Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02400

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00011

 

О.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02740 дугаар шийдвэртэй,

О.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч Уд холбогдох

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын даргын 2020 оны 06 сарын 10-ны өдрийн Б-1-272 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уд хууль зүйн зөвлөхөөр ажиллаж байгаад орон тооны цомхотголд орсон гэх үндэслэлээр халагдсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3201 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 415 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 923 дугаартай тогтоолууд хүчин төгөлдөр байгаа ба тухайн шүүхийн шийдвэрийг хариуцагч тал биелүүлэхгүй байсан учир Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 1037 дугаартай шийдвэр гаргасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 10 887 494 төгрөг нэхэмжилж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтыг зөрчин дотоод аудитын байцаагчаар томилсон тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10 887 494 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, тухайн хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б1/227 дугаартай тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өнгө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Бг 2018 оны 9 дүгээр сард Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу бүтэц орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлсөн байдаг. Уг шийдвэрийг О.Б нь эс зөвшөөрч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг ба 3 шатны шүүхээр уг хэргийг эцэслэн шийдвэрлэж О.Бг ажилд нь эгүүлэн тогтоосон байдаг. Ийнхүү ажилд эгүүлэн тогтоолгох үйл явц хуульд заасан журмын дагуу явагдаж Замын даргын тушаалаар 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б1/227 дугаартай Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын дотоод аудит хяналт шалгалтын албаны дотоод хяналтын байцаагчийн албан тушаалд нэхэмжлэгч О.Бг томилсон байдаг. О.Бгийн өмнө нь ажиллаж байсан албан тушаал татан буугдаж байхгүй болсон. Бидний хувьд байхгүй болсон ажлын байранд эгүүлэн томилох боломжгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь хэсэгт ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасны дагуу үүргээ биелүүлж өмнө нь хийж байсан ажилтан нь адил чанарын, өмнө авч байсан цалинг нь дээшлүүлж буюу дотоод аудитын байцаагчаар томилсон. Иймд бидний зүгээс байж болох боломжит ажлын байранд нэхэмжлэгчийг томилсон гэж үзэж байгаа. Мөн уг тушаалаас өмнө нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу 2-3 удаа өөр ажлын байр санал болгосон байдаг. Иймд хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг хуульд заасны дагуу биелүүлсэн гэж үзэж байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах шаардлагын тухайд сүүлийн тушаалтай холбоотой биш өмнөх ажлаас халсан тушаалтай холбоотой түүний үр дагавраас үүдэлтэй гэж үзэж байгаа бол энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж үзэж байна. Тэгээд ч уг нэхэмжлэлийн шаардлага нь ажлаас халсантай холбоотой юм уу аль эсвэл цалин гаргуулах гээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Хэрэв ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна гэж шаардаж байгаа бол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байсан гэж үзэж байна. Харин тушаал хүчингүй болгуулах шаардлагын тухайд шүүхээр шийдвэрлүүлэх маргааны төрөлд багтахгүй байна гэж үзэж байгаа ба үүнээс харвал тушаал хүчингүй болгуулах болох ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хамтатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын даргын 2020 оны 06 сарын 10-ны өдрийн Б-1-272 дугаар О.Бг ажилд авах тухай тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уаас 9 520 284 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Бд олгох олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уаас 188 830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 48 645 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйл нь ажилтны урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах тохиолдлыг зохицуулсан бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор эргэж ирсэн, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хэрэглэдэг зохицуулалт юм. Нэхэмжлэгч О.Бг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №3690 дугаартай шийдвэрийг ажил олгогч биелүүлж УБТЗ-ын даргын 2020 оны 06 энэхүү маягт итгэмжлэлийн хамт хүчин төгөлдөр байна. 163200530 дугаар сарын 10-ны өдрийн Б-1-272 дугаартай тушаалаар О.Бг УБТЗ-ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын байцаагчийн ажилд авч шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №3690 дугаартай шийдвэрт заасан албан тушаал болох хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу Замын даргын тушаалаар 2018 онд УБТЗ-ын бүтцээс бүр мөсөн хасагдаж байхгүй болсон. Иймд байхгүй болсон албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй болсон. Шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон ажилтны өмнө эрхэлж байсан ажлын байр цомхтгогдсон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй байдаг. Ажил олгогчийн зүгээс хуулийн дээрх заалтад нийцүүлэн О.Бд шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 удаа өөрт байгаа адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах тухай санал болгосон боловч нэхэмжлэгч О.Бтай зөвшилцөлд хүрээгүй байдаг. Иймд ажил олгогчийн зүгээс шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын дагуу нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилтай нь адил чанарын буюу хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил, цалингийн хэмжээ нь өмнөхөөсөө дээшилсэн, ижил түвшингийн ажлын байр болох УБТЗ-ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын байцаагчийн албан тушаалд томилсон. Гэвч шүүхээс тохиролцоогүй байна гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилсон тушаалыг хүчингүй болгосон нь ажил олгогчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд ажилтантай тохиролцох гэдгийг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар зохицуулагдаагүй байдаг. Ажил олгогчоос боломжит ажлаар хангасаар атал ирж ажиллаагүй нь шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй гэх тайлбарыг үгүйсгэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасанчлан ажилдаа эгүүлэн томилогдсон ажилтанд ажил олгогчоос хэдэн удаа ажлын байр санал болгох, хэрхэн тохиролцох харилцааг нарийвчлан заагаагүйгээс ажилтан өөрийн үзэмжээр шийдэн саналыг татгалзах бүрт дахин өөр ажлын байр санал болгон явах нь бодит байдал дээр хэрэгжих боломжгүй бөгөөд талуудын харилцан эрх тэгш байдал хангагдахгүй байдал үүсч байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болох тушаал хүчингүй болгуулах шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол тул шүүхээр хянан шийдвэрлүүлэх маргаанд хамаарна гэжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т хамааруулж баримталсан нь хуулийг буруу хэрэглэж талуудын хоорондох эрх зүйн харилцаа, маргааны үйл баримтыг буруу тодорхойлон шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол гэдэг нь ажилтныг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр эрхэлж буй ажил, албан тушаалаас нь өөрчилж хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрнаас нь өөр ажил үүрэг гүйцэтгүүлэхийг ойлгоно. Шүүхээс хариуцагч УБТЗ ХНН О.Бг шүүхийн шийдвэрт заасан Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн авах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн боловч түүнийг ажилд эгүүлэн авсан тухай маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл захиргааны санаачилгаар ажлаас халагдсан ажилтан болон ажил үүргээ гүйцэтгэж байсан ажилтныг өөр ажилд шилжүүлсэн тухай маргааныг шийдвэрлэх харилцааг зохицуулсан зүйл, заалтаар хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Уд холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын даргын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б-1-272 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03690 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б-II-152 дугаартай, О.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, О.Бг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 5 029 636 төгрөг гаргуулан О.Бд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уд даалгасан,

мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/01047 дугаартай шийдвэрээр О.Бгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт Монгол-Оросын хувь нийлүүлсэн Уаас 28 484 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Бд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Уд даалгасан хүчин төгөлдөр шийдвэрүүд авагдсан байна. /хх.4-6/

Ажил олгогч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч О.Бд адил чанарын өөр, ажил албан тушаалд ажиллуулах шийдвэр гаргасан гэсэн тайлбар гаргажээ.

Ажил олгогч байгууллагын даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Б-I-272 дугаартай тушаалаар О.Бг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Дотоод хяналтын байцаагчаар томилсон байна. /хх.23/

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй гэж, 36.2 дахь хэсэгт Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заажээ.

Анхан шатны шүүх ажил олгогч нэхэмжлэгч О.Бг Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын байцаагчаар авч ажиллуулах талаар тохиролцсон талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэж Уын даргын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б-I-272 тоот тушаалыг хүчингүй болгож, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 520 284 төгрөг олгохоор шийдвэрлэж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр О.Бгийн урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээг нэг өдрийн 89 814 төгрөгөөр тооцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлсний хэмжээг дахин нотлохгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02740 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 188 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ Ч.ЦЭНД

Ц.ИЧИНХОРЛОО