| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/06915/И |
| Дугаар | 197/ШШ2025/00547 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 197/ШШ2025/00547
|
|
|
| 2025 01 31 | 197/ШШ2025/00547
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********* дүүрэг, **дугаар хороо, хамба *-р гудамж, ** тоотод оршин суух, ****** овогт ******ын *********** /РД:**********/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ********** дүүрэг, ******-р хороо, ********, ********тоот, ******* *** /РД******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 10,584,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би хариуцагч ********-тай 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс машин механизм түрээслэх гэрээ байгуулж, өөрийн өмч болох **** *** улсын дугаартай, өөрөө буулгагч, Hobo маркийн автомашиныг түрээслэхээр тохиролцож, түрээсийн төлбөрт сарын 12,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн.**** *** нь *** аймгийн **** сумын авто замын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллахдаа миний машиныг ажиллуулж, би 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 11 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл түрээсийн гэрээгээр шорооны ажил хийсэн юм.Гэрээ байгуулах үед 6,000,000 төгрөг өгсөн, одоо гэрээний дагуу авах ёстой мөнгөө нэхэмжилж байна. **** ***-ийн захирал н.********тэй гэрээ хийж ажилласан учир эхлээд өгнө гэдэг байсан, нэг жилийн хугацаа өнгөрөхөд мөнгө өгөөгүй тул хариуцагчаас нийт 10,584,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр машин түрээсийн гэрээ байгуулж, Hobo машиныг түрээсээр ажиллуулж, машинаараа засварын ажилд 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 11 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд 2 хоног илүү ажилласан байна. Гэрээнд 12,000,000 төгрөгөөр тохиролцсон, нэхэмжлэгч 13,600,000 төгрөг нэхэмжилсэн, 1,600,000 төгрөгийг мэдэхгүй. Урьдчилгаанд 6,000,000 төгрөг шилжүүлсэн, дараагийн төлөлтийг компанийн асуудлаас шалтгаалан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг шилжүүлж, нийт 10,000,000 төгрөг шилжүүлээд 2,000,000 төгрөг үлдсэн, өөр зүйл байхгүй. Үүнийг бид төлж чадаагүй. Үлдэгдэл 4,000,000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ нэхэмжлэгч үлдэгдэл 6,000,000 төгрөгөөс биш 7,600,000 төгрөгийг 18 хоног хугацаа хэтрүүлсэн гэж тооцоолсон нь ойлгомжгүй байна. Алданги 0,5 хувиар бодоход нэг өдрийн 38,000 төгрөг байхад нэхэмжлэгч өөрөөр бичсэн. Бид 10,000,000 төгрөгийг өгсөн. Нэг экскаватор шатсан асуудалд энэ хүн шатахад нь өөрөө байгаагүй, мэдээгүй байж гэрч болж сонин зан гаргасан хүн. Илүү ажилласан мөнгө төгрөг яриад байгааг мэдэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгч *****ын хариуцагч *********-д холбогдох нийт 10,584,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: ...бид гэрээ байгуулж, автомашиныг түрээслэн өөрийн Hobo машинаар засварын ажилд нийт 33 хоног ажилласан, төлбөрийн үлдэгдлийг одоо болтол өгөөгүй, захирлын гуйлтаар би засварын 2 хоног, илүү 2 хоног 4 хоног ажиллаж, нэг өдрийн 400,000 төгрөгөөр тооцон 1,600,000 төгрөг болсон, одоо алдангийн хамт гаргуулна, бид энэ асуудлыг эвлэрээд тохирч болно гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч талаас гэрээ байгуулагдсан, Hobo машинаараа засварын ажилд 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 11 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд 2 хоног илүү ажилласан байна, нийт 10,000,000 төгрөгийг өгч 2,000,000 төгрөг үлдсэн, нэхэмжилж байгаа алданги зөрүүтэй тул 3,660,000 төгрөг төлж болно, үүнээс алданги тооцон 2,885,806 төгрөгийг төлнө, гэрээний төлбөрөөс 1,600,000 төгрөгийг мэдэхгүй тул төлөхгүй гэж маргасан.
4. Зохигч талууд 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр машин, механизмын түрээсийн гэрээ байгуулж, өөрөө буулгагч, ачааны Hobo маркын автомашиныг нэг сарын 12,000,000 төгрөгөөр тохиролцож, нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 11 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд ажилласан байна. Нэхэмжлэгчийн банкны дансны хуулгаар 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус хариуцагч шилжүүлсэн, гэрээний 2.5-д ...сард засварын 2 хоног гэж заасан байна.
5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
6.Талууд *************** сумын авто замын далангийн ажилд өөрөө буулгагч, ачааны Hobo машин механизмыг түрээслэж, нэхэмжлэгч өөрийн тээврийн хэрэгслээрээ ажил үүрэг гүйцэтгэсэн бөгөөд засварын 2 хоногт ажилласан, илүү 2 хоног захирлын гуйлтаар нийт 4 хоног ажилласан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт баримтаар өгсөн *********-ийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн **/** дүгээр жолооч *********ыг ажлын хөлсний 20 хувиар торгосон тушаал, зохигчийн тайлбарт ажилласан хоног, цаг хугацаа зэрэг зөрүүтэй байна.
Гэрээний дагуу хариуцагч ******** дутуу төлсөн ажлын хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нийт 10,000,000 төгрөгийн хөлс төлөөд үлдэгдэл 3,647,783 төгрөг болсон, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд хариуцагчтай 3,660,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжтой гэх тайлбар /хх-24-26/, алдангийн тооцоо зэргийг харгалзан хариуцагчаас 3.660.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнхзулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,924,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч *********-иас 3.660.000 /гурван сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,924,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184.294 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 73,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ