| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2202006970026 |
| Дугаар | 2023/ДШМ/642 |
| Огноо | 2023-06-22 |
| Зүйл хэсэг | 22.12.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2023/ДШМ/642
2023 6 22 2023/ДШМ/642
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ууганбаяр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 721 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Б.Гын гаргасан давж заалдах гомдлоор Д.У, Б.Г, Ш.Х нарт холбогдох 2202006970026 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х овгийн Д.У, 19.. оны 8 дугаар сарын 12-ны өдөр .... аймагт төрсөн, 4... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаараа, .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...................../;
2. Т овгийн Б.Г, 19.. оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ...... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЙР95042516/;
3. Х овгийн Ш.Х, 19.. оны 12 дугаар сарын 02-ны өдөр ............... аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “..........” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт ............... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ...................../.
Яллагдагч Д.У нь Баянгол дүүргийн “.....” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын няраваар ажиллах хугацаандаа тус төвийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалт, Баянгол дүүргийн “.......”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/12 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг тус тус зөрчиж, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн нийт 19.119.000 төгрөгийг олон удаагийн үйлдлээр Голомт банкны 3400003661 тоот харилцах дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж, Баянгол дүүргийн “.......” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 19.119.000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Г нь Баянгол дүүргийн “.......” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын няраваар ажиллах хугацаандаа тус төвийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалт, Баянгол дүүргийн “.......”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/12 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг тус тус зөрчиж 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн нийт 56.468.550 төгрөгийг 305 удаагийн үйлдлээр Хаан банкны өөрийн харилцах 5562074931 тоот дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж, Баянгол дүүргийн “.......” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 56.468.550 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Ш.Х нь Баянгол дүүргийн “.......” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын төвийн угтагч /ресейпшн/-ээр ажиллах хугацаандаа “.......” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалт, Баянгол дүүргийн “.......”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/12 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг зөрчиж, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн 120 иргэдийн төлбөр болох нийт 9.132.950 төгрөгийг олон удаагийн үйлдлээр Хаан банкны харилцах 5556335450 тоот дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж, Баянгол дүүргийн “.......” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 9.132.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.У, Б.Г, Ш.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн үйл баримт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрх бүхий этгээдээс гаргасан эрхийн акт, хэргийн оролцогчдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг судалж үзэхэд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөх шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл тогтоогдлоо. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Г, Д.У, Ш.Х нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван Долоо дугаар бүлэгт хуульчлан зохицуулсан хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохицуулалтыг баримтлан шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх талаар хуульчлан зохицуулсан ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэргийг гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар шүүхийн хянавал зохих нөхцөлийг, 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдаагүй тохиолдолд хэргийг прокурорт буцаахаар хуульчлан зохицуулсан. Яллагдагч Б.Г, Д.У, Ш.Х нарт холбогдох хэргийг шүүх өөрийн санаачлагчаар прокурорт буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдсон, тодруулбал яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдийг буюу гэмт хэргийн субъектийг буруу тодорхойлсон нөхцөл байдал байх тул яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг дангаар удирдлага болгон прокурорт буцаах боломжгүй байх тул хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас прокурорт буцаасан болохыг тэмдэглэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж заасан байгаа болохыг дурдаж байна. Яллагдагч нарыг яллаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект буюу “удирдах, гүйцэтгэх албан тушаалтан” нь Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” байхаар хуульчлан зохицуулсан.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж; мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаар болон хамтран хуулийн этгээд байгуулж болно” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “Төрийн өмчит үйлдвэрийн газрыг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар” гэж ангилсан бөгөөд мөн хуулийн 15.3 дахь хэсэгт “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэ” гэж тус тус хуульчилснаас дүгнэхэд: яллагдагч Б.Г, Д.У, Ш.Х нар гэмт хэрэгт холбогдох үедээ ажиллаж байсан байгууллага болох Баянгол дүүргийн “.......” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах хуулийн этгээд мөн юм. Харин, яллагдагч Б.Г, Д.У нар нь дээрх хуулийн этгээдийн газарт няравын ажил эрхэлж байсан, яллагдагч Ш.Х нь угтагч буюу ресейпшнээр ажиллаж байхдаа уг хуулийн этгээдийн газарт мөнгөн хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэж 128 дугаартай яллах дүгнэлтэд дурдсан байгаагаас дүгнэхэд орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газарт нярав, угтагчийн ажил эрхэлж байсан дээрх яллагдагч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн гүйцэтгэх болон удирдах албан тушаалтнууд мөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Төрийн Албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд төрийн албаны ангиллыг, 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт “албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ гэж, 4.3 дахь хэсэгт “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж тус тус хуульчилсан байх ба яллагдагч Д.У, Ш.Х нарыг ажилд томилсон Баянгол дүүргийн “.......” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын дарга Э.М-н тушаал тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, яллагдагч Б.Гыг ажилд томилсон тушаал зэргээр яллагдагч Д.У, Ш.Х нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн буюу хуулийн этгээдийн “ажилтан” юм.
Яллагдагч Б.Гтай байгуулсан гэрээ хэлцэл хэрэгт авагдаагүй болохыг тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн гүйцэтгэх болон удирдах албан тушаалтнууд буюу энэ гэмт хэргийн субъект гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Яллагдагч нар нь ажиллаж байсан байгууллагадаа хохирол учруулсан нь ямар нэг гэмт хэргийн шинжийг хангаж болох боловч Д.У, Ш.Х, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй гэмт хэргийн бүрдэл, шинж хангагдаагүй гэж шүүх дүгнэв.
Харин, Баянгол дүүргийн “.......” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын дарга Э.М нь Нийслэлийн Баянгол Дүүргийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Б/59 дугаартай захирамжаар уг хуулийн этгээдийн даргаар томилогдсон болох нь хэрэгт авагдсан байна. Хэрэгт авагдсан гэрч Г.М-ийн “...үйлчлүүлдэг иргэдийн төлбөр төлөлт, орлогод Баянгол дүүргийн “.....”-ийн дарга хяналт тавих ёстой... дарга Э.М нь үнэгүй үйлчлүүлэх “эрхийн бичиг” тараах эрх олгосон хуулийн зохицуулалт байхгүй...” гэсэн, гэрч Б.Гын “...пос машиныг тавихаас өмнө Э.М-г ресейпшнүүдэд Х.Б гэх хүний дансыг өгөөд уг дансаар төлбөрийг хувьдаа авдаг байсан... Э.М-г бэлэн орлогыг өөрөө ресейпшнүүдээс авчихдаг байсан...” гэсэн, гэрч Б.Б-ийн “...ашиглаж байсан 3 пос машин нь Э.М-н эзэмшдэг 5003024727 тоот данстай холбоотой байсан...” гэсэн, Э.М-н дансанд усан спортын төвтэй хамааралтай “орлого” гэх нэрээр орсон мөнгөн гүйлгээнүүдийг шалгасан тэмдэглэл зэргээс дүгнэхэд Баянгол дүүргийн “.......” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын даргаар ажиллаж байсан Э.М нь яллагдагч нарт холбогдох хэрэгт холбоотой байж болзошгүй нөхцөл байдалтай байх тул хэргийг прокурорт буцааж Э.М-г энэ хэрэгт хамааруулан мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон прокурор нь Баянгол дүүргийн “.......” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын дарга Э.М энэ хэрэгт хамааралгүй, яллагдагч нартай санаа сэдэл, үйлдлээрээ нэгдсэн гэдэг нь тогтоогдоогүй гэж тайлбарласан бөгөөд прокурорын энэ тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримттай нийцэхгүй, үгүйсгэгдэж байгаа болохыг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирлын хэмжээг үлэмж буюу мөн хуулийн ерөнхий ангийн 4.2-т заасан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг буюу 4.1-д заасан их хэмжээний хохирлын хэмжээг тогтоосон тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг хүртэлх хэмжээг, өөрөөр хэлбэл 10.000.000-50.000.000 төгрөг хооронд хохирол учирсан байх хуулийн зохицуулалтай байхад 128 дугаартай яллах дүгнэлтэд бичигдсэнээр яллагдагч Б.Гын учруулсан хохирлыг 56.468.550 төгрөг, яллагдагч Ш.Хгийн учруулсан хохирлыг 9.132.950 төгрөг гэж дурдсан нь хуулийн зүйл хэсэгт нийцэхгүй байгааг мөн тэмдэглэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон прокурор нь Авлигын эсрэг Конвенцид тодорхойлсноор “Төрийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран, оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг, оролцогч улсын дотоодын хууль тогтгоомжид “Төрийн албан тушаалтан” гэж тодорхойлсон хүнийг тус тус хэлнэ. Иймд яллагдагч Д.У, Б.Г, Ш.Х нар нь гэмт хэргийн субъект мөн гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд яллагдагч нар нь ажил үүргийн хувьд дээрх Конвенцид заасан төрийн албан тушаалтнууд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр яллагдагч нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, хэргийн зүйлчлэлийг зөвтгөх эсхүл гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийг нэгтгэн шалгах, гэмт хэргийн хамтран оролцоог зөв тогтоож хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй байх тул эрүүгийн 2202006970026 дугаартай хэргийг Нийслэлийн Прокурорын Газарт буцааж шийдвэрлэв. Хэргийг прокурорт очтол яллагдагч Д.У, Б.Г нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Ш.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Яллагдагч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Яллагдагчийн зүгээс прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд миний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотлогдсон тул яллагдагчийн зүгээс “Баянгол дүүргийн .........”-д учруулсан 56.468.550 төгрөгийг төлж барагдуулсан.
2. Харин яллагдагчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуулиар олгосон боломжийн хүрээнд өөрийн үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн тул хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргаж, улмаар прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр, яллагдагчтай оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг тохиролцож шүүхэд шилжүүлсэн.
3. Гэтэл шүүх прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжиж ирсэн хэргийг хүлээн авч, шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийж, улмаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь яллагдагч миний эрх зүйн байдлыг доордуулсан шийдвэр болсон гэж үзэж байгаа тул энэхүү давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Үүнээс үзэхэд анхан шатны шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокуророос шилжсэн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хэргийг прокурорт буцаах эрх хэмжээ олгоогүй бөгөөд гагцхүү хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэг /хурал/ хийсний үндсэн дээр хэргийг прокурорт буцаах эсхүл ердийн журмаар шийдвэрлүүлэх шийдвэр гаргах боломжийг хуулиар олгосон байна. Иймээс прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжсэн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хэргийг прокурорт буцаасан шийдвэр хуульд нийцээгүй, процессын зөрчил болсон гэж үзэж байна.
Шүүгч хэргийг прокурорт буцаан шийдвэрлэхдээ Б.Гын ... гэмт хэрэгт холбогдох үедээ ажиллаж байсан байгууллага болох Баянгол дүүргийн “.......” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах хуулийн этгээд мөн гэж дүгнэсэн боловч яллагдагч нь тухайн байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд мөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй шийдвэр болсон байна.
Яллагдагчийн хувьд энэхүү давж заалдах гомдол гаргаж буй учир нь өөрт холбогдох хэргээ хуульд заасан боломжоо ашиглаж, хялбаршуулсан журмаар, богино хугацаанд хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй тул давж заалдах шатны шүүх хуулийн хүрээнд шүүгчийн захирамжийн хүчингүй болгож, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжоор хангаж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Б.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Б.Гын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Нэмж дараах тайлбаруудыг гаргаж байна. Анхан шатны шүүх хурлын зараа гаргахдаа гэм буруугийн шүүх хурал гэж гаргасан байсан боловч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болгосон. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийг сайн анхаарч үзнэ үү. Шүүгчээс асуусан асуултад бүрэн хариулах прокурорын эрхийг шүүгчээс хязгаарласан нөхцөл байдал байдаг. Шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдлуудыг шүүгч Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйл, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5 дахь заалтад “албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дугаар зүйлд заасан “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3 дахь заалтад "ажилтан" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ гэж заасан байхад шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.У, Б.Г нар нь Баянгол дүүргийн .........ийн няраваар, яллагдагч Ш.Х нь Баянгол дүүргийн .........ийн угтагч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон. Албан тушаалын тодорхойлолт, байгууллагын дотоод журмаар тогтоосон хэм хэмжээг хэрэгжүүлэхгүйгээр байгууллагад төвлөрөх мөнгийг завшсан үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон. Хэрэгт авагдсан баримтаар Баянгол дүүргийн ......... нь 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн журмаар дээрх харилцааг зохицуулсан байдаг. Нийт 14 төрлийн албан тушаалыг баталж, 21 төрлийн албан тушаалын тодорхойлолтыг давхар баталсан байдаг. Яллагдагч нар эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ хувьдаа давуу байдал бий болгох зорилгоор дээрх үйлдлийг хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар завших гэмт хэрэг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх үйл баримт тогтоогдоогүй учраас дээрх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал гэж зараа гаргасан бол прокурорын зүгээс шүүх хуралдаанд Э.М-гтой холбоотой хэргийг хэрэг бүртгэлтийн шатанд шалгаж байгаа талаарх баримтыг гаргаж өгөх боломжтой байсан. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.У, Б.Г, Ш.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ яллагдагч Б.Гомбажавын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Яллагдагч Д.У, Б.Гомбажав, Ш.Х нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор үндэслэлтэй гэж үзэж, яллагдагч нарт үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулах ялын төрөл хэмжээний тухай саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд даруй шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан зарлаж, яллагдагч Д.У, Б.Г, Ш.Х нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, хэргийн зүйлчлэлийг зөвтгөх, эсхүл гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийг нэгтгэн шалгах, хамтран оролцоог зөв тогтоож хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай гэж үзэж, прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Учир нь, прокуророос Д.У, Б.Г, Ш.Х нарыг хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байх ба тухайн яллагдагч нарын хувьд хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны журмаар хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана”, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”, 4.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх”, 4.3 дахь заалтад “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх”, 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”, 4.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэж тус тус хуульчилжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх бөгөөд яллагдагч нар нь өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан баримтууд, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтүүд, прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг хүлээн зөвшөөрсөн баримтууд зэргээс үзэхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
Мөн Баянгол дүүргийн “.......” ОНӨТҮГ-ын дарга Э.Мд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа талаар прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ дурдаж байх ба түүнд холбогдох хэргийг заавал энэ хэрэгт нэгтгэн шалгах шаардлагагүй гэж үзлээ.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 721 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б.Гын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй.
Яллагдагч Д.У, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Ш.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 721 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Д.У, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Ш.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ