Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 316/ШШ2025/00079

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 316/ШШ2025/00079

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн С******* сумын * дугаар баг * дугар хэсэг *** тоотод оршин суух, З******* овогт Г******* Г******* /РД:**************/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, С******* дүүрэг ** хороо, ******* хороолол **-*** тоотод оршин суух, О******* овогт Г******* М******* /РД:*************/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулж, эд хогшлын мөнгө 9,640,000 төгрөг, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүүхдэд ногдох хувийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г******* ,хариуцагч Г.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Миний бие 2020 онд Г******* М*******тэй танилцаж **** оноос миний оршин суудаг Улаанбаатар хотын С******* дүүргийн **-р хорооны Х х ***-р байрны *** тоотод гэрт амьдарч эхэлсэн боловч энэ хугацаанд байр болон хэрэглээний зардлаас төлөлцдөггүй байсан. **** оны 1-р сард жирэмсэн болж нэг гэртээ нэг мөсөн тохижуулж амьдрахаар болж Г.Мн гэрт 8 дугаар сард нүүж очсон. Ингээд ярилцаж байгаад аав ээжийнхээ хажууд амаржихаар болж Сэлэнгэд ирээд 2023 оны 9 дүгээр сарын 30-нд охин Ныг төрүүлсэн. Одоо ч аав ээжийнхээ гэрт охиноо хараад байж байгаа болно. Ингээд миний нөхөр. охины аав Г.М******* амаржихаас өмнө Австрали улс руу явсан. Явсан өдрөөсөө харилцаагаа тасалж төрөхөөс өмнө ирнэ гэсэн боловч ирээгүй таг чиг болсон. А намайг төрснөөс хойш 2023 оны 10 дугаар сард ирсэн ч охиныхоо төрсний гэрчилгээ авах хугацаанд ирэх байх гэж бодсон ч төрсөн эцэг хүний үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй ирэхгүй байсан учраас арга буюу хугацаанд нь авахын тулд өөрийн нэрээр овоглосон болно. Одоогоор утсаа авахгүй, ямар нэг холбоо харилцаагүй байсаар байна.

Г.М******* нь одоогоор Улаанбаатар хотын 4 дүгээр Дулааны цахилгаан Станц ТӨХК-ий цахилгааны цехэд ээлжийн монтерын албан тушаал эрхэлдэг. Бид 2 нэг дор цуг ажилладаг байсан. Төрсний дараа түүний эцэг Ганбат 3 удаа ирсэн. Нэрийг хадмын талаас өгсөн.

Ингээд миний бие Г.М гэр бүл үр хүүхдээ гэсэн сэтгэлгүй хэнэггүй зан ааш гаргаж байгаад туйлын гомдолтой тул дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Г.М /РД-*************/ хүүхдийг төрүүлсэн тул өөрийн охин Нт төрсөн эцгийнх нь хувьд хүүхдийн тэтгэмжийг гаргуулах Жич: Г.М******* нь 1 жилийн Австралийн визтэй ба дахин явах магадлалтай гэж бодож байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө; гэж заасны дагуу Г.М амьдарч буй Улаанбаатар хотын Х дүүргийн *-р хорооны А *-ын ****-р байрны ** тоотод гэр бүлээрээ амьдрахаар болж миний бие **** оны зун өөрийн хөрөнгөөр авсан унтлагын өрөөний шүүгээ, ор матрасс хөшиг гэх мэт эд хогшлын 9640000 /есөн сая зургаан зуун дөчин мянган төгрөг/-ийг гаргуулж авах

Улаанбаатар хот, Х дүүрэг ** дүгээр хороо А **-**** дугаар байрны *** тоотод байх үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцыг Г.М******* болон миний бие хамтран амьдарч байхдаа дундаасаа бий болгосон хөрөнгө учраас тухайн эд хөрөнгийг 3 хувааж охин бид хоёрт ногдох хэсгийг гаргуулахаар өөрчилж байна. гэжээ.

Хариуцагч Г.М******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Г.Г******* бид хоёр 2022 оноос эхлэн үерхэж эхэлсэн. Эхлээд хоёр биеийнхээ гэрээр орж гардаг байсан. Түүнээс шууд л Г.Г*******ын нэхэмжлэл дээр дурдсан шиг тэдний байранд нь очиж амьдраагүй тухайн үед тийм нөхцөл боломж ч байхгүй байсан. Г.Г******* маш их ааштай сав л хийвэл уурлаж намайг их зовоодог байсан. Мөн маш их хардаж янз бүрээр хэлж доромжилдог байсан. Энэ бүх аашны би тэвчээд л өнгөрүүлдэг байсан. За яах вэ эмэгтэй хүн надад эрхэлж уурлалгүй яах вэ дээ гэж бодон хайрлаж байсан. 2023 оны 09 дүгээр сарын 30-нд миний охин Г.Н төрсөн. Уурлах болгондоо энэ чиний охин биш мөн гэж хэлж намайг сэтгэл санаагаар маш их унагаж байсан. Би охиноо төрөхөөс өмнө тохилог байранд байлгах гээд өөрийн өмчлөлийн байрандаа Г.Г*******ыг авчирсан. Тухайн үед байрны тавилга авна 9.640.000 төгрөгөөр Г.Г******* тавилга авсан. Энэ тавилга нь одоо ч шинээрээ байгаа. Энийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрч надаас мөнгөө нэхэмжилсэн байсан. Цаашдаа охиноо төрүүлээд 3 лаа сайхан амьдрах болов уу гэж бодож байтал энэ чиний хүүхэд биш за гэж хэлэн намайг сэтгэл санаагаар маш унагаж аав ээжийндээ очсон. Би араас нь зөндөө гуйсан боловч ирээгүй. Ингээд би 2023 ондоо их сэтгэл санааны хүнд байдлаа давахын тулд Австрали улс руу явсан. 2024 оны 03 дугаар сарын 19-нд С******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр Г.Г******* нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өөрөө хүүхдийн эцэг тогтоолгох хүсэлт өгсөн байсан. Хэрвээ охин минь миний хүүхэд мөн бол би хуульд заасан эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгэнэ. Цаашдаа би охиноо өөрийнхөө асрамжид авна гэж бодож байгаа. Нэхэмжлэгч Г.Г*******ын өөрийнх авсан тавилга шинээрээ байгаа учраас тавилгаа ч авах боломжтой

2022 оны 01 дүгээр сарын эхээр жирэмсэн гэдгээ хэлсэн. Тиймээс эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байсан. Бид 2022 онд хамт амьдарч эхэлсэн. Энэ байрын 2021 онд анх захиалж, мөнгөө шилжүүлсэн. Тавилгаа эсвэл мөнгийг нь буцаан авч болно. Би тавилгыг огт ашиглаагүй, одоо тэр байранд амьдрахгүй байгаа. Мөн тавилга миний сонголт биш, Г.Г******* өөрөө дур мэдэн сонголт хийж авсан. Тиймээс буцаан авч болно. Охиндоо хуулийн дагуу тэтгэлэг төлнө! гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Г******* нь хариуцагч Г.М******* -д холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулж, эд хогшлын мөнгө 9,640,000 төгрөг, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүүхдэд ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 дах шаардлага дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүүхдэд ногдох хувийг гаргуулах гэснийг Улаанбаатар хот , Хан-уул дүүрэг * дүгээр хороо А **-**** дугаар байрны **** тоотод байх үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцыг Г.М******* болон миний бие хамтран амьдарч байхдаа дундаасаа бий болгосон хөрөнгө учраас тухай эд хөрөнгийг 3 хувааж охин бид хоёрт оногдох хэсгийг гаргуулах гэж өөрчилсөн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэг: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд: Зохигчид нь **** онд танилцаж, улмаар **** оноос эхлэн хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас **** оны 09 дүгээр сарын 30-ны өдөр охин Г.Н төрсөн байна./хх-ийн1,..... 6 ху/

Хариуцагч Г.Мн хүсэлтээр шүүх 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн Г.Нын биологийн эцгийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон байна./хх-ийн 84-85 ху/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаар шинжээчийн дүгнэлтээр ... Г.М******* нь Г.Нын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай ... тухай хариуг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд энэхүү дүгнэлт, зохигчдын тайлбар зэргээр Г.М******* нь Г.Нын эцэг мөн болох нь тогтоогдож байна./хх-ийн 104-107 ху/

Иймд хариуцагч Г.М*******эс хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Г.Ныг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Г.М******* хүүхдийн асрамжийн тал дээр маргаагүй тул Г.Ныг эх Г.Г*******ын асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй тул охин Г.Ныг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг Г.М******* болон эх Г.Г******* нар чөлөөлөгдөхгүй болохыг мөн хуулийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч хариуцагчийн хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч саад болохгүй байхыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь Г.Мн төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (446700х12=5360400:2) улсын тэмдэгтийн хураамжид 57,833 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Хоёр: Эд хогшлын мөнгө 9,640,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Зохигчид нь 2022 оноос эхлэн 2023 оны 08 сар хүртэлх хугацаанд гэр бүл болж хамтран амьдарч байсан боловч гэрлэлтээ бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байна.

Ийнхүү хамтран амьдрах хугацаандаа маргаан бүхий орон сууцанд зориулж унтлагын өрөөний шүүгээ ор матраас, хөшиг гэх мэт 9,640,000 төгрөгийн үнэ бүхий эд хогшил худалдан авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна./хх-...../

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дэх хэсэгт зааснаар дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээс салгаж авах, ийнхүү салгаж авахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт иж бүрдэл бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ...авахгүй, мөнгөө авна гэж мэтгэлцсэн.

Хариуцагч Г.М******* нь тухайн хөрөнгийг нэхэмжлэгч Г.Г******* худалдан авсан болон эд хогшлын үнэ болох 9.640,000 төгрөгийг төлсөн эсэх талаар маргаагүй. Энэ мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тул хариуцагчаас эд хогшлын үнэ болох 9,640,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г*******т олгох нь зүйтэй байна.

Гурав: Улаанбаатар хот , Хан-уул дүүрэг * дүгээр хороо А **-***** дугаар байрны **** тоотод байх үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцыг 3 хувааж, охин бид хоёрт оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагын тухайд:

Зохигчид хамтын амьдралтай байсан хэдий ч гэрлэлтээ батлуулсан хууль ёсны гэр бүл биш тул тэдний хоорондох эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамааруулах боломжгүй. Энэ маргаанд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.3 дах хэсэгт заасан зохицуулалт үйлчилнэ.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дэх хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Г.Г******* нь хариуцагчтай хамтран амьдрах хугацаанд эд хөрөнгө бий болсон тохиолдолд уг хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхтэй

Гэвч маргааны зүйл болох Нийслэлийн Х дүүргийн * дүгээр хороо, Арцад **-**** дугаар байрны *** тоотод байрлах, 78,76 м.кв орон сууц нь хариуцагч Г.М өмчлөлд бүртгэлтэй байна. /хх-ийн 157 ху/

Хэдийгээр, нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хамтран амьдрах явцад бий болсон хөрөнгө тул өөрт болон охин Г.Нт ногдох хэсгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагч нарын харилцаанд Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваарилуулахаар шаардах эрх үүсэхгүй.

Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т зааснаар гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хамруулдаг байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн маргаан бүхий орон сууцанд өөрийн оруулсан хөрөнгийг нотолсон тохиолдолд Иргэний хуулийн 119.3.-т зааснаар өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Гэтэл дээрх эд хөрөнгийг хариуцагчийн аавын мөнгөөр худалдаж авсан талаар талууд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарласан ба нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөтэй нийлж холилдох, засан сайжруулах, дахин байгуулах зэргээр дээрх хөрөнгүүд бий болсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Г******* нь маргааны зүйл болсон эд хөрөнгөөс өөрт болон охин Г.Нт ногдох хэсгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж шаардах эрхгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр охин Г.Ныг эх Г.Г*******ын асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар Г.Ныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар Г.Ныг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.М*******эр тэжээн тэтгүүлсүгэй

3.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дах хэсэгт зааснаар 9,640,000 төгрөг гаргуулж, Г.Г*******т олгож, дундын эд хөрөнгөөс охин болон өөрт оногдох хэсгээ гаргуулах тухай Г.М*******-д холбогдох нэхэмжлэгч Г.Г*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Г.М*******эс 57,833 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ