Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/19

 

 

Үад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

             Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Д,

Шүүгдэгч: Ү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Т, Г /зайнаас цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ч /зайнаас цахимаар/,

Иргэний хариуцагчийн төлөөлөгч: Т /зайнаас цахимаар/,

Иргэний хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч: Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Одтуяа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т, Г нарын давж заалдсан гомдлыг тус тус үндэслэн, шүүгдэгч Үад холбогдох 2219002700308 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Ү

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ү нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Төмөр замын бүтээн байгуулалтын технологийн замд *** УБУ улсын дугаартай “Мицүбүши Л-200” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт  холбогджээ.

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Аөөс шүүгдэгч Үад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч *** Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Үад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Үад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Үад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолох,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ү энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 508 дугаар зүйлийн 508.1, Хөдөлмөрийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т, Г нарт 9,375,057 төгрөгийг шүүгдэгч Үаас, 47,520,000 төгрөгийг иргэний хариуцагч байгууллага “Т” ХХК-аас, иргэний нэхэмжлэгч “Б” ХХК-д 17,052,000 төгрөгийг шүүгдэгч Үаас гаргуулан тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т, Г нарын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Т” ХХК иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар 12,183,000 төгрөгийн нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Үад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

            5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Ү гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. хохирлын нөхөн төлбөрт 1,000,000 төгрөг амь хохирогчийн аав Гын дансанд шилжүүлсэн, нөхөн төлүүлэхээр тогтоосон 9,375,000 төгрөгийн хохирлыг хууль ёсны төлөөлөгч Год шилжүүлж хохирлыг төлж барагдуулсан, “Б” ХХК-ийн *** УНЗ улсын дугаартай, автомашины эвдрэл 17,052,000 төгрөгийг төлсөн, тиймээс оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг тэнсэх хууль, зүйн үндэслэлтэй, ... амь хохирогч ямар нэгэн банк, банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй гэсэн баримт хэрэгт байхгүй учраас анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан нь үндэслэлтэй, ... Иргэний хуулийн 505, 508 дугаар зүйлд заасан хуулийн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Ийм учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй байна” гэв.

6. Шүүгдэгч Ү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...хэлэх зүйл байхгүй” гэв.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г, Т нар давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т ХХК нь 6,480,000 төгрөг болох мөнгөн дүнг үйлдвэрийн ослын тэтгэмж 36 сартай тэнцэх нөхөн олговрын мөнгөнөөс үндэслэлгүйгээр хасуулсанд гомдолтой, Г миний сэтгэл санааны хүнд гарз учирч охины маань хүү 7 настай Тулга сэтгэл зүйн хүнд цочролд орж асран хамгаалах шаардлагатай байсан тул ажил хийх боломжгүй болж “Шүлтлэг хайрхан” компанийн маань үйл ажиллагаа 3 сар хаагдаж ашиг орлогогүй болж, 3 сар ажилгүй болсоны хохирол 11,250,000 баримттай байсныг хассанд гомдолтой,  цаашид охины минь амь насны хохирлын мөнгө болох насыг дундаж наслалт 60 нас, цалингийн доод хэмжээ 700,000 гэж тооцон 285,600,000 төгрөгийг “Т” ХХК-аас нэхэмжилж байна, охин Сэлэнгэ аймгийн банкнаас 3,000,000 төгрөгийг зээлийн үлдэгдэл байсныг 1 жил гаруй хугацаанд төлж байна. Улаанбаатар хот Соно апплейкшнээс авсан 1,500,000 төгрөгийн зээлийг сая төлж барагдуулсан. Энэ бүгд баримтаар ороогүй байгаа. Хаан банкнаас гэж байсан, зээлийг одоо болтол төлж байна, миний охины ажил явдал дээр ирээгүй, ажил явдлын мөнгө ч өгөөгүй” гэв.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  “...хохирогч нарын байр суурь бодол санаа нь анхан шатны шүүх хуралдаанаас эхлээд ийм байгаа, тодорхой хугацаанд удааширсан учраас мөн шүүгдэгч анхнаасаа энэ асуудлаар холбогдоогүйд гомдолтой байдаг” гэв.

9. Иргэний хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  “...энэ хэргээс шалтгаалж гарсан хохирлыг нэхэмжилж байгаа. Хамгийн гол нь хуулийн дагуу нотлох баримтаа бүрдүүлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бүрэн төлнө гэж анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн байгаа. Нотлох баримтгүй зүйлийг төлөх үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна” гэв.

10. Иргэний хариуцагчийн төлөөлөгч Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...нотлох баримт болон хуулийн заалт нь тохирч байвал бидний зүгээс ийм мөнгөн дүн өгнө, өгөхгүй гэж хэлээгүй. Шүүхээс хуульд яаж заасан, ямар нотлох баримт байгааг хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэв

11. Прокурор Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад 9,375,000 төгрөгийн төлбөрийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Үаас гаргуулж шийдвэрлэсэн, Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан хэлэлцээгүй, шинжлэн судлагдаагүй, тогтоогдоогүй баримтыг давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгохгүй гэж заасан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан 3 сарын хугацаанд ажилгүй байсан, энэ хугацаанд олох ёстой орлого байсан 11,250,000 төгрөгийн нэхэмжилж байна. Үүнийг сард хэдэн төгрөг олдог байсныг тогтоосон орлогын баримт байхгүй. 285,600,000 төгрөгийн Т ХХК-аас сэтгэл санааны хохирол гэж үзэх боломжтой. Үүнийг шүүхээс тогтоох боломжтой учраас шүүхийн эрх хэмжээний асуудал” гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх, шүүгдэгчийн өмгөөлөгч Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т, Г нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж үзэхэд:

1. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хасаж, хязгаарласан, бусад байдлаар шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

2. Тодруулбал Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Аөөс, шүүгдэгч  Үыг 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Төмөр замын бүтээн байгуулалтын технологийн замд *** УБУ улсын дугаартай “Мицүбүши Л-200” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  заалтыг зөрчсөнөөс уг машинд сууж, явсан Нгийн биед баруун, зүүн хөхлөг сэртэн, баруун, зүүн чулуулаг яс, турк эмээлийг хамарсан хөндлөн хугарал, уртавтар тархины эдийн няцрал, элэгний эдийн задрал бүхий амь насанд аюултай гэмтэл учирч, амь нас нь хохирсон” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд  шилжүүлсэн.

3. Анхан шатны шүүх, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Үын гэм бурууг хянан хэлэлцээд шүүх хуралдаанд шинжлэн судалсан шүүгдэгч Ү /1хх 150/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т /1хх 32/, Г /2хх 232-233/, иргэний хариуцагч “Т” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч Т/2хх 234/, Б.Хулан /1хх 36/, гэрч А.Эрдэнэбаатар /1хх 39/, Н.Насанжаргал /1хх 44/ нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №02/037 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 98-99/, Ашид Билгүүн ХХК-ны №367 /1хх 111/, №370 /1хх 123/ дугаар автомашин техникийн эвдрэл, хохирлын талаарх үнэлгээний тайлан, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /1хх 129-131/, Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн №01/15 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 179-180/, осол хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/1хх 5-7/, гэрэл зургийн үзүүлэлт/1хх 8-11, 14-15, 18/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл/1хх 12, 16/ зэрэг нотлох баримтыг үнэлсэн нь үндэслэлтэй байх ба эдгээр баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ү “Т” ХХК-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дүгээр заалт буюу жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл, тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино”, 13.4 “ж” заалт буюу “замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт...гүйцэж, түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарч, уг автомашинд сууж, явсан Нгийн амь насыг хохироосон үйл баримт нотлогдон, тогтоогджээ.

4. Анхан шатны шүүхээс эдгээр нотлох баримтыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар зөв тайлбарлан,  хуулийг зөв хэрэглэж, Үыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 3 сар хорих ял оногдуулж, шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх журамд болон хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзнэ.

5. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял нь шүүгдэгч Үын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх ба оногдуулсан хорих ялыг тэнсэх нь шүүхээс зайлшгүй хэрэглэх хуулийн зохицуулалт биш юм.

6. Шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс учруулсан гэм хорыг арилгахтай холбоотой хуулийг зөв тайлбарлаж, 9,375,057 төгрөгийг шүүгдэгч Үаас, 47,520,000 төгрөгийг иргэний хариуцагч “Т” ХХК-аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т, Г нарт, 17,052,000 төгрөгийг шүүгдэгч Үаас  гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Б” ХХК-д олгохоор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т, Г нарын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 508 дугаар зүйлийн 508.1, Хөдөлмөрийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

7. Мөн Иргэний хариуцагч, ажил олгогч “Т” ХХК-аас Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дахь хэсэгт заасан /тус компанийн ажилтан үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан/-д үндэслэн ажил олгогчоос төлөх ёстой нөхөн төлбөрөөс 6,480,000 төгрөгийг хасч тооцож,  47,520,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор шийдвэрлэсэн нь буруу биш байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт, бичгийг нотлох баримт гэж үзэх ба  гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас 6,480,000 төгрөгийн  болон бусад зардлыг нэхэмжлэхдээ гараар бичсэн тооцоололд үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1,2, 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцээгүй, хэрвээ  холбогдох бараа, үйлчилгээг авсан баримтыг эх хувиар нь гаргаж, өгсөн нөхцөлд шүүхээс тэдгээрийг нотлох баримтаар тооцох эсэхийг хянаж, шийдвэрлэдэг учиртай.     

Улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас “...6,480,000 төгрөгийн зардлыг үндэслэлгүйгээр хасуулсанд гомдолтой” гэх боловч үүнийг нотолсон, нотлох баримтыг шүүхэд гаргаж, өгөөгүй байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргаж өгсөн, гараар бичсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх үндэслэлгүй юм.

8. Хэрэгт цугларсан нотлох баримтаар ажил олгогчийн зүгээс хохирогчийн ар гэрт оршуулгын зардалд нийт 11,963,700 төгрөгийг, шүүгдэгчээс шүүх хуралдааны өмнө 1,000,000, төгрөг, шүүх хуралдааны дараа 9,375,000 төгрөгийг тус тус төлсөн нь тогтоогдсон, оролцогчид энэ талаар маргаагүй.

 

9. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Гоос “...охины  амь насны хохиролд, дундаж наслалт 60 нас, цалингийн доод хэмжээ 700,000 гэж тооцон 285,600,000 төгрөгийг “Т” ХХК-аас нэхэмжилж, байна” гэх боловч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүйн зэрэгцээ анхан шатны шүүх хуралдаанаар энэ асуудлын талаар хэлэлцэгдээгүй, оролцогчид мэтгэлцээгүй мөн хэргийг хянан шийдвэрлэх явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т, Г нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Үын цагдан хоригдсон 46 хоногийг  ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                  Н.БОЛОРМАА