Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/750

 

 

 

 

 

 

  2023             7            20                                       2023/ДШМ/750

 

 

                                                             Ж.Б-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

яллагдагч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Т,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/1271 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Гансувдын бичсэн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар эсэргүүцлээр Ж.Б-д холбогдох ........................дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Ж.Б нь баримт бичиг ашиглан, Ч.Б-ийг “дизайн хийлгэх компани олчихлоо мөнгөө шилжүүлэх хэрэгтэй байна” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ............ дүүргийн ............ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас өөрийн эзэмшлийн Хаан банкны ................... дугаарын дансанд 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн прокуророос яллагдагч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба хэргийн оролцогчийн хүсэлтээр хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс “Хөрөнгө оруулалтын гэрээ” болон өөрийн зохиосон гар утасны аппликейшны код гэх /46 хуудас бүхий/ гадаад хэл дээр бичигдсэн баримтуудыг гаргаж ирүүлсэн ба хохирогч Ч.Б-тэй анх тохирсон жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан гар утасны аппликейшн зохиох ажил хийгдэж, хэрэгжих боломжтой байсан талаар тайлбар гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байна. Яллагдагчаас гаргаж ирүүлсэн баримтад тусгай мэдлэг бүхий шинжээч томилж, гар утасны аппликейшны код мөн эсэх, мөн бол хэзээ хийгдсэн цаг хугацааг болон цаашид бодитоор хэрэгжих боломжтой эсэхийг тогтоох нь яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэргийг прокурорт очтол яллагдагч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор М.Гансувд бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Ж.Б нь баримт бичиг ашиглан, Ч.Б-ийг “дизайн хийлгэх компани олчихлоо мөнгөө шилжүүлэх хэрэгтэй байна” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас өөрийн эзэмшлийн Хаан банкны ..................... дугаарын дансанд 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтын дагуу яллагдагч Ж.Б-ын холбогдсон эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад шүүхээс яллагдагч Ж.Б-ын гар утасны аппликейшныг хийгдсэн эсэх, хэрэгжих боломжтой эсэхийг шалгуулахаар буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь, хохирогч Ч.Б-ийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах талаар цахим орчинд тавьсан зарын дагуу яллагдагч Ж.Б нь холбогдож, улмаар гар утасны аппликейшн бүтээж байгаа талаар цаасан хэлбэрээр танилцуулж, хамтран ажиллахаар тохиролцон 50.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх тухай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэвч яллагдагч Ж.Б нь хохирогчийн хамтран ажиллах харилцан итгэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээний дагуу өөрийн эхлүүлсэн гар утасны аппликейшны хөгжүүлэлтийг хийж, санхүүжилтийг авах байтал хөгжүүлж байгаа гар утасны аппликейшны дизайныг хийлгэх компани олчихлоо, мөнгөө шилжүүлэх хэрэгтэй байна гэж хохирогч Ч.Б-д худал хэлэн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр түүний 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, улмаар авсан мөнгөө зориулалтын дагуу ашиглаагүй, өөрийн хувь хүмүүсээс, банкнаас зээлсэн зээлэнд болон хувьдаа захиран зарцуулж дуусгасан нь хэрэгт Хаан банкны дансны хуулга, хохирогч Ч.Б-ийн өгсөн “...Б гэх хүн над руу залгаж жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан лояалти бонус оноотой утасны аппликейшн, аппликейшны код бичигдээд эхэлчихсэн явж байгаа гэж хэлээд өөрийн бизнесийг танилцуулсан. ...2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Б холбогдоод “аппликейшн дизайн хийх компани олчихсон чи хөрөнгө оруулалтын мөнгөө шилжүүлэх хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би... 15.000.000 төгрөг шилжүүлсэн, миний хөрөнгө оруулах мөнгө 7 сард орж ирсэн бөгөөд анх 6 сард оруулалт хийхээр тохирсноос хойш удаа дараа мөнгө чинь болж байна уу гэж надаас асууж шалгааж байсан. Би Б руу 15.000.000 төгрөг шилжүүлсний маргааш нь “юу болж байна” гэж хэлэхэд “аппликейшн дизайн хийгдэж байгаа” гэж хэлсэн. Б төсөл явагдаж байгаа талаар гарт баригдаж нүдэнд үзэгдэхээр юу ч үзүүлээгүй байж байгаад 2022 оны 9 дүгээр сард утсаа авахгүй, холбоогүй болсон, би гэр нь хаана байдгийг нь мэддэг болохоор олж очоод “бүтэхгүй юм байна” гэрээгээ цуцалъя гэж хэлсэн. ...Б надаас авсан мөнгөөр ямар ч төсөл хэрэгжүүлээгүй. ...Б нь олон хүнээс төсөл хэрэгжүүлнэ гэж хэлээд мөнгө авчихсан гэдгийг би сүүлд мэдсэн. ...” /хх 52-53/ гэх мэдүүлгээр тус тус тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, яллагдагч Ж.Б нь хохирогчтой хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ анхнаасаа өөрийн хувь хүмүүсээс авсан болон банкнаас зээлсэн зээлийг төлөх талаар харилцан тохиролцоогүй, хэдэн төгрөгийг гар утасны аппликейшны ямар ямар хөгжүүлэлтэд зарцуулах талаар тохиролцсон үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд Ж.Б нь зөвхөн хохирогчоос мөнгө авах санаа зорилго нь түүнийг гар утасны аппликейшны дизайн хийлгэх компани олж, улмаар төлбөрийг төлөх шаардлагатай гэж хуурч түүнээс 15.000.000 төгрөг шилжүүлэн авсан, хохирогч гэрээний дагуу гар утасны аппликейшны дизайны талаар ямар шатандаа явж байгаа талаар асуухад Ж.Б нь дизайн хийлгэх компани огт олоогүй, тийм үйлдэл хийгээгүй атлаа “дизайн хийгдэж байгаа” гэж худал хэлж байсан, улмаар 2022 оны 9 дүгээр сараас хойш хохирогчтой огт холбогдоогүй, утсаа авахгүй байсан үйлдэл нь “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд яллагдагч Ж.Б нь программ хийж байгаа гэх танилцуулга бүхий цаасыг хохирогчид үзүүлж, итгэл төрүүлсэн, үүний үндсэн дээр хохирогч гар утасны аппликейшны дизайн хийлгэх нэрийдлээр хуурч хохирогч Ч.Б-ээс 15.000.000 төгрөгийг буцаан төлөлт хийхгүйгээр өөрийн болгох санаа зорилго нь хэрэгжсэн гэж үзэж байна. Гэтэл шүүхээс яллагдагч Ж.Б-ыг хохирогч Ч.Б-тэй гар утасны аппликейшн хөгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, улмаар Ч.Б нь хөрөнгө оруулан, гар утасны аппликейшныг хийж дуусган олон нийтэд борлуулах, түүнээс ашиг олохтой холбоотой гарсан үр дагавартай холбоотой асуудлыг шалгасан мэтээр дүгнэж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Мөн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх ба шүүхийн захирамжид заагдсан ажиллагааг хийснээр хэрэгт ямар ач холбогдолтой болохыг дурдаагүй, хэргийн ямар үйл баримт захирамжид заасан ажиллагааг хийснээр нотлогдох, эргэлзээг тайлах талаар заагаагүй, шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/1271 дугаар захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх ба шүүхийн захирамжид заагдсан ажиллагааг хийснээр хэрэгт ямар ач холбогдолтой болохыг дурдаагүй, хэргийн ямар үйл баримт захирамжид заасан ажиллагааг хийснээр нотлогдох, эргэлзээг тайлах талаар заагаагүй, шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/1271 дугаар захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. ...” гэв.

Яллагдагч Ж.Б-ын өмгөөлөгч Д.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн бодит үнэнийг тогтоох үүрэг нь мөрдөгч, прокурорт байдаг. Хохирогч болон шүүгдэгч Ж.Б нар мэдүүлэг өгөхдөө хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой маргааны талаар хоёулаа мэдүүлсэн байдаг. Гар утасны апликэйшн хөгжүүлэх код бичиж байгаа гэдгийг хохирогч Б өөрөө мэдээд хоорондоо гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулалтынхаа талаар график гаргасан. Графикийн дагуу анхны хөрөнгө оруулалт болох 15.000.000 төгрөгийг шилжүүлээд явж байхдаа дараагийнхаа хөрөнгө оруулалтаас өмнө гэрээнээсээ татгалзсан байдаг. Мөрдөн байцаалтын шатанд код бичигдэж байгаа талаараа хэлээд байхад үүнийг шалгаагүй. Үнэхээр гар утас хөгжүүлэх апликэйшн хийж байсан уу, үгүй юу гэдгийг бүрэн тогтоох ёстой байсан. Иймд шинжээч томилох ёстой гэх шийдвэр үндэслэлтэй болсон. Апликэйшн ирээдүйд зах зээлд үнэлэгдээд хэдэн төгрөг болох уу гэдэг асуудлыг тогтоох ёстой. Энэ талаар тодорхой ажиллагаа хийгээгүй. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх, яллагдагч Ж.Б-д холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв. Учир нь;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй төдийгүй “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид заасан ажиллагааг нэмж хийх шаардлагагүй ба шүүх, нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж хууль зүйн дүгнэлт хийж яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.

Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул прокурор М.Гансувдын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Харин шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт “2022/ШЗ/1271” гэж дугаарын алдаатай бичсэн  техникийн шинжтэй алдааг магадлалаар “2023/ШЗ/1271” болгон зөвтгөв.

Яллагдагч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/1271 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Г.ГАНБААТАР

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ