| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0581/Э |
| Дугаар | 571 |
| Огноо | 2017-12-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Д.Оюунгэрэл,
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Б.Цд холбогдох 201725030809 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1976 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 36 дугаар гудамж, 551 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б.Ц (РД:000000000),
нь 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Яргайтын 38 дугаар гудамжны 590 тоотод иргэн С.Энхболдтой архидан согтуурч, улмаар “бос гэхэд босохгүй унтаад байсан” гэх шалтгаанаар зүүн гарын тохойн тус газарт нь сүхээр цохин эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүх хуралдаан мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. Хохирогч нь хохирол нэхэмжилбэл төлнө.” гэв.
Хохирогч С.Энхболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн үед манай гудамжинд байдаг Лхагва-Очирын үүдээр өнгөрч явтал … би Өнөрдэлгэртэй уулзаад Лхагвааг хаана ял эдэлж байгаа талаар асуухад Тахир соёотод байгаа гэж хэлсэн. Тэдний гэрт нь ороход Өнөрдэлгэрийн нөхөр болох Б.Ц ажилгүй гэртээ амарч байна гээд гэртээ байсан. Б.Ц надаас хоёулаа архи ууя гээд мөнгө гаргаж ирээд Б.Ц бид хоёр хамт дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн Хараа архи аваад Б.Цы гэрт ирээд тэр архиа хувааж уусан. Ууж дуусаад дахин гараад мөн нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи авчраад хувааж уусан. Тэгээд 13 цаг өнгөрч байхад би нилээд согтоод байхаар нь Б.Цд жоохон хэвтэж байгаад явъя гэж хэлээд газар хэвтсэн. Тэгтэл Б.Ц согтчихоод эхнэр Өнөрдэлгэртээ агсраад байж байснаа шууд над дээр ирээд намайг газар хэвтэж байхад толгой руу хэд хэдэн удаа цохиод намайг босоод ир гэхээр нь би бостол Б.Ц баруун гартаа сүх барьсан харагдсан. Тэгтэл шууд намайг үгийн зөрүүгүй шууд зүүн гарын тохой хэсэгт сүхнийхээ ирний ар хэсгээр нь нэг удаа цохьсон. Миний гар янгинаад маш их өвдөлт өгөөд шууд газарт унаад өгсөн. …ингээд хэсэг хэвтэж байгаад гар өвдөөд бүр болохгүй байхаар нь босоод. гэртээ ороод гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт очиход миний гарын тохойн үеэрээ хугарсан байна гээд шохойдуулсан гэжээ.
Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:
1.Ш.Өнөрдэлгэрээс: “…2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэрт байхад Б.Ц, Энхболд ах хоёр нөгөө архинаасаа хийж өгөхөөр нь би 3 удаа архинаас нь угаад нам унтчихсан байсан. …орой 19 цаг өнгөрөөгөөд сэрэхэд Энхболд гараад явчихсан Б.Ц орон дээр унтаж байсан. Тэр өдөр 10 цаг өнгөрч байхад Энхболд ах манай гэрт орж ирээд Б.Ц өчигдөр миний гарыг цохиод гэмтээчихсэн гэж хэлсэн.” гэжээ.
2.Ж.Баттөмөрөөс: “…2017 оны 3 дугаар сарын 28-ны шөний 22 цаг өнгөрч байхад шиг санаж байна. С.Энхболд гаднаас ирсэн. С.Энхболдоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Зүүн гараа бариад гэртээ орж ирсэн. Би юу болсон талаар асуухад харааж ерөөгөөд байсан. Тэгэхээр нь Энхболдыг дагуулаад гэмтлийн эмнэлэг орж рентген зураг авахуулсан чинь тохойны дээд хэсгээр хугарсан байна гэсэн. Тэгээд хүү Энхболдоос юу болсон талаар асуухад Лхагваагийн эмэгтэй дүүгийн гэрт нь архидаж байгаад түүний хамтран амьдрагч залууд нь сүхээр цохиулсан гэж байсан.” гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.4.14-ний өдрийн ¹4941 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.С.Энхболдын биед зүүн атгаал ясны хугарал, зүүн шуу сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанад үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 38 дугаар гудамжны 590 тоот өөрийн гэртээ С.Энхболдтой архи ууж согтуурсан үедээ түүнийг унтаж байхад нь сүхээр зүүн гарын тохойн тус газарт нь цохисноос хохирогчийн биед зүүн атгаал ясны хугарал, зүүн шуу сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндвэтрэ гэмтэл учруулсан болох нь
шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Энхболдын “…Б.Цы гэрт ирээд тэр архиа хувааж уусан. ... би нилээд согтоод байхаар нь Б.Цд жоохон хэвтэж байгаад явъя гэж хэлээд газар хэвтсэн. Тэгтэл шууд намайг үгийн зөрүүгүй шууд зүүн гарын тохой хэсэгт сүхнийхээ ирний ар хэсгээр нь нэг удаа цохьсон. Миний гар янгинаад маш их өвдөлт өгөөд шууд газарт унаад өгсөн. … Эмнэлэгт очиход миний гарын тохойн үеэрээ хугарсан байна гээд шохойдуулсан” гэх мэдүүлэг, гэрч Ш.Өнөрдэлгэрийн “…гэрт байхад Б.Ц, Энхболд ах хоёр нөгөө архинаасаа хийж өгөхөөр нь би 3 удаа архинаас нь угаад нам унтчихсан байсан. … Энхболд ах манай гэрт орж ирээд Б.Ц өчигдөр миний гарыг цохиод гэмтээчихсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Ж.Баттөмөрийн “…С.Энхболд гаднаас .. Зүүн гараа бариад гэртээ орж ирсэн. Тэгэхээр нь Энхболдыг дагуулаад гэмтлийн эмнэлэг орж рентген зураг авахуулсан чинь тохойны дээд хэсгээр хугарсан байна гэсэн. Тэгээд хүү Энхболдоос юу болсон талаар асуухад Лхагваагийн эмэгтэй дүүгийн гэрт нь архидаж байгаад түүний хамтран амьдрагч залууд нь сүхээр цохиулсан гэж байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.4.14-ний өдрийн ¹4941 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт эд мөрийн ирүүлсэн сүх, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Боржигон овогт Б.Цыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2002 оны хуучин Эрүүгийн хууль мөрдөгдөж байх үед бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байх ба түүний үйлдсэн гэмт хэрэг нь шинээр мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд тооцогдож байх тул мөн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой юм.
Шүүх шүүгдэгчид арүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчид торгох ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч нь хөдөлмөр эрхэлдэг эсэх, хэдий хэмжээний тогтмол орлоготой эсэх нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч нь гэм хорын хохирлын талаарх нотлох баримт гаргаж, шүүхэд ирүүлээгүй ба тэрээр холбогдох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Б.Цыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5.Хохирогч С.Энхболд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн сүхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ