Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 567

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

            Улсын яллагч Д.Оюунгэрэл,

            Шүүгдэгч Ө.А, Т.Э нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ө.А, Т.Э нарт холбогдох 1711003220255 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүчит шонхор зах дээр мах бэлтгэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булагийн 2 дугаар гудамжны 166а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө.А (регистрийн дугаар 000000000000000)

2,Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй Ханхийлс хотхонд барилгын засалчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 22-528 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Э (регистрийн дугаар 0000000000000000000)

 

Шүүгдэгч Ө.А, Т.Э нар нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах "Хишиг-Ундрах" нэртэй дэлгүүрийн урд байрлах сагсан бөмбөгийн тоглоомын талбай дотор болон гадна иргэн Б.Тамирыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Ө.А, Т.Э нар нь өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.

            Хохирогч Б.Тамир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байдаг "Хишиг-Ундрах" дэлгүүрийн чанх урд талд нь байдаг сагсан бөмбөгийн талбай дээр найзтайгаа орой 20 цагийн үед тоглож байсан чинь тухайн үед зүс таних тэр хавийн 2 залуу ирээд надтай хамт тоглож байсан 1 жаахан хүүхдийг дуудаад дэлгүүр рүү архинд яваад ир гэсэн. Тэгэхээр нь би тэр хоёрт хандаж жаахан хүүхдэд дэлгүүр архи өгөхгүй шүү дээ та нар өөрсдөө явчихгүй юу гэсэн чинь өндөр бор царайтай залуу нь надад хандаж, чи яваад ирэх юм уу гээд сагсны талбай руу орж ирээд мөнгөө мөрөн дээр тавихаар нь миний мөрөн дээр тавьсан мөнгийг нь би гараараа буулгасан. Тэгсэн чинь тэр залуу миний мөнгийг газраас авч өг гэхээр нь би чадахгүй гэсэн чинь тэр залуу намайг мангасдсан. Тэгээд би түүнийг мангасдаад бид 2 хоорондоо маргасан чинь тэр залуутай хамт явж байсан намхан шар залуу нь намайг хажуунаас шанаа руу цохисон. Тэгээд зодоон эхэлсэн, бид гурвын хооронд зодоон болсон. Тэр 2 намайг нийлж байгаад зодсон, тэр хоёроос тухайн үед архи нилээн их үнэртэж байсан гэжээ.

Гэрч Б.Буджав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн үед Тамираа нэг өндөр залуутай нь зодолдсон. Тэгээд араас нь нөгөө залуу нь орж ирээд Тамирыг зодсон, би цаана нь зогсож байсан. Нэг эмэгтэй намайг ойртуулахгүй байсан. Тэр эмэгтэй нэгнийх нь ээж нь юм шиг байна лээ гэжээ.

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017.08.03-ны өдрийн №9949 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Б.Тамирын биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, хүзүү, зүүн чих, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Ө.А, Т.Э нар нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн үед согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах "Хишиг-Ундрах" нэртэй дэлгүүрийн урд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр Б.Тамирыг “дэлгүүр рүү архинд явсангүй” гэх шалтгаанаар бүлэглэн зодсоноос хохирогчийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, хүзүү, зүүн чих, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан учруулсан болох нь шүүгдэгч нараас үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэпдүүлэг, хохирогчийн “...тухайн үед зүс таних тэр хавийн 2 залуу ирээд ... чи яваад ирэх юм уу гээд сагсны талбай руу орж ирээд мөнгөө мөрөн дээр тавихаар нь миний мөрөн дээр тавьсан мөнгийг нь би гараараа буулгасан. Тэгсэн чинь тэр залуу миний мөнгийг газраас авч өг гэхээр нь би чадахгүй гэсэн чинь тэр залуу намайг мангасдсан. Тэгээд би түүнийг мангасдаад бид 2 хоорондоо маргасан чинь тэр залуутай хамт явж байсан намхан шар залуу нь намайг хажуунаас шанаа руу цохисон. Тэр 2 намайг нийлж байгаад зодсон, тэр хоёроос тухайн үед архи нилээн их үнэртэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Буджавын “Тухайн үед Тамираа нэг өндөр залуутай нь зодолдсон. Тэгээд араас нь нөгөө залуу нь орж ирээд Тамирыг зодсон, би цаана нь зогсож байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017.08.03-ны өдрийн №9949 тоот шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Ө.А, Т.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Ө.А, Т.Э нарын торгох ялыг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ө.А, Т.Э нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А, Т.Э тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А, Т.Э нарын торгох ялыг 2018 оны 6 дугаар сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ө.А, Т.Э нар нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.А, Т.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ