Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 111/ШШ2016/0011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагч Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарыг оролцуулан иргэн *******ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Засаг даргын Тамгын газрын дарга ад холбогдох “Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Төрийн сангийн Төлөөлөгчийн ажилд томилох тушаал гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч ******* би Улаанбаатар хотын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Эдийн Засаг Бизнесийн сургуулийг төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Миний бие их сургууль төгссөнөөс хойш Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хаан банкинд ахлах теллерээр 5 жил ажилласан юм.

2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт болсон Төрийн албан хаагчийн шалгалтад орж 71,3 оноогоор тэнцсэн юм.

Төрийн албаны зөвлөлөөс Хүрээмарал сумын төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд томилуулахаар Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 97 тоот албан бичгийг Хүрээмарал сумын Засаг даргын Тамгын газрын дарга ад хүргүүлсэн боловч тус сумын Засаг дарга нь “удахгүй чамайг ажилд томилно, хүлээж бай” гэж хэлсэн ба шийдвэрлэж өгөөгүй юм.

Миний бие энэ асуудлаар дээрх 2 хүнтэй олон удаа очиж уулзсан бөгөөд сүүлдээ ажлын байранд чинь хүн томилчихсон, чамайг нягтлан бодогчоор ажилд авна гэж хэлсэн, мөн түүний дараа “одоо манайд орон тоо байхгүй авах боломжгүй” гэсэн хариу өгөх болсон. Үүнээс хойш хэд хэдэн удаа бичиг, өргөдөл хүргүүлсэн боловч үүнийг үл тоомсорлож намайг үг, хэлээр доромжилж ар гэр амьдралд оролцож гүтгэж нэр хүндэд халдсан.

Миний бие энэ асуудлаар зохих дээд шатны байгууллага албан тушаалтанд нь тухай бүрт нь цаг алдалгүй хандаж байсан бөгөөд холбогдох төрийн албаны зөвлөл, мөн салбар зөвлөлөөс намайг ажил, албан тушаалд нь томилуулах талаар албан бичиг хүргүүлж байсныг огт авч хэлэлцэхгүй байна.

Иймд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Засаг даргын Тамгын газрын дарга ад Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Төрийн сангийн төлөөлөгчийн ажил албан тушаалд ******* намайг томилох тушаал гаргахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч овогтой ийн Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 01-р сарын 04-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй миний бие танилцаад дараах тайлбарыг өгч байна.

Нэг. Сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан ******* нь 2014 оны 02 дугаар сард өвчний улмаас нас барж ажлын байр нь сул болсон юм. Иймд төрийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зорилгоор Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын дагуу Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар тушаалаар томилон ажиллуулсан болно.

 Хоёр. Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж таван хүн өрсөлдсөнөөс онооны байдлыг харгалзан *******ийг томилсон юм. Энэ ажлын байрны сонгон шалгаруулалтад иргэн *******ийг орохыг санал болгосон боловч өөрөө ороогүй болно.

Гурав. Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 10-р сарын 11-ны өдрийн 326 дугаар тогтоолоор сумын төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нарыг нэгтгэн сумын Засаг даргын Тамгын газар дээр Санхүүгийн алба байгуулах тухай шийдвэр гарч улмаар төсвийн газруудын нягтлан бодогч нарын санал хүсэлт, ажлын дадлага туршлага, мэдлэг чадварыг харгалзан үзэж, ЗДТГ-ын даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 тоот тушаалаар Санхүүгийн албыг байгуулан ажилтнуудыг томилсон болно.

Дөрөв. ******* нь Сумын төрийн сангийн төлөөлөгчийн ажлын байранд томилуулах саналыг удаа дараа гаргаж байсан ба төрийн албаны зөвлөлийн аймгийн салбар зөвлөлөөс болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын албан бичгүүд ирүүлж байсан хэдий ч сул ажлын байргүй учир томилгоог хийх боломжгүй байгаа юм. Төрийн сангийн мэргэжилтний ажлын байранд намайг томилохгүй байна гэсэн гомдлоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Авлигатай тэмцэх газруудад өргөдөл өгч удаа дараа намайг шалгуулж байгаа ба тайлбаруудыг байнга гарган өгч байсан болно. Энэ талаар намайг ямар нэгэн буруутай гэсэн тайлбар, дүгнэлтийг холбогдох газруудаас өнөөдрийг хүртэл ирүүлээгүй болно.

Тав. Миний ойлгож буйгаар Б.*******, ******* нар нь Төрийн Албаны тухай хуулийн 16.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 27.1 дэх заалтуудтай зөрчилдөж байгаа гэж үзэж байгаа. Учир нь: Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд, Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тайлбартаа: Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүнээс гадна, гэрлэлтийн баталгаагүй боловч хамтын амьдралтай хүмүүсийг хамааруулан ойлгоно. Мөн садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдүүдийг /Гэр бүлийн тухай хуулийн 3.1.6/ гэж ойлгоно гэсний дагуу Б.Сэрдавгын ээж *******, *******ийн эхнэр /хамтран амьдрагч/ ******* нар нь төрсөн эгч, дүү хоёрын хүүхдүүд юм. Иймийн учир ******* нь *******ийн нагац эгч нь болно. Иймд дээрхи хуулиудын заалттай зөрчилдөж байна гэж үзэж байна.

Иймд иргэн *******ийн нэхэмжлэлд дурьдсан Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Засаг даргын Тамгын газрын дарга ад Хүрээмарал сумын Төрийн сангийн төлөөлөгчийн ажил албан тушаалд ******* намайг томилох тушаал гаргахыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг хүлээж авахболомжгүй болно. Цаашид шүүхээс гарсан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж ажиллах болно.” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Сэрдагва шүүхэд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь хэргийн материалтай танилцсан ба миний эрх ашиг хохирохгүй учир хэргийг шийдвэрлэхэд оролцохгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Иргэн ******* шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Төрийн сангийн Төлөөлөгчийн ажилд томилох тушаал гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгэн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн  өмгөөлөгч нарын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Тамгын газрын төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан ******* 2014 оны 2 дугаар сард нас барж, уг ажлын байранд сул орон тоо бий болсон байна. Төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зорилгоор тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Сэрдагвыг төрийн сангийн мэргэжилтнээр түр томилон ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-д нийцсэн гэж үзлээ.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаар “Санхүүгийн алба байгуулах тухай” тогтоолоор Сумын Засаг даргын Тамгын газарт сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээ хүргэх, сумын төсөв, санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлогын төлөвлөлт хариуцсан санхүүгийн албыг байгуулах, зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны нормативыг баталсаны дагуу Хүрээмарал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн “Санхүүгийн алба байгуулах тухай” 05 дугаар тушаалаар төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр Б.Сэрдагвыг томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* сонгон шалгаруулалтаар өөрийн тэнцсэн төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд Б.Сэрдагвыг томилсон тухай дурдах боловч түүнийг томилсон тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргаагүй тул шүүх уг асуудалд дүгнэлт хийх боломжгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.” гэж заажээ.

Хариуцагч Хүрээмарал сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэгч *******ийг төрийн сангийн мэргэжилтний орон тоонд шууд томилох эрхгүй бөгөөд дээрх хуулийн заалтын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа болон төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулахаар байна.  Уг албан хаагчдаас нөхөх боломжгүй бол Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина.” гэж заасны дагуу нөөцөд бүртгэгдсэн иргэдээс шалгаруулж авах хүсэлтээ Төрийн албаны зөвлөлд гаргаж, зохих журмын дагуу шалгарсан иргэнийг томилж сул орон тоог нөхөх үүрэгтэй тул *******ийг шууд томилоогүй нь хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч ******* 2014 оны 5 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд зохион байгуулагдсан төрийн албаны мэргэшлийн шалгаруулалтад оролцож, /71,3 оноогоор тэнцсэн/ Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтний албан тушаалын нөөцөд Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 69 дүгээр “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 69 дүгээр тогтоолоор бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Төрийн сангийн мэргэжилтний сул орон тооны сонгон шалгаруулалтад орох үедээ Хүрээмарал суманд холбогдох төрийн байгууллагад ажиллаж байгаагүй, тодруулбал Баян-Овоо сумын Төрийн сангийн мэргэжилтний нөөцөд бүртгэлтэй байснаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байна.

Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 97дугаар албан бичгээр *******ийг Хүрээмарал сумын Төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн байх бөгөөд энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам батлах тухай” тогтоолын хавсралтын 6.2.2 дахь хэсгийг зөрчсөн, уг албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн нь нэхэмжлэгчид давуу байдал болохгүй, тухайн албан тушаалд шууд томилогдох үндэслэл биш болно.

Нөгөөтэйгүүр Сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн16.4.15-д заасны дагуу төсвийн шууд захирагч байх бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3-т заасны дагуу аймгийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн томилохоор байна.

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга *******ын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 5/129 дүгээр албан бичгээр нэр бүхий 17 сумын Тамгын газрын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажлын байранд сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлж, сонгон шалгаруулалт зохион байгуулагдсан агаад нэхэмжлэгч ******* нөөцөөс өөрийн нэрийг хууль болон журамд заасны дагуу дэвшүүлүүлэхээр хандах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,  17.4, 17.5, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн “Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Төрийн сангийн Төлөөлөгчийн ажилд томилох тушаал гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                              Ч.ОЮУНСАЙХАН