Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч М.Мөнхцэцэг

шүүгдэгч Б.Д түүний өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Дд холбогдох эрүүгийн 1705011890268 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастел нэртэй бааранд А.Бямбасүрэнмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хоёр найзтайгаа Кастел бааранд орсон. Өлгүүр дээр очоод хувцасаа авах гэтэл нэг өндөр биетэй залуу манай найзыг мөрлөсөн. Би тэгэхээр нь чи яаж байна гэж хэлэхэд цаанаас нь  нэг эмэгтэй гарч ирээд намайг цүнхээрээ цохисон. Намайг түлхээд, маажаад, зулгаагаад байсан. Тэгэхээр нь би нэг түлхсэн. Намайг хаалгаар түрүүлээд гараад явах гэтэл хамгаалагч намайг чи хүн зодчихлоо гэж хэлэхээр нь би хүн зодоогүй, юу яриад байгаа юм бэ гэхэд цагдаа дуудчихсан хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд бичлэг шүүж үзсэн. Тэгээд намайг  цагдаагийн хэсэг рүү авч явсан. Би бичиг баримтаа хүлээлгэж өгсөн. Тэнд нэг махлаг биетэй залуу чи манай найзын дүүг зодсон байна. Чамтай би хатуу үзнэ, шоронд суулгана гэж хэлсэн. Тэгээд намайг нэг цагаан өнгийн Приус маркийн машинд суулгасан. Тэр машин дотор хохирогч охин сууж байсан. Тэгэхэд намайг тэр хохирогчтой тохир гэж хэлсэн тэгэхээр нь би  тэгэх боломж байгаа юм уу гэхэд байгаа гэж хэлсэн. Нөгөө цагдаа гараад явсан. Буцаж орж ирээд 600.000 төгрөг өг гэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад тийм боломж байхгүй гэж хэлэхэд тэр цагдаа буцаад гарсан. Тэгээд дахин орж ирээд  500.000 төгрөг юм уу 600.000 төгрөг өг гэж хэлж байна гэж хэлсэн. Дахин гарч нөгөө хохирогч охиныг дагуулж орж ирсэн. Тэгээд би уучлалт гуйгаад би чамайг цохиогүй чи яагаад ингээд байгаа юм бэ гэхэд гэж хэлсэн. Тэгээд тэр охин чамд итгэж байна гэж хэлээд цагдаад гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгсөн.  Тэгээд би гадаа гарч ирэхэд хохирогч охины найзууд нь гээд 3 залуу над руу дайрсан. Чи миний найзыг зодсон би чамайг ална мөнгө өг гэсэн. Өглөөний 06 цаг болж байхад тухайн чи АТМ-нээс очиж мөнгө авч өг чиний дансанд 200.000 төгрөг байгаа тэрийгээ авч өг гэж хэлсэн. Тэгээд би АТМ ороод надад 100.000 төгрөг байна гэж хэлээд авч өгсөн. Хажууд нь байсан нэг охин наадах чинь баян хулгайч байна ахиухан мөнгө аваач гээд байсан.  Хохирогч охины нүүрэнд ямар нэгэн гэмтэл  харагдаагүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч А.Бямбасүрэнмаа мөрдөн байцаалтанд “Би 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэртээ амарч байгаад өөрийн найз Бүжинлхамын төрсөн өдрийг тэмдэглэж явъя гээд найз Мядаг, Цэдэнсодном, Бямбасүрэн нарын хамт Бүжинлхамын төрсөн өдрийг тэмдэглэхээр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хороололын Winsway нэртэй паабад 21:00 цагийн үед ороод бид хэд их олуулаа сууж юм ярьцгааж байгаад найз Бүжинлхамын төрсөн өдрийг тэмдэглэсэн юм. Тэгээд бид 23:00 цагийн үед тэндээсээ гараад Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах White House” нэртэй караокед ороод бид хэд хоёр цаг дуулж суусан юм. Тэгээд бид хэд тэндээсээ гараад Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастель” бааранд 01:00 цагийн үед ороод найзуудтайгаа ороод бүжиглэн сууж байгаад баар хаах гээд 03:40 цаг минутын үед явцгаая гээд хувцасны өлгүүрээс хувцасаа авах гээд эгнээд зогсож байтал нэг танихгүй залуу миний гар руу хальт цохихоор нь би хамт явж байсан эрэгтэй найз болох Зоригтбаатарт энэ залуу миний гарыг цохичихлоо гэхэд манай найз нөгөө залууг хөөе гэж дуудахад нөгөө залуу эргэж хараад шууд мангасдаад нэг өшиглөхөд би гар цүнхээрээ болиочээ гээд хий цохисон юм. Миний гар цүнхэнд байсан эд зүйлс газар унахад би тонгойгоод түүгээд авч байхад нөгөө гар цохисон залуу шууд миний нүүрэн  тус газарт хөлөөрөө юм уу гараа юм уу             цохисон юм. Намайг цохиход нэг залуу араас татаад холдуулсан юм. Би тэгээд цохиулахад миний хамарнаас цус гараад өөрөө нилээн манарч толгой эргэн хөл дээрээ зогсож ядан хана түшиж зогсоход манай найз Мядаг надад салфетик авчирч өгөөд цусаа арч гэсэн юм. Тэгээд манай найз охин цагдаа дуудаад бөөнөөрөө тэр залууг явуулахгүй зууралдахад цагдаа ирсэн юм. Тэгээд би тэр баарнаас гараад гэмтэл ороход миний хамар хугарсан байна гэж гэмтлийн эмч хэлээд миний цусыг өгөөд намайг явуулсан юм. Тэгээд би цагдаа дээр ирээд нөгөө залуутай уулзаад өргөдөл өгөх гэтэл өөрөө надаас цагдаагийн хажууд ингээд тохиролцоод өөрийнхөө таньдаг эмнэлэг рүү очоод эмчлүүлээд өгье гэхээр нь би гомдол саналгүй бичиг хийж өгөөд явцгаасан юм. Тэгээд маргааш өдөр нь надтай 16:00 цагийн үед холбоо бариад чи их дэлгүүрийн энд хүрээд ир би чамаас бичиг баримтаа авмаар байна гэхэд би очоогүй юм. Тэр үед эмнэлэг явъя гэж хэлэх юм болов уу гэж бодож байтал бичиг баримтаа надаас нэхээд байсан. Тэгээд би нэг их хариу хэлээгүй ярьсан юм. Тэгээд над руу 18:00 цагийн үед дахиж залгаад чи одоо яачихваа би хүлээгээд байна гэхэд би наад эмнэлэг чинь хаачихдаггүй юм уу өнөөдөр чинь бүтэн сайн өдөр шүү дээ гэхэд чи одоо хаалгаж яах гээв гээд намайг элдэвээр загнаж байснаа тасалчихсан юм. Тэгээд би ердөөсөө хууль хяналтын байгууллагад өргөдөл гаргаж хуулийн дагуу шийдүүлж явъя гэж бодсон юм” /хх-ийн 8-9/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Т.Энхтуяа /Кастел баарны ерөнхий зохион байгуулагч ажилтай/ мөрдөн байцаалтанд “Би 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө баар хаах гээд 03:40 цаг минутын үед өөрийн хяналтын камерын өрөөнөөс гараад явж байтал миний урд нэг хамгаалагч гар утсаа оролдоод сууж байхаар нь цаана хувцасны өлгүүрийн тэнд хоёр залуу бие биенийгээ барьж авсан олон хүн бужигнаад байхаар нь тэнд зодоон болж байна гээд хамгаалагчдаа хэлээд тийшээ явж зохицуулалт хий гээд явуулсан юм. Тэгээд би мөн хамт очоод харахад нэг охин хамараа барьчихсан зогсож байхаар нь би чамайг хэн ийм болгочихвоо гээд асуутал тэр охин тэр шар куртиктэй залууг гэж хэлж байсан юм. Тэгээд тэр шар куртиктэй залуу цохичихоод гараад явахаар нь би хамгаалагчдаа хэлээд явж авчир гээд хамгаалагчдаа хэлээд авчруулсан юм. Тэгээд би цагдаа дуудаад цагдаа ирэхээс өмнө нь хяналтын камерын бичлэг шүүж үзэх гээд хяналтын камерын өрөөрүү орж шүүж шалгахад шар куртиктэй залуу тэр охиныг яалт ч үгүй хамар руу нь гараараа хүчтэй цохиж байсан. Харин хөлөөрөө өшиглөж байсан гэхдээ нүүр рүү нь цохиогүй, гараараа цохиход л тэр охины хамарнаас цус гарсан юм. Тэгээд яг цохисон нь үнэн юм байна гэж бодоод цагдаа ирээд хяналтын камер үзнэ гэж бодоод байж байсан юм. Тэгээд маргааш цагдаа ирээгүй болохоор нь нөгөө охинтойгоо учраа олсон юм байх гэж бодсон юм. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 29,30-нд цагдаа ирээгүй болохоор нь 31-ний өдөр манай баар онгойгоогүй хаасан юм. Тэгээд над руу цагдаагаас залгаж яаралтай хяналтын камер шүүх шаардлагатай байна гэж хэлсэн боловч би Эрээнд ажлынхантайгаа явж байсан болохоор боломжгүй байна гэж хэлсэн юм. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр баар онгойход цагдаа ирээд бичлэг авах гэсэн боловч уг хяналтын камерын бичлэг устчихсан байсан. Тэгээд би тэр өдөр болсон бүх процессийг үнэнээр нь цагдаад хэлсэн юм” /хх-ийн 10/ гэсэн мэдүүлэг

 

Гэрч Т.Эрболд мөрдөн байцаалтанд” Би 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой би өөрийн ажил болох “Кастель” бааранд 21:00 цагийн үед ирээд хувцасаа солиод ажпаа хийсэн юм. Тэгээд баар хаах үеэр 03.30 минутын үед өлгүүрийн урд том коридорт хоёр залуу хэдэн охидуудтай маргалдан хэрэлдэж байсан юм. Охидуудтай явж байсан гэх нэг залууг хоёр залуугийн нэг нь нилээн хүчтэй цохиход нөгөө залуу хойшлоод охидууд нь болиочээ гээд хамгаалахад дахиад хүчтэй тэр залууг цохисон юм. Тэгээд хоёр цохиж байхад хоёр залуугийн нэг нь ална шүү пизда минь гээд нилээн ууртай хэлж байсан Тэгэхэд тэр хоёр залуу гарах гээд гарч явахад нөгөөх охидууд гаргахгүй гээд зуурахад нэг залуу нь нэг охиныг нүүрэн тус газар их л хүчтэй цохисон юм. Би тэгээд болиоч гээд тэр цохисон залууг хойноос нь татаад салгахад нөгөө хоёр залуу гараад явчихсан.  Тэгээд би нөгөө охиныг харахад цус гарчихсан хоёр найзын хамт зогсож байхаар нь хамгаалагч ах Нандиад нөгөө хоёр залууг бариад аваараа нөгөө охиныг нилээн хүчтэй цохисон шүү гээд араас нь Кастел баарны үүдэнд хамгаалагч ах нар тэр хоер загууг барьж аваад тэндээсээ цагдаа дуудаад ирсэн юм. /хх-ийн 12/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Баянгол дүүргийн 1 дүгээр цагдаагийн хэлтэсийн мөрдөгч Б.Хатанболд мөрдөн байцаалтанд “Би 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Тайшир-112 чиглэлийн авто машинтай 24 цагаар хугацаанд Мандах-Эрдэний хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. ...Бичилийн тасаг дээр хүн зодсон согтуу хүн байна гэсний дагуу дуудлаганд очоод буцах замдаа Бичлийн тасгаар дайрч тухайн согтуу хүнийг авах гэхэд хохирогч нь машинтай байсан тул тус машинаар нь хүмүүсийг нь суулгаж цагдаагийн хэлтэс дээр авчирсан, тухайн үед хүн зодсон гэх залуу нь надад хандан би төрийн албанд ажилладаг хүн эрүүлжүүлэх байранд хономооргүй байна, энэ хүнтэй тохироод гарч болох уу гэхэд нь би болохгүй гэж хэлэхэд нь гуйгаад байхаар нь би тухайн эмэгтэйтэй уулзахад тохирч болно та нар өөрсдөө хоорондоо уулзаж ярилцаж байж бол гээд тухайн эмэгтэйг эрүүлжүүлэх байрны үүдэнд оруулж байгаад тухайн зодсон залуутай уулзуулсан, тэр үед бид хоёр хоорондоо тохиролцсон гээд эрүүлжүүлэх байранд оролгүй гараад явсан. Тэгээд би тэд нарыг та нар өөрсдөө хоорондоо учраа ол гээд хэлтсийн жижүүрийн хүлээлгийн танхимд оруулж өгөөд явсан.... Би тухайн холбогдогч, хохирогч хоёрыг хооронд нь уулзуулахад бид хоёр хоорондоо тохиролцсон, ямар нэгэн гомдол санал байхгүй гэж эмэгтэй нь хэлэхээр нь би цагдаагийн хэлтэс рүү оруулаад гараад явсан”/хх-ийн 30/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Цэдэнсодном мөрдөн байцаалтанд “2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай найз охин Бүжинлхамын төрсөн өдөр болоод орой 21 цагийн үед Бүжинлхам, Бямбасүрэнмаа, Мядаг, Зоригтбаатар нарын хамтаар хорооллын “Winsway” гэх газрын пабад уулзаад хоол идээд 0,75 гр Чингис нэртэй 1 шил архи авч ууж байгаад 23 цагийн үед гарсан, тэгээд тэндээсээ гараад караокед орж дуулаад бас дахин 1 шил архи уугаад 2 цаг дуулж байгаад гараад 01 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах Кастел бааранд орж дахин хүний 2 шил пиво авч уугаад бүжиглэж байгаад баар хаах гэж байхад гарах гээд хувцсаа авах гээд өлгүүрний урд талд зогсож байгаад гадна хувцасаа аваад эргээд хартал манай найз Бямбасүрэнмаагийн хамарнаас цус гарчихсан хана түшээд зогсож байхад манай найз Мядаг, Зоригтбаатар нар харсан байсан ба тухайн цохисон гэх залууг бариад ав гэж хэлэхэд нөгөө залуу гараад үүд рүү зугтаад машин орж ирдэг хэсэг дээр гүйж байхад нь тухайн баарны хамгаалагч нар барьж аваад цагдаа дуудаад манай найзыг цохисон залууг өгөөд явуулсан”  /хх-ийн 32/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Мядаг мөрдөн байцаалтанд “2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай найз охин Бүжинлхамын төрсөн өдөр болоод орой 21 цагийн үед Бүжинлхам, Бямбасүрэнмаа, Цэдэнсодном, Зоригтбаатар нарын хамтаар хорооллын “Winsway” гэх газрын пабад уулзаад хоол идээд 0,75 гр Чингис нэртэй 1 шил архи авч ууж байгаад 23 цагийн үед гарсан, тэгээд тэндээсээ гараад караокед орж дуулаад бас дахин 1 шил архи уугаад 2 цаг дуулж байгаад гараад 01 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах Кастел бааранд орж дахин хүний 2 шил пиво авч уугаад бүжиглэж байгаад баар хаах гэж байхад гарах гээд хувцасаа авах гээд өлгүүрний урд талын буйдан дээр сууж байхад Бямбасүрэнмааг нэг танихгүй залуу мөрлөөд гарахад Бямбасүрэнмаа нь хэрүүл хийхэд нөгөө залуу нь маргалдаад зогсож байхад Зоригтбаатар нөгөө залууд чи эмэгтэй хүнээс уучлал гуйхгүй юу гэхэд нөгөө залуу Зоригтбаатарыг мангастаад хөл рүү нь өшиглөхөд тэр хоёр хоорондоо зодолдох гээд байхад хамгаалагч нар нь салгасан, тэгээд
Бямбасүрэнмаа нь нөгөө залууг цүнхээрээ цохиход дотор нь байсан бүх зүйлс тараад газарт унасан ба Бямбасүрэнмаа бид хоёр түүнийг нь түүгээд тонгойж байхад нөгөө залуу нүүр рүү нь өшиглөж цус гаргасан. Тэгээд нөгөө залуу нь зугтаагаад гараад тухайн баарны хамгаалагч нар барьж аваад цагдаа дуудаад өгөөд явуулсан”  /хх-ийн 35/ гэсэн мэдүүлэг,

 

 

Сэжигтнээр Б.Д мөрдөн байцаалтанд ”Би 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилших шөнө манай ажлын сагсны тэмцээн дуусаад гадуур явж байтал 02:00 цагийн үед Амгаланбаатар гэх найз маань над руу залгаад чи хаана байна хүрээд ирээч гэхээр нь би хаана байгааг нь асуугаад Эканто цогцолбор хороололоос такси аваад Баянгол дүүргийн 6 дугаар бичил хороололын тэнд байрлах Кастел баарны үүдэнд ирээд дотогш орсон. Тэгээд хоёр найзтайгаа очиж уулзаад бааранд бүжиглэж, хоорондоо сууж юм ярьж
байгаад баар хаах гээд 03 цаг 50  минутын үед үүдний өлгүүрийн тэнд хувцасаа авах гэж очоод манай найз Амгаланбаатар нь хувцас авах гэтэл өөрөөс нь өндөр залуу манай найзыг мөрлөсөн юм. Тэгээд маргалдаад хажуугаар нь ороод мөрлөн түлхэж салгасан юм. Тэгээд цаанаас нэг эмэгтэй ирээд цүнхээрээ цохиод өшиглөөд миний баруун гарыг майжсан юм. Тэгэхээр нь гар майжлаа гээд нөгөөх эмэгтэйг түлхэн холдуулахад дахин над руу дайрч давшилахад миний араас нэг хүн татаад салгахаар нь би гадагшаа гараад яваад өгсөн юм. Тэгээд баарнаас гараад явж байхад уг баарны хамгаалагч нар гарч ирээд над дээр хүрч ирээд хөгшөөн чи байж бай хүн зодсон юм шиг байна цагдаа дуудчихсан байна гэхээр нь үүдэнд нь очоод зогссон юм. Тэгээд намайг хоёр цагдаа бичил хорооллын ард байдаг цагдаагийн салбар дээр авч очоод биед байгаа бүх эд зүйлсийг хурааж авсан юм. Тэгээд цагдаа нар хяналтын камерийн бичлэг шүүж үзнээ чи байж бай нөгөө эмэгтэй чинь гэмтэл явсан гэхээр нь би хүлээсэн юм.  Тэгээд удалгүй байж байтал шар хантаазтай цагдаа орж ирээд миний бичиг баримтыг нөгөөх цагдаагаас хүлээж аваад намайг цагаан өнгийн Приус -20 маркийн автомашины арын суудал руу шахаж суулгасан юм...Тэгээд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн үүдэнд машинтай ирээд тэр залуу намайг авч ороод тухайн үед ээлжинд гарч байсан цагдаад миний бичиг баримтыг өгөөд эрүүлжүүлэх байр руу хамт орох гээд байхаар нь би тийшээ чинь орохгүй ээ эндээс би гармаар байна гэхэд цагдаа залуу тэгвэл чи тэр хүнтэйгээ тохирчих гэхээр нь би тэгье намайг уулзуулчих гэхэд ердөөсөө уулзуулахгүй байсан. Тэгээд нөгөөх цагдаа би та хоёрын хооронд яриад өгье гээд гарч яваад нөгөөх цагдаа 10 минутын дараа буцаж орж ирээд чамайг 500000 төгрөг юм уу 600000 төгрөг өгчих гэж байна гэж надад дамжуулан хэлээд мөнгө өгчихвөл тохирьё гэж байна гээд хэлэхэд нь би надад тийм их мөнгө байхгүй ээ дараа болвол болноо гээд хэлээд намайг уулзуулаад өгөөч гээд хэлсэн юм. Тэгээд нөгөө цагдаа дахиж гадагш гараад хохирогчтой уулзаад дахиж орж ирээд мөнгө өгөхгүй бол гомдолтой гээд байнаа одоо тэгвэл эндээ эрүүлжүүлэхэд хоночихоод маргааш өглөө учраа ол гээд цагдаа тэгсэн юм Тэгээд би за тэгвэл тохирьё би энд хономооргүй байна асуудлаа шийдье гэсэн. Тэгээд өнөөх цагдаа нөгөө эмэгтэйг гаднаас дагуулж орж ирээд надтай уулзуулаад чиний царай яагаа ч үгүй байна шүү дээ би чамайг цохиогүй чи яагаад ингээд байгаан бэ гээд хэлэхэд тэр охин юм дуугараагүй юм. Тэгээд би тэр охинд тохирьё надад байгаа мөнгө нь 100000 төгрөг байна гээд хэлэхэд давхар чи миний бүх бичиг баримтыг аваа би маргааш чамтай уулзаад авья гэсэн юм. Тэгээд тэр охин гомдол саналгүй гээд бичгийн цаасан дээр бичүүлж аваад тэр өргөдлийн доор нь би энэ эмэгтэйг цохиогүй ээ би энэ эмэгтэйтэй тохиролцож байна гэсэн утгатай зүйл бичээд тэр цагдаа авч үлдсэн юм. Тэгээд миний бичиг баримтыг цагдаа тэр охинд өгөөд тохирч байгаа юм чинь тохиролцсоныхоо дагуу энэ охинд бичиг баримтыг өглөө гэж асуухад нь би тэгээд өгчих гээд тэр цагдаад хэлсэн юм. Тэгээд тэр махлаг цагдаа нь намайг драгер авчраад үлээлгэхэд 0.10 хувьтай гарч ирэхэд нөгөөх цагдаа чи зүгээр байна шүү гэхэд би угаасаа архи дарс согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гээд хэлээд цагдаагийн хэлтсээс нөгөө охин болон цагдаагийн хамт гурвуулаа цуг гарсан юм. Тэгээд мөнгө төгрөг авалцах дээрээ тулаад тэр охины цуг явж байсан цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашинд суугаад модны хоёрын дунд замын Гранд хилл зочид буудлын эсрэг талын Хаан банкны АТМ дээр очоод мөнгө авч өгөх гэсэн чинь чиний дансанд 200000 төгрөг байгаан бол наад мөнгөө бүгдийг нь өг өгч чадахгүй бол буцаж очоод цагдаа дээрээ очиж хоно гээд тэр охины найзууд нь тэгж хэлээд байсан. Тэгээд би 200000 төгрөг өгч чадахгүй ээ би өөрөө маргааш хэрэгцээндээ зарцуулна би чамд 100000 төгрөг өгнө, тэгээд маргааш хамранд чинь эмчилгээ хийлгэж өгнө гээд хэлээд 100000 төгрөгийг нь аваад нөгөө охинд өгөхөд нөгөө охин авахгүй надад итгэхгүй чи ингээд алга болчвол би яахын гээд байхаар нь би чамд миний бичиг баримт байгаа маргааш би таньдаг эмнэлэгээрээ явж үзүүлээд өгье гэж хэлсэн юм. Тэгээд машинд нь суугаад Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн энд ирээд надаас дахиж мөнгө нэхээд байсан бөгөөд намайг дарамтлаад дахиж мөнгө гаргаж өг гээд байсан тэгээд хажууд нь сууж байсан найз охин нь наад мөнгийг нь битгий ав наадахаа буцаагаад цагдаад нь өг хий гээд байсан. Тэгээд би гуйгаад наад 100000 төгрөгөө авчихаа маргааш өглөө  хамрыг чинь эмнэлэгт үзүүлээд өгье гээд хэлээд машинаас буугаад гэртээ орж амарсан юм. Тэгээд үдээш хойш 12:00 цагийн үед нөгөө охины гар утас руу залгахад гар утас нь холбогдох боломжгүй гурван удаа залгаж үзсэн, өдөр нь над руу өөрөө 16.00 цагийн үед залгаад сайхан амарсан уу чи хаана байгаа юм бэ гэхээр нь би их дэлгүүр дээр байна чиний гар утас чинь холбогдох боломжгүй байсан одоо чи хүрээд ирэх үү гээд хэлтэл нөгөөх охин би одоо хоолонд орох гэж байна хоолоо идчихээд яваад очьё гээд таслаад нилээн удаан хүлээсний эцэст 1 цагийн дараа тэр охин руу залгаад чи яаваа би хүлээгээд байна гэхэд тэр охин би эгчийгээ хүлээгээд байна манай эгч харин ирдэггүй ээ ирэхээр нь яваад очьё гэсэн. Тэгэхээр нь би за гээд дахиж хүлээгээд 19:00 цаг өнгөрч байхад нөгөө охин над руу залгаад нөгөө охины эгч нь бололтой чи яахаараа их дэлгүүрийн тэнд хүлээдэг юм. Яасан том амьтан бэ чам дээр яахаараа бид нар очих ёстой юм бэ гээд чи ямар пээдгэр юм бэ гээд гар утсаа тасалчихсан юм. Тэгэхээр нь би буцаагаад залгаад яасан юу болсон бэ чамтай би тохирохоо болилоо цагдаа дээр ирж уулзаарай, асуудлыг шийддэг газраар нь шийдүүлнэ гээд нөгөө охин гар утсыг нь аваад миний толгой маань өвдөөд байна гээд гар утсаа тасалчихсан юм. Тэгээд би дахиж буцаагаад залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд би 2017 оны 10 дугаар сарын 29-ний орой Баянголын цагдаа дээр ирээд энд нэг охин ирээд гомдол өгсөн юм болов уу гээд цагдаагаас асуухад тийм өргөдөл ирээгүй байна гэсэн юм. Тэрнээс хойш би тэр охинтой холбогдоогүй юм...”/хх-ийн 18-20/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13622 дугаартай “А.Бямбасүрэнмаагийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ  гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.Д хувийн байдалтай холбоотой: ял шалгах хуудас /хх-ийн 23/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Д 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастел нэртэй бааранд А.Бямбасүрэнмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:

хохирогч А.Бямбасүрэнмаагийн”...миний гар цүнхэнд байсан эд зүйлс газар унахад би тонгойгоод түүгээд авч байхад нөгөө гар цохисон залуу шууд миний нүүрэн  тус газарт хөлөөрөө юм уу гараа юм уу цохисон юм. /хх-ийн 8-9/,

гэрч Т.Энхтуяагийн “...би цагдаа дуудаад цагдаа ирэхээс өмнө нь хяналтын камерын бичлэг шүүж үзэх гээд хяналтын камерын өрөө рүү орж шүүж шалгахад шар куртиктэй залуу тэр охиныг яалт ч үгүй хамар руу нь гараараа хүчтэй цохиж байсан...”/хх-ийн 10/, гэрч Т.Эрболдын “...тэр хоёр залуу гарах гээд гарч явахад нөгөөх охидууд гаргахгүй гээд зуурахад нэг залуу нь нэг охиныг нүүрэн тус газар их л хүчтэй цохисон юм...” /хх-ийн 12/, гэрч Ц.Цэдэнсодномын “...эргээд хартал манай найз Бямбасүрэнмаагийн хамарнаас цус гарчихсан хана түшээд зогсож байсан... /хх-ийн 32/, гэрч С.Мядагын “...Бямбасүрэнмаа нь нөгөө залууг цүнхээрээ цохиход дотор нь байсан бүх зүйлс тараад газарт унасан ба Бямбасүрэнмаа бид хоёр түүнийг нь түүгээд тонгойж байхад нөгөө залуу нүүр рүү нь өшиглөж цус гаргасан...” /хх-ийн 35/  гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

Прокуророос Б.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Д.г гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Дд шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзсан болно. 

 

Хавтаст хэргийн 17 дугаар талд Гоёл медикал эмнэлгийн “хамар янзлуулах хагалгаа хийлгэх нь үнэн болно, хагалгааны үнэ 1.200.000 төгрөг “ гэсэн баримт авагдсан байна.

 

Энэхүү баримт нь хохирогчоос цаашид гарах зардалд хамаарах тул шүүх хэлэлцэхгүй орхиж А.Бямбасүрэнмаа эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох  баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.Д-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт хавсаргагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар “...Д гэм буруутай гэж мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотлогдож тогтоогдоогүй тул цагаатгаж өгнө үү” гэсэн санал дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч Б.Д, хохирогч А.Бямбасүрэнмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь түүний гэм буруутайг нотлосон дээрх баримтуудаар нотлогдож тогтоогдсон бөгөөд Б.Д “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдээгүй гэх байдал тогтоогдоогүй байх тул түүний өмгөөлөгчийн санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.