Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 102/2019/01629/И |
Дугаар | 210/МА2020/02409 |
Огноо | 2020-12-21 |
Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2020/02409
2020 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 210/МА2021/00020 |
Д.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Д.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Дд холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Б.Оюунзул, А.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/355 тоот захирамжаар Д.Бд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 39/1 тоот хаягт байрлах, 1600600017 тоот нэгж талбарын дугаар бүхий 213 м.кв талбайтай газрыг, амины орон сууц барих зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу Д.Б нь Баянгол дүүргийн газрын албатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулан захирамжид дурдагдсан газрыг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хуулийн дагуу эзэмших эрх үүссэн. Иргэн Ноос Д.Б нь шилжүүлэн авч байх үед түүний дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох Б.Д нь өөрийн өмчлөлийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлж өгнө гэж байсан боловч харилцан тохиролцсоны дагуу газрыг чөлөөлж өгөхгүй байсаар ийм байдалд хүрсэн байна. Иймд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 39.1 тоот хаягт байрлах нэгж талбарын 1600600017 тоот дугаар бүхий 213 м.кв талбайтай газрыг Б.Дий хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Дий ээж Д.С 2009 онд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ард аюушийн өргөн чөлөө, 39/1, 39/2 тоот хаягт байрлах амины орон сууцыг газрын хамт иргэн Ц.Батбаяр, А.Цасчихэр нараас компанийн хувьцааны төлбөрт тооцон авсан. Тухайн үед түүний охин Б.Д нь Солонгос улсад сурч байсан тул уг амины орон сууцнуудыг газрын хамт өөрийн нөхөр Д.Батсайханы төрсөн эгч Д.Б, түүний хүүхэд Л.Н нарын нэр дээр түр хугацагаар шилжүүлэн авсан юм. Гэтэл дүү Л.Н нь 39/1 тоот амины орон сууц болон газрыг өөрийнх нь нэр дээр шилжүүлснийг хууль бусаар ашиглан, бидэнд мэдэгдэлгүй Инвескор ББСБ-д барьцаанд тавин зээл авч, улмаар 39/1 тоот амины орон сууцыг Инвескор ББСБ-ын нэр дээр, 39/1, 39/2 тоот амины орон сууцнуудын доорх газрыг Инвескор ББСБ-ын захирал Д.Бгийн нэр дээр шилжүүлсэн байна. Харин эгч Д.Б өөрийнх нь нэр дээр шилжүүлсэн 39/2 тоот амины орон сууцыг 2015 онд Б.Дий өмчлөлд буцаан шилжүүлсэн ба 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн 000391888 дугаар бүхий гэрчилгээг авч, Б.Д уг амины орон сууц болон газрын өмчлөгч болсон. Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Дөлгөөн өөрийн өмчлөлийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлж өгнө гэсэн мэтээр огт худал, үндэслэлгүй зүйл бичсэн байна. Д.Бтай Б.Д нь тийм зүйл огт ярьж байгаагүй ба өөрийн үл хөдлөх эд хөрөнгө баригдсан газрыг хэзээ ямар учраас Д.Бгийн нэр дээр шилжүүлснийг ч мэдээгүй болно. Харин газрын гэрчилгээг Л.Н нь банкны зээлийн барьцаанд тавьсан байсан тул тухайн үед Б.Дий нэр шилжүүлээгүй ба Л.Н нь барьцаанаас чөлөөлж байгаад шилжүүлнэ гэж байсан боловч Солонгос улс руу яваад сураггүй болсон. Гэтэл Инвескор ББСБ-ын захирал Д.Б нь уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна. Л.Н нь уг амины орон сууц болон түүний доорхи газрыг иргэн Ц.Батбаяр, А.Цасчихэр нараас худалдан аваагүй, ямар нэгэн төлбөр төлөөгүй бөгөөд тэднийг огт танихгүй, тэдэнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй юм. Тухайн үед Б.Д нь гадаадад байсан учраас эдгээр амины орон сууц, газрыг иргэн Ц.Батбаяраас бэлэглэлийн гэрээгээр Л.Н руу шилжүүлсэн бөгөөд бодит байдал дээр Л.Н нь 39/1 тоот амины орон сууц болон тухайн газрын хууль ёсны эзэмшигч биш юм. Харин Б.Д нь Иргэний хуулийн 84 дугаар зүйлийн 84.3 дах хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө болох 39.2 тоот амины орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 7 хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 39/1, /16094/ хаягт, амины орон сууц зориулалттай, 1600600017 нэгж талбарын дугаартай, 213 м.кв газрыг чөлөөлөхийг хариуцагч Б.Дд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Б.Д нь 39/1 тоот хаягт байрлах тухайн газрыг эзэмшихэд саад учруулаагүй болно. Маргаан бүхий Баянгол дүүрэг, 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 39/1 тоот орон сууц Инвескор ББСБ ХХК-ийн өмчлөлд, 39/1 тоот орон сууцанд хамаарах 329 м.кв талбайтай эдэлбэр газар нь Инвескор ББСБ-ын захирал Д.Бгийн нэр дээр байгаа бөгөөд банк бус болон нэхэмжлэгч Д.Б нар хууль зөрчин өмчлөл, эзэмшилдээ шилжүүлэн авсан байдаг. Иймээс ч нэхэмжлэгч Д.Б газрын хэмжээгээ 213 м.кв эсхүл 329 м.кв аль нь болохыг мэдэхгүй буруу нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэр гаргасан. Мөн Инвескор ББСБ болон Д.Б нар нь 39/1 тоот орон сууц, тус орон сууцны эдэлбэр 329 м.кв талбай бүхий газрыг эзэмшилдээ хууль бусаар шилжүүлэн авч, орон сууцыг худалдахаар зар тавьсан байх үед Б.Д мэдмэгцээ 2018 оны 07 сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баянгол дүүрэг, 7-р хороо 39/1 тоот хаягт байрлалтай, 91.2 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч Б.Д болохыг тогтоолгох, уг орон сууцыг "Инвескор ББСБ-ын хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба одоо тус хэрэг БГДИХАШШ-д хянан шийдвэрлэгдэж байгаа болно. Б.Дийг нэхэмжлэл гарган шүүхээр маргааны зүйл болж буй 39/1 тоот орон сууц болон хамаарал бүхий газрын маргааныг шийдвэрлүүлж байх явцад Инвескор ББСБ-ын захирал Д.Б нь нэгэнт шүүхээр шийдвэрлэгдэж буй асуудлаар дахин нэхэмжлэл гаргаад байгаа юм. Тиймээс Баянгол дүүрэг, 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 39/1 тоот хаягт байрлах 329 м.кв газрыг Б.Дийг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх боломжгүй, анхан шатны шүүх буруу үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч хашаа хатгаж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд саад болсон зүйл байхгүй. Тухайн хашааг 1998 онд энэ барилга байгууламжийг барих үед хамт хатгаж барьсан. Тодруулбал тус амины орон сууц нь 3 давхар нийт 273.6 м.кв талбай бүхий 3 хаалгатай, ар талдаа үйлчилгээний барилгатай хаалга бүр нь тусдаа өмчлөлийн гэрчилгээтэй бөгөөд гадуураа нэгдсэн 1 том хашаатай юм. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болох тухайн барилга байгууламжийн гэрэл зураг баримтаар нотлогдоно. Энэхүү хашаа нь ганц Б.Дий эзэмшлийнх биш бөгөөд тухайн байрны 39/1, 39/2 39/3 тоотыг өмчлөгч айлуудын дундын эзэмшилд байдаг болно. Анхан шатны шүүх Б.Д нь Д.Бгийн эзэмшил газарт хашаа хатгаж, газар эзэмших эрхэд нь саад учруулсан гэж маргааны үйл баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т заасны дагуу Д.Б нь тухайн газрын эзэмших эрхийг хууль ёсны ашиг сонирхлын дагуу олж аваагүй. Харин хариуцагч Б. Дөлгөөний ээж Д.С нь 2009 онд иргэн Ц.Батбаяр, А.Цасчихэр нараас Баянгол дүүрэг, 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 39/1, 39/2 тоот хаягт байрлах орон сууцуудыг, 2 газрын хамт компанийн хувьцааны төлбөрт тооцон авсан бөгөөд тухайн үед охин Б.Д нь гадаадад суралцаж байсан тул өөрийн нөхөр Д.Батсайханы төрсөн эгч Д.Б, түүний төрсөн хүүхэд Л.Н нарын нэр дээр түр шилжүүлснийг Л.Н нь ашиглаж Инвескор ББСБ-д барьцаанд тавьж зээл авсан ба зээлээ хугацаанд нь төлөөгүйг далимдуулан Инвескор ББСБ-ын гүйцэтгэх захирал Д.Б өөрийн нэр дээр эдгээр газруудыг шилжүүлэн авсан байдаг. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Д.Б нь Б.Дд холбогдуулан Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 39.1 тоот хаягт байрлах 213 м.кв талбайтай газрыг Б.Дий хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 39/1 тоот хаягт байрлах 213 м.кв талбайтай газрыг эзэмшигч, уг газар дээр байгаа 91.2 м.кв талбайтай, хувийн орон сууцны өмчлөгчөөр Инвескор ХХК, хариуцагч Б.Д Баянгол дүүргийн 7-р хороо, Ард Аюушийн гудамж, 39/2 тоот хаягт байрлах 91.2 м.кв талбайтай, хувийн орон сууцны өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх.4, 18, 183/
Нэхэмжлэгч Д.Б ...хариуцагч Б.Дий хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлах 213 м.кв талбайтай газрыг чөлөөлүүлнэ гэж, хариуцагч Б.Д ...нэхэмжлэгч өөрөө уг орон сууц, газрыг бодитоор эзэмшиж байгаа гэсэн зөрүүтэй тайлбар гарган няцаажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх гэсэн агуулгаар гарсан байхад шүүх эзэмшилтэй холбоогүй өмчлөгчийн эрхэд саад учруулж байгаа үйлдлийг арилгуулах гэсэн шаардлага гэж үзэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн эд зүйлсээ бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр, эсхүл өөрийнх нь өмчлөл, эзэмшилд нь байгаа эд зүйлээ ашиглах сонирхолд нь саад болж байгаа энэ үйлдлүүдийг зогсоолгох шаардлагын аль нь болохыг тодруулаагүй байна.
Мөн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргааны зүйл болж буй газрыг бодитоор хэн эзэмшиж байгааг тогтоолгох үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШЗ2020/12663 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхэд хэргийн оролцогчийн зүгээс гаргасан маргааны зүйл болж буй газар дээр үзлэг хийлгэх тухай хүсэлт хэрэгт ач холбогдолтой нотлох баримтад хамаарахаар байна. Тухайлбал, маргааны зүйл болж буй уг газар бодитоор хэний эзэмшилд байгаа нөхцөл байдлыг тодруулах нь хэргийн шийдвэрлэлтэд зайлшгүй ач холбогдолтой юм.
Иймд үл хөдлөх эд хөрөнгүүдийн байршил газартай холбоотой энэ нөхцөл байдлуудын талаар тодруулах шаардлагатай. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын өмчилж, эзэмшиж байгаа газрыг тойруулан хашаа барьсан талаарх асуудал хөндөгдөж байхад шүүх тодруулаагүй орхигдуулжээ.
Нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдлыг тодруулж, зохигчдыг уг асуудлаар мэтгэлцүүлснээр шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаан нь өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргахыг шаардаж байгаа, эсхүл өөрийн өмчлөх эрхээ ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзэж уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардаж байгаа аль нь болох нь тогтоох юм.
Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/02520 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Дий төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ц.ИЧИНХОРЛОО