Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 472

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “И*******” ХХК-ийн байрны 604 тоотод байрлах “Г*******” ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11 тоотод байрлах Монгол Улсын Зам, тээврийн яам, 

Гуравдагч этгээд: “Ц*******” ХХК,                                                                                                                     Нэхэмжлэлийн шаардлага: “Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б*******ийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны 03/1869 тоот албан бичгээр өгөгдсөн “Ц*******” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд “Г*******” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 1, 3, 5, 7 дахь өдрүүдэд Баян-Өлгий-Улаанбаатар чиглэлд тээвэрлэлт хийхээр тусган тээвэрлэлтийг зохион байгуулахыг чиглэл болгож байна” гэсэн чиглэлийг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, Д.Б, хариуцагч Зам, тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, Ш.Н, гуравдагч этгээд “Ц*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******, иргэдийн төлөөлөгчөөр Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Н нар оролцоо.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани нь Автотээврийн үндэсний төвтэй Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээг 2013 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатайгаар байгуулан ажиллаж байгаа.

“Г*******” ХХК-иас 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд эрсдэлээ дааж тээвэрлэлтийн үйлчилгээг явуулах хүсэлтээ Зам, тээврийн яаманд гаргасны дагуу 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 9/2883 тоот Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч н.Жаргалын өгсөн чиглэлийн дагуу 7 хоногийн 1, 3, 4, 5, 7 дахь өдрүүдэд Баян-Өлгий аймаг-Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэхээр гэрээнд өөрчлөлт оруулан үйлчилгээг явуулж байсан.

Гэтэл “Ц*******” ХХК-тай тээвэрлэлтийн гэрээг Автотээврийн үндэсний төв байгуулахдаа 7 хоногийн 4 дэх өдрийг манай компанийн зөвшөөрөгдсөн дээрх чиглэлийн 7 хоногийн 4 дэх өдөр /Пүрэв гараг/- тай давхцуулан хийсэн нь манай компанийн хуулиар олгогдсон эрх ашгийг хөндсөн учир Зам, тээврийн сайдад 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гаргахад Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Г******* нь 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/3464 тоот албан бичгээр “Ц*******” ХХК-тай тээвэрлэлт гүйцэтгэх гэрээг байгуулахдаа “Г*******” ХХК-ийн үйлчлэх өдрийн хуваарийг давхцуулсан тул “Ц*******” ХХК-ийн гэрээнд өөрчлөлт оруулж давхцалыг арилгахыг мэдэгдье гэсэн шийдвэр гарч чиглэл өгсний дагуу Автотээврийн үндэсний төвийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2/901 тоот албан бичгээр манай компанитай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулж “Г*******” ХХК-тай 7 хоногийн даваа, лхагва, пүрэв, баасан ням гаригуудад тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр өөрчлөлт оруулж “Ц*******” ХХК-тай 7 хоногийн мягмар, бямба гаригуудад тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээний хавсралтад нь өөрчлөлт оруулахыг "Ц*******" ХХК-д мэдэгдсэн байдаг.

Зам, тээврийн сайд ингэж Автотээврийн үндэсний төвд чиглэл өгөөд хэрэгжихгүй байхаар нь манай компаниас дахин Зам, тээврийн сайдад 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 45 тоот албан бичгээр хүсэлтээ өгсөн.

Гэтэл үүнийг хэрэгжүүлэх биш Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч н.Б*******ын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны 03/67 тоот албан бичгээр “Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зарим чиглэлүүдэд үйлчилгээ эрхлэн явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн маргаантай асуудлуудыг нэг мөр шийдвэрлэх үүднээс Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.

Дээрх ажлын хэсгээс гарсан дүгнэлтийн дагуу “холбогдох асуудлуудыг хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн шийдвэрлэж хариу хүргүүлэх болно” гэж хариу өгсөн. Ингэж хариу өгсөн байтал уг албан бичигт дурдсан “Ажлын хэсэг” нь байгуулагдсан боловч хуралдаагүй байхад Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б*******э нь 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1869 тоот албан бичгээр “Ц*******” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд “Г*******” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 1, 3, 5, 7 дахь өдрүүдэд Баян-Өлгий-Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлт хийхээр тусган тээвэрлэлтийг зохион байгуулахыг чиглэл болгож байна гэсэн чиглэлийг хууль бусаар өгөөд байна.

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б*******ийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 23/1869 тоот албан бичгээр өгсөн чиглэлийг хүчингүй болгуулахаар тус компани Зам, тээврийн Сайд Н.Тд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18 тоот албан бичгээр хүсэлт гаргахад 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Зам, тээврийн яамны Автотээврийн байнгын хорооны зөвлөлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дын 06/2456 тоот албан бичгээр 2015 оны 03/1869 тоот албан бичгээр өгсөн чиглэлийг өөрчлөх шаардлагагүй гэсэн хариу өгчээ. Ингэж манай компанийн хууль ёсны эрх ашгийг хохироогоод байна.

Иймд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б*******ийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1869 тоот албан бичгээр өгөгдсөн “Ц*******” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд “Г*******” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 1, 3, 5, 7 дахь өдрүүдэд Баян-Өлгий-Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлт хийхээр тусган тээвэрлэлтийг зохион байгуулахыг чиглэл болгож байна гэсэн чиглэлийг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Зам, тээврийн яамнаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Г******* ХХК-иас Захиргааны хэргийн шүүхэд хандсан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 03/1869 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг өгч байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч “Г*******" ХХК нь тус нэхэмжлэлдээ “Манай компани нь “Автотээврийн үндэсний төв”-тэй “Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ”-г 3 жилийн хугацаатай байгуулан ажиллаж байна. Мөн “Автотээврийн үндэсний төв” нь “... “Ц*******” ХХК-тай тээвэрлэлтийн гэрээг байгуулахдаа 7 хоногийн 4 дэхь өдрийг давхцуулан хийсэн нь манай компанийн хуулиар олгогдсон эрх ашгийг хөндсөн...” гэжээ.

Төрийн өмчийн хорооны 2015 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “Улс хооронд, хот хооронд, орон нутгийн нийтийн зорчигч болон ачаа тээвэр, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулах, зохион байгуулах”, 4.1.4-д “...нийтийн зорчигч тээврийн ажил, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгүүлэх”, 6 дугаар зүйлийн 6.9.11-д “Улс, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээвэрлэлтийн давтамж болон цагийн хуваарь тогтоох...” гэж “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын чиг үүргийг заасан байна.

Иймд энэхүү маргаан бүхий асуудалд Зам, тээврийн яам хариуцагчаар биш “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэлтэй байна. Харин зорчигч тээвэрлэлтийн давтамж болон цагийн хуваарь тогтоох асуудал нь Зам, тээврийн яамны бүрэн эрхэд хамаарахгүй тул нэхэмжлэлд дурдсан эрх ашгийг хөндсөн субъект нь Зам, тээврийн яам биш байна. Нөгөө талаар “Г*******" ХХК нь нэхэмжлэлдээ "...Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь “Ц*******” ХХК-тай тээвэрлэлтийн гэрээг байгуулахдаа 7 хоногийн 4 дэхь өдрийг давхцуулан хийсэн нь манай компанийн хуулиар олгогдсон эрх ашгийг хөндсөн..." гэж дурдсан нь Зам, тээврийн яамнаас “Г*******" ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй гэдгийг энэхүү нэхэмжлэлээрээ өөрөө нотолж байна.

2. Мөн тус нэхэмжлэлдээ "Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1869 дугаар албан бичгээр “... Г*******” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 1,3,5,7 дахь өдрүүдэд Баян-Өлгий-Улаанбаатарын чиглэлд тээвэрлэлт хийхээр тусган тээвэрлэлтийг зохион байгуулахыг чиглэл болгож байна гэсэн чиглэлийг хууль бусаар өгөөд байна. Иймд энэхүү 2015 оны 03/1869 дугаар албан бичгээр өгсөн чиглэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр...” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч талаас хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа Зам, тээврийн яамны Төрийн  нарийн  бичгийн  даргын  2015  оны  03/1869 дугаар  албан  бичиг  нь захирамжилсан шийдвэр биш тул захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Энэхүү 2015 оны 03/1869 дугаар албан бичиг нь салбарын бодлогын хүрээнд өрсөлдөөний тэгш байдлыг хангах, үйлчилгээний чирэгдэл, хүлээлтийг арилгахад  чиглэсэн зөвлөмжийн шинж чанартай баримт бичиг юм. Харин Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Хот хоорондын ачаа, нийтийн тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох аймгийн Засаг даргатай хамтран гаргаж хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу тухайн чиглэл тогтоох, өөрчлөх шийдвэрийг Зам, тээврийн сайд бүрэн эрхийн хүрээндээ захирамжилсан шийдвэр буюу тушаал гаргадаг болно.

1/ Нэхэмжлэлд дурдсан тээвэрлэлтийн давтамж болон цагийн хуваарь тогтоох асуудал нь Зам, тээврийн яамны хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүрэгт хамаарахгүй.

2/ Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 03/1869 дугаар албан бичиг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “захиргааны акт”-д хамаарахгүй.

Дээрх хууль зүйн үндэслэлээр “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн “...Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1869 тоот албан бичгээр өгөгдсөн “Ц*******” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд, “Г*******” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 1, 3, 5, 7 дахь өдрүүдэд Баян-Өлгий, Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлт хийхээр тусган тээвэрлэлтийг зохион байгуулах чиглэлийг хүчингүй болгуулах”  гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1869 дугаар албан бичиг нь тус яамны  харьяа байгууллага болох Автотээврийн үндэсний төвийн хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэхэд нөлөөлөн зааварчилж, “Улаанбаатар-Баян-Өлгий-Улаанбаатар” чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэхээр гэрээ байгуулсан гэрээний оролцогчдын эрх ашгийг хөндсөн байж болзошгүй, эрх зүйн үр дагавар шууд бий болгож Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан захиргааны актын шинжийг агуулж байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.9-д заасан байгууллага, албан тушаалтнаас гаргасан маргаан бүхий захиргааны акт байх тул захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.  

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...манай компанийн гэрээгээр зөвшөөрөгдсөн Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Улаанбаатар хотын чиглэлийн 7 хоногийн 4 дэх өдөртэй давхцуулж, “Ц*******” ХХК-тай дээрх чиглэлийн 7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, чиглэл өгсөн нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн”, хариуцагч нараас “...тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэгч /“Ц*******” ХХК, “Г*******” ХХК/ аж ахуйн нэгжүүдийн Баян-Өлгий аймгийн Өлгий сум-Улаанбаатар хотын хооронд тээвэрлэлтийн үйлчилгээ явуулах өдрүүдийн давхардуулсан зөрчлийг арилгах, нэг компани давуу байдлаар үйл ажиллагаа явуулж байгааг хязгаарлан, өрсөлдөөний тэгш байдлыг хангах үүднээс тодорхой чиглэлүүдийг өгч гэрээ байгуулсан...”, гуравдагч этгээдээс “...зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн тээвэрлэлт явуулдаггүй өдөрт явуулахаар гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй...” гэж тайлбарлан маргаж байна.

Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Хот хоорондын ачаа, нийтийн тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох аймгийн Засаг даргатай хамтран гаргаж хэрэгжүүлнэ”, Төрийн өмчийн хорооны 2015 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрмийн 1.2-т “...автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах...”, 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Улс хооронд, хот хооронд, орон нутгийн зорчигч болон ачаа тээвэр, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулах, зохион байгуулах”, 4.1.4-т “...нийтийн зорчигч тээврийн ажил, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгүүлэх”, 4.1.10-т “Улс, хот хооронд, орон нутгийн ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг судлан, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлт гаргах, дүгнэлтийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, сумын Засаг даргад хүргүүлэх”, 6 дугаар зүйлийн 6.9.11-д “...Улс, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээвэрлэлтийн давтамж болон цагийн хуваарь тогтоох...” гэж тус тус заасны дагуу хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг хэрэгжүүлэгч субьект нь  Автотээврийн үндэсний төв ТӨҮГ байна.  

Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Хот хоорондын ачаа, нийтийн тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох аймгийн Засаг даргатай хамтран гаргаж хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу тухайн чиглэл тогтоох, өөрчлөх шийдвэрийг Зам, тээврийн сайд бүрэн эрхийн хүрээндээ захирамжилсан шийдвэр буюу тушаал гаргах чиг үүрэгтэй атал хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлахад Зам тээврийн яамнаас өгөгдөж буй чиглэл хэмээх албан бичгүүд нь хот хоорондын тээвэрлэлтийн давтамж, цагийн хуваарь, гүйцэтгэгч компаниудын тээвэрлэлтийн байдлыг зохицуулсан шинжтэй байх бөгөөд хуульд тусгасан ерөнхий бодлогын шинж чанарыг гуйвуулсан байдал ажиглагдлаа. 

Хот хоорондын ачаа, нийтийн тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэр нь уг тээвэрлэлтийг хэн, хэдэн удаа гүйцэтгэх асуудалд хамааралгүй бөгөөд харин уг тээвэрлэлтийг орон нутгийн хүн амын нягтрал, зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан, аль чиглэлээр, аль аймгийн нутаг дэвсгэрийг хамруулах, өөрийн харьяа байгууллагад тодорхой асуудлын хүрээнд буюу маргаан бүхий энэ тохиолдолд хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэх, хуульд заасан үүргийнхээ дагуу ажиллаж, өрсөлдөөний тэгш байдлыг хангах зэрэг бодлогын шинж чанартай асуудлыг Зам, тээврийн яам нь харьяа гүйцэтгэгч байгууллагуудад зөвлөх, удирдлага болгох баримт бичиг үйлдэх байдлаар зохицуулах нь зүйтэй юм. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан тээвэрлэлтийн давтамж болон цагийн хуваарь тогтоох асуудал нь Зам, тээврийн яамны хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүрэгт хамаарахгүй бөгөөд энэхүү Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 03/1869 дугаар албан бичиг нь салбарын бодлогын хүрээнд өрсөлдөөний тэгш байдлыг хангах, үйлчилгээний чирэгдэл, хүлээлтийг арилгахад  чиглэсэн зөвлөмжийн шинж чанартай баримт бичиг гэхээсээ илүүтэйгээр Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагааг шууд зааварчилсан, түүнд хуулиар олгогдсон чиг үүрэгт хөндлөнгөөс шууд нөлөөлсөн, хууль бус эрх зүйн баримт бичиг болжээ. 

Нэхэмжлэгчийн хувьд Автотээврийн үндэсний төвтэй 2013 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хот хоорондын зорчигч  тээвэрлэлт гүйцэтгэх гэрээг 3 жилийн хугацаатайгаар 7 хоногийн 1, 3, 5, 7 дахь өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий сум-Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэхээр байгуулж, 2 удаа гэрээнд өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...зорчигч тээвэрлэлтийн давтамж болон цагийн хуваарь тогтоох асуудал нь Зам, тээврийн яамны бүрэн эрхэд хамаарахгүй ...” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар болон холбогдох бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдсон болно.  

Зам, тээврийн яам нь автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд харьяа байгууллагуудын чиг үүргийг зохицуулах, маргааныг шийдвэрлэх чиг үүрэгтэй хэдий ч өгсөн чиглэлийг биелүүлэхийг шаардаж мэдэгдсэн маргаан бүхий Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1869 тоот албан бичиг нь хуульд заасан журмыг зөрчсөн байх тул түүнийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн захирал Д.Э 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасан эрхийнхээ дагуу “Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1869 тоот албан бичгээр өгсөн чиглэлд “Ц*******” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд гэсний 4 дэх өдөр гэснийг хасч 7 хоногийн 2, 6 дахь өдөр болгон,  “Г*******” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 1, 3, 5, 7 дахь өдрүүд гэсэн дээр 4 дэх өдрийг нэмж 7 хоногийн 1, 3, 4, 5, 7 дахь өдрүүдэд Баян-Өлгий, Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлт хийхээр тусган тээвэрлэлт зохион байгуулахыг чиглэл болгож байна гэж өөрчлүүлэх, дээрх чиглэлийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Ц*******” ХХК, Авто тээврийн үндэсний төвтэй байгуулсан “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээний хавсралт дахь 7 хоногийн 4 дэх гэснийг хасуулж, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Г*******” ХХК-ийн Авто тээврийн үндэсний төвтэй байгуулсан Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээний хавсралтад 7 хоногийн 1, 3, 5, 7 гэснийг 1, 3, 4, 5, 7 дахь өдөр гэж өөрчлөхийг хариуцагч нарт даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзсаныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 266 дугаар тогтоолоор баталсан болохыг дурдаж байна. 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “...Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1869 тоот албан бичгээр өгөгдсөн “Ц*******” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд, “Г*******” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 1, 3, 5, 7 дахь өдрүүдэд Баян-Өлгий, Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлт хийхээр тусган тээвэрлэлтийг зохион байгуулах чиглэлийг хүчингүй болгуулах”  гэж дурдсаныг хүчингүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ОЮУМАА 

ШҮҮГЧИД                        Н.ДОЛГОРСҮРЭН                      

                     А.САРАНГЭРЭЛ