Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Б.Бямбадагва,

хохирогч Д.Нямдорж,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Б-д холбогдох 1705012550061 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.Б 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Нямдоржийг “машин хааж тавилаа” гэх шалтгаанаар зодож түүний биед тархи доргилт, цээж баруун сарвуу, бүсэлхийд цус хуралт зулгаралт, нэг шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Прокурорын яллах дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч байгаа. Би өглөө гэрээс гарч ирээд машинаа унаад явах гэтэл миний машиныг гарах боломжгүй болгоод хаагаад машин тавьсан байсан. Би цаг орчим хүлээсэн. Тэгтэл Нямдорж ирээд машиндаа суучихаад машинаа хөдөлгөхгүй суугаад байсан. Тэнд байсан хүмүүс машинаа холдуулаач гэж Нямдоржид хэлээд байхад тоохгүй байснаас болж миний уур хүрсэн. Хохиролыг баримтын хэмжээнд төлнө гэв.

 

 

Хохирогч Д.Нямдорж шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн өдөр би хүүхдээ цэцэрлэгт өгөх гээд машинаа түр тавьчихаад гараад ирсэн чинь Б намайг элдвээр хэлж доромжилж газар шавхайн дээр унагаж багалзуурдсан. Би Бийг үг хэлээр доромжлоогүй. Уг нь би машиндаа утасны дугаараа тавиад орхидог юм. Тэр өдөр утасны дугаар бичсэн цаас доошоо унасан байсныг би анзаараагүй байна лээ. Би хохиролтой холбоотой баримтуудаа бүрдүүлж амжаагүй байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Нямдорж мөрдөн байцаалтанд” 2017 оны 9 дүгээр сарын 21-ний  өглөөний 08 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 157 дугаар цэцэрлэгт хүүхэд хүргэж өгчихөөд гарч ирээд цэцэрлэгийн зогсоол дээр байгаа машиндаа сууж байтал 06-60 УБВ улсын дугаартай Ниссан маркийн улаан хүрэн өнгөтэй машины жолооч машинаасаа бууж ирээд намайг машин хаагаад тавьчихсан байна пизда гэж над руу хараагаад намайг  доромжлоод байхаар нь би миний дүү наадахаа эвтэйхэн хэлчихэж болохгүй байна уу миний буруу байж болно гэсэн чинь машины цонхоор гараа оруулж ирээд миний хоолойг боогоод байхаарнь би арай хийж гарыг нь тавиултал машинаас минь намайг заамдаж буулгахаар нь чи хүн зоддог хэн юм бэ би цагдаа дуудлаа гээд утсаараа оролдсон чинь намайг заамдаж байгаад газар унагаад толгой болон цээж, нүүр нүдгүй цохиж зодсон юм. Би зодуулчихаад машиндаа очиж суугаад цагдаа дуудлаа шүү гэсэн чинь чамайг ална наад муу машинаа гаргаад  зайл гээд миний машины баруун хаалга руу 2 удаа өшиглөөд гарынхаа салаанд үзүүртэй түлхүүр шиг зүйл барьчихсан намайг цохиход нь би гараараа хаасан юм”  /хх-ийн 14/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12128 дугаартай “Д.Нямдоржийн биед тархи доргилт, цээж, баруун сарвуу, бүсэлхийд цус хуралт, зулгаралт, нэг шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 18/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Д.Б мөрдөн байцаалтанд” 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө 08 цаг 30 минутын орчим би өөрийн автомашинаа 157 дугаар цэцэрлэгийн зүүн талын зогсоолд байрлуулаад хонуулсан байсан юм. Тухайн өглөө би 2 хүүхдээ 157 дугаар цэцэрлэгт хүргэж өгчихөөд 08:30 цагийн орчим машин дээрээ ирсэн. Тэгтэл миний машиныг хаагаад нэг машин таглаад тавьсан байсан.  Би 9 цаг өнгөртөл хүлээгээд ирдэггүй салхины шилэн дээрээ ямар нэгэн дугааргүй байсан. Тэгээд би машин дотроо суугаад хүлээгээд сууж байтал миний машины урд 4-5 минут тамхиа татсан хүн уг машины жолооч болж таараад машиндаа суугаад халаагаад байгаад байсан. Тэгэхээр нь би очоод цонхыг нь онгойлгоод гаръя гэхэд машин дотроо тамхиа татаад суугаад байсан. Тэгээд би тэр хүнтэй маргалдаад сонин юм бэ гаръя гэж хэлсэн. Тэгээд машинаа асаахгүй хөдөлгөхгүй байгаад байсан. Тэр хавьд явж байсан замын цагдаа юмуу хэв журмын цагдаа юм уу мэдэхгүй тэр залууд машинаа гаргаач ээ гэж хэлж байсан. Тэгээд би урд зам хааж тавьсан байсан шороогоор давж гарч машинаа гаргаад явсан. ...би тэр хүнийг цохиж зодоогүй. Машинаас нь харин  татаж буулгасан. /хх-ийн 20/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой түүний бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 28/, ял шалгах хуудас /хх-ийн 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Нямдоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь:

хохирогч Д.Нямдоржийн “...машины цонхоор гараа оруулж ирээд миний хоолойг боогоод байхаар нь би арай хийж гарыг нь тавиултал машинаас минь намайг заамдаж буулгахаар нь чи хүн зоддог хэн юм бэ би цагдаа дуудлаа гээд утсаараа оролдсон чинь намайг заамдаж байгаад газар унагаад толгой болон цээж, нүүр нүдгүй цохиж зодсон юм...” /хх-ийн 14/ гэсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12128 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Прокуророос Д.Бөд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Д.Бийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Хавтаст хэрэгт хохиролтой холбогдох баримт авагдаагүй байх бөгөөд хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт баримтаа бүрдүүлж амжаагүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Д.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, харин хохирогч Д.Нямдорж баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс хохиролоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 дугаар сарын 01-ний өдрийн  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Д.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Д.Нямдорж эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ