Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 568

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Улсын яллагч П.Нямцэцэг,

            Шүүгдэгч П.Б,

Хохирогч Б.Пүрэвдорж нарыг оролцуулан,    

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Гүн овогт П.Бд холбогдох 1711008330195 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 дугаар гудамж 35 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гүн овгийн П Б (РД: 0000000000),

нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баянбүрдийн тойргоос Зурагт явах замд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөнөөс болж Б.Пүрэвдоржтой маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баянбүрдийн тойрог дээр эхнэр хүүхэдтэй Хороолол орох гээд явж байхад миний машины зүүн талаар цагаан Аксент шахаад ороод ирсэн. Тэгээд дахиад шахаад ороод ирсэн. Тэгээд би сигналдахад бид нар цонхоорооо маргалдаад, тэгтэл хохирогч огцом тооромслоод тухайн үед нь би амжиж тооромсоо гишгэхэд манай 7 сартай хүүхэд урд салоноо мөргөөд уйлсан. Тэгтэл хохирогч машинаасаа буугаад ирэхээр нь би ч машинаасаа буугаад бид нар маргалдсан. Тэгээд хохирогч машинаасаа халив авчрах гээд машин руугаа яваад багажаа ухаад байсан. Тэгээд тэрнээс болж бид нар зууралдаад салсан. Би хохирогчийг зодоогүй. Энэ хэрэг 2, 3 минут болоод бид нар салсан. Тэгтэл унагаасан гээд мэдүүлэг өгсөн байна гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянбүрдийн тойрог дээр 2 залууг аваад явж байхад тэр 2 залуу араас 1 машин хөөгөөд чамайг ална, шулна гээд салаавч гаргаад орилоод байна гэхээр нь би цагдаа руу утасдсан. Тэгээд би араас машин хөөгөөд байна, ямар учиртай юм бэ гэж хэлэхэд та машинаа зогсоо, би таны дуудлагыг авлаа гэсэн. Тэгээд би дуудлага өгөөд буухад миний машин карданаа татаагүй байсан учир хойшоогоо явсан. Тэгтэл шүүгдэгч миний машины ард ирээд зогссон учир би буцаж машиндаа ороод машинаа унтраагаад, аваараа татаад гараад ирэхэд шүүгдэгч гарч ирээд намайг шууд боосон. Би шүүгдэгчтэй зууралдаагүй. Би шүүгдэгчийн хувцаст гар хүрээгүй. Тэгээд би шүүгдэгчийн заамдаад байсан гарыг тавиулж өөрийнхөө амийг аварсан. Тэгээд би үхлээ ш дээ гэхэд чи согтуу байгаа юм уу гээд намайг боогоод чирж машины урд авчраад өвдгөөрөө бэлэг эрхтэн рүү цохиод унагаасан. Тэгээд шүүгдэгч миний дээр гараад суусан. Тэгээд цаанаас хүн ирээд чи боль хүн аллаа гэсэн. Тэгээд шүүгдэгч зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би цагдаа дээр мэдүүлгээ өгөх гээд очих үед 1 дүгээр хэлтэс дээр оч гэхээр нь очсон. Тухайн үед намайг шүүх эмнэлэг рүү яв гэсэн. Би дараа нь Баянбүрдийн цагдаа дээр очоод бичлэгийг харахад шүүгдэгч зам голлоод яваад байсан юм билээ. Шүүгдэгчийн эхнэр нь намайг хэл амаар доромжлоод байсан. Би тухайн үед шүүгдэгчийн эхнэрт нь чи нөхрөө хар, олон нийтийн газарт танхайраад байна гэхэд шүүгдэгч эхнэртэйгээ нийлээд намайг доромжлоод байсан. Би цагдаа ирлээ гэхэд шүүгдэгч явсан. Шүүгдэгч буруу мэдүүлэг өгөөд байна гэв.

            Гэрч З.Агиймаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Жижиг цагаан өнгийн аксент маркийн машин зүүн талаар шахаж орж ирэхээр нь манай нөхөр зам тавьж өгсөн. Тэгсэн чинь дахиад нөгөө эгнээнээс шахан орж ирсэн. Манай хүүхэд нөхрийн огцом тоормос гишгэснээс болж толгойгоороо урд талын салон мөргөсөн. Тэгээд нөхөр уурлаад ардаас нь яван сигналдсан. Нөгөө машин урд тулж ирэн зогссон. Манай нөхөр уурлан нөгөө залууд чи муу яаж яваад байгаа юм бэ гэж хэлээд нөгөө залуутай зууралдан муудалцаад цагаан Аксентын өмнө орсон. Тэгэхээр нь би зодолдож байна гэж бодоод гарч очин нөхрөө салгасан гэжээ.

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.03-ны өдрийн ¹12413 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Б.Пүрэвдоржийн биед тархи  доргилт, хүзүүний булчингийн чангарал, хүзүүнд цус хуралт, доод уруул дотор салстын язрал, хоёр сарвуу, баруун далны мөрөнд цус хуралт, баруун мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч П.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрдийн тойргоос Зурагт явах замд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа урдаа явсан автомашиныг гэнэт зогссон гэх шалтгаанаар уг автомашины жолооч Б.Пүрэвдоржтой маргалдаж, улмаар түүнийг зодсоноос хохирогчийн биед тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, хүзүүнд цус хуралт, доод уруул дотор салстын язрал, хоёр сарвуу, баруун далны мөрөнд цус хуралт, баруун мөрний зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн “...миний машины зүүн талаар цагаан Аксент шахаад ороод ирсэн. Тэгээд дахиад шахаад ороод ирсэн. Тэгээд би сигналдахад бид нар цонхоорооо маргалдаад, тэгтэл хохирогч огцом тооромслоод тухайн үед нь би амжиж тооромсоо гишгэхэд манай 7 сартай хүүхэд урд салоноо мөргөөд уйлсан. Тэгтэл хохирогч машинаасаа буугаад ирэхээр нь би ч машинаасаа буугаад бид нар маргалдсан. Тэгээд тэрнээс болж бид нар зууралдаад салсан” гэх мэдүүлэг, хохирогчийн “...шүүгдэгч гарч ирээд намайг шууд боосон. ...намайг боогоод чирж машины урд авчраад өвдгөөрөө бэлэг эрхтэн рүү цохиод унагаасан. Тэгээд шүүгдэгч миний дээр гараад суусан. Тэгээд цаанаас хүн ирээд чи боль хүн аллаа гэсэн. Тэгээд шүүгдэгч зугтаагаад яваад өгсөн” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.03-ны өдрийн ¹12413 тоот шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Гүн овогт П.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлтийг харгалзсан болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч П.Бийн торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Хохирогч нь өөрт учирсан хохиролд нийт 719.500 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан Иргэний хуульд заасан шаардлага хангасан шинжилгээ хийлгэхэд гарсан зардал 128.000 төгрөг, өмсөж явсан хувцас урагдсан үнэ 56.000 төгрөг, нийт 184.000 төгрөгийг шүүгдэгчээс нөхөн гаргуулахаар шийдвэрлэв. Харин хохирогч нь 535.000 төгрөгийн үнэ бүхий гинж алдсан болох нь баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул уг нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Гүн овогт П.Бийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийн торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Бээс 184.000 (нэг зуун наян дөрвөн мянга) төгрөг гаргуулж хохирогч Б.Пүрэвдорж (РД:НИ81021810)-д олгосугай.

6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ