Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 131

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Б.Нямханд

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн шүүгдэгч:

Мт холбогдох 1705017210022 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.М 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын ачиж буулгах цэг дээр иргэн Д.Батбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.  Хохирогчийн хохиролд нийт 907.000 төгрөг төлсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

          

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Батбаатар мөрдөн байцаалтанд “2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед ажлаа хийгээд дуусаад хувцасаа сольж байгаад цээж нүцгэн зогсож байтал та яагаад хувцасаа сольдог юм бэ вагоны хаягийг нь та солино биз дээ гэж манай ажлын хамт ажилладаг залуу М хэлсэн тэгэхээр нь би ах нь уржигдар сольсон өнөөдөр миний ээлж биш гэж хэлсэн чинь над руу М чи яадаг гөлөг вэ гэхээр нь би гутлаа сольж байж таарсан ба би тэр гутлаараа зөөлхөн нэг нуруу руу нь цохисон чинь М шууд над руу дайраад намайг заамдаад авахаар нь би гараас нь салах гэтэл шууд миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд миний хамраас цус гараад миний хамар муруйгаад баруун хацар руу наалдсан байсан. Тэгээд миний нүдний ухархай бас гэмтсэн би бага зэрэг манарч доошоо суугаад эмнэлэг явсан...Гэмтлийг М  нэг удаа цохиж учруулсан” /хх-ийн 11/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Самданбаяр мөрдөн байцаалтанд“...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бид нар ажил тарах гээд ажил дээрээ байж байсан бид нар нэг нэгээрээ орой болгон вагоны хаяг сольдог юм. Тэгээд Батбаатарын хувьд гэвэл хаяг солих ээлжээ хаяад явдаг тал бий. Тэр өдөр М Батбаатарт өнөөдөр таны ээлж та явах гэлээ гэтэл Батбаатар ах гутлаараа шилэн хүзүү рүү нь цохисон тэгсэн чинь М та битгий давраад байгаарай гээд эргэж хараад Батбаатарын нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд Батбаатарын хамраас цус гарч байсан” /хх-ийн 13/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14969 дугаартай дүгнэлтэнд: Д.Батбаатарын биед зүүн хоншоор ясны урд ханын хугарал, зүүн  талын ухархайн доод ханын хугарал, хамар ясны нийлмэл хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн шанаа, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 16/,

 

Сэжигтнээр М.Мын ”2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн үед Улаанбаатар төмөр замын ачиж  буулгах цех дээр ажил тараад гэртээ харих гээд хувцас солих өрөөн дотор ортол хаяг солих ээлжтэй байсан Батбаатар ах гэртээ харих гээд хувцасаа сольж байсан тэгэхээр нь би та вагоны  хаягийг солиоч өнөөдөр таны ээлж биз дээ гэж хэлэхэд би өмнөх 7 хоногт хийсэн гэхээр нь би за за нэгэнт хувцасаа сольсон юм чинь та яваач дээ гэж хэлсэн чинь Батбаатар ах чи мэддэг болсон уу гэж хэлээд шилэн хүзүү рүү ажлын гутлаар цохихоор нь миний уур хүрээд эргэж хараад нүүр рүү заамдаж байгаад нэг удаа гараараа цохисон. Би эмчилгээний төлбөр 400000 төгрөг өгсөн. Өөр нэхэмжлэх зүйл байвал би барагдуулна...” /хх-ийн 29/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 35/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 36/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.М нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын ачиж буулгах цэг дээр иргэн Д.Батбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Батбаатарын”...М шууд над руу дайраад намайг заамдаад авахаар нь би гараас нь салах гэтэл шууд миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон...” /хх-ийн 11/,  гэрч Б.Самданбаярын”...М та битгий давраад байгаарай гээд эргэж хараад Батбаатарын нүүр рүү нэг удаа гараараа цохисон...” /хх-ийн 13/,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14969 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/, толгойн компьютерт томографийн шинжилгээний хуулбар /хх-ийн 17/, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 18-21/, хохиролын баримтууд /хх-ийн 24-25/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч М.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч М.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурьдаж байна.