Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 118/ШШ2024/0065

 

    Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч тус аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргасан эвлэрэх санал болон бичгээр үйлдсэн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Б.*******ад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх.

1.2.Нэмэгдүүлсэн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны Б/04 дүгээр захирамжийн 2-р хавсралтын Б.*******ад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, зохих журмын дагуу үнэлж, дүгнэх, зохих урамшууллыг олгохыг даалгуулах.   

1.3.Нэмэгдүүлсэн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу төрийн захиргааны албан хаагчийн 5 жил тутамд нэг удаа олгох зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал буюу 10 452 000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх мөнгөн урамшууллыг олгохыг даалгуулах 

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1.Нэхэмжлэгч Б.******* нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/164 дүгээр захирамжаар түр, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/45 дугаар захирамжаар жинхлэн томилогдож, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажилласан.

2.2.Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийн хоёр дугаар хавсралтаар хэлтэс, агентлагийн дарга нарын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээг баталсан ба нэхэмжлэгч Б.*******ын тухайд гүйцэтгэлийн төлөвлөгөөг 69 хувиар биелүүлсэн хэмээн дүгнэж, урамшуулал олгохгүй байхаар тусгасан.

2.3.Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар “...санхүүгийн зөрчил гаргаж, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэх үндэслэлээр Б.*******ад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

2.4. Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д заасан албан тушаалын 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшууллыг ажлаас халагдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******ад олгохоос татгалзсан.

3. Хэргийн оролцогчдын маргасан үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч “...2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг зохих ёсоор үнэлээгүй, ажлын гүйцэтгэлийг 69 хувиар үнэлж, урамшуулал олгоогүй нь хууль бус, булаг шандын эх болон хүн чулуун хөшөө, дурсгалыг хашиж хамгаалах, Богд, Чигэстэй голын ай сав дагуух газрыг цэвэрлэх, мөн хог хаягдал шатаах зориулалтын дунд оврын зуухыг нийлүүлэх зэрэг ажлуудыг даалгаврын дагуу хийж гүйцэтгүүлэн ажлын хэсэг хяналт тавин хүлээн авсан тул уг үндэслэлээр буруутгах үндэслэлгүй, 22 сая гаруй төгрөгийн өртөг бүхий хаягдал хуванцар нягтруулан шахах төхөөрөмжийг хөрөнгийн орлогод авч, байгууллагын дансанд бүртгэсэн, уг төхөөрөмж бүрэн бүтэн байхад алга болох эрсдэлд оруулсан гэж үзсэн нь  үндэслэлгүй, төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацааны шаардлага хангасан байхад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа нь хууль бус” гэж маргасан.

3.2.Хариуцагч тал “...Б.******* нь Завхан аймгийн Засаг даргын 2024 оны Б/07 дугаар захирамжийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон холбогдох хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, дотоод аудитаас өгсөн зөвлөмж, шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, төсвийг зориулалтын бусаар үр дүнгүй зарцуулсан нь ажлын хэсгийн дүгнэлт, аудитын тайлан, дүгнэлтээр тогтоогдсон тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн..., 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй үнэлэгдсэн учраас улирлын урамшуулал олгох үндэслэлгүй..., нэгэнт ажлаас халагдсан учраас албан тушаалын 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний  мөнгөн урамшуулал олгогдохгүй...” гэж тайлбарласан.

4.Хэргийн оролцогч, төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа:

4.1.Нэхэмжлэгч: Хариуцагч тал болох аймгийн Засаг даргатай шүүх хуралдаан эхлэхээс өмнө уулзсан. Эвлэрэхээр тохиролцсон. Эвлэрлийн гэрээг хэрхэн байгуулах талаар ярилцах шаардлага үүсэж байна... гэв

4.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүх хуралдаан эхлэхээс өмнө бид өмнө эвлэрэх талаар санал хэлэлцэж байсан юм. Шүүхээс 10 минутын хугацаагаар завсарлага хүсэж байна. Хоорондоо эвлэрэх талаар хэлэлцэх гэсэн юм. Аймгийн Засаг дарга 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаанаас өмнө өрөөндөө дуудан уулзаад эвлэрэх санал тавьсан байна. Эвлэрлийн гэрээг хэрхэн байгуулах талаар ярилцах шаардлагатай байгаа тул шүүхээс 15 минутын хугацаагаар завсарлага хүсэж байна... гэв.

4.3.Хариуцагчийн өмгөөлөгч: Эвлэрэх талаар нэхэмжлэгч, хариуцагч хоёр шүүх хуралдааны өмнө уулзаж ярилцсан. Хоёр өмгөөлөгч, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нар байлцаж байгаад эвлэрлийн гэрээг бичгээр байгуулахаар шүүхээс завсарлага хүсэж байна. Эвлэрлийн гэрээг шүүх хуралдааны цагаас өмнө байгуулж амжсангүй. Эвлэрлийн гэрээг бичгээр байгуулахаар завсарлага хүсэж байна. Эвлэрлийн гэрээг бичгээр байгуулна. 30 минутын хугацаагаар завсарлага авъя... гэв.

5. Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* нар эвлэрлийн гэрээндээ: ...нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох ...захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У. ******* нар дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Энэхүү эвлэрэл нь сайн дурын үндсэн дээр хэний ч шахалт дарамтгүй, чин санаанаасаа эвлэрсэн бөгөөд энэ талаар хэн алин нь дахиж гомдол гаргахгүй. Хариуцагч нь “Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 03 сарын 04-ны өдрийн Б/07 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө 3 сарын дундаж цалин хөлснөөс дундаж цалин бодох журмын дагуу тооцон зохих санд нөхөн төлөх, Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 01 сарын 08-ны өдрийн Б/04 тоот захирамжийн 2 дугаар хавсралтын Б. *******ад холбогдох хэсгийг хууль бус болохыг зөвшөөрч, үнэлгээг 90 хувь болгох, Төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 10,542,000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг зөвшөөрч, дээрх мөнгөн урамшууллыг олгох”, нэхэмжлэгч нь “Ажилгүй байсан хугацааны гарт олгох цалингаасаа татгалзах, үнэлгээнд холбогдох зохих урамшуулал олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Б.*******ад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны Б/04 дүгээр захирамжийн 2-р хавсралтын Б.*******ад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, зохих журмын дагуу үнэлж, дүгнэх, зохих урамшууллыг олгохыг даалгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу төрийн захиргааны албан хаагчийн 5 жил тутамд нэг удаа олгох зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал буюу 10 452 000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх мөнгөн урамшууллыг олгохыг даалгуулахыг хүссэн.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд харилцан буулт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналыг гаргасан бөгөөд тэд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр “Хариуцагч нь Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 03 сарын 04-ны өдрийн Б/07 тоот захирамжийг хүчингүй болгож, Б.*******ыг урьд эрхэлж байсан Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө 3 сарын дундаж цалин хөлснөөс дундаж цалин бодох журмын дагуу тооцон зохих санд нөхөн төлөх, Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 01 сарын 08-ны өдрийн Б/04 тоот захирамжийн 2 дугаар хавсралтын Б. *******ад холбогдох хэсгийг хууль бус болохыг зөвшөөрч, үнэлгээг 90 хувь болгох, Төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан Б.*******ад таван жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 10 542 000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг зөвшөөрч, дээрх мөнгөн урамшууллыг олгох, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны гарт олгох цалингаасаа татгалзах, үнэлгээнд холбогдох зохих урамшуулал олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах” гэх нөхцөлийг тус тус тохирсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан буулт хийж, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ хэргийн тухайд нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* нар эвлэрэхээр харилцан тохиролцож, энэ тухайгаа шүүх хуралдааны явцад илэрхийлж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож, тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* дээрх эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна, 28.2-д “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ: 28.2.1.нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах; 28.2.2.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх; 28.2.3.нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах; 28.2.4.нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, эсхүл багасгах; 28.2.5.эвлэрэх; 28.2.6.шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах; 28.2.7.төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх; 28.2.8.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шаардах гэж заасан эрх зүйн зохицуулалтын хүрээнд У.******* нь хариуцагч Завхан аймгийн Засаг даргыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга Г.*******аас 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/217 дугаар захирамжаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга У.*******г уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх ба уг итгэмжлэлээс харахад У.*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасан эрхүүдийг тусгайлан олгосон байна.

Иймд У.******* нь хариуцагч Завхан аймгийн Засаг даргыг төлөөлөн нэхэмжлэгч Б.*******тай эвлэрэн хэлэлцэх, гэрээ байгуулах эрхтэй байх тул тэднээс байгуулсан эвлэрлийн гэрээг шүүхээс батлах үндэслэлтэй бөгөөд  уг эвлэрлийг батлахад бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй, түүнчлэн хуульд харшлахааргүй байна гэж дүгнэв.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д зааснаар төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглосон ба хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас энэ хэрэгт маргаж буй албан тушаал буюу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд хэн нэгнийг жинхлэн томилоогүй, харин уг албан тушаалын албан үүргийг орлон гүйцэтгүүлэхээр 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар Д.*******ийг түр томилсон байх тул “...Б.*******ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох...” нөхцөлөөр байгуулсан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээг баталснаар түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Д.******* болон бусад этгээдийн хөдөлмөрлөх, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байгааг дурдах нь зүйтэй. 

Мөн нэхэмжлэгч Б.******* нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8-д заасан буюу аймгийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаал болох Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/07 дугаар захирамжийг гарах хүртэл хугацаагаар ажилласан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.1-д заасан “төрийн захиргааны албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил /60сар/, түүнээс дээш хугацаагаар ажилласан байх” шаардлагыг хангасан түүнд дээрх журамд заасны дагуу урамшууллыг олгох үндэслэлтэй байх тул “...Төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан Б.*******ад таван жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 10 542 000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг зөвшөөрч, дээрх мөнгөн урамшууллыг олгох...” нөхцөлөөр байгуулсан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээг батлахад хуульд харшлахааргүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ”, 47 дугаар зүйлийн 47.4-д “Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ”, 50 дугаар зүйлийн 50.5-д “нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* нарын харилцан буулт хийж, “Хариуцагч нь Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 03 сарын 04-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.*******ыг урьд эрхэлж байсан Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө 3 сарын дундаж цалин хөлснөөс дундаж цалин бодох журмын дагуу тооцон зохих санд нөхөн төлөх, Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/04 тоот захирамжийн 2 дугаар хавсралтын Б.*******ад холбогдох хэсгийг хууль бус болохыг зөвшөөрч, үнэлгээг 90 хувь болгох, төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 10 542 000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, дээрх мөнгөн урамшууллыг Б.*******ад олгох,  нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны /гарт олгох/ цалингаас татгалзах, үнэлгээнд холбогдох зохих урамшуулал олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах” гэх нөхцөлүүдээр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх  хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

                                               

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ТУНГАЛАГ