| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0599/Э |
| Дугаар | 558 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 558
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга А.Болор ,
Улсын яллагч Д.Энх-Оргил,
Шүүгдэгч ,
Хохирогч Г.Мөнхтэгш нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Б.Бэд холбогдох 1711008490258 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 30 настай эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль орчин, экологийн менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 60-13 тоотод амьдардаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б Б (РД:0000000000),
нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангүг сэлбэгийн дэлгүүрийн гадна иргэн Г.Мөнхтэгштэй маргаан үүсгэн түүний зүүн өвдөг рүү жийж, давхар тохож унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: Би 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө 09.00 цагт ажил дээрээ очсон. Намайг ажил дээрээ очиход ажлын урд хохирогч машинаа тавьсан байсан. 10.30 минутад хохирогч над руу утсаар зандарч ярьсан. Би ажлаасаа гараад хохирогч дээр очиход бид хоёрын хооронд маргаан гарсан. Би хохирогчийг барьж аваад түлхсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч ямар ч баримтгүйгээр надаас 1.500.000 төгрөг нэхэмжилсэн. Би хохирогчоос уучлал гуйсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Г.Мөнхтэгш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2017 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө найзындаа очиж найзыгаа авч явж дүүгийндээ засвар хийх гэж явсан юм. Тухайн машин бол найзын маань машин юм. Машин хаагаад тавьчихсан байхаар нь утсаар энэ шүүгдэгчтэй “яараад байна машинаа холдуурай” гэж ярихад “хохь чинь яах гэж наанаа машинаа тавьсан юм бэ” гэж хэлсэн. Шүүгдэгч гарч ирээд намайг тонгорч унагааж 2-3 удаа цохисон. Тэгэхэд манай найз шүүгдэгчийг надаас салгасан. Би миний өвдөг сонин болчихлоо гэж хэлсэн. Найз маань баруун өвдөг чинь үү гэхэд би үгүй зүүн өвдөг гэж хэлсэн. Намайг эргээд харахад шүүгдэгч намайг дуудаад наашаа хүрээд ир, булан руу очоод чамайг алаад өгье гэж хэлсэн. Би тэгэхээр нь чи хаана хүн алж сурсан юм бэ гэж хэлээд очиход намайг дахиж унагаагаад хөл рүү жийсэн. Манай найз дахиж хүрч ирээд намайг өргөж авч яваад шүүгдэгч дээр очсон. Би шүүгдэгчид миний баруун өвдөг мултардаг, хэрэв зүүн өвдөг маань мултардаг болчихвол би зүгээр байхгүй шүү гэж хэлсэн. Би эмчилгээний зардал гэж шүүгдэгчээс мөнгө аваагүй. Би шүүгдэгчээс мөнгө нэхэмжлээгүй өвдгийг маань ямар байсан түүн шиг нь байлгаж өгөөрэй гэж хэлсэн. Би өвдөгнийнхээ зургийг авахуулсан байгаа. Би сар 15 хоног ажилгүй байсан. Гомдолтой” гэв.
Гэрч Г.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Мөнхтэгшийг заамдаж хоолойг нь боогоод тонгороод унагасан. Тэгээд унагахад нь Мөнхтэгш босч ирээд хөл эвгүй болгочихлоо гээд байсан чинь нөгөө залуу Мөнхтэгшийг зодолдлж чадахгүй байж яах гэж далдагнадаг юм бэ хашааны урд очоод зодолдоё гээд Мөнхтэгшийг дагуулаад яваад хашааны буланд очоод дахиад Мөнхтэгшийг тонгорч унагахад хөл нь бүр эвгүй болсон” гэв.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.20-ны өдрийн ¹11902 тоот шинжилгээний дүгнэлтэд:
1.Г.Мөнхтэгшийн биед зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангүг сэлбэгийн дэлгүүрийн гадна талд машин хааж тавьсан шалтгаанаар иргэн Г.Мөнхтэгштэй маргалдан, улмаар түүний зүүн өвдөг рүү жийж, зодсоноос хохирогчийн биед зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь
|
|
|
|
шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Мөнхтэгшийн “...Шүүгдэгч гарч ирээд намайг тонгорч унагааж 2-3 удаа цохисон. Намайг эргээд харахад шүүгдэгч намайг дуудаад наашаа хүрээд ир, булан руу очоод чамайг алаад өгье гэж хэлсэн. Би тэгэхээр нь чи хаана хүн алж сурсан юм бэ гэж хэлээд очиход намайг дахиж унагаагаад хөл рүү жийсэн” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.20-ний өдрийн ¹11902 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Боржигон овогт Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Б.Бат-эрдэнийн торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 53.000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн байх тул уг мөнгийг шүүгдэгч эс гаргуулахаар шийдвэрлэв. Хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч эс 53.000 (тавин гурван мянга) төгрөг гаргуулж, хохирогч Боржигон овогт Ганбатын Мөнхтэгш (РД:ХБ81040891)-д олгож, хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ