Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/20

 

 

Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Д,

Шүүгдэгч: Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ч /зайнаас цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, ерөнхий шүүгч Ж.Байгалмаа, Замын-Үүд сумын Сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ж.Дийн давж заалдсан гомдлоор шүүгдэгч Дд холбогдох 2219000000359 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Д

2. Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, ***од амь хохирогч Сг бусадтай архи уулаа гэх зүйлээр шалтаглан зодож, “хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн бугалга, баруун, зүүн шуу, цээжний цус хуралт” бүхий гэмтэл учруулж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Аөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч *** Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дийн цагдан хоригдсон 182 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 23.120.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж,

Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

5. Шүүгдэгч Д давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би элэгнээс үүдэлтэй доод мөчний хаван гэдэг өвчинтэй тэнцэж байна. ... Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж буйгаа илэрхийлж, гэмт хэрэг хийсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэснийг үндэслэн, хуульд заасан хохирол, гомдлыг барагдуулсан бол хөнгөрүүлэх гэсэн үндэслэлээр оногдуулсан шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү хэмээн гомдол гаргасан.” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Миний үйлчлүүлэгч ... гэм буруугийн асуудал дээр маргаан үүсгээгүй. ... Анхан шатны шүүхийн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах зарчмын дагуу хуульд заасан эрүүгийн хариуцлагын хамгийн бага хэмжээгээр буюу 8 жилээр оногдуулсан боловч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...” гэсэн заалтыг бүрэн хэрэглэх боломжтой байна. Энэ байр сууриа дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх Дийн давж заалдсан гомдолтой холбогдуулан энэ заалтыг хэрэглэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялаас нь багасгах бүрэн боломжтой.” гэв.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Хохирогчийн өсвөр насны хүү, мөн Дийн хоёр хүү үлдэж байдаг. Д ял шийтгэлээ эдлээд энэ гурван хүүхдийн төлөө ажил хийж, амьдрах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгуулаарай гэж ар гэрийнхэн нь хэлсэн. ... Д өөрөө өрөөсөн нүдтэй, нэг нүд нь хараагүй болсон, мөн элэгний хатууралтай юм байна лээ. ... Миний хувьд үйлчлүүлэгчийнхээ байр суурийг илэрхийлээд оролцож байна. ... Мөн шүүгдэгчийн ээж нь байдаг ч байнга унаж татдаг юм байна лээ. ... Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй гэж хохирогчийн талаас хэлдэг.” гэв.

8. Прокурор Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүхээс Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2, 6.5, 6.6-д зааснаар яллагдагчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн арга барилыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх зэрэг бүх талын нөхцөлийг харгалзан оногдуулсан байна. Өнөөдрийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн нотлох баримтыг давж заалдах гомдолдоо хавсаргаагүй байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох бодит үндэслэл өнөөдрийн шүүх хуралдаанд тогтоогдоогүй байна. Хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь нийгэмшүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхэд оршино. Тухайн ялыг эдэлж байх хугацаандаа хорих байгууллагаас зан үйлээ засах сургалтуудад хамруулна. Иймээс нийгэмшүүлэх гэдэг үндэслэлээр ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн түүний ял эдлэхэд саад болохуйц өвчтэй гэж байгаа асуудал нь мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар зохицуулагддаг. Тусгайлсан эрх зүйн харилцаагаар зохицуулж ялаас чөлөөлөх зохицуулалт үйлчилдэг гэж заасан байх тул шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Дийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Аөөс  шүүгдэгч Ж.Дийг 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, ***од амь хохирогч Сг бусадтай архи уулаа гэх зүйлээр шалтаглан зодож, “хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн бугалга, баруун, зүүн шуу, цээжний цус хуралт” бүхий гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт  үйлдэж, хэргийг  хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүгдэгч Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Энэ нь шүүгдэгч Д нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Тийн мэдүүлэг/1хх 21-22/, насанд хүрээгүй гэрч Эын мэдүүлэг /1хх 32-33/, гэрч Нийн мэдүүлэг /1хх 36-37/, насанд хүрээгүй гэрч Эын мэдүүлэг /1хх 43-44/, гэрч Бын мэдүүлэг /1хх 48-49/, гэрч Эы мэдүүлэг /1хх 53/, гэрч Эийн мэдүүлэг /1хх 66-67/, насанд хүрээгүй гэрч Цийн мэдүүлэг /2хх 08-10/, Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 12 сарын 26-ны өдрийн 02/067 /1хх 87-89/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 457 дугаартай дүгнэлт /2хх 131-135/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг шийдвэртээ үндэслэсэн нь нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг зөрчөөгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй болно.

3. Хохирогч С нь  “их тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлөгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт” гэмтлийн улмаас дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн алдагдал үүсч тархины эрс илэрсэн хавангаар хүндэрч нас барсан, түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж багатай байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэхүү амь насанд аюултай хүнд гэмтлийг шүүгдэгч Д нь хохирогчийг түлхэж унагах, хана мөргүүлэх зэргээр зодож учруулсан нь насанд хүрээгүй гэрч Э, Ц, Э нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Энэ нь анхан шатны шүүх шүүгдэгчийн энэхүү гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч үхэлд хүрч, эдгээр нь хоорондоо шууд шалтгаант холбоотой буюу хор уршгийг зориуд бий болгосон үр дагавартай гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Өөрөөр хэлбэл хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд хохирогч хэдийгээр гэмтлийг авсан даруйдаа нас бараагүй 4 хоногийн дараа нас барсан боловч энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Учир нь “Хүнийг санаатай алах” гэмт хэргийг “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргээс ялгаж зүйлчлэхэд гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг үйл баримтууд хамааралтай.

Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Д нь хохирогчийг түлхэж унагах, хана мөргүүлэх зэргээр зодохдоо энэхүү үйлдэл нь хохирогчийн бие махбодыг үхэлд хүргэх аюултай гэдгийг ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд ийнхүү өөрийн санаатай үйлдлээрээ уг аюулыг бий болгосон, мөн хохирогчийн амь нас хохироход хүргэсэн гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалсан буюу шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бус бусад өөр хүчин зүйлийн улмаас хүндэрч амь насаа алдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

4. Шүүгдэгч Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Тийн нэхэмжилсэн хохирогчийг оршуулахтай холбоотойгоор гарсан зардалд нийт 23,120,000 төгрөгийг төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өөр иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

5. Анхан шатны шүүхээс иргэдийн төлөөлөгч Бгаас шүүгдэгч Ж.Дийг гэм буруутай  гэсэн санал гаргасныг үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  35.26 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д нийцсэн.

6. Шүүгдэгч Д нь анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хүлээн авч хангах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.4-т зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болох боловч энэ нь шүүхээс зайлшгүй заавал хэрэглэх зохицуулалт биш бөгөөд шүүгдэгч Дд оногдуулсан ялыг ийнхүү хөнгөрүүлэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзэв. 

Учир нь анхан шатны шүүхээс шүүгдэгч Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт оногдуулах хуульд заасан хамгийн доод хэмжээгээр буюу 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 6.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн, гэм буруугийн зарчимд нийцсэн. 

Иймд шүүгдэгч Ж.Дийн ял хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Дийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Дийн цагдан хоригдсон 50 хоногийг  ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                  Н.БАТЧИМЭГ