| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0598/Э |
| Дугаар | 557 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 557
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ламын гэгээн овогт Г.Хөд холбогдох 1711012050282 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн хэмжүүрийн засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10 дугаар гудамж 510 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ламын гэгээн овогт Г.Х (РД:00000000000),
нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 33 дугаар гудамжны 558 Б тоотод согтуурсан үедээ хамтран амьдрагч Ц.Даваахүүтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд “тархи доргилтт, зулайд няцарсан шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Х нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.
Хохирогч Ц.Даваахүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2015 оноос хойш гэр бүлийн маргаанаас болж хамтран амьдрахаа болиод одоог хүртэл 2 талдаа тусдаа амьдарч байгаа. …2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Г.Х намайг гэртээ байж байхад бага зэрэг халамцуу байдалтай гартаа 2.5 литрийн Боргио пиво аваад орж ирээд бид хоёр юм яриад сууж байхдаа уг пивоноос 2, 2 аягыг уугаад сууж байтал мессеж ирсэн асуудлыг сөхөөд хэрүүл хийж байгаад намайг үсдэж аваад гал тогтооны өрөөний плитан дээр толгойгоор цохиод будаа агшаагчны дотор талын саваар толгой руу цохиод миний толгойг хагалсан. Тэгээд байж байтал гаднаас манай хуурай эгч Долгорсүрэн өөрийн хүүхэд Батцэцэгийн хамтаар орж ирсэн. Тэгээд түргэн дуудъя гээд 103 руу залгаад түргэний эмч ирээд намайг үзээд гэмтлийн эмнэлэг рүү явсан. …Тэгээд намайг эмнэлэгт байж байхад хамтран амьдрагч Г.Хийн ах Мөнхбат нь надад дансаар эмчилгээний зардал гэж 2.000.000 төгрөгийг миний 5077191001 дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд хэрэг явдал болсоноос хойш удаа дараа ирж уулзаад эмнэлгийн байгууллагаар явсан. …Надад одоо гомдол санал байхгүй” гэжээ.
Гэрч М.Долгорсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...би охин О.Батцэцэг болон хүргэн Ч.Батмөнх нарын хамтаар дүү Ц.Даваахүүгийн гэр рүү явж орсон. Тэгээд гэрт нь ороход Ц.Даваахүүгийн толгой нь хагарсан байдалтай гал тогооны өрөөнд Хүрэлээ, Ц.Даваахүү хоёр байж байсан. Тэгээд бид гуравыг явж ороход Хүрэлээ ах гараад зугтаагаад яваад өгсөн. …Намайг гэрт явж ороход 2.5 литрийн савалгаатай том пиво талдаа орсон байдалтай сууж байсан. Тэр хоёр уусан байсан. Тэгэхдээ хэн хэн нь ухаанаа алдаагүй эрүүл ухаантай байсан.” гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.10-ны өдрийн ¹13914 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Ц.Даваахүүгийн биед тухайн үед тархи доргилт, зулайд няцарсан шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь 2017.9.07-ны өдөр үүссэн байх боломжтой байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Г.Х нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 33 дугаар гудамжны 558 Б тоотод хамтран амьдрагч Ц.Даваахүүтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хоорондоо маргалдаж, хохирогчийг үсдэж зодсоноос түүний биед тархи доргилтт, зулайд няцарсан шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь
|
|
|
|
шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Даваахүүгийн “...бид хоёр юм яриад сууж байнгаа уг пивоноос 2, 2 аягыг уугаад сууж байтал мессеж ирсэн асуудлыг сөхөөд хэрүүл хийгээд байж байгаад намайг үсдэж аваад гал тогтооны өрөөний плитан дээр толгойгоор цохиод будаа агшаагчны дотор талын саваар толгой руу цохиод миний толгойг хагалсан” гэх мэдүүлэг, гэрч М.Долгорсүрэнгийн “...Ц.Даваахүүгийн гэрт нь ороход Ц.Даваахүүгийн толгой нь хагарсан байдалтай гал тогооны өрөөнд Хүрэлээ, Ц.Даваахүү хоёр байж байсан. Тэгээд бид гуравыг явж ороход Хүрэлээ ах гараад зугтаагаад яваад өгсөн” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.10-ны өдрийн ¹13914 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, “хохирогчийн хохирлын мөнгө хүлээн авсан гомдол саналгүй гэх хүсэлт” болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Ламын гэгээн овогт Г Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Даваахүү нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг хүлээн авсан талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Хийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.
Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Г.Хийн торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ламын гэгээн овогт Г.Хийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Хийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Хийн торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 10-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Х нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хөд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ