Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02371

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02371

 

М.Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/02771 дугаар шийдвэртэй

М.Г нэхэмжлэлтэй хариуцагч Т ХХК-д холбогдох

үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний 973 033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Элбэгзаяа, А.Цэнгэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлдэгч Э.М нь өөрийн өмч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк 107 дугаар байрны 75 тоот хаягт байрлах 31 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан манай Есөн дэлбээ ХЗХ-оос зээл авсан. Зээлээ төлөөгүй учраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02463 дугаартай захирамжаар Э.Мгаас 48 000 000 төгрөг төлүүлэх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдсэн. Э.М мөнгөө төлөхгүй байсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, энэ хугацаанд Есөн дэлбээ ХЗХ татан буугдаж, М.Г шаардах эрх шилжүүлэн авч ажиллагаанд оролцсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/5985 дугаартай албан тоотын дагуу М.Г Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк 107 дугаар байрны 75 тоот хаягт байрлах 31 м.кв талбайтай орон сууцыг 48 000 000 төгрөгийн төлбөртөө тооцож шилжүүлэн авсан. 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчилсөн. Төлбөртөө авсан орон сууцыг үнэ бууруулж 45 000 000 төгрөгөөр зарахаар тохирсон үед буюу 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тухайн орон сууцны ус дулааны төлбөр хариуцсан Т ХХК-иас орон сууцыг худалдан авч байгаа хүмүүст дарамт учруулж, бидэнд огт хамаагүй өмнөх өмчлөгч Э.Мгийн үеийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хамаарах төлбөрийн үлдэгдэл 788 756 төгрөгийг алданги 333 409 төгрөг, нийт 1 122 166 төгрөгийг төл гэж шаардан, шинэ худалдан авагч сангийн дуудлага өгөхөд үйлчилгээ үзүүлэхгүй байсан. Т ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлөгдөөгүй төлбөр 750 152 төгрөг, алданги 337 679 төгрөг, нийт 1 087 831 төгрөгийг тусшааж, орон сууцыг ус, дулааны төлбөрийн тооцоогүй болгосон. 2016-2019 онд хариуцагч байгууллагатай харилцах, хэрэглэсэн хэрэглээний төлбөрийг төлөх, хариуцах ёстой этгээд бол би биш, уг орон сууцны өмчлөгч байсан Э.М гэх хүн учраас энэ хүн үүрэг хүлээх ёстой. Би байрыг хайж олж, бэлэн мөнгөөр худалдаж аваагүй. Шүүхийн шийдвэрээр албадуулж над руу шилжүүлж, өмнөх өмчлөгч, эзэмшигчийн хэрэглээний төлбөр зэргийг шалгах боломж олгохгүйгээр шууд л төлбөрт тооцон өгсөн. Хэрэв би өөрөө мөнгөө төлж худалдан авсан бол төлбөр тооцоо байгаа эсэхийг нягталж шалгаад, төлбөрийг нь төлүүлээд юмуу төлбөрийг нь суутган авч байж байраа худалдан авах байсан. Би орон сууц өөрийн өмчлөл, эзэмшилд шилжин ирсэн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд тооцогдсон төлбөр 114 798 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу Т ХХК-д төлөгдсөн 973 033 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч А.Ууганбаатар шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Элбэгзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна. Манай Т ХХК нь үйл ажиллагааныхаа хүрээнд 4600 гаруй өрхийг дулаан, цэвэр, бохир усаар ханган ажилладаг ба бидний үйлчилгээг авч буй өрх тус бүрийн шилжилт хөдөлгөөнийг тогтмол шалгах боломжгүй юм. Ийм ч учраас Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй. Уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж тухайлан хуульчилж өгсөн байдаг. Ямарваа орон сууцыг эзэмшил, өмчлөлдөө шилжүүлэн авч буй этгээд орон сууцны ашиглалтын контор болон СӨХ-нд урьдчилан хандаж тухайн орон сууцанд төлөгдөөгүй өр төлбөр байгаа эсэхийг шалгуулдаг. Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нар ч төлбөр авагчид худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг санал болгохдоо тухайн орон сууцтай холбоотой өр төлбөр байгаа эсэх талаар холбогдох байгууллагууд руу албан тоот илгээх, эсхүл төлбөр төлөгчөөс тайлбар авч, тэмдэглэл хөтлөн төлбөр тооцоогүй болгосны эцэст төлбөр авагчийн нэр дээр шилжүүлж өгдөг журамтай. Үүнээс гадна нэхэмжлэлд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн албан тоотоор уг орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж авахаар болсон гээд, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэрчилгээ гарсан гэснээс дүгнэхэд энэ хугацаанд тухайн орон сууцны ашиглалтын төлбөр тооцооны талаар нягталж шалгах боломжит хугацаа байсан болох нь тодорхой байна. Гэтэл төлбөр тооцоог нь шалгах боломж олдоогүй гэх ганц тайлбар хэлж, биднийг хууль бусаар төлбөр төлүүлсэн хэмээн буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Бидний хувьд тухайн орон сууцыг цэвэр, бохир ус, дулаанаар хангаж, үйлчилгээ үзүүлж зардал гарсан тул тухайн орон сууцны ашиглалтын төлбөрийг төлөх талаар шаардлага, мэдэгдлийг тухай бүрт нь орон сууцны хаалган дээр наах, хаалгаа нээсэн үед нь оршин суугчид нь мэдэгдэж, гагцхүү хууль ёсны шаардлага тавьж байснаас бус нэхэмжлэгчийг дарамталж, хүчээр төлбөр төлүүлсэн зүйл байхгүй. Нэгэнт нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч өмчлөгч болж буй тохиолдолд дээрх хуулийн зохицуулалтын дагуу худалдан авагчийн нэгэн адил эрх, үүрэг хүлээх тул үүргээ ухамсарлан төлбөл зохих ашиглалтын төлбөрийг төлсөн гэж ойлгож байна. Иргэн М.Г манай компаниас үзүүлсэн ямар ч хууль бус дарамт, шахалтгүйгээр өөрөө сайн дураараа 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 75 тоот орон сууцны ашиглалтын төлбөрийг төлснөөр Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар өрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу төлсөн төлбөрөө гаргуулахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд иргэн Э.Мгийн төлөх ёстой байсан төлбөрийг төлсөн хэмээх үндэслэлээр манай компанийг хариуцагчаар татаж, 973 033 төгрөгийг гаргуулахаар шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 973 033 /есөн зуун далан гурван мянга гучин гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Гд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 27 903 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 27 903 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч А.Ууганбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх зохигчдын хооронд аливаа үүрэг үүсээгүй, орон сууцны 2018-2020 оны ашиглалтын зардлыг буюу бусдын хариуцах ёстой төлбөрийг нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр шаардан авсан тул хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна. Учир нь, нэхэмжлэгч иргэн нь өөрөө, сайн дурын үндсэн дээр өөрийн өмчлөлд хүлээн авсан орон сууцны 2018-2020 оны ашиглалтын төлбөрийг төлж барагдуулсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасантай нийцнэ. Ийнхүү нэхэмжлэгч иргэн нь өөрөө Э.Мгийн хариуцвал зохих өр төлбөрийг сайн дураар, мэдсээр байж төлсөн байгааг шүүх огт анхаарч, дүгнээгүй, хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна. Нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд тэрээр Т ХХК-д төлөгдөөгүй орон сууцны ашиглалтын төлбөрийн үлдэгдэл нь Э.Мгийн үүсгэсэн өр төлбөр болохын бүрэн мэдэж байсан атлаа төлсөн байдаг ба ийнхүү мэдсээр атлаа уг төлбөрийг төлсөн. Иймээс иргэн М.Г нь өөрөө мэдэж Э.Мгийн өмнөөс төлсөн гэх 973 033 төгрөгийг Т" ХХК-иас бус иргэн Э.Мгаас шаардах хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд манай Т ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М.Г нь Т ХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 973 033 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэгч өрийг хүлээн зөвшөөрч төлсөн, хариуцагч байгууллагаас өмнөх өмчлөгчид үүссэн үүрэг байгаа эсэхийг тодруулаагүй гэсэн үндэслэл зааж маргажээ. /хх.1-3, 28-29/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШЗ2017/02463 дугаар хүчин төгөлдөр захирамжаар хариуцагч Э.М 48 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Есөн дэлбээ ХЗХ-д тодорхой хугацаанд төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, дүгээр хороо, Голден парк 107 дугаар байрны 75 тоот хаягт байрлах 31 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр М.Г 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк 107 дугаар байрны 75 тоот хаягт байрлах 31 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцныг төлбөрт шилжүүлэн авч өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх.8-9/

Нэхэмжлэгч М.Г 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, 107-75 тоот орон сууцны 2018 оны 3, 9, 10, 11 дүгээр сар, 2019 оны 1, 2, 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 2020 оны 1-4 дүгээр сарын төлбөр 750 152 төгрөг, алданги 337 679 төгрөг нийт 1 087 831 төгрөгийн төлбөрийг төлсөн үйл баримт тогтоогджээ. Нэхэмжлэгч орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны 114 798 төгрөгийг хасаж тооцсон гэсэн тайлбар гаргасан байна. /хх.10-13/

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж тус тус заажээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөөр Т ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 973 033 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Гд олгож шийдвэрлэсэн нь буруу болсон байна гэж үзлээ.

Учир нь, нэхэмжлэгч М.Г Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан тухайн орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой үүрэг байгаа эсэхийг лавлах үүргээ хэрэгжүүлсэн болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.Г хариуцагч Т ХЗХ-оос 973 033 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч М.Г нь өөртөө хохирол учирсан гэж үзсэн тохиолдолд үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс төлбөрөө шаардахад энэ магадлал саад болохгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэ талаар давж заалдсан хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/02771 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул М.Г нэхэмжлэлтэй хариуцагч Т ХХК-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 973 033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 903 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.ИЧИНХОРЛОО