Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 572

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            Улсын яллагч Д.Оюунгэрэл,

            Шүүгдэгч М.М, М.А, Ч.С, тэдгээрийн өмгөөлөгч Б.Намхай,

Хохирогч М.Алтанцэцэг,

Гэрч Б.Байгаль нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Жижээ овогт М М, Жаахан овогт М А, Очирваань овогт Ч С нарт холбогдох 201725030939 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1976 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 10 дугаар гудамж, 143 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Очирваань овогт Ч С (РД:0000000000),

2.Монгол улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж, 1207 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жижээ овогт М М (РД:00000000000),

3.Монгол улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, худалдааны технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар баг, Өлзийт цэцэрлэгийн урд гудамж 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1207 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жаахан овогт М А (РД:000000000),

нар нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Буманживаа” караокений дотор болон гадаа иргэн М.Алтанцэцэгийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нараас мэдүүлэхдээ:

1.М.М гаас: “…Хохирогч нь миний төрсөн дүү юм. Тухайн хэрэг гардаг өдөр бид тав бааранд орсон. Тухайн үед хохирогч, Дэлгэрсайхан хоёр их согтуу, бааранд бид тав 3 шил архи уусан. Хохирогчийн хөлд гэмтэл учруулсан асуудлын хувьд бааранд огт зодоон болоогүй. Баарнаас гараад гадаа болсон асуудал байх гэж бодож байна. Маргааш нь хохирогч зүгээр ажилдаа явсан. Хохирогчийн хөлийг хэн хугалсаныг сайн мэдэхгүй байна. Бааран дотор хохирогч агсан согтуу тавьж шилэн аяга хагалсан, мөн шат руу бууж байхдаа унасан талаар хохирогчийн охинд хэлж байсан. Хохирогчид учирсан гэмтлийн 50 хувийг өөрөө учруулсан гэж үзэж байна. Би хохирогчийг зодож цохисон зүйл байхгүй” гэжээ.

2.Ч.С аас: “…Би М, А хоёртой найзууд, хохирогчийг өмнө нь танина. Бид нар хамт ажилладаг, анх удаа дээрх хүмүүстэй архи уусан. Бааранд зодоон болсон зүйл байхгүй. Баарны гадаа хэрүүл маргаан болсон. Би хохирогчийг дарж унасан нь үнэн, маргааш нь хохирогч ажилдаа ирээд 2-3 хоног ажлаа хийсэн нь үнэн.” гэжээ.

3.М.А аас: “…Тухайн хэрэг гардаг өдөр бид тавуулаа бааранд орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үнэн. Архи уусан учраас хоорондоо маргалдаж хэрэлдсэн. Би Стай баарны тооцоо хийж сүүлд гарсан учраас хохирогчийг шатнаас унаж байхыг М бид хоёр харсан. Хохирогч архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан учраас биеэ авч явах чадваргүй байсан. Хэрүүл маргаан гадаа болоход бид нар бүгдээрээ байсан. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна.”  гэжээ.

Шүүх хуралдаанд хохирогч М.Алтанцэцэгээс мэдүүлэхдээ: “…Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хэрэг гардаг өдөр архи ууснаас ийм хэрэг гарсан гэж бодож байна. Би архи ууж согтуурч авир гаргасан нь үнэн. Би өөрөө шатны уруу унаагүй гэж бодож байна. Хэрэг гарсны маргааш миний хөл хавдсан байсан би тэвчээр гаргаж ажилдаа явсан. Би өөрийн гэсэн хашаа байшин аваад эгчийн хашаанаас нүүсэн. Би М эгчийн нөхөрт миний хөл хавдсан байна гэж үзүүлж байсан. Миний охин миний хөлийг хараад эмнэлэгт үзүүл гэхээр нь өрхийн эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд баруун хөлийн шагай хэсгээр хугарсан байна гэж надад хэлсэн. Би хөлөө шохойдуулсан. Шүүгдэгч нараас 2 сая төгрөг нэхсэн нь үнэн, миний хөлийг хугалсан хүнийг яг тэр гэж хэлж чадахгүй байна” гэв.

М.Алтанцэцэгээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…... 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр эгч М.М, дүү М.А болон С, Сайханаа бид 5 Хүчит шонхор захын урд байрлах “Буманживаа” нэртэй караокед 18 цаг өнгөрч байхад орсон ... дуу дуулж байгаад ширээн дээрээ иртэл манай эгч М.М намайг “янхан минь хаагуур яваад ирж байга юм бэ” гэхээр нь миний уур хүрээд ширээн дээр байсан пивоны шилэн аягыг шал руу шидэж хагалаад, чи намайг хаагуур янхандаж явааг харсан нэвсгэр авгай вэ гэж хэлсэн чинь С намайг барьж аваад, чи М эгчийг тэгж хэлэхгүй шүү гээд намайг шалан дээр унагаад миний зүүн талын гуя руу өшиглөсөн. С махлаг болохоороо дээрээс дарчихаад босохгүй байсан. Би караокенаас гарахдаа шатнаас унасан асуудал болоогүй. Би түрүүлж гарч ирээд цүнхээрээ М, А хоёрыг ороолгоод хүрмээ тайлж байгаад М, А хоёрыг цохих гэж хөөсөн. Тэгсэн С намайг дарж газар унагатал, М, А хоёр миний биеийн энд тэндгүй өшиглөөд байсан. Миний баруун хөл хугарсан, баруун тохой, зүүн гуя, хонго хөхөрсөн. С намайг үсдсэнээс болж толгой их өвдөж байсан. Миний биед учирсан эдгээр гэмтлийг эгч М, дүү Аринуаа, С нар нийлж байгаад учруулсан. Сайханаа бол та нар болиоч ээ гээд тэд нарыг болиулах гэж байсан хүн байгаа юм. Надад гар хүрээгүй гэжээ.

Шүүх хуралдаанд гэрч Б.Байгалиас мэдүүлэхдээ: “Хоёр эмэгтэй чанга чанга яриад хоорондоо зодолдсон. Зодуулж байгаа нь агсраад цүнхээрээ саваад, мөнгө нь газар унасан. Шаргал цамцтай хүүхэн дээр дороо ороод, хар хувцастай нь шилбэ орчим нь өшиглөж байсан” гэв.

Гэрч Б.Байгаль мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Тэгтэл баарнаас нь хэдэн эмэгтэй хүмүүс гарч ирээд хоорондоо үгийн зөрөөгүй зодолдсон. Тэр уг хоёр эмэгтэй дээр доороо ороод зодолдоод, зодуулж байсан эмэгтэйгийн дээр нь оранж өнгөтэй цамц өмссөн хүн уг эмэгтэйгийн дээр нь суучихсан зодолдоод байсан. Тэр үед зодуулж байсан эмэгтэй нь газраас босоод тэнд байсан хүмүүс рүү дайраад та нар зайлцгаа гээд хүн болгон руу цүнхээрээ цохиж дайраад байсан. Тэгэхэд уг эмэгтэйн цүнхэн дотроос нь мөнгө нь асгарахад нэг эмэгтэй нь уг асгарсан мөнгийг нь түүж авч байсан. Тэгэхэд уг эмэгтэйг хүмүүс рүү дайрч байхад нь нэг эмэгтэй нь уг зодуулсан эмэгтэйг хавираад унагаасан... уг эмэгтэйг газар уначихаад байхад хөл рүү нь үсээ ардаа боосон тарган биетэй хар өнгийн цамцтай эмэгтэй 2-3 удаа очиж өшиглөсөн. Тэгэхэд зодуулсан эмэгтэй нь ёолоод чичрээд байсан. Тэгэхэд нэг эрэгтэй хүн гарч ирээд хөөе хүүхнүүдээ энэ чинь үхлээ гэж байсан” гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.Г.Нансалмаагаас: “…2017 оны 03 сарын 31-ний орой 22 цагийн үед ээж М.Алтанцэцэг над руу залгаад, намайг ирээд аваадах, би Буманживаагийн гадаа байна, М, А хоёр намайг зодчихлоо гэж хэлсэн. Би яваад очтол ээж нэг машины жолоочийн хажуу талын суудлын доор цээжин биеэрээ хэвтчихсэн, хөл нь машины гадаа гарчихсан дээрээс нь С гэдэг эмэгтэй дараад хэвтчихсэн байсан. Машины жолооч нь хараад суугаад байсан... Манай ээжийн баруун хөл нь гишгэж чадахгүй өвдөөд байсан. Энд тэнд нь хөх няц болсон, хувцас хунар нь шороо болсон байсан” гэжээ.

2.Г.Дэлгэрсайханаас: “…Аптанцэцэг уг караокед байсан үл таних залуутай хамт дуулсан чинь Алтанцэцэгийг М чи эрэгтэй хүнтэй хамт дуулж янхандлаа гэж хэлсэн. Тэгтэл Алтанцэцэг нь ширээн дээр байсан стакан аваад М руу шидсэн. М, Алтанцэцэг нар хоорондоо маргалдаад зодолдсон. Тэгтэл Алтанцэцэг нь баарны шалан дээр унасан. Тэр үед Алтанцэцэгийг А М нар хоёр талаас нь Алтанцэцэгийн хөл рүү нь өшиглөсөн. Би хажуугаас нь та нар болиоч ээ битгий хөл гар руу нь өшиглөөд байгаач гэж хэлсэн. Тэгэхэд Алтанцэцэг шалан дээрээс босч ирээд Алтанцэцэг, А, М нар баарнаас гарсан. Би хамгийн сүүлд араас нь гарсан. ...Баарны гадаа Алтанцэцэгийг М, А нар зодож өшиглөөд байсан.” гэжээ.

3.Г.Алтансувдаас: “…Манай бааранд орж ирээд архи пивоо уугаад дуулж бүжиглээд сууж байгаад нэг эмэгтэй нь нэгийгээ янхан гэж хэллээ гээд одоо хөлдөө гэмтэл авсан байгаа эмэгтэй нь орилоод уг эмэгтэй нь ширээн дээр пивоны шилэн аяга цохиж хагалаад нэг эмэгтэй рүүгээ дайраад байхад нь хамт байсан эмэгтэйчүүд нь уг согтуу эмэгтэйгээ энэ байнга ингэдэг балиар ааштай байгаа юм гээд хоорондоо зодолдоод эхэлсэн. Би очиж болиулах гэхэд уг хүмүүс миний үгэнд орохгүй байсан. Тэгээд би нөхрийгөө утасдаж дуудчихаад эргээд уг хүмүүс рүү харахад согтуу пивоны шилэн аяга хагалсан эмэгтэй нь шалан дээр унасан байсан. Тэгэхээр нь би уг эмэгтэйг татаад буйдан түшүүлэхэд уг эмэгтэй намайг цаашаа яв гээд гараараа түлхэхээр нь би уг хүнийг та босооч, наад доор чинь пивоны шил хагарсан байна гэхэд уг эмэгтэй эд нар намайг зодчихлоо гэсэн. Би уг эмэгтэйгээс танд ямар гэмтэл учрав гэхэд уг эмэгтэй намайг цаашаа бай гээд түлхээд байсан. Тэгэхэд нь цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн. Тэгээд уг эмэгтэйг хамт явсан эмэгтэйчүүд нь ирээд татаж босгоод бүгдээрээ гарсан. Тэгэхэд настайдуу эмэгтэй нь А гэх эмэгтэйтэй хамт 00-н өрөөний үүдэнд үлдсэн... настайдуу эгч нь надад үлдэгдэл тооцоо болох 15000 төгрөг өгсөн. Тэр үед доошоо гарч байсан хүмүүс нь шат руу унасан. Тэд нар баарнаас гарахаар нь ... би гараад харахад хөлөө гэмтээсэн гэх Алтанцэцэг гэх эмэгтэй нь махлагдуу эмэгтэйтэй газар хэвтчихсэн хөлөө орооцолдуулчихсан зодолдоод гараараа бие биенээ цохилцоод хөлөөрөө бие биенээ өшиглөлцөөд байсан. А гэх эмэгтэй нь Алтанцэцэг гэх эмэгтэйгийн хөл рүү нь өшиглөөд байсан. Ягаан өнгийн цамцтай С гэх эмэгтэй нь бас зодоод байсан. Настайдуу эмэгтэй нь Алтанцэцэг гэх эмэгтэйг энэ дандаа ингэж байдаг ш дээ гээд цүнхээрээ цохиж байсан. Алтанцэцэг гэх эмэгтэй нь М гэх эмэгтэйгийн үснээс нь зулгаагаад байсан. Тэгснээ А гэх эмэгтэйгээ мөнгө хүүлэгч гээд орилоод байсан. Баарны гадаа ягаан өнгийн цамцтай С гэх эмэгтэй нь Алтанцэцэг гэх эмэгтэйтэй газарт хэвтчихсэн цохилцоод бие биенийгээ өшиглөлцөөд байсан” гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.4.06-ний ¹4805 тоот шинжээчийн дүгнэлт:

1.М.Алтанцэцэгийн биед баруун гадна хавчаарын далд хугарал, тархи доргилт, дух, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, далын доор, баруун бугалга, зүүн өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, дээд уруулын дээр, хоёр сарвуу зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

Шинжээч эмч Б.Ганзоригийг байцаасан тэмдэглэлд: “…Баруун хөлний хавчаар ясны доод талын хугарал нь хүндэвтэр ангилалд хамаарч байгаа бөгөөд бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Хөнгөн гэмтэл нь хүндэвтэр гэмтэлд ордог учраас хүндэвтэр гэмтэлд хамаарч болно.” гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Буманживаа” нэртэй караокед төрсөн эгч дүү нар болох М.М, М.А, М.Алтанцэцэг, тэдгээртэй хамт ажилладаг гэх Ч.С, Сайханаа нар архи ууж согтуурсан үедээ М.М нь дүү М.Алтанцэцэгийг янхандлаа гэж хэлснээс шалтгаглан М.Алтанцэцэг түүн рүү пивоны шилэн аяга шидэж хагалсан, улмаар  Ч.С, М.А нар М.Мг өмөөрч түүнтэй бүлэглэн М.Алтанцэцэгийг зодсоноос хохирогчийн биед баруун гадна хавчаарын далд хугарал, тархи доргилт, дух, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, далын доор, баруун бугалга, зүүн өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, дээд уруулын дээр, хоёр сарвуу зулгаралт гэмтэл учирсан болох нь

хохирогч М.Алтанцэцэгийн “...манай эгч М.М намайг “янхан минь хаагуур яваад ирж байга юм бэ” гэхээр нь миний уур хүрээд ширээн дээр байсан пивоны шилэн аягыг шал руу шидэж хагалаад, чи намайг хаагуур янхандаж явааг харсан нэвсгэр авгай вэ гэж хэлсэн чинь С намайг барьж аваад, чи М эгчийг тэгж хэлэхгүй шүү гээд намайг шалан дээр унагаад миний зүүн талын гуя руу өшиглөсөн. С махлаг болохоороо дээрээс дарчихаад босохгүй байсан. Би түрүүлж гарч ирээд цүнхээрээ М, А хоёрыг ороолгоод хүрмээ тайлж байгаад М, А хоёрыг цохих гэж хөөсөн. Тэгсэн С намайг дарж газар унагатал, М, А хоёр миний биеийн энд тэндгүй өшиглөөд байсан. Миний баруун хөл хугарсан, баруун тохой, зүүн гуя, хонго хөхөрсөн. С намайг үсдсэнээс болж толгой их өвдөж байсан. Миний биед учирсан эдгээр гэмтлийг эгч М, дүү Аринуаа, С нар нийлж байгаад учруулсан” гэх мэдүүлэг,

гэрч Б.Байгалийн “...уг эмэгтэйг газар уначихаад байхад хөл рүү нь үсээ ардаа боосон тарган биетэй хар өнгийн цамцтай эмэгтэй 2-3 удаа очиж өшиглөсөн. Тэгэхэд зодуулсан эмэгтэй нь ёолоод чичрээд байсан” гэх мэдүүлэг,

гэрч Г.Нансалмаагийн “...ээж М.Алтанцэцэг над руу залгаад, намайг ирээд аваадах, М, А хоёр намайг зодчихлоо гэж хэлсэн.... Манай ээжийн баруун хөл нь гишгэж чадахгүй өвдөөд байсан. Энд тэнд нь хөх няц болсон, хувцас хунар нь шороо болсон байсан” гэх мэдүүлэг,

гэрч Г.Дэлгэрсайханы “...Алтанцэцэг нь ширээн дээр байсан стакан аваад М руу шидсэн. М, Алтанцэцэг нар хоорондоо маргалдаад зодолдсон. Тэгтэл Алтанцэцэг нь баарны шалан дээр унасан. Тэр үед Алтанцэцэгийг А М нар хоёр талаас нь Алтанцэцэгийн хөл рүү нь өшиглөсөн. ...Баарны гадаа Алтанцэцэгийг М, А нар зодож өшиглөөд байсан” гэх мэдүүлэг,

гэрч Г.Алтансувдын “... хөлдөө гэмтэл авсан байгаа эмэгтэй нь орилоод уг эмэгтэй нь ширээн дээр пивоны шилэн аяга цохиж хагалаад нэг эмэгтэй рүүгээ дайраад байхад нь хамт байсан эмэгтэйчүүд нь уг согтуу эмэгтэйгээ энэ байнга ингэдэг балиар ааштай байгаа юм гээд хоорондоо зодолдоод эхэлсэн. ... би гараад харахад хөлөө гэмтээсэн гэх Алтанцэцэг гэх эмэгтэй нь махлагдуу эмэгтэйтэй газар хэвтчихсэн хөлөө орооцолдуулчихсан зодолдоод гараараа бие биенээ цохилцоод хөлөөрөө бие биенээ өшиглөлцөөд байсан. А гэх эмэгтэй нь Алтанцэцэг гэх эмэгтэйгийн хөл рүү нь өшиглөөд байсан. Ягаан өнгийн цамцтай С гэх эмэгтэй нь бас зодоод байсан. Настайдуу эмэгтэй нь Алтанцэцэг гэх эмэгтэйг энэ дандаа ингэж байдаг ш дээ гээд цүнхээрээ цохиж байсан. Алтанцэцэг гэх эмэгтэй нь М гэх эмэгтэйгийн үснээс нь зулгаагаад байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.4.06-ний ¹4805 тоот шинжээчийн дүгнэлт, Шинжээч эмч Б.Ганзоригийг асуусан тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Алтанцэцэгийн биед баруун гадна хавчаарын далд хугарал, тархи доргилт, дух, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, далын доор, баруун бугалга, зүүн өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, дээд уруулын дээр, хоёр сарвуу зулгаралт гэмтэл тогтоогдсон ба шинжээч гаргасан дүгнэлтээ “…Баруун хөлний хавчаар ясны доод талын хугарал нь хүндэвтэр ангилалд хамаарч байгаа бөгөөд бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна” хэмээн тайлбарласнаас үзвэл хохирогчид учирсан баруун хөлний гадна хавчаарын далд хугарал бүхий хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч нарыг бүлэглэн учруулсан гэж дүгнэхэд эргэлзээтэй байна. Шинжээчийн дүгнэлтэд “Рентген зурагт баруун шилбэ гадна хавчаар яс зөрөө багатай хугаралтай харагдана” гэж бичсэн, хохирогч М.Алтанцэцэг “С намайг барьж аваад, чи М эгчийг тэгж хэлэхгүй шүү гээд намайг шалан дээр унагаад миний зүүн талын гуя руу өшиглөсөн” гэж мэдүүлсэн, гэрч  Б.Байгаль “...уг эмэгтэйг газар уначихаад байхад хөл рүү нь үсээ ардаа боосон тарган биетэй хар өнгийн цамцтай эмэгтэй 2-3 удаа очиж өшиглөсөн. Тэгэхэд зодуулсан эмэгтэй нь ёолоод чичрээд байсан” гэж мэдүүлсэн, гэрч Г.Алтансувд “...А гэх эмэгтэй нь Алтанцэцэг гэх эмэгтэйгийн хөл рүү нь өшиглөөд байсан. Настайдуу эмэгтэй нь Алтанцэцэг гэх эмэгтэйг энэ дандаа ингэж байдаг ш дээ гээд цүнхээрээ цохиж байсан” гэж тус тус мэдүүлсэн зэргээс дүгнэхэд хохирогчийн баруун хөлийн шилбэ хугарсан гэмтлийг шүүгдэгч М.Агийн өшиглөсөн хүчний үйлчлэлээс үүссэн гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хохирогчийн биед олон тооны хүндэвтэр гэмтэл учраагүй тул зөвхөн М.Агийн үйлдлээс хохирогчийн баруун хөл хугарсан гэж үзсэн болно.   

Харин хохирогчийн биед мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн тархи доргилт, дух, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, далын доор, баруун бугалга, зүүн өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, дээд уруулын дээр, хоёр сарвуу зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг шүүгдэгч нар бүлэглэн зодсоноос үүссэн гэж үзлээ. Гэхдээ шинжээчээс “Хөнгөн гэмтэл нь хүндэвтэр гэмтэлд ордог учраас хүндэвтэр гэмтэлд хамаарч болно.” хэмээн тайлбарласан тул шүүгдэгч М.Агийн хохирогчийн биед хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг түүний эрх зүйн байдлыг дордуудлахгүйгээр бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэмээн дүгнэв.

Иймд прокуророос шүүгдэгч Жаахан овогт М А г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусадтай бүлэглэж үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн буюу хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 11.4 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөв. 

Харин шүүгдэгч Жижээ овогт М М, Очирваань овогт Ч С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэж үзэж, прокуророос тэдгээрт Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Жаахан овогт М А г хүнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Жижээ овогт М М, Очирваань овогт Ч С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч М.М, Ч.С нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2002 оны хуучин Эрүүгийн хууль мөрдөгдөж байх үед мөн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн ба 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд тооцогдож байх тул шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн болно.  

Шүүгдэгч нараас хохирогчид 750.000 төгрөг хүлээлгэн өгсөн ба хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч М.М, М.А, Ч.С нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсний хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүх шүүгдэгч М.Ад ял оногдуулахдаа 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч М.М, Ч.С нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн санал болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч нарын торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч М.А, М.М, Ч.С нарт Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс  шүүгдэгч М.Ад холбогдох хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон, шүүгдэгч М.М, Ч.С нарт холбогдох хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Жаахан овогт М Аг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Жижээ овогт М М, Очирваань овогт Ч С нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, М.М, Ч.А нарын торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 06-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, М.М, Ч.С нар нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А, М.М, Ч.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ