| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 127/2024/0014/3 |
| Дугаар | 127/ШШ2024/0016 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 127/ШШ2024/0016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2024/0014/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.У,
Хариуцагч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хороо нарын хоорондын орон нутгийн Сонгуулийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.У, түүний өмгөөлөгч Ц.Э /цахимаар/, хариуцагч Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай “Нэр дэвшигчдийг хасах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан.
1.2. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай “Нэр дэвшигчдийг хасах тухай” тогтоолын Х.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
2.1. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэсэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-нийн өдрийн 06 дугаартай тогтоол гарсан байна.[1]
2.2. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Ардчилсан намаас 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай “Нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой гомдол гаргах нь” албан бичгээр, сумын Хуралд 3 дугаар тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч Х.У нь Ардчилсан намын гишүүн бөгөөд намаас татгалзах хүсэлтээ өгөөгүй учраас Ардчилсан намын гишүүний бүртгэлтэй хэвээр байгаа тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28.5, 32.1.3-д заасныг зөрчсөн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-нийн өдрийн 06 дугаартай тогтоолын Х.У-ийг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах гомдлыг[2] ирүүлжээ.
2.3. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай “Нэр дэвшигчдийг хасах тухай” тогтоолыг баталж, Жаргалтхаан сумын Монгол Ардын намаас тус сумын гуравдугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгүүлсэн Х.У-ийг “Ардчилсан намын гишүүнчлэлээс гарсан, гарах хүсэл зоригоо илэрхийлсэн тухай баримтыг ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчийн бүртгэлээс хасаж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Жаргалтхаан сумын ИТХ-ын 2024 оны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшихэд сумын сонгуулийн хорооноос тус сумын Ардчилсан намаас ирүүлсэн 2024 оны 04 дүгээр 1-ний өдрийн Жаргалтхаан сумын Ардчилсан намын хорооны нэгдсэн бүртгэл гэх бичгийг үндэслэн Монгол Ардын Намаас нэр дэвшигч Х.У- намайг Жаргалтхаан сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн 10 дугаар тогтоолоор ИТХ-ын орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн бүртгэлээс хассан шийдвэр гаргасан.
Гэтэл миний бие 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн Бавуудоржийн Ч-ад Ардчилсан намаас татгалзсан өргөдлөө сумын соёлын төвийн байранд гардуулж өгсөн боловч 20-д хоногийн дараа намайг авлаа хэмээн загнаад байна гээд буцааж өгсөн. Тус өргөдлийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн тус сумын Засаг даргын орлогч С.Г-ад өгсөн боловч он сар хэд хоног өнгөрсөн байна гэж хэлэхээр нь Ардчилсан намаас гарах хүсэлтээ дахин бичгээр гаргаж хүсэл зорилгоо илэрхийлж өгсөн Ардчилсан намаас гарсан даруй өөрийн хүсэлтээр Монгол Ардын Намын хороонд элссэн.
Иймд 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоол нь үндэслэлгүй нотлох баримтын дагуу бүртгэлээс хассан хууль бус шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасанчлан сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож сонгогдох эрхээр хангаж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч Х.У шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2024 оны орон нутгийн сонгуулиар Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших эрхээ хязгаарлуулсан тул нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага болон тодруулсан шаардлагаа дэмжиж оролцож байна” гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.У нь 2024 оны орон нутгийн сонгуульд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Монгол ардын намаас нэр дэвшсэнийг Сумын сонгуулийн хороо 2024 оны 9 сарын 09-ний өдөр нэр дэвшигчээр бүртгэсний дараа Жаргалтхаан сумын Ардчилсан намын хорооны хүсэлтийн дагуу 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор нэр дэвшигчээс хассан тогтоол гаргасан. Бидний зүгээс энэ тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед Х.У нь Ардчилсан намын гишүүнээс татгалзах өргөдлөө өгөөд 30-с дээш хоног болсон байсан. Иймээс Ардчилсан намын бүртгэлээс Ардчилсан нам өөрөө хасалт хийх ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүй. Ямар нэг байдлаар үйлчлүүлэгчийн маань нэр дэвших үйл явцыг боогдуулж, сумын сонгуулийн хороо нотлох баримтгүйгээр нэр дэвшигчийн бүртгэлээс хассан 10 дугаар тогтоолыг гаргасан. Иймд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10-р тогтоолын Х.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Дээрх тогтоолыг зөвшөөрөхгүй үндэслэл нь: 2024 оны 05 дугаар сарын 14-нд Хэнтий аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн Ч-ад Ардчилсан намын гишүүнээс татгалзах хүсэлтээ гаргасан. Мөн энэ асуудал цаашаа явахгүй байсан учраас Жаргалтхаан сумын Засаг даргын орлогч, Хэнтий аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн С.Г-ад хүсэлтийг өгсөн. Ардчилсан намын үйл ажиллагаа нь Ардчилсан намын үндсэн дүрмээр зохицуулагдаж байгаа. Намаас гарах асуудлыг энэ дүрэмд заасан. Тухайн намын дунд шатны байгууллага буюу аймгийн намын хороо гэдэг нь сум, дүүргийн намын хорооноос төлөөлөл болж сонгогдсон гишүүд бүрдүүлдэг байна. Намаас гарах намын гишүүн дунд болон дээд шатны байгууллагад хүсэлтээ өгсөн байх ёстой. Энэ дүрмийн 5.9, 5.10 дугаар зүйлээс харахад анхан шатны байгууллагаасаа нэр дэвшээд төлөөлөл болж аймгийн намын хорооны гишүүн болсон хүмүүст өргөдөл гомдлоо гаргаж байгаа нь тухайн дунд шатны намын байгууллагад гаргаж байгаа юм. Ардчилсан намын дүрмийн 5.9-2.2 дээр анхан шатны хурлаас дунд шатны буюу аймгийн намын хорооны гишүүнийг сонгож байгаагаас харахад тухайн аймгийн намын хорооны гишүүн гэдэг маань сумандаа намын гишүүний төлөөлөл болоод дунд шатны байгууллагад энэ хүн ажиллаад явж байгаа юм.
Мөн дүрмийн 5.10-1, 5.10-2 дээр энэ бүх үйл явцын эрх хэмжээний асуудал харагдана. Уг дүрэмд “..хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор тухайн асуудлыг шийдээгүй бол намаас хасагдсанд тооцогдоно” гэсэн байдаг.
... Мөн үндсэн хууль болон Ардчилсан намын дүрмээр тухайн гишүүн өөрийнхөө хүсэл сонирхлоор тухайн намд элсэнэ, сонирхлоороо намаас гарна. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сонгуулийн хороо, тухайн сумын Ардчилсан нам ямар нэг байдлаар энэ хүнийг намын гишүүн гэж үзэх үндэслэл байхгүй. Аливаа төрийн захиргааны байгууллагын хувьд энэ үйл явцыг шалгах ёстой. Жаргалтхаан сумын сонгуулийн хороо ямар материалыг үндэслэсэн бэ Жаргалтхаан сумын Ардчилсан намын хорооны нэгдсэн бүртгэл болон хүсэлтийг үндэслэсэн. Аливаа захиргааны байгууллага тухайн хүний эрх ашгийг хөндөхгүйн тулд баримтуудыг цуглуулж, дунд шатны байгууллагаас баримтуудаа авч шийдвэр гаргах ёстой. Энэ процесс ажиллагаа байхгүй. Тухайн байгууллагын бүртгэл гэж байгаа канондсон хувь дээр Ардчилсан намын гишүүн Х.У- л гэж байгаа. Гэтэл энэ бүртгэл өөрөө нотлох баримтын хэмжээнд үнэлэгдээгүй. Ийм баримтыг үндэслээд бүхэл бүтэн сонгох сонгогдох эрхийн асуудлыг шийднэ гэдэг энэ сонгуулийн хооронд зохимжгүй юм. Ийм байдлаар үзэх юм бол Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сонгуулийн хорооны гаргаж байгаа 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолын Х.Ут холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлгүй болсон байна. Ийм учраас бид өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байгаа юм” гэв.
6. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасны дагуу шүүх нь нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дэх хэсгүүдэд заасны дагуу орон нутгийн сонгууль нь 2024 оны 10 сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж сумын Сонгуулийн хороо нь тус хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт заасны дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 5 тойргийн 21 мандатад хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсон тооцохоор 2024 оны 10 сарын 12-ны өдрийн "Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай" 13 дугаар тогтоолыг батлан. 2024 оны 10 сарын 18-ны өдрийн албан бичгээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тогтоолыг сонгуулийн дүнгийн хамт өргөн мэдүүлж, улмаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсгийн дагуу 9 дэх удаагийн орон нутгийн сонгуулийн дүнд бий болсон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 сарын 29-ний өдөр хуралдуулахаар товлоод байна.
Иймд орон нутгийн сонгуулийн үр дүн гарч, сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоол нь бүрэн хэрэгжин үр нөлөөгүй захиргааны акт болж, улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1 дэх хэсгийн дагуу нэхэмжлэгчид сэргээгдэх хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.
Мөн тус нэхэмжлэлийг 2024.09.27 гэж огноолсон байх боловч манайд 2024.10.21-ний өдөр гардуулсан. Иймд шүүхийг нэхэмжлэл гаргамагц бидэнд гардуулсан гэж ойлгож байгаа тул ... нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хэрэгжээд үр нөлөөгүй болсон захиргааны акттай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ЗХШТХ-ын 13.1-д заасан шүүхийн харьяаллыг зөрчиж байх бөгөөд ЗХШХШТХ-ийн 109.2-д заасныг журамлан тус хуулийн 54.1.1, 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7. Хариуцагч Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Х.У нь Ц-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гэрчээр оролцсон. Тухайн үед буюу Цогтбатын хэргийг шийдвэрлэж байхад хамтран нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр ч юм уу оролцох боломжтой байсан. Тухайн үед тэр эрхээ эдлээгүй байж, сонгууль дуусаад сарын хугацаа өнгөрөөд сонгуулийн хороо татан буугдаад, сонгуулийн ерөнхий хороонд бүх баримт бичгээ хүлээлгээд өгсний дараа нэхэмжлэл гаргаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1-т зааснаар Захиргааны хэргийн шүүх өөрөө тухайн хэргийн оролцогчдыг оролцуулж, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байсан. Тухайн маргаан бүхий захиргааны акт дээр хоёр этгээдийн нэрийг дурдаад нэр дэвшигчээс хассан байтал нэг хүнд нь холбогдуулаад хэрэг шийдвэрлэж байхад нөгөө этгээдийг нь ямар нэг байдлаар шүүх ажиллагаанд оролцуулаагүй. Энэ хүн өөрөө гэрчээр оролцоод явсан. Энэ процесс нь сумын сонгуулийн хороо татан буугдаж чадахгүй, нааш цааш явах зардал гээд асуудлууд үүсэж байна.
Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т зааснаар орон нутгийн сонгууль 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдаад сумын сонгуулийн хороо 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 тойргийн 21 мандаттай хамгийн олон иргэдийн санал авсан төлөөлөгчдийн сонгуулийн дүн гарсан ба төлөөлөгчид сонгогдоод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаа өргөн мэдүүлж, сумын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хуралдуулж, 7 асуудлыг шийдвэрлэсэн. Үүнээс үзвэл тухайн маргаан бүхий захиргааны акт аль хэдийн хэрэгжээд дууссан сонгууль болдгоороо болоод өнгөрсөн үр дүн гарсан. Үр дүнгээр бий болсон хурал хуралдаад дараагийн ажилдаа орсон байна. Тиймээс энэ захиргааны акт үр нөлөөгүй болсон. Энэ захиргааны акттай маргаж байгаа нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөж байгаа, сэргээгдэх ямар нэгэн хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна гэж хариуцагч талаас харж байна.
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сонгуулийн хороо маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуульд заасны дагуу актад дурдагдсан 2 нэр дэвшигчтэй холбоотой тайлбар мэдээлэл гаргах бүх хууль зүйн боломжоор хангасан гэж үзэж байна. Үүнд нийт 4 удаагийн албан бичиг явуулсан. Нэхэмжлэгч Х.У т холбогдуулаад 2 удаа албан бичиг явуулсан. Сумын Ардчилсан нам болон Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо руу албан бичгүүд явуулсан. Манай ирсэн явсан бичгүүд бүх баримтууд өмнөх хэргээс татагдаад хэргийн материалд авагдсан байна. Хуульд заасны дагуу сонсох ажиллагааг тайлбар, нотлох баримт авах удаа дараа бичиг явуулсан. Үүний үндсэн дээр сумын сонгуулийн хороо 100 хувийн ирцтэйгээр 100 хувийн саналаар энэ асуудлыг хэлэлцэж баталсан. Тухайн иргэн намаас гарах гарахгүй байх, хэдэн намын гишүүнчлэлтэй байх нь тухайн хүний эрхийн асуудал. Гэхдээ орон нутгийн сонгуулийн хувьд тухайн нэр дэвшигч нь давхар намын гишүүнчлэлтэй биш, зөвхөн нэг намын гишүүнчлэлтэй хүнийг бүртгэх хуулийн заалттай. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс бид тухайн үед шаардлага хангасан 42 нэр дэвшигчийг бүртгэсэн. Үүнээс хойш нэр дэвшигчийг бүртгэсэнтэй холбоотой давхар намын гишүүнчлэлтэй холбоотой гомдол ирсэн.
Энэ гомдлыг хуульд заасан ажиллагаануудыг явуулаад ирсэн баримт бичгийн хүрээнд шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тухайн үед 3, 4 бичгийг Монгол ардын намын хорооноос сумын сонгуулийн хороонд хаяглан ирүүлсэн. Ингэж ирүүлэхдээ Ардчилсан намын гишүүн биш, Монгол ардын намын гишүүн мөн гэх зэрэг хариунууд байсан. Харин одоо шүүхэд нэр дурдагдаад байгаа Ганбат, Ч- нарт би өргөдлөө өгсөн гэж байна. Нэхэмжлэгч одоо яриад байгаа энэ баримтуудыг тухайн үед огт гаргаж ирүүлээгүй. Сонгуулийн маргааныг хурдан шуурхай шийдвэрлэх ёстой байсан. Тухайн үед саналын хуудасны загвар өгөх нэр дэвшигчдийн үнэмлэх олгох зэрэг цаг үеийн асуудлуудтай хугацаа давчуу байсан учраас боломжит байдлаар албан бичгүүдээ явуулаад ирсэн хариунууд буюу нотлох баримтын хүрээнд хэрэг маргааныг шийдсэн.
Сонгуулийн хорооны шийдвэртэй холбоотойгоор захиргааны шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоод сонгуулийн хорооны шийдвэрийг хуулийн дагуу гарсан гэж үзсэн...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.У нь “2024 оны 6 дугаар сард намын дунд шатны байгууллагад гаргаж өгч байна гэж үзэн аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн С.Г-ад ардчилсан намын гишүүнээс татгалзах өргөдлөө өгсөн байхад Сонгуулийн хороо шаардлагатай нотлох баримтыг цуглуулалгүй нэр дэвшигчийн бүртгэлээс хассан нь хууль бус” гэж, хариуцагч Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хороо нь “нэхэмжлэгч тухайн үед ардчилсан намаас гарсан гэх баримтаа ирүүлээгүй, Ардчилсан намаас манай намын гишүүнчлэлтэй хэвээр байгаа гэх баримтыг ирүүлсэн учраас өөр намын гишүүн Монгол ардын намаас нэр дэвшсэн байна гэж үзэн нэр дэвшигчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй” гэж маргаж байна.
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 06 дугаартай тогтоолын хавсралтын 11-д Х.У-ийн нэр дэвшигчээр бүртгэсэн ба сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай “Нэр дэвшигчдийг хасах тухай” тогтоолоор Жаргалтхаан сумын Монгол Ардын намаас тус сумын гуравдугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгүүлсэн Х.У-ийг “Ардчилсан намын гишүүнчлэлээс гарсан, гарах хүсэл зоригоо илэрхийлсэн тухай баримтыг ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчийн бүртгэлээс хасаж шийдвэрлэжээ.[3]
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай тогтоолыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 19 дүгээр зүйлийн 19.5, 32 дугаар зүйлийн 32.1.3, 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг тус тус үндэслэн гаргасан байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “сум дүүргийн Сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 17.3.2-т “сум, дүүргийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.”Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана”, 32.1.3. “өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн;” 74 дүгээр зүйлийн 74.1.”Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж заасан байна.
Нэхэмжлэгч Х.У Ардчилсан намын гишүүн болох нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Ардчилсан намын хорооны гишүүний сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл, анкетаар, тогтоогдож байна. [4]
Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно”, Ардчилсан намын үндсэн дүрмийн 3.5.1-д “Гишүүн намаас татгалзах хүсэлтээ намын төв болон дунд шатны байгууллагад мэдүүлснээс хойш 30 хоногийн дотор гишүүнийг намаас чөлөөлж, гишүүдийн бүртгэлийн сангаас хасуулахыг тухайн шатны намын байгууллага хариуцна. Энэ заалтад заасан хугацаанд намын байгууллага шийдвэр гаргаагүй тохиолдолд гишүүнийг чөлөөлөгдсөнд тооцно.”, мөн дүрмийн 3.7. “Гишүүний үүрэг: 3.7.1..., Үндсэн дүрэм, бусад журам, шийдвэрийг даган мөрдөх;” 5.10.1-д “... Аймаг, Дүүргийн намын хороог Дунд шатны намын байгууллага гэнэ”, 5.10.31-д “Аймаг, Дүүргийн намын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах байгууллага нь намын Хэрэг эрхлэх газар мөн” гэж заажээ.
Дээр дурдсан хуульд намын гишүүнээс гарах өргөдлөө өгснөөр намаас гарсанд тооцохоор байгаа ч Ардчилсан намын үндсэн дүрэмд зааснаар тус намын гишүүн намаас татгалзах хүсэлтээ намын дунд шатны байгууллага буюу аймгийн намын хороондоо, аймгийн намын хорооны өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг Хэрэг эрхлэх газартаа гаргахаар байна.
Нэхэмжлэгч Х.У болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ардчилсан намаас татгалзах өргөдлөө аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн С.Г-ад 2024 оны 6 дугаар сард өгсөн, аймгийн Намын хорооны гишүүн бол сумын намын хорооны гишүүдийг төлөөлж аймгийн намын хороонд байдаг” гэж байгаа ч намаас татгалзах хүсэлтээ сумын Ардчилсан намын хороо эсхүл аймгийн Ардчилсан намын хороонд өгсөн гэдэг үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Нөгөө талаас аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн нь сумын болон аймгийн намын хороог төлөөлөх, өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх, намын гишүүнээс гаргасан аливаа өргөдөл, хүсэлтийг аймгийн намын Хорооны өмнөөс хүлээн авах, дамжуулах, уламжлах үүрэгтэй эсэх талаар тус намын Үндсэн дүрэмд[5] тодорхой зохицуулалт байхгүй байна.
Хэнтий аймгийн Ардчилсан намын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 30 дугаартай албан бичигт“.. Ардчилсан намын хорооны гишүүнчлэлтэй Х.У- нь ... одоог хүртэл намын гишүүний бүртгэлд байгаа болно” [6] гэжээ.
Нэхэмжлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн огноотой “Хэнтий аймаг Жаргалтхаан сумын Ардчилсан намын хороонд” гэж хаягласан, “... овогтой Х.У миний бие Ардчилсан намын гишүүнээс татгалзаж байна. Х.У” гэсэн хүсэлтийн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн нь хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.У нь Ардчилсан намаас татгалзах хүсэлтээ намдаа гаргасан нь, Ардчилсан намын гишүүнээс гарсан нь тогтоогдохгүй байх тул Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2024 оны ээлжит Хурлын сонгуульд Ардчилсан намын гишүүн Х.У-ийг Монгол ардын намаас нэр дэвшүүлснийг бүртгэсэн шийдвэрийг сумын Сонгуулийн хороо хүчингүй болгосон маргаан бүхий захиргааны акт үндэслэл бүхий байна гэж үзлээ.
Сумын Сонгуулийн хороо нь Монгол ардын намаас нэр дэвшсэн Х.У-ийг нэр дэвшигчийн бүртгэлээс хасах шийдвэрийг гаргахын өмнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Монгол ардын намын хороонд, Хэнтий аймгийн Ардчилсан намд мэдэгдэн зохих нотлох баримтуудыг цуглуулсан байна гэж үзлээ.[7]
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “...Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай “Нэр дэвшигчдийг хасах тухай” тогтоолын Х.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Х.У-ээс хариуцагч Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “...Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай “Нэр дэвшигчдийг хасах тухай” тогтоолын Х.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРМАА