Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02410

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00021

 

М.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02471 дугаар шийдвэртэй

М.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч И ХХК-д холбогдох

гэрээний үүрэгт 21 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяр, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр анх ХЕГ-2013-06 багцын дугаар бүхий байршилд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан И ХХК-ийн захирал А.О 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 102, 103 дугаартай хоёр талт гэрээ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №102, 103 тоот гурван талт гэрээг байгуулсны үндсэн дээр Баянзүрх дүүрэг, Сансар хотхоны 8 дугаар байрны 7 тоот 3 өрөө байр, Баянзүрх дүүргийн Сансар хотхоны 8 дугаар байрны 4 тоот 2 өрөө байраа тус тус чөлөөлж өгсөн. Гэрээний 2.2.1-д заасны дагуу байр 2015 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орох, 2.7-д заасны дагуу И ХХК-аас өгсөн мэдэгдлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сарын 500 000 төгрөг, жилд 6 000 000 төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр олгоно гэж тохиролцсон. Гэтэл гэрээнд заасан хугацаанд байр ашиглалтанд ороогүй төдийгүй одоог хүртэл байшин барилга баригдаж эхэлсэн зүйл алга байна. Бидэнд 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар буюу жилийн хугацааны байрны нөхөн олговор гэж 9 000 000 төгрөг цувуулж өгсөн. Түүнээс хойш одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. Байрыг 2014 оны 10 дугаар сард чөлөөлж өгснөөр анх 2014 оны 10 дугаар сард нөхөн олговрын мөнгийг өгч байсан. Манай хоёр байрыг И ХХК нураасан нь үнэн. 2017 онд анх манай нөхөр шүүхэд хандсан байдаг. Гэвч шүүх хуралдаан болох өдөр нас барсан тул энэ асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй өнөөг хүртэл явж байна. Нөхөр нас барсны дараа албан ёсны журмын дагуу хүсэлтээ гаргаж өвлөх эрхийн гэрчилгээг авсан болно. Иймд 2015 оны 10 дугаар сарын 15-наас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны буюу 2 байрны нөхөн олговорт сард тус бүр 500 000 төгрөгөөр тооцон нийт 21 000 000 төгрөгийг И ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяр, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээг түүний талийгаач нөхөр В.Этай байгуулсан нь үнэн. Хэрэгт баримтаар өвлөх эрхийн гэрчилгээ авагдсан байх боловч уг гэрчилгээ хуульд нийцэхгүй байна. Нотариатын тухай хуульд үндэслэл бүхий хууль ёсны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг бичдэг. Гэтэл устаж байхгүй болсон гэрчилгээ эх хувиар байхгүй хөрөнгөд нотариатч өвлөх эрхийн гэрчилгээг хийсэн байх тул хуулийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээ хийгдсэн гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх эргэлзээтэй. Мөн нэхэмжлэгч 2 талт болон 3 талт гэрээний үүрэгт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Хэрэгт авагдсан хоёр талт болон гурван талт гэрээнд барилга баригдах хүртэл олговор олгох талаар заагдаагүй, сунгаагүй болно. Гэрээгээр жилд 6 000 000 төгрөгийг олгоно, цаашид олгох эсэх асуудлыг тохиролцоно гэж заасан. Мөн гурван талт гэрээнд заавал гүйцэтгэгч тал нөхөн олговрыг олгоно гэсэн заалт байхгүй. Мөн нэхэмжлэгч ямар үндэслэлээр 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нөхөн олговрыг тооцсон нь тодорхой бус байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан И ХХК-иас 21 000 000 /хорин нэгэн сая/ төгрөгийг гаргуулж, М.Бт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 262 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан үндэслэлээ талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн гэж тайлбарласан бөгөөд ингэж тайлбарласан үндэслэлээ 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 102, 103 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-ний 2.7-д заасныг иш татсан. Уг гэрээний 2.7-д иргэн В.Э нь И ХХК-аас газар чөлөөлсөн өдрөөс эхлэн нийт 6 000 000 төгрөгийг түр суурьших асуудлыг шийдвэрлэнэ. Нөхөн олговор хэлбэрээр олгоно. Нэг жилээс дээших хугацаанд хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэж талууд тохиролцсон байдаг. Гэтэл шүүх гэрээний дээрх заалтаар маргааныг шийдвэрлэх үндэслэлээ болгосон мөртлөө уг заалтын агуулгыг илт үндэслэлгүй өөрөөр тайлбарлан өөрөөр хэлбэл талууд уг заалтаараа эхний нэг жил буюу 6 000 000 төгрөг нөхөн олговорт төлөх, цаашид нөхөн олговрыг үргэлжлүүлэн олгох асуудлыг харилцан тохиролцсон байхыг шаардсан заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Өөрөөр хэлбэл нэг жилээс дээш нөхөн олговор олгох асуудлыг харилцан тохиролцсон байхыг талууд тохирсон байхад шүүх ийм тохиролцоо байхгүй байхад сайн дураараа 2014 оны 10 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны нөхөн олговрыг хангаж шийдвэрлэсэн. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл маргалдагч талууд буюу нэхэмжлэгч буюу хариуцагч тал хоёрын хооронд байгуулсан гэрээний асуудал биш бөгөөд үүн дээр гуравдагч тал буюу гэрээний бас нэг талын үүрэг хариуцлага хамт яригдах ёстой байсаар байтал зөвхөн нэг хариуцагч буюу хоёр талт гэрээний дагуу үүрэг зөрчсөн гэж хуулийг буруу хэрэглэн дүгнэсэн. Нэгэнт шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг үндэслэл болгосон хэдий ч хоёр талт гэрээгээр шаардах эрх нь гурван талт гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй этгээд буюу Нийслэлийн Засаг дарга нарын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний нэг тал буюу Нийслэлийн Засаг дарга үүргээ биелүүлээгүй улмаас уг төсөл хэрэгжих боломжгүй болсон тул учирсан хохирлыг хариуцан арилгах төлөх үүрэгтэй мэт марган Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Их Өргөө ХХК-ийн нэхэмжлэл гаргаад хэрэг хянагдаж байхад хэргийг шийдвэрлэсэн нь гэрээний дагуу бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч И ХХК-д холбогдуулан арилжааны гэрээний үүрэгт 21 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

В.Э нь хариуцагч И ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 102, 103 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулж, В.Эгийн өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 хороо Сансар хотхон 8-4 тоот хаягт байрлах 25 м.кв 2 өрөө орон сууц, мөн тус байрны 39 м.кв талбайтай, 3 өрөө сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг И ХХК-д шилжүүлэх, хариуцагч И ХХК-ийн барьж ашиглалтад оруулах орон сууцнаас 2 болон 3 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон байна. /хх.3-6/ Мөн В.Э, хариуцагч И ХХК, Гэр хорооллын хөгжлийн газар 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 102, 103 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ тус тус байгуулсан байна. /хх.3-6, 7-12/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

Зохигчдын тайлбар, хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Б хуучин орон сууцыг шинээр баригдсан орон сууцаар сольж байгаа үйл баримтаас үзэхэд анхан шатны шүүх арилжааны гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь зөв болжээ. Арилжааны гэрээгээр хүлээх үндсэн үүрэг нь худалдах, худалдан авах гэрээний нэгэн адил гэрээний нэг тал нөгөөдөө арилжигдсан эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх бөгөөд нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээнд заасан орон сууцуудыг 2014 оны 10 дугаар сард чөлөөлж өгсөн, уг байр буулгагдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

В.Э, хариуцагч И ХХК, Гэр хорооллын хөгжлийн газар 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 102, 103 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний 2.7-д И ХХК-аас өгсөн мэдэгдлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс эхэлж сарын 500 000 төгрөгөөр жилд 6 000 000 төгрөгийн нөхөн олговор хэлбэрээр олгоно гэж заасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэгч И ХХК-ийн эрхийг цуцалсан, В.Э 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр нас барж хууль ёсны өвлөгчөөр М.Б болох нь тогтоогдсон үйл баримт тогтоогджээ. /хх.13-19, 102/

Хуульд зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хариуцагч И ХХК нь нэхэмжлэгч М.Бт орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй 2014 оны 10 дугаар сараас гэрээ цуцлагдсан 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх нийт 42 сарын хугацаа хэтрүүлсэн, уг хугацааны түрээсийн төлбөрт 42 000 000 төгрөг төлөхөөс 21 000 000 төгрөг төлсөн, үлдэх 21 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн төлөөлөгч гомдолдоо ...гэрээнд зааснаар хариуцагч нэг жилийн олговор төлөх цаашид нөхөн олговрыг үргэлжлүүлэн олгох асуудлыг харилцан тохиролцсон байхыг шаардсан заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэл заасан байгаа боловч 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 103 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтйийн төсөл хэрэгжүүлэх хоёр талд гэрээ-ний 2.7-д И ХХК-аас өгсөн мэдэгдлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сарын 500 000 төгрөг жилд 6 000 000 төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр олгоно гэж заасан, уг заалтыг гэрээнд 1 жилийн хугацаагаар хязгаарлагдсан тодорхой үүрэг тогтоосон гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж заасан. Талууд гэрээний дээрх нөхцлийг өөрчилсөн, сард төлөх нөхөн олговрын талаар дахин тохиролцсон үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...цаашид олговор олгох асуудлыг гэрээгээр тохиролцох байсан гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02471 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч Д.Баярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО