Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/742

 

 

 

 

    2023            7            20                                        2023/ДШМ/742

 

Б.Х, Э.О, А.О,

Б.Г нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,

шүүгдэгч  Б.Х-ыг өмгөөлөгч Р.Оюунцэцэг,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Т.Хонгор,

шүүдэгч Б.Х, Э.О, А.О нарын өмгөөлөгч Ц.Номиндарь,

нарийн бичгийн дарга  Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/735 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Баттөр, Т.Хонгор нарын хамтран гаргасан, шүүгдэгч А.О, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, шүүгдэгч Б.Х-ыг өмгөөлөгч Р.Оюунцэцэг, шүүдэгч Б.Х, Э.О, А.О нарын өмгөөлөгч Ц.Номиндарь нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Х, Э.О, А.О, Б.Г нарт холбогдох 220 605 906 0063 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .. овгийн ..........-ийн Х, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ...... төрсөн, .. настай, э..эгтэй, ...... боловсролтой, мэргэжил.., “........” ХХК-д .. ажилтай, ам бүл .., ..-ийн хамт .. тоотод орших суух бүртгэлтэй боловч ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

2. .. овгийн -..ын О, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. төрсөн, .. настай, э..эгтэй, .... боловсролтой, мэргэжил.., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ..-ийн хамт ..... тоотод орших суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

            3. ... овогт ..-ийн Ог, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, мэргэжил.., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ..-ийн хамт .... тоотод орших суух, /РД:............../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 889 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 21/66 дугаар тогтоолоор дуусгавар болгосон,

4. .. овгийн ...-ын Г, 19.. оны .. дугаар сарын ..-ний .......... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, мэргэжил.., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...-ийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.........../;

Шүүгдэгч Б.Х, Э.О нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 19-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 327 дугаарт байрлалтай “Мөнхийн Ундрах жимс” ХХК-ийн эзэмшлийн агуулахын цоожийг лоом хэрэглэж эвдэн, хууль бусаар нэвтэрч, үзэм 102 хайрцаг, цагаан самар 4 хайрцаг, хөөсөн үрэл 2 хайрцаг зэрэг эд зүйлсийг 19-34 БНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Г, Э.О, А.О, Б.Х нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 08-наас 09-ний шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 327 дугаарт байрлалтай “Мөнхийн Ундрах жимс” ХХК-ийн эзэмшлийн агуулахын цоожийг лоом хэрэглэж эвдэн, хууль бусаар нэвтэрч, кофе самар 2 хайрцаг, хөөсөн үрэл 6 хайрцаг, задгай нандин чавга 19 хайрцаг, ууттай нандин чавга 23 хайрцаг, цагаан самар 6 хайрцаг, үзэм 155 хайрцаг, хушга 1 шуудай, шилэн үрэл 1 хайрцаг зэрэг эд зүйлсийг 67-49 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, зэвсгийн чанартай лоомыг хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 11.660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Х, Э.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,

А.О, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Х, Э.О, А.О, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-т 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.О-т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г, А.О нарт 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Х, Э.О, А.О, Б.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Х, Э.О, А.О, Б.Г нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Х-аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ 6.770.715 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураасан лоом 1 ширхэгийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х, Э.О, А.О, Б.Г нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Х, Э.О, А.О, Б.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Баттөмөр, Т.Хонгор хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/735 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Б.Г нь бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар түүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй этгээд юм. Гэтэл 1 хх 169 дүгээр талд авагдсан Б.Г-ээс сэжигтнээр мэдүүлэг авсан тэмдэглэл байх ба энэ ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй учир Б.Г өөрийнх нь хэлсэн ярьсан зүйл, мэдүүлэгт үнэн зөв тусгагдсан эсэхийг нягтлах боломжгүй байсан.

Б.Г-ийн 2 хх 44-45 дугаар талд өмгөөлөгч Г.Лувсансампилтай яллагдачаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Б.Г нь хулгай хийж байгаа гэдгээ мэдээгүй, Б.Х-ыг ахдаа туслаад бараа зөөлцөөд өгөөч гэсэн гуйлтын дагуу уг бараануудыг зөөж өгсөн, сүүлд нь цагдаа дээр ирээд хулгайн юм гэдгийг нь мэдсэн гэж мэдүүлжээ.

Харин Б.Х, Э.О нар бусдын барааг хулгайлж байгаа гэдгээ Б.Г-д хэлсэн, хэлээгүй гэж тус бүр зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлэг өгдөг.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, Б.Г нь бичиг үсэг мэдэхгүй, Улаанбаатар хотод анх удаа ирж байгаа, Б.Х-ыг бараа түгээлтийн ажил хийдэг гэсэн ойлголттой байсан учир түүнд туслан барааг нь ачиж өгч байгаа гэж ойлгосон байж болохоор байна. Мөн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ 1 хх 169 дүгээр талд авагдсан Б.Г-ийн сэжигтнээр өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлгийг нотлох баримт болгон ашигласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан журам зөрчиж мэдүүлэг авсан тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Б.Г-д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон Б.Г-г цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч А.О гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/735 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Миний бие уг гэмт хэрэгт ямар ч оролцоо байхгүй бөгөөд хулгайн эд зүйл гэж мэдээгүй байсан болно. Уг гэмт хэрэгт ял шийтгүүлсэн Э.О нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “О-т хулгай хийе хэлэн” хэмээн миний биеийг уг хулгайн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж шүүхээс дүнэлт хийж шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм. Учир нь Э.О-ын мэдүүлгийг нотлох баримтаар тооцох баримт болохгүй мөн яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тус тус заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.3 дугаар зүйлийн 2.3, 8.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О нь уг гэмт хэргийг өөрөө дангаараа үйлдсэн мөн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд уг мэдүүлэг нь ямар нотлох баримтаар няцаагдаж байгаа болохыг шийтгэх тогтоолдоо дурдаагүй, энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт огт хийгээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх нь Э.О-ын сэжигтнээр өгсөн мэдүүлгээс үнэмшилгүй буюу мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь илүү үнэмшилтэй байна хэмээн дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь нотлох баримтад бус таамаглалд үндэслэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Т.Хонгор давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г-ийнөмгөөлөгчөөр өөр өмгөөлөгч оролцсон. Өмгөөлөгч Б.Баттөр шүүх хуралдаан давхацсан гэх шалтгааны улмаас өнөөдрийн шүүх хуралдаанд ирж чадаагүй тул би төлөөлж оролцож байна. Уг хэрэгт шүүгдэгч Б.Х, Э.О, А.О, Б.Г нар холбогдсон. Анх шүүгдэгч Б.Х, Э.О нар нь бусдад төлөх өр зээлээ дарахын тулд хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдаг. 1 хх 33-34, 41-44, 107-108, 114, 116 дугаар талд шүүгдэгч Б.Х, Э.О нарын мэдүүлгүүд авагдсан. Шүүгдэгч Б.Х, Э.О нар нь өр зээлээ дарж дууссан атлаа, дахин хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа гаргаж, үүнд нь шүүгдэгч Б.Г, А.О нар оролцдог. Миний үйлчлүүлэгч Б.Г нь тухайн үед хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотод ирээд 10 гаруй хонож байсан. Шүүгдэгч Б.Х нь Б.Гг гэртэй байхад нь дуудсан бөгөөд тухайн үеийн үйл явдлыг миний үйлчлүүлэгч Б.Г огт ойлголгүйгээр жимсийг зөөж өгч, 2 хайрцаг үзэм авсныхаа төлөө 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байдаг. 2 удаагийн нийт хохирлын дүн 15.000.000 гаруй төгрөг байдаг. Хохирогч нараас “хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан тул ямар нэгэн гомдол саналгүй” гэж хэлдэг. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн санкц хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ялтай боловч анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Б.Г-ийн үйлдэлд хүнд ял оногдуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Б.Г-д оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.О-ын өмгөөлөгч Д.Энхтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18 ны өдрийн 2023/ШЦТ/735 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Ялтан Э.О нь мөрдөн байцаалтаас болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өөрийн хийсэн үйлдлийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн байдаг.

Миний үйлчлүүлэгч Э.О анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай болж байна.

Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхээс хүсэхэд анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэпг тус тус заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь заалтанд зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Х-ыг өмгөөлөгч Р.Оюунцэцэг давж заадлах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18 ны өдрийн 2023/ШЦТ/735 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Ялтан Б.Х нь мөрдөн байцаалтын эхэн үед Э.О-ын гуйлтаар хэргийг өөрөө үйлдсэн мэтээр мэдүүлэг өгч байсан боловч үнэн зөв мэдүүлэг өгөх шаардлагатай хэмээн ойлгож мэдсэний үндсэн дээр болсон асуудлын талаар бодит байдлыг үнэн зөвөөр өгсөн байдаг. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өөрөө энэ байдлаа хэлдэг бөгөөд үүнийг нь Э.О болон бусад шүүгдэгч нар давхар баталж мэдүүлдэг. Б.Х нь анхнаасаа хулгайн эд зүйлийг зөөж авч байна хэмээн ойлгоогүй зөвхөн Э.О-ын гуйлтаар түүнд тусалж байна хэмээн ойлгон энэ үйлдэлд оролцсон байдаг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог.

Б.Х нь урьд өмнө нь цагдаагийн байгууллагад дуудагдаж байгаагүй бөгөөд анх удаа очихдоо бусдын ятгалганд орж, мэдүүлэг өгсөн бөгөөд учрах хор хохирол үр дагаврыг ойлгож ухамсарлаагүйгээс болж гэмт хэрэгт холбогдсондоо чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа юм.

Анхан шатны шүүх нь хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитойгоор үнэлээгүй бөгөөд хэргийг ялласан улсын яллагчаас давж ял халдааж байгаа нь хэргийг бодит талаас үнэлж дүгнээгүй гэж үзэхээр байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгч Б.Х нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь зөвхөн өөрийнх мэдүүлэгээс өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд энэ хэрэгт Б.Х-ыг өөрийн мэдүүлгээс өөр нотлох баримт байдаггүй болно.

Тухайн хэргийн холбогдогч Э.О нь хэргийг өөрөө ганцаараа үйлдсэн хулгай хийж байгаа гэдгээ бусдадаа хэлээгүй гэдгээ удаа дараа мэдүүлсэн байдаг.

Б.Х нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа ба бусдад учруулсан хохирол төлбөр байхгүй, мөн өөрийн болчимгүй гэнэн зангаас болж гэмт хэргийн хамжигчаар ялтан болж байгаагаа ойлгон туйлын их гэмшиж байгаа.

Б.Х нь “.. ” ХХК-д борлуулагчаар ажилладаг бөгөөд бага насны 3 охинтой, өрх гэрээ тэжээн тэтгэгч хүн нь юм.

Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 3 жилийн хорих оноосон юм.

Иймд Б.Х-т холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Хэрэв давж заалдах шатны шүүхээс Б.Х-ыг уг гэмт хэрэгт оролцсон гэж үзвэл түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол, төлбөрөө төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Х, Э.О, А.О нарын өмгөөлөгч Ц.Номиндарь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/735 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. .. овогт ..-ийн Х нь эхнэр 3-9 насны 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй, мөн цагаан хоолтон тул архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, бага байхын ямар нэгэн муу зуршилгүй, хичээл сургуульдаа онц сурдаг, найз нөхөд олонтой, бие эрүүл мэнд, сэтгэц оюун ухааны хувьд сайн хүн. Б.Х-ыг эхнэр бага насны 3 хүүхэдтэй тул тэрээр ганцаараа ажил хөдөлмөр эрхлэн гэр бүлээ тэжээн, тэтгэдэг. Б.Х нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн, бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч хохирол бүрэн барагдсан өөр гомдол, санал байхгүй гэдгийг шүүх хуралдааны явцад бүрэн илэрхийлсэн.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг, хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх.” гэж заасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлиин 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдльг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасныг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан эрүүгийн хариуцлагын төрлөөс хүнд буюу хорих ялаар шийтгэсний хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилгын нэг бол хорих ял биечлэн эдлэх явдлыг багасгах чиглэлд анхаарч гэрийн хорионд байлгах ял, тэнсэх албадлагын арга хэмжээ, гэм буруугаа хүлээсэн хүнд хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлага оногдуулах зорилготой батлагдсан. Түүнчлэн хорих ялыг биечлэн эдлэх явдлыг 20-30 хүртэл хувиар бууруулах зорилготой. Гэтэл Б.Х-т 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулсныг харгалзан үзэхгүйгээр хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын хорих ял эдлүүлэхийг тодорхой хувиар буулгах зорилгын хэрэгжилтийг хангалгүй, мөн гэр бүлийн тогтвортой байдлыг алдагдуулахаас гадна Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах”, 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж заасныг хангаж шийдвэрлэх хуульд заасан боломжийг харгалзан үзэхгүйгээр зөвхөн нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

2. .. овогт ..-ын О нь 25 настай айлын ганц хүүхэд, ээж нь Солонгос улсад ажиллаж байгаад 2012 онд эх орондоо буцаж ирэхдээ сэтгэцийн өвчтэй болсон байсан бөгөөд тэрээр байнгын хяналтад байх заалттай. Тиймээс Э.О нь ээжийгээ харж, асарч, тэжээн тэтгэдэг. Э.О нь зан төлөвийн хувьд даруухан, хүнд тусрахуй, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Э.О нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч хохирол бүрэн барагдсан өөр гомдол, санал байхгүй гэдгийг шүүх хуралдааны явцад бүрэн илэрхийлсэн.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх,” гэж заасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан эрүүгийн хариуцлагын төрлөөс хүнд буюу хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилгын нэг бол хорих ял биечлэн эдлэх явдлыг багасгах чиглэлд анхаарч гэрийн хорионд байлгах ял, тэнсэх албадлагын арга хэмжээ, гэм буруугаа хүлээсэн хүнд хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлага оногдуулах зорилготой батлагдсан. Түүнчлэн хорих ялыг биечлэн эдлэх явдлыг 20-30 хүртэл хувиар бууруулах зорилготойг мөн харгалзан үзээгүй байна. Монгол Улсын ялын бодлого хэзээнээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнд хуульд заасан ялын аль болох хөнгөнийг оногдуулахаар баримталж ирсэн. Э.О нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн залуу хүн тул хорих ял эдлүүлэн, нийгэмээс тусгаарлах нь цаашдын амьдралд нь сөрөг үр дагавар олныг бий болно. Иймд Э.О-т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг эс хүлээн зөвшөөрч байна. Э.О-ыг хоригдсоноос хойш ээжийнхэн биеийн байдал эрс муудсан бөгөөд харж, асрах хүнгүй болсон. Э.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулсныг харгалзан үзэхгүйгээр хорих ялаар шийтгэсэн нь Монгол Улсын ялын бодлого, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын хорих ял эдлүүлэхийг тодорхой хувиар буулгах зорилгын хэрэгжилтийг хангалгүй, хуульд заасан боломжийг харгалзан үзэхгүйгээр зөвхөн нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

            3. .. овогт ..-ийн О нь 21 настай, зан төлөвийн хувьд сайхан сэтгэлтэй, хүнд тусрахуй, гэнэн, аав нь бага байхад нь нас барсан ээжтэйгээ хамт амьдардаг. Ээж нь 2-3 удаа бүрэн харваж байсан бие муутай тул тэрээр ээжийгээ асарч, харж, халамжилдаг байсан. А.О нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн, бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч хохирол бүрэн барагдсан өөр гомдол санал байхгүй гэдгийг шүүх хуралдааны явцад бүрэн илэрхийлсэн.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх,” гэж заасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан эрүүгийн хариуцлагын төрлөөс хүнд буюу хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилгын нэг бол хорих ял биечлэн эдлэх явдлыг багасгах чиглэлд анхаарч гэрийн хорионд байлгах ял, тэнсэх албадлагын арга хэмжээ, гэм буруугаа хүлээсэн хүнд хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлага оногдуулах зорилготой батлагдсан. Түүнчлэн хорих ялыг биечлэн эдлэх явдлыг 20-30 хүртэл хувиар бууруулах зорилготойг мөн харгалзан үзээгүй байна.

А.О нь залуу хүн тул хорих ял эдлүүлэн нийгмээс тусгаарлах нь цаашдын амьдралд нь сөрөг үр дагавар олныг бий болно. Иймд А.О-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг эс хүлээн зөвшөөр ч байна. А.О хоригдсоноос хойш ээжийг нь харж, асрах хүнгүй болсон. А.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулсныг харгалзан үзэхгүйгээр хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын хорих ял эдлүүлэхийг тодорхой хувиар буулгах зорилгын хэрэгжилтийг хангалтгүй, хуульд заасан боломжийг харгалзан үзэхгүйгээр зөвхөн нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

            Жич: Б.Х, Э.О, А.О нар нь гэм буруугаа мөрдөн байцаалтын үед хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг ойлгож ухамсрлан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Шүүх хуралд оролцохын өмнө хууль зүйн, зөвлөгөө туслалцаа авч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан. Б.Х, Э.О, А.О нар өмгөөлөгчийн өгсөн зөвлөгөөгөөр төөрөгдөн шүүх хуралд дээр буруу, ташаа мэдүүлэг өгсөн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Э.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/735 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хамт ял шийтгүүлсэн Б.Х, А.О, Б.Г нарын талаар үндэслэлгүй дүгнэлт хийн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Анх сэжигтнээр мэдүүлэг авахдаа Б.Х, А.О, Б.Г нарын талаар яриагүй байхад мөрдөгч хурдан гарын үсэг зураад яв, би яаарч байна гэж албадан гарын үсэг зуруулсан. Б.Х, А.О, Б.Г нар хулгай хийсэн болон хамжиж тусалсан, мэдсэн зүйл огт байхгүй. Иймээс уг хэрэгт ямар ч хамаагүй дээрх хүмүүсийг талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү.

Миний ээж Энхдулам  нь Солонгос улсад ажиллаж байгаад үйлдвэрийн осолд орж тархиндаа хүнд гэмтэл авсан бөгөөд одоогоор асаргаа, хараа хяналтад байдаг. Ээжийн минь бие үнэхээр тааруу, ухаан санаа орж гарах, ганцаараа ярих, хэл сураггүй алга болох, хараа хяналтгүй орхиж болохгүй. Миний бие эм тарианы мөнгө олж ээжийгээ тэжээхийн тул аргагүй эрхэнд хулгай хийсэн, үүнийгээ хүлээн зөвшөөрч байна.

Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруудаа маргаагүй, мөн учирсан хохирол гомдлыг бүгдийг барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж, ухамсарлаж байна.

Иймд ар гэрийн байдал, асаргаанд байдаг ээжийг минь харгалзан үзэж, оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анх хөдөө орон нутгаас хадамтайгаа танилцахаар Улаанбаатар хотод ирээд уг гэмт хэрэгт холбогдсон. Би анхныхаа хүүхдийг торны цаанаас харж байгаадаа үнэхээр харамсаж байна. ...” гэв.

Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие уг хэргийн яллах дүгнэлтийг үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон бөгөөд хэргийн нотолбол зохих байдал хангалттай нотлогдсон. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцсэн. Тухайн үед Нарантуул захын хяналтын камерууд ажиллахгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч Б.Х-ыг өмгөөлөгч “тухайн үед Б.Х машиндаа сууж байсан, Э.О нь бараануудыг зөөсөн, Х юу ч мэдээгүй, зөвхөн Э.О-т тусалсан” гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.О нь “тухайн газрын хяналтын камерыг тасалдуулах зорилгоор камерын утсыг хайчилсан” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг нууцаар, бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, чингэлэгийн түгжээг нь эвдэхээр багаж ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Мөн шүүгдэгч нар харилцан нэгнийхээ эсрэг буюу уг гэмт хэрэгт хэн ямар оролцоотой оролцсон талаар тодорхой мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хулгайн эд зүйлүүд хураагдаж, буцаан хохирогч нарт олгогдсон. Уг гэмт хэрэг нь шөнийн цагаар буюу Нарантуул захын үйл ажиллагаа зогссон байхад үйлдэгдсэн. Тухайн үед шүүгдэгч нар нь орон нутгийн жолооч нарын тээврийн хэрэгсэл ордог хэсгээр орсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч Б.Х, Э.О нар нь Нарантуул захаас бараа хүргэж, тээвэрлэдэг бөгөөд ажиллаа хийж байх явцдаа хулгайлах гэмт хэргийг үйлдэх санаа, зорилго төрсөн талаар мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн Нарантуул захад ажилладаг хүмүүс бусдын эд хөрөнгийг шөнийн цагаар тээвэрлэж, өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн агуулах руу зөөсөн байхад хулгайлах гэмт хэргийг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Г анх “би гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй” гэж мэдүүлдэг атлаа яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “Б.Х ах дуудаад хулгайн эд зүйл зөөх гэсэн юм гэж хэлсэн. Бид хулгайн эд зүйл зөөснийхөө хариуд жимснээс авсан” гэж мэдүүлдэг. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нараас “хулгайн гэмт хэрэг болохыг мэдээгүй” гэж гэм буруу дээрээ маргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч нарыг гэм буруу дээрээ маргасан нөхцөл байдлуудыг харгалзсан. Учир нь, шүүгдэгч Э.О нь бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг “би ганцаараа үйлдсэн” гэж, бусад шүүгдэгч нар “хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй, оролцоогүй” гэж гэм буруу дээрээ маргадаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр хуульчилсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Х, Э.О, А.О, Б.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Х, Э.О нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 19-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 327 дугаарт байрлалтай “Мөнхийн Ундрах жимс” ХХК-ийн эзэмшлийн агуулахын цоожийг лоом хэрэглэж эвдэн, хууль бусаар нэвтэрч, үзэм 102 хайрцаг, цагаан самар 4 хайрцаг, хөөсөн үрэл 2 хайрцаг зэрэг эд зүйлсийг 19-34 БНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Г, Э.О, А.О, Б.Х нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 08-наас 09-ний шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 327 дугаарт байрлалтай “Мөнхийн Ундрах жимс” ХХК-ийн эзэмшлийн агуулахын цоожийг лоом хэрэглэж эвдэн, хууль бусаар нэвтэрч, кофе самар 2 хайрцаг, хөөсөн үрэл 6 хайрцаг, задгай нандин чавга 19 хайрцаг, ууттай нандин чавга 23 хайрцаг, цагаан самар 6 хайрцаг, үзэм 155 хайрцаг, хушга 1 шуудай, шилэн үрэл 1 хайрцаг зэрэг эд зүйлсийг 67-49 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, зэвсгийн чанартай лоомыг хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 11.660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд /1 хх 2, 128-129/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 3-7, 130-141/,

хохирогч П.М-ын “... Би “Мөнхийн Ундрах жимс” ХХК-ийн захирал ажилтай. Манай агуулах Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын Өргөтгөлийн 327 дугаартай контейнерт байрладаг. Би 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 17 цаг 00 минутын үед агуулахаасаа бараа авах гээд очиход контейнерын хаалганы цагаан саарал өнгийн 2 ширхэг төмөр цоож нь дутуу дарсан байдалтай онгорхой, хаалга нь хаалттай байсан. Тэгээд би цоожийг татаж онгойлгоод контейнерын хаалгыг онгойлгоход агуулахад байсан бараанаас ногоон алаг өнгийн хайрцагтай 8 кг-ын үзэм 102 хайрцаг, 14 кг-ын улаан өнгийн хайрцагтай цагаан самар 4 хайрцаг, 6 кг-ын бор хайрцагтай хөөсөн үрэл 2 хайрцаг тус тус алга болсон байсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай агуулахад надаас өөр орох хүн байдаггүй, контейнерын хаалганы цоож зөвхөн надад байдаг. Би сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр агуулахад бараа буулгаад түүнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 327 дугаартай контейнер дээрээ очиход хулгай орсон байсан. ...327 дугаартай контейнерын ойр орчимд хяналтын камер байгаа боловч ажиллахгүй байсан. ...”,

Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул Олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн 327 дугаар контейнерт ажлын агуулахад очиход хаалганы дээд хэсгийн түгжээ нь дутуу орж ангайсан, 2 ширхэг төмөр цоож нь дутуу цоожлогдсон, хяналтын камерын утсыг нь тасалсан байдалтай байсан. Тухайн үед Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 3 байцаагч, харуулын ажилтны хамт очсон, намайг контейнероо дутуу цоожилсон юм биш үү гэхэд нь би “дутуу цоожлоогүй” гээд хулгай орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би өөрийн 327 дугаар контейнерт сүүлд 2022 оны 12 дугаар сарын 08-ны 10 цагийн үед очиход хаалга нь цоожтой, дотор нь байсан бараа жимс нь хэвийн байсан. ...миний бараагаа хадгалдаг өргөтгөлийн 327 дугаар агуулахад 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний хооронд хулгай орж кофе, самар 2 хайрцаг, хөөсөн үрэл 6 хайрцаг, задгай нандин чавга 19 хайрцаг, ууттай нандин чавга 23 хайрцаг, цагаан самар 6 хайрцаг, үзэм 155 хайрцаг, хушга 1 шуудай, шилэн үрэл 1 хайрцаг зэрэг хулгайд алдагдаж, нийт 15.215.000 төгрөгийн хохирол учирсан...” /1 хх. 11, 145/,

гэрч М.П-ийн “... Би 2006 оноос хойш одоог хүртэл Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Нарантуул худалдааны төвийн харуул хамгаалалтын албанд ажиллаж байна. Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 09 дүгээр постонд ээлжийн харуулын ажил хийж байна. Миний харуулд гардаг 09 дүгээр постонд 111 тооны чингэлэг, гурлын агуулах 29 хамаардаг, бүгдээрээ Нарантуул худалдааны төвийн өргөтгөлд байдаг. Би 2022 оны 11 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд болон 16, 19-ний өдрүүдэд ээлжийн үүрэг гүйцэтгэсэн. Намайг 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр жижүүрт гарч байхад 17 цагийн орчимд 327 дугаар контейнер онгорхой дотор нь 2 эрэгтэй хүн байсан. Тэгэхээр нь би “танайд бараа буух юм уу” гэхэд “өө манай контейнер дотроос бараа алдагдчихлаа” гэж хэлж байсан, тэгэхээр нь “би цоожтой байхад яаж алдагдсан юм бэ” гэхэд тухайн хүмүүс юм дуугарахгүй байсан. Намайг жижүүрт гарч байх бусад хугацаанд тухайн контейнероос хүн ирж бараа ачсан зүйл байгаагүй, тийм зүйл ажиглагдаагүй. Ямар нэг зүйл хэлээгүй, бид нар жижүүрийн ээлж солихдоо контейнеруудынхаа цоожийг шалгаж хүлээлцдэг. шалгахдаа модоор цохиж дутуу цоожилсон үгүйг нь шалгадаг, намайг жижүүр хүлээлцэх үед тийм дутуу цоожилсон зүйл байгаагүй, бүх контейнеруудын цоож хэвийн байсан. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би ээлжинд гарсан, 11-ний өдөр Энхболд, 12, 13-ны өдрүүдэд Лхагвасүрэн, 14-ний өдөр Энхболд, 15-ны өдөр Лхагвасүрэн, 16-ны өдөр би, 17-ны өдөр Энхболд, 18-ны өдөр Лхагвасүрэн, 19-ний өдөр би жижүүрт гарсан. Орой 00 цаг өнгөрөөгөөд бүх хаалгаа хаачихдаг, тэгээд өглөө 05 цаг өнгөрөөгөөд хаалгаа онгойлгодог. Ихэвчлэн буудалд очиж хонодог, зарим нэг нь машиндаа хонож байрладаг. ...” /1 хх 16-17/,

гэрч Г.Э-ын “... Би 2013 оноос хойш одоог хүртэл Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд Нарантуул худалдааны төвийн харуул хамгаалалтын албанд ажиллаж байна. Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 09 дүгээр постонд ээлжийн харуулын ажил хийж байна. Миний харуулд гардаг 09 дүгээр постонд 111 тооны чингэлэг, гурилын агуулах 29 хамаардаг, бүгдээрээ Нарантуул худалдааны төвийн өргөтгөлд байдаг. Манай харуулын даргыг Наранбаатар гэх хүн байдаг, энэ хүн бид хэдийг хариуцаж ажилладаг. Би 2022 оны 11 дүгээр сарын 11, 14, 17, 20-ны өдрүүдэд ээлжийн үүрэг гүйцэтгэсэн. Бид хэд жижүүр солилцохдоо өглөө ирээд бүх контейнеруудаа шалгаж авдаг, шалгахдаа цоож цуургыг нь бүрэн бүтэн байдлыг нь заримдаа бээлийтэй гараараа татаж цоожтой байна уу, үгүй юу гэдгийг нь татаж үздэг. Намайг жижүүрт гарч байх хугацаанд контейнерууд бүгд цоожтой байсан. Би ээлж хүлээж авахдаа болон, орой дахиж нэг удаа бүх контейнеруудаа шалгадаг, хэрвээ онгорхой зүйл байх юм бол ээлжийн ахлахдаа мэдэгддэг. Намайг жижүүрт гарч байхад тухайн тоот контейнерт хүн ирж бараа ачиж авч явсан зүйл анзаараагүй, намайг цоож цуургыг нь шалгахад онгорхой зүйл байгаагүй. 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би Пүрвээгээс ээлж авах гээд ирэхэд Пүрвээ надад 327 тоот контейнер цоож цуургаа сольсон байна, эзэн нь 19-ний өдөр цагдаатай хамт ирсэн гэж хэлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Пүрвээ ээлжинд гарсан, 11-ний өдөр би, 15-ны өдөр Пүрэвээ, 17-ны өдөр би, 18-ны өдөр Лхагвасүрэн, 19-ний өдөр Пүрэвээ жижүүрт гарсан. Өргөтгөл хүмүүс бүгд тараад хаалгаа хаадаг, гэхдээ манай хөдөө орон нутгийн хаалга шөнийн 01 цагийн орчимд хаадаг. Өглөө эрт 06 цагийн орчимд онгойдог. Хаалган дээр өөр хүмүүс тусдаа харуулд гардаг. Хөдөө орон нутаг руу ачаа ачдаг машинуудын жолооч нар машиндаа байрладаг, зарим жолооч нар нь буудалд байрладаг, голдуу машиндаа хоночихдог. Манай хяналтын камеруудыг бүгдийг нь Нарантуул худалдааны төвийн цагдаагийн хэсэг рүү очиж шүүж үздэг, тухайн камер ажилладаг. Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн менежер Аманбек гээд хүн байдаг, их ширүүн ааш зантай, зандрангуй харуулуудаар наймаачдын тэрэг хураалгадаг, өглөө ирээд бид хэдийг зандарч муухай аашилж дарамталдаг. ...” /1 хх 19-20/,

“...Намайг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өглөөний 08-09 цагийн үед ээлж хүлээлцэх гээд харуулын ажилтан Лхагвасүрэнтэй хамт өргөтгөлийн 327 дугаар контейнерын урд очих үед хаалганы дээд хэсгээрээ ангайж, хоногондоо ороогүй, хаалганы доод хэсэгт байсан 2 ширхэг төмөр цоож нь цоожтой байдалтай байхаар нь хаалганы зургийг нь аваад харуулын ээлжийн ахлах Төмөрсүхэд үзүүлсэн. Тухайн үед надтай ээлж солилцож байсан Лхагвасүрэн жимсний 327 дугаар контейнер хариуцсан хүмүүст мэдэгдсэн. Намайг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өглөөний 08-09 цагийн хооронд Ганболдоос ээлж хүлээж авахад 327 дугаар континар хэвийн байдалтай хаалганы дээд хэсгээрээ ангайгаагүй байсан. Намайг ээлжтэй байх хугацаанд ямар нэгэн сэжигбүхий зүйл мэдэгдээгүй. Тухайн газрын ойр орчимд хяналтын камертай байсан. Нарантуул захын өргөтгөлийн хэсэг нь шөнийн 01-02 цагийн үед орох, гарах хаалгаа хааж хөдөлгөөн зогсдог. Тухайн өргөтгөлийн хаалга хаах, нээх талаар өргөтгөлийн зогсоолын мөнгө хураагч ажилтан хариуцаж хаадаг. Би тухайн 21 цагаас 22 цагийн хооронд өргөтгөлөөр үйлчлүүлж байгаа иргэдийн гарах хөдөлгөөн ихэсдэг тул өргөтгөлийн гурилын 103 тоот агуулахыг хаахыг хүлээгээд, гурилын агуулахуудын хаалга, үүдний бүрэн бүтэн байдлыг шалгаж гурилын хэсэгт явж байсан. ...”/1хх 19-20, 147/,

гэрч Д.Л-гийн “...Би Нарантуул худалдааны төвд ээлжийн харуулын ажил хийдэг. 2022 оны 11 дүгээр сарын 12, 13, 15, 18-ны өдрүүдэд жижүүрт гарсан. Өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр жижүүрт гарахдаа жимс алдагдсан тухай сонссон. Энхболд жижүүр 327 тоот контейнерт хулгай гарсан юм шиг байна гэж хэлсэн, өөрөө ч сайн мэдэхгүй байх шиг байна лээ, тэгээд өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө буухад албаны дарга яриад цагдаад очиж мэдүүлэг өгнө гэж хэлсэн. Өглөө 09 цагт ээлж солилцдог, солилцохдоо ерөнхийд нь хараад шалгачихдаг. Тухайн 327 тоот контейнер манай харуулын байрнаас чигтээ харагддаг шөнөөр бол манайх 02 цаг хүртэл хөл хөдөлгөөн ихтэй байдаг учир нь хөдөө орон нутаг руу бараа ачдаг машинууд байрладаг болохоор хүмүүс ачаа авч ирэн ачдаг. Яг сайн санахгүй байна, эзэд нь онгойлгохдоо онгойлгоод бараа таваараа ачиж буулгаж байдаг. Тэр болгон тухайн контейнер онгойж хаагдаж байгааг сайн санахгүй байна. Жил гаран ажиллахад ийм асуудал гарч байгаагүй, анх удаа гарч байна. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Пүрвээ ээлжинд гарсан, 11-ний өдөр Энхболд, 12, 13-нд би, 14-ний өдөр Энхболд, 15-ны өдөр би, 16-ны өдөр Пүрэвээ, 17-ны өдөр Энхболд, 18-ны өдөр би, 19-ний өдөр Пүрэвээ жижүүрт гарсан. Манай талбайд орон нутгийн ачаа ачдаг машинууд зогсдог, хаалгаа шөнийн 01 цагт хаагаад өглөө 06 цагт онгойлгодог. Тухайн хаалгыг үүдний мөнгө хураадаг хүмүүс хааж нээдэг. Янз бүр байдаг зарим жолооч нар нь машиндаа хонодог зарим нь буудалд байрладаг, голдуу машиндаа ачаатай учраас хоночихдог. 09 дүгээр постны дээр байрлалтай хяналтын камер ажилладаг, цагдаагийн хэсэгт байрладаг гэж бодож байна. Өргөтгөлийн ерөнхий менежер нь Аманбек гэх хүн байдаг, харуул манааны хувьд манайх болон Баялаг ундраа гээд хоёр хэсэг байдаг, манай харуулын албаны дарга Наранбаатар гэх хүн байдаг. ...” /1 хх 22-23/,

гэрч Д.Н-ын “... Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвийн харуулын албаны дарга ажилтай, тухайн харуулын албанд 2017 оноос хойш ажиллаж байна. Манай харуулын хариуцдаг хэсэг нь Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэг хамаардаг. Манай харуулууд 24 цаг гараад 48 цаг амарч үүрэг гүйцэтгэдэг, заримдаа 24 цагаар тулж гарах тохиолдол ч гэсэн байдаг. Надад яг одоогоор баттай мэдээлэл байхгүй байна, хэрвээ манай харуулууд шалгаад онгорхой, дутуу цоожилсон чингэлэг павилон, байвал надад мэдэгдэж арга хэмжээ авдаг. Хэрвээ тийм асуудал байвал эзэнтэй нь холбогдоод асуудлыг нь шийддэг, урьд өмнө нь бас чингэлгүүдээс бараа алдагдсан тохиолдол гарч байсан, тухайн үеүүдэд шалгуулаад яваад үзэхэд хүмүүс орж ирээд өөрийн бараагаа ачиж байгаа юм шиг гарч байсан, хяналтын камераар дугаарыг нь харж олж байсан. Манай Нарантуул худалдааны төвд нийт 120 орчим хяналтын камер байдаг. Анх 2014, 2015 оны үед анхлан хяналтын камер суулгаж байсан гэж байсан, цаг хугацааны аясаар зарим нь эвдэрч ажиллахаа больсон асуудал байдаг. Тухайн 09 дүгээр постны хяналтын камерыг ажиллаж байсан гэж би бодож байсан яг хэзээнээс эхлэн ажиллахгүй болсоныг нь сайн мэдэхгүй байна. Хяналтын камерыг шүүхэд Нарантуулын цагдаагийн тасаг дээр очиж үздэг. Ээлжийн харуул Пүрэв, Лхагвасүрэн, Энхболд гурав ээлжилж гарсан. Пүрэв гэх харуул 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр онгорхой чингэлэг байхаар нь очиж асуухад ззэд нь дотроо байсан, эд зүйл алдагдсан талаар юм хэлж байна гэж надад мэдэгдсэн, тухайн цаг хугацаанаас өмнө ямар нэг харуулууд надад цоож, цуурга онгорхой байна, дутуу цоожилсон байна гэх зүйлүүд хэлж байгаагүй, ээлж хүлээлцэхэд асуудал гарч байгаагүй. Хэрвээ асуудал гарвал шууд надад мэдэгддэг. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн павилон, түц, чингэлэг, агуулах зэргийг хааснаас онгойх хүртэлх цаг хугацаанд гал түймэр, хулгай, ус, цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хэрэв асуудал гарвал холбогдох байгууллага, албан тушаалтан, хувь хүнд нь мэдэгдэж арга хэмжээ авч ажилладаг. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид өөрсдөө байж байх үедээ хулгайчид эд зүйлээ алдах, галын аюул тохиолдсон тохиолдолд иргэд өөрсдөө хариуцдаг. Харин тэднийг байхгүй үед буюу хаагаад явсны дараа, онгойх хүртэлх цаг хугацаанд хулгай орох, гал түмэр гарсан тохиолдолд манай харуулын алба үүрэг хүлээдэг. Үүнийг харуулуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр зохицуулсан байдаг. Ер нь тухайн чингэлэгийн эзэдтэй хамтран ажиллаж байсан ачаа зөөдөг хүмүүс нь цоож барааг нь мэддэг учраас иймэрхүү төрлийн хэрэг гарсан тал байдаг, өмнө нь 2, 3 удаа гарч байсан асуудлууд дээр тийм тохиолдол байсан. ...” /1 хх 28-29/,

гэрч Б.Ө-гийн “...Би 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “Мөнх ундрах жимс” ХХК-нд үндсэн ажилтнаар нягтлан бодогч орон тоон дээр ажиллах болсон. Өмнө нь тайланг нь хөлсөөр хийж өгдөг байсан. Манай компанийн Нарантуул захын өргөтгөлд байрлах 327 тоот контейнерт намайг ажилд орсноос хойш 1 удаа хулгай орж хатаасан үзэм, жимс зэрэг бараа хулгайд алдагдаж байсан. Контейнерыг 2 ширхэг цоожоор цоожилдог ба түлхүүр нь захиралд байдаг бөгөөд хулгай орсны дараа тус контейнер буюу агуулах руу харсан хяналтын камер байрлуулсан. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус агуулахад 3 ачигч Саруулсайхан, Тамирбаяр, Дэлгэрсайхан, худалдагч Соёлсайхан, тогооч Наранцэцэг, дарга нар болох Даариймаа, Мөнхбаатар нарын хамт ажиллаад ажилчид түрүүлж гэртээ харихаар яваад би хоёр захирлын хамт үлдээд оройны 20 цагийн үед гэртээ харьцгаасан. Өнөөдөр өглөө агуулах дээр ирэхэд хаалганы цоожийг нь эвдээд хулгай орсон байсан. Тэгээд бараануудаа тоолж үзэхэд, кофетой самар 2 хайрцаг /1 бүр нь 140.000 буюу 280.000 төгрөг/, хөөсөн үрлэн чихэр 1 кг савлагаатай, 6 хайрцаг /тус бүр нь 90.000 буюу нийт 540.000 төгрөг/, задгай нандин чавга 19 хайрцаг /1 бүр нь 85.000 буюу нийт 935.000 төгрөг/, ууттай нандин чавга 23 хайрцаг /1 бүр нь 85.000 буюу 1.955.000 төгрөг, цагаан самар 6 хайрцаг /1 бүр нь 140.000 буюу нийт 840.000 төгрөг/, 8 кг савлагаатай сайн чанарын үзэм 155 хайрцаг /1 бүр нь 65.000 буюу 10.075.000 төгрөг/, хушга 33 кг-тай 1 шуудай /1 шуудай нь 450.000 төгрөг/, шилэн үрэл 1 хайрцаг /1 хайрцаг нь 140.000 төгрөг/ тус бүр нийт 205 хайрцаг буюу 15.215.000 төгрөгийн бараа алдагдаж дээрээс нь нэмээд шилэн үрлэн дээр гишгэж, асгасны улмаас 4 хайрцаг шилэн үрэл /1 бүр нь 140.000 төгрөг буюу нийт 560.000 төгрөг/, контейнерыг цоож 1 ширхэг нь 20.000 төгрөг буюу нийт 40.000 төгрөгийн хохирол учирч компанийн хэмжээнд 15.815.000 төгрөгийн хохирол учирсан байна...” /1 хх 149-150/ гэх мэдүүлгүүд,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 36-37, 207-209/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 47-48, 53-54, 175- 176, 200-201/,

Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1 хх 124-125/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн шинжээчийн 30 дугаартай дүгнэлт /1 хх 184-192/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх 225/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2 хх 60/, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Х, Э.О, А.О Б.Г нарыг “бүлэглэн хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Х, Э.О, А.О Б.Г нарыг хохирогч хохирогч П.Мөнхбаатарын эзэмшлийн агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч 11.660.000 төгрөгийн бараа материалыг хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...агуулахад нэвтэрч...”, 2.4 дэх заалтад заасан “...учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж” үйлдсэн гэж хүндрүүлэх шинжээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.   

Шүүгдэгч Б.Х, Э.О, А.О Б.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-т 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.О-т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-д 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.О-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Шүүгдэгч Б.Г-ийнөмгөөлөгч Б.Баттөмөрийн “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 1 хх 169 дүгээр талд авагдсан Б.Г-ийнсэжигтнээр өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлгийг нотлох баримт болгон ашигласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан журам зөрчиж мэдүүлэг авсан тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Б.Г-д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон Б.Гг цагаатгаж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Т.Хонгорын “...миний үйлчлүүлэгч Б.Г-д оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. ...”,

шүүгдэгч А.О-ийн “...Анхан шатны шүүх нь Э.О-ын сэжигтнээр өгсөн мэдүүлгээс үнэмшилгүй буюу мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь илүү үнэмшилтэй байна хэмээн дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь нотлох баримтад бус таамаглалд үндэслэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн болно.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...”,

шүүгдэгч Б.Х-ыг өмгөөлөгч Р.Оюунцэцэгийн “...Х нь анхнаасаа хулгайн эд зүйлийг зөөж авч байна хэмээн ойлгоогүй зөвхөн Э.О-ын гуйлтаар түүнд тусалж байна хэмээн ойлгон энэ үйлдэлд оролцсон байдаг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. ...Анхан шатны шүүх нь хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитойгоор үнэлээгүй бөгөөд хэргийг ялласан улсын яллагчаас давж ял халдааж байгаа нь хэргийг бодит талаас үнэлж дүгнээгүй гэж үзэхээр байна. ...Хэрэгт цугларсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгч Б.Х нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь зөвхөн өөрийнх мэдүүлэгээс өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй болно. ...миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 3 жилийн хорих оноосон юм. Иймд Б.Х-т холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Хэрэв давж заалдах шатны шүүхээс Б.Х-ыг уг гэмт хэрэгт оролцсон гэж үзвэл түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол, төлбөрөө төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”,

шүүгдэгч Э.О-ын өмгөөлөгч Д.Энхтунгалагийн “...миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь заалтанд зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...”,

шүүгдэгч Б.Х, Э.О, А.О нарын өмгөөлөгч Ц.Номиндарийн “...Б.Х, Э.О, А.О нар нь гэм буруугаа мөрдөн байцаалтын үед хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг ойлгож ухамсрлан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрлөөс хүнд буюу хорих ялаар шийтгэсний хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү. ...”,

шүүгдэгч Э.О-ын “...Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруудаа маргаагүй, мөн учирсан хохирол гомдлыг бүгдийг барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж, ухамсарлаж байна. Иймд ар гэрийн байдал, асаргаанд байдаг ээжийг минь харгалзан үзэж, оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч Б.Х, Э.О, А.О, Б.Г нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, тэдгээрийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчдын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Х, Э.О, А.О, Б.Г нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Х, Э.О, А.О, Б.Г нар нь учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан тусгайлан хамгаалсан үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х, Э.О, А.О, Б.Г нарын энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тооцож, гэм буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, тухайн эд зүйлийг зөөж, тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж, ашигласныг ойлгодог.

Шүүгдэгч Б.Х, Э.О нарын хувьд үзэм 102 хайрцаг, цагаан самар 4 хайрцаг, хөөсөн үрэл 2 хайрцаг, Б.Г, Э.О, А.О, Б.Х нарын хувьд кофе самар 2 хайрцаг, хөөсөн үрэл 6 хайрцаг, задгай нандин чавга 19 хайрцаг, ууттай нандин чавга 23 хайрцаг, цагаан самар 6 хайрцаг, үзэм 155 хайрцаг, хушга 1 шуудай, шилэн үрэл 1 хайрцаг зэрэг эд хөрөнгийг бусдын тусгайлан хамгаалсан байр буюу эд хөрөнгийг хадгалах, хамгаалах зориулалт бүхий контейнерт нэвтэрч хулгайлан авахдаа өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь хохирогчийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нууцаар нэвтэрч, эд зүйлсийг нь автомашинд ачин хууль бусаар эзэмшилдээ оруулж, тухайн газраас явснаар буюу захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Тодруулбал, хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

Гэвч, энэхүү хэм хэмжээ нь дээр дурдсанчлан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш, энэхүү зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Анхан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-т 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.О-т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-д 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.О-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, гэм бурууд тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Баттөр, Т.Хонгор нарын хамтран гаргасан, шүүгдэгч А.О, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, шүүгдэгч Б.Х-ыг өмгөөлөгч Р.Оюунцэцэг, шүүдэгч Б.Х, Э.О, А.О нарын өмгөөлөгч Ц.Номиндарь нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Х, Э.О, А.О, Б.Г нарын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/735 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Баттөр, Т.Хонгор нарын хамтран гаргасан, шүүгдэгч А.О, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, шүүгдэгч Б.Х-ыг өмгөөлөгч Р.Оюунцэцэг, шүүдэгч Б.Х, Э.О, А.О нарын өмгөөлөгч Ц.Номиндарь нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Э.О, А.О, Б.Г нарын цагдан хоригдсон 63 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

 

                                  ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

 

                                  ШҮҮГЧ                                                 Т.ШИНЭБАЯР