Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 72

 

Б.Нт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 175 дугаар магадлалтай, Б.Нт холбогдох 1818005950338 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, И овогт Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Н гаргасан гомдолдоо: “...Би анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээний зардалд 270.000 төгрөг төлж барагдуулсан. Би өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хүүхэд маань 10 настай, 6 дугаар ангид сурдаг. Би цайны газарт ажиллаж сард 250.000 төгрөгний цалин авдаг учир энэ байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор М.Буяннэмэх хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Нийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Нийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуульд заасан шаардлагыг хангажээ.

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт, 3 дугаар Цэцэрлэгийн хажуу талын гудамжинд П.Бтэй маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, дух, баруун шанаа, доод уруул, хүзүүний зүүн хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын дээд хэмжээг сонгон оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч Б.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн эмчилгээний зардалд 270.000 төгрөг төлж барагдуулсан, бага насны хүүхдийн хамт амьдрах өрх толгойлсон эмэгтэй бөгөөд амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг хөнгөрүүлэх тухай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас         ТОГТООХ НЬ:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И овогт Б.Нт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт болон Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

                                                          ДАРГАЛАГЧ,                                   Б.ЦОГТ

                                                          ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН