Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/741

 

 

 

 

         2023           7            20                                      2023/ДШМ/741

 

Ж.М-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Төгөлдөр,

шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, Х.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга  Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч З.Болдбаатар, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/509 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.М-т холбогдох 2209000001593 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.... овгийн .....-ын М, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ...... төрсөн, .. настай, э..эгтэй, ...... боловсролтой, мэргэжил.., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...-ийн хамт .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;

            Шүүгдэгч Ж.М нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5а байрны 5 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Э.Л-ыг гадуур хонолоо гэж зодож, толгой руу нь цохих, шал мөргүүлэх зэргээр зодож биед гавлын зүүн зулай яснаас суурь яс руу үргэлжилсэн шугаман далд хугарал, зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хатуу бүрхүүлийн чдээрх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан прокуророос шүүгдэгч Ж.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Ж.М-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.М-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.М нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Ж.М-ыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ж.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хийсэн үйлдэлд маш их гэмшиж буйгаа юуны түрүүнд хэлмээр байна. Хийсэн хэргийнхээ улмаас 2 жилийн хорих ял шийтгүүлж, энэ хугацаанд маш их зүйл ойлгож, өөрийн бодлоггүй үйлдлийн улмаас хайртай хүнээ хохироосон учраас ял шийтгүүлсэн гэдгээ маш сайн ойлгосон. Хэрэг гарснаас хойш эхнэрээсээ байнга уучлал гуйсаар байгаа бөгөөд урьдын адил охины хамт гурвуулаа амьдарч байгаа. Бусдын биед хүнд гэмтэл учруулж хохироосноос гадна өөрийн эцэг, эх гэр бүлийнхнээ давхар хохироон сэтгэл зүйн дарамтанд оруулж, яллаж байгаадаа маш их харамсаж байна. Анхан шатны шүүхээс надад хорих ял оногдуулсныг би буруутгахгүй байгаа хэдий ч миний бие элэгний циррозын сүүлийн шат боох 4 дүгээр зэргийн хүнд өвчтэй, мөн архаг хүнд писириоз өвчтэй байнгын эмчилгээ, сувилгаа шаардлагатай бөгөөд цаашид элэг солиулах шаардлагатай 80 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан группэд байдаг байдлыг харгалзан үзэж хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ж.М-ын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/509 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг зөвшөөрч байна.

Ж.М нь мөрдөн байцаалтын явцад болон анхан шатны шүүх хуралдаанд өөрийн хэргийг хүлээн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж буйгаа илэрхийлсэн байдаг. Хохирогч Э.Л-ын тухайд Ж.М-ыг уучилсан, түүнд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо удаа дараа илэрхийлсэн бөгөөд тэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор цагдан хоригдох хүртэл охины хамт гэр бүлээрээ амьдарч байсан билээ.

Ж.М нь элэгний өмөн /цирроз/-н 4 дүгээр зэрэгт хамаарах хүнд өвчтэй бөгөөд одоогийн байдлаар цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэрэгт авагдсан түүний эрүүл мэндийн байдлыг тодорхойлох нотлох баримтуудаас харахад, элэг солиулах хагалгаанд яаралтай орох шаардлагатай гэдэг нь харагддаг.

Ж.М болон түүний эхнэр хохирогч Э.Л нар нь охины хамт элэг бүтэн амьдах чин хүсэлтэй байгаа болон Ж.М-ын эрүүл мэндийн байдал нэн хүнд байгаа байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.М-т торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.М-ын өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ж.М нь 80 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан, байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа ойлгож байгаа. Хорих байранд очсон цагаасаа хойш байнгын эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд цагдан хорих 461 дүгээр хорих байгууллагын эмч нарын зөвлөгөөний шийдвэр гарсан байдаг. Уг эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр миний үйлчлүүлэгч Ж.М-ыг “цаашид байнга эмчийн хяналтад байж, нарийн шинжилгээ өгч, эмчлүүлэх шаардлагатай” гэсэн дүгнэлт гарсан. Энэ талаарх баримтыг шүүхэд шинээр гарган өгч байна. 2002 оны Хууль зүйн дотоод хэргийн яам болон Эрүүл мэндийн яам нарын сайдын хамтарсан тушаалд “элэгний хатуурал, эмэгшилт, дутагдлын 2, 3 дугаар үед байгаа өвчтөнийг ялаас чөлөөлөх тухай” зохицуулсан байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.М-ын эхнэр, эцэг, эх нь ажиглагчаар оролцож байна. Гэр бүлийн хувьд хэвийн уур амьсгалтай болсон. Шүүгдэгч Ж.М нь элэгний цирроз өвчний эцсийн шатанд орсон. Амьдрах хугацаа нь богино болсон учраас эмчилгээ хийлгүүлэх боломжоор хангаж, түүнийг анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлж өгнө үү. Хэрэв ялаас чөлөөлөх боломжгүй гэж үзвэл хорих ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Э.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би нөхрийгөө уучилсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй. Анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл бид охинтойгоо хэвийн амьдарч байсан. Би нөхрийнхөө эрүүл мэндийн байдалд маш их санаа зовж байна. Иймд анхан шатны шүүхээс нөхөрт минь оногдуулсан хорих ялыг өөрчилж, гэр бүлийг минь хамтдаа байхад нь тусалж өгөөч гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. ...” гэв.

Прокурор Ц.Төгөлдөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос шүүгдэгч Ж.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрийнхээ эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримт шинжлэн судалсны үндсэн дээр хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч Ж.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, шүүгдэгч Ж.М нь ажил, хөдөлмөр эрхэлдэггүй тул ямар нэгэн орлого байдаггүй. Анхан шатны шүүх эрх хэмжээний хүрээнд түүнд хорих ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Ж.М нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5а байрны 5 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Э.Л-ыг гадуур хонолоо гэж зодож, толгой руу нь цохих, шал мөргүүлэх зэргээр зодож биед гавлын зүүн зулай яснаас суурь яс руу үргэлжилсэн шугаман далд хугарал, зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хатуу бүрхүүлийн чдээрх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Л-ын “...Ж.М-той 2018 оны 10 дугаар сард анх танилцаж 2019 оны 09 дүгээр сараас эхлэн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 5а байрны 5 тоотод амьдарч эхэлсэн. Тэр өдөр гэртээ буюу гэрийн унтлагын өрөөндөө байж байтал Ж.М бид хоёр өмнөх өдөр нь маргасан бөгөөд аймаар уурладаг учир би гэрээсээ гарч яваад найзынхаа гэрт очиж хоноод 15 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд Ж.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тагтан дээрээ дээлээ өмссөн байдалтай байж байсан. Ингээд би өрөөндөө ороод байж байх үед Ж.М тагтан дээр байж байхдаа над руу “Чи дахиад намайг ингэж хуурах болов уу” гэсэн. Тэгэхээр нь би “Чи битгий маяглаад бай. Би ямар хүн уучилж болохын аргагүй алдаа гаргасан биш. Чи надтай хүнд гэмт хэрэг хийсэн хүн шиг харилцаад байх юм аа” гэж бичсэн. Тэгтэл Ж.М “Чи намайг яах гэж дээлээ гаргуулсан талаар мэдэж байна уу” гэсэн чат бичсэн. Тэгэхээр нь би “Яах гэж дээлээ гаргуулсан юм бэ” гэхэд М тагтны цонх цохьсон бөгөөд тагтнаас орж ирээд намайг босоод ир гэсэн. Тэгэхээр нь би “Чи яах гэсэн юм бэ. Намайг зодох гээд байгаа юм биш биз дээ” гэж асуусан. Учир нь, М тагтнаас орж ирэхдээ их ширүүн харцтай болсон байсан. Тэгээд би босоод очих үед М шууд толгой руу зөндөө олон удаа цохьсон бөгөөд мөн үснээс зулгаан хана руу саваад хана мөргүүлсэн. Тэгээд толгойн хоёр тал буюу чихний хэсгээс хоёр гараараа барьж байгаад хэд хэдэн удаа шал мөргүүлсэн. Шал мөргүүлэх үед би хэсэг ухаан балартсан байсан. ...М намайг цохиж эхлэх үед би ээжээ гэж орилсон бөгөөд ээж манай өрөөнд орж ирсэн байсан. Тэгээд Мыг боль гэж хэлсэн. Тэгтэл М болихгүй намайг цохиж зодсоор л байсан. Тэгээд удаагүй хадам аав орж ирээд, чи боль гээд цагдаа дуудна шүү гэж хэлээд өрөөнөөс гараад явсан. Энэ үед намайг М зодохоо болихгүй байсан тул М-ын хөлөөс нь тэвэрч аваад “намайг битгий зод, намайг битгий алаач ээ” гэж хэлээд гуйсан. Тэгтэл тэр үед арай тайвширч намайг зодохоо болсон бөгөөд энэ үед хадам ээж гараад явсан. Би М-т хандаад би толгой эргээд унах гээд байна. Хамт хэвтье гэж хэлээд хамт орон дээр хэвтсэн. Хэсэг хугацааны дараа хэвтэж байгаад угаалгын өрөө рүү М орсон бөгөөд эргээд өрөөндөө орж ирэхдээ гал тогооны өрөөнөөс жижиг хутга авч ирээд тавьсан. Чи зодсон талаар хэн нэгэн хүнд хэлэх юм бол чамайг ална шүү гэх утга бүхий зүйл надад хэлсэн. Тэрний дараагаар би их айдастай болсон. Бие өвдөж байхад хүртэл чив чимээгүй М-ыг унтахыг хүлээсэн. М 17 цаг 30 минутын үед унтсан. Тэр үед нь би гар утсаа аваад хадам ээж рүү “Бие өвдөөд байна. Та өрөөнд орж ирээд түргэн дуудах уу” гэж мессеж явуулаад асуусан. Тэгтэл хариу ирээгүй бөгөөд утас руу нь залгахад “Би гараад явсан байна. Чи өөрөө түргэн дуудчих” гэж хэлсэн. Тэгээд би М-ын хажууд түргэн дуудах юм бол сэрчих байх гэж бодоод мөлхөж явж байгаад угаалгын өрөөнд ороод түргэн дуудсан. 2020 оны 6 дугаар сард төрөөд удаагүй 16 хоног болж байх үед М өөрийнхөө найз Х-ийн зуслангийн байранд хоолой боон, толгой руу хэд хэдэн удаа цохиж зодсон. Тухайн зуслан дээр Хишигсүрэн, эхнэр Үүрийнтуяа нар байсан ба миний хоолой, хацар хэсэгт хэд хэдэн газарт улайж хавдсан байсан. Энэ талаар манай хадам ээж, аав хоёр мэдэж байгаа. Үүний дараа 2021 оны 4 дүгээр сард бид хоёр Хангай хотхонд байр түрээсэлдэг байсан бөгөөд тэр байранд миний хамар руу гараараа цохиж, хамарт гэмтэл учруулан хөхөрч хавдаж байсан. Тэр үед манай хажуу талын айлын хүн дуудлага өгч байсан бөгөөд тэр үед М зугтаагаад явсан. Дараа нь хэсгийн байцаагч нь торгуулийн арга хэмжээ авсан. М надаас гуйгаад байсан учир би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Би энэ талаар өөрийн том эгч Ж.Энхзулд хэлсэн. Би ер нь Энхзул эгчдээ болж байгаа зүйлийн талаар хэлдэг юм. Мөн 2021 оны 8 дугаар сард Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим миний нүүр рүү цохиод би газар унах үед миний нүүрний баруун хэсэгт дээрээс дэвслээд тэгээд зугтаагаад явж байсан. Намайг зодох үед тэнд харж байсан хүн чи болиоч гэхэд зугтаагаад яваад өгсөн. Энэ талаар манай аав, ээж хоёр мэдэж байгаа. ...” /хх 15-16, 19-20/,

гэрч О.С-гийн “...2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр үдээс хойш нарийн цаг хэлж мэдэхгүй байна. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо 5а-5 тоотод гэртээ миний бие нөхөр Жүгдэрнамжилтай өөрсдийн өрөөнд хэвтэж байсан. Манай тагттай өрөөнд хүү бэр 2 байсан. Тэгээд байж байтал ээжээ гээд дуудах шиг болоход нь өрөөнд нь яваад орсон чинь манай хүү М орны цаана эхнэртэйгээ барьцалдсан байдалтай байж байхад нь би салгах гэтэл М ”Ална шүү бүгдийг чинь, өрөөнөөс гар” гэж намайг цохиод авчих байдалтай байсан. Манай нөхөр Жүгдэрнамжил нь ирж Мыг толгойноос нь татаж салгасан. Манай бэр хүүг хоёулаа ярилцъя гээд босоод ирсэн. Тэгэхээр нь тэр хоёрыг өрөөнд нь үлдээж, би нөхрийнхөө эм болон гэртээ хүнс авах гээд гарсан. Гадаа явж байтал миний дугаар руу бэр “Миний бие нэг тавгүй байна. Та ороод ирэх үү. Би эмнэлэг дуудмаар байна” гэхэд нь “Тэгвэл дууд, дууд. Би одоо орлоо” гэж хэлсэн. Намайг ороход Л угаалгын өрөөнд байсан. Л-ын биед ил харагдах гэмтэл байгаагүй. Түргэний эмч ирээд, гэмтэлд ер нь үзүүлчих гэж хэлсэн. Бэр Л-ыг гэмтлийн эмнэлэгт үзүүлж эмчийн зааврын дагуу хэвтүүлсэн. Аав нь сахиж байсан. Манай хүү тухайн өдрийн өглөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 2015 оноос хойш архинд орж элэгний хатуурал болж жилийн өмнө архины спираль тариулсан байсан. Архинд донтох өвчтэйгөөр Шар хадны донтолтын тасагт 2 ч удаа хэвтүүлсэн. Сүүлд хэвтэхдээ солиорлын байдалтай байсан. Эхнэрээ зодож байхыг яг хажууд нь харж байсан удаа байхгүй. Манай хүү хурц, дүрс хийсэн ууртай ч уур нь тэр дороо гарчихдаг. Архинд донтоод л янз бүрийн авир гаргадаг. Нэг уурлахаараа хүнийг юу ч гэж хэлж магадгүй. Сүүлд дахин эмчлүүлэхэд “Архины цагаан солио” гэх оноштой байсан. Л-аас өөр Б гэх охинтой үерхэж байсан. Б-г гарын бугалга хэсэгт нь хатгаж цус гаргаад нөгөө охиныг нь нөхрийн хамт “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлж байсан. ...” /хх 26-27/,

гэрч Б.Ж-ын “...Тэгээд байж байтал ээжээ гэж дуудах шиг болохоор нь манай эхнэр өрөөнд нь яваад орсон чинь эхнэрийг хүү М ална шүү, гар зайл гээд байсан. Тэгээд миний дургүй хүрээд тэр хоёрын өрөөнд ороход хүү, бэр хоёр орны цаана газар зууралдаастай байсан. Тэгээд би Мыг толгой цээжнээс нь татаж, түлхэн бэрээс салгасан. Л-ын том эгч гэх хүн өмнө нь зодож, цохиж байсан гэж хэлж байсан. Миний бие яг зодоход нь харж байгаагүй. Өрөөндөө бол тэр хоёр хүн үе үе муудаж байдаг. ...Манай гэр бүлийн зүгээс бэр Лын эмчилгээний бүх зардлыг гаргаж байгаа. Яагаад хариуцах шаардлагатай вэ гэхээр манай ач охины ээж нь эрүүл саруул байх ёстой учраас бүх зүйлээр тусална гэсэн бодолтой байдаг. Сая эмнэлэгт хэвтээд гарсан бүх зардлыг эхнэр бид хоёр барагдуулсан. Цаашид гарах төлбөрийг ч гэсэн барагдуулах бодолтой байна. ...” /хх 29-30, 32/,

гэрч Ц.Э-ийн “...Манай охин Э.Л нь 2019 онд Мтой танилцаад хүүхэдтэй болж гэрлэлтээ батлуулсан. Хадмынхаа гэрт амьдарч байгаа. Манай охин Э.Л бол ааш зан гайгүй, хамт олонч зантай. Мын хувьд нээх сайн мэдэхгүй. Тэр болгон манайд ирээд байдаггүй. Сураг дуулахад хааяа архи уугаад байдаг гэсэн. Анх манайд хүргэн орж байхдаа Оюу толгойд ажилладаг, архи хэрэглэдэггүй гэж хэлсэн. Охин зодсон цохьсон талаар надаас нуугаад байдаг байсан юм байна лээ. 2021 оны 8 дугаар сард нутаг явах болоод эхнэр Бямбажаргалын хамт хотод орж ирээд машин тэргээ янзлаад байж байтал охин утасдаад хүрээд хүрээч гэхээр нь яасан бэ гэтэл намайг гудамжинд зодоод байна гэсэн. Тэгээд охины байгаа газар очих үед охины зодоод хөл гарыг нь хөхрүүлээд дээрээс нь дэвсээд зодсон байсан. Бас хэд хэдэн удаа зодож цохьсон асуудал гарсан. ...” /хх 34/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11575 дугаартай Э.Л-ын биед гавлын зүүн зулай яснаас суурь яс руу үргэлжилсэн шугаман далд хугарал, зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 37-38/ гэсэн дүгнэлт,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 98-99/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 888 дугаартай дүгнэлт /хх 41/, шүүгдэгч Ж.М-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.М-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ж.М-ыг хохирогч Э.Л-ын эрүүл мэндэд “гавлын зүүн зулай яснаас суурь яс руу үргэлжилсэн шугаман далд хугарал, зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хангахгүй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь байнга буюу 3 ба түүнээс дээш удаагийн давтамжтай үйлдэгдсэн байхыг шаардана гэж дүгнэж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган нарын “...эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Ж.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээний хорих ял оногдуулсаныг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурьдсан биеийн эрүүл мэндийн байдлын улмаас оногдуулсан хорих ялыг эдлэх боломжгүй, мэс ажилбарт орох зайлшгүй шаардлагатай гэсэн байх бөгөөд тухайн өвчний учир мэс заслын ажилбараар эмчлүүлэх зайлшгүй шаардлага үүссэн бол хорих байгууллагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах эрх нээлттэй болохыг дурдаж байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Э.Эрдэнбулган нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ж.М-ын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 66 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/509 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Э.Эрдэнбулган нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ын цагдан хоригдсон 66 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хуулийн хэрэглээний зөрүү байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТЗОРИГ

 

                 ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

 

                 ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР