| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Баясгалан |
| Хэргийн индекс | 127/2024/0007/3 |
| Дугаар | 127/ШШ2024/0015 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 127/ШШ2024/0015
Нэхэмжлэгч, хариуцагч нарын
эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 127/2024/0007/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан би нэхэмжлэгч Н.С-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны даргад холбогдох “...Тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоолгох, тус даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/01 тоот тушаалын алдааг засуулах, Төрийн захиргааны албан хаагчийн 60 сар тасралтгүй ажилласан тэтгэмжийг олгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 тоот захирамжаар Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд шилжин ажиллахаар болсон. Ингээд би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шилжин ирж шинэ ажилдаа орсон.
Ингээд Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ц нь албаны даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/01 тоот тушаалаар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс намайг уг албан тушаалд томилсон.
Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам” батлагдсан. Энэхүү журамд 5 жил тутамд тасралтгүй ажилласан захиргааны албан хаагчид нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор заасан байдаг. Ингээд би уг журмын дагуу 2024 оны 04 сард материалаа бүрдүүлж албаны даргад хүсэлтээ өгөхөд шаардлага хангахгүй гэсэн.
Учир байдлыг тодруулахаар 2024 оны 05 сард албаны даргад бичгээр дахин хүсэлт гаргахад миний тушаалыг Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/01 тоот тушаал бүртгэгдсэн байна. Харин албаны даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/01 тоот тушаал бүртгэлд байхгүй байна гэсэн.
Энэ 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тушаалаар намайг мөн өдрөөс ажилд томилсон байсан тул би 21 хоног ажиллаагүй мэт болсон байгаа нь хэдийгээр би тасралтгүй, завсаргүйгээр ажилласан байтал уг урамшуулалд орох шаардлагыг хангахгүй байдалд хүргэсэн байна.
Ийм байдал нь Н.С миний бодит байдалтай нийцэхгүй болон хууль ёсны эрх ашгийг минь хөндөж байгаа тул би Төрийн албаны Зөвлөлд хандан өргөдөл гаргахад манай чиг үүрэгт хамаарахгүй асуудал тул Захиргааны шүүхэд хандах эрхтэй гэсэн хариу бичиг ирүүлсэн болно.
2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс энэ албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа гэдгийг нотлох албан баримт байгаа төдийгүй хамт ажиллаж байгаа хүмүүс минь ч нотолно.
Иймд Н.С- би Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоож, тус даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/01 тоот тушаалын алдааг засахыг даалгаж, Төрийн захиргааны албан хаагчийн 60 сар тасралтгүй ажилласан тэтгэмжийг олгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно” гэжээ.
Нэхэмжлэгч Н.С- болон Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга Д.П нар 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Эвлэрлийн гэрээндээ: “...Нэхэмжлэгч, хариуцагч бид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар эвлэрч байна.
1. Хариуцагч нь, “2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоолгох” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх,
2. Нэхэмжлэгч нь, “тус даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/01 тоот тушаалын алдааг засуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах,
3. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь “Төрийн захиргааны албан хаагчийн 60 сар тасралтгүй ажилласан тэтгэмжийг олгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хууль журмын дагуу шийдвэрлэхээр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулав.
Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.С-оос Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны даргад холбогдуулан “...Тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоолгох, тус даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/01 тоот тушаалын алдааг засуулах, Төрийн захиргааны албан хаагчийн 60 сар тасралтгүй ажилласан тэтгэмжийг олгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх тухайн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээгээ бичгээр байгуулан, гарын үсгээ зурцгааж, харилцан буулт хийж эвлэрэн, маргаанаа дуусгавар болгосон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “.... нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй" гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан ойлголцож, эвлэрлийн гэрээ байгуулсан ба энэ нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
“...Нэхэмжлэгч, хариуцагч бид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар эвлэрч байна.
1. Хариуцагч нь, “2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоолгох” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх,
2. Нэхэмжлэгч нь, “тус даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/01 тоот тушаалын алдааг засуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах,
3. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь “Төрийн захиргааны албан хаагчийн 60 сар тасралтгүй ажилласан тэтгэмжийг олгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хууль журмын дагуу шийдвэрлэхээр харилцан тохиролцов...” гэж эвлэрлийн гэрээндээ тодорхойлон тусгаж, талууд гарын үсэг зуран маргаанаа дуусгавар болгосон байна.
Нэхэмжлэгч, хариуцагч ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг баримтлан, хариуцагч талаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.С-ид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгсөн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Н.С-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны даргад холбогдох “...Тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоолгох, тус даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/01 тоот тушаалын алдааг засуулах, Төрийн захиргааны албан хаагчийн 60 сар тасралтгүй ажилласан тэтгэмжийг олгуулах тухай” шаардлагатай захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С-ид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БАЯСГАЛАН