдэл гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон учир хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхгүй бөгөөд шүүгдэгч Эд оногдуулсан торгох ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж, шийдвэрлэх үндэслэлгүй болно.
Иймд давж заалдах гомдлын “...348,991 төгрөгийг гэмт хэргийн бодит хохиролд тооцож,гаргуулсан үндэслэлгүй” гэснийг хангаж энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/41 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Эаас 348,991 төгрөгийг гаргуулж хохирогч Ад олгож...” гэснийг хасч өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э, түүний өмгөөлөгч Э нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийн хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА