| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2018/0006/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/11 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/11
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гунгаа,
Шүүгдэгч Ё.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х овогтой Ё-ийн А-д холбогдох эрүүгийн 201715010076 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн тоотод оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х овогтой Ё-ийн А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Ё.А нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Д.Ш-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.А нь мэдүүлэхдээ:
Би мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Д.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчим би хөдөөнөөс Хужирт сумын төв орж ирсэн. Тэгээд Өлийтөд байдаг Батаа гэдэг найзтайгаа уулзаж 1.5 литрийн Нийслэл нэртэй пиво хувааж уусан. Тухайн пивоноос би 2 стаканийг уусан. Эмнэлэгийн үүдэнд гарахад Гаваадолгорын аав А өөдөөс шууд нүүр лүү гараараа цохиод авсан. Тэгсэн чинь Ичинхорлоо болон Гаваадолгор хоёр миний хөлнөөс барьсан. А намайг өргөж газар унагаасан. Тэгээд А миний дээрээс нүүр лүү гараараа цохиж, хөлөөрөө дэвсэж, үсдэж байгаад цементэн газар мөргүүлсэн. Тэгээд тухайн үед миний дээлний бүсээр Гаваадолгор, Ичинхорлоо, А нар миний гар хөл хүлсэн. Баруун талын эрүү хугарсан. Тухайн үед их өвдөж ам ангайж болохгүй байсан. Аээс өөр хүн зодсон цохьсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Г.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...А чи яагаад хүүхэд ажлын байран дээр нь дарамтлаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь Шижирбаатар ирээд шууд Аийг эхлээд цохиод авсан. Тэгэхээр нь А зөрүүлээд нэг удаа гараараа толгой руу нь цохиод барилцаж аваад ноцолдож байгаад газар унагаасан. Тэгээд огт дийлээгүй болохоор нь би Шижирбаатарыг дарж байгаад А бүсээр нь гар хөлийг нь холбож уясан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №163 тоот актын:
1. Д.Ш-ын биед доод эрүүний баруун талын хугарал, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Хуучин бэртэл гэмтэл тогтоогдсонгүй.
5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 39 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №167 тоот актын:
1. Ё.А-ийн биед, духанд сорви, зүүн гарын эрхий хурууны 1 дүгээр үеийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдөр зодсон гэх үйлдлээс үүссэн байх боломжтой.
4. Хуучин бэртэл гэмтэл тогтоогдсонгүй.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
6. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Ё.А нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Д.Ш-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Д.Ш-ын мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №163 тоот актын: 1. Д.Ш-ын биед доод эрүүний баруун талын хугарал, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Хуучин бэртэл гэмтэл тогтоогдсонгүй. 5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 39 дугаар хуудас, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ё.А-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гунгаа нь Ё.А-ийн холбогдсон уг хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулиар хөнгөн гэмт хэрэг тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийг шүүгдэгчид ашигтай байдлаар хэрэглэж хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ.
Шүүгдэгч Ё.А-ийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжид тохирч байгаа боловч энэ гэмт хэрэг нь 2002 оны эрүүгийн хуулиар хүндэвтэр ангилалын гэмт хэрэг тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Ё.А-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан тэрээр гэм буруутай байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ё.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Д.Ш нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ё.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ё.А-ийн эзэмшлийн 1 750 000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 тооны үхэр битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ховогтой Ё-ийн А-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ё.А-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ё.А нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ё.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Ё.А-ийн эзэмшлийн 1 750 000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 тооны үхэр битүүмжилсэн 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ё.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА