Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/00336

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/00336

 

 

2025 01 24

197/ШШ2025/00336

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******** дүүрэг, ** дугаар хороо, *******, *-р гудамж, ** тоот, **************/РД:ЧВ68062566/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ********овогт ****************** нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *********** дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, ****** ******* /РД:**********/-д холбогдох гэм хорын хохирол 1,843,953 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Н,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э,

Хариуцагч М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би 2023 оны 11 дүгээр сарын 29-ний шөнийн 03 цагт **-** *** улсын дугаартай, альфард маркийн автомашинтай ээжтэй, автомашины эзэмшигч *********ийн хамт зорчиж байсан. Миний бие ******** машин жолоодож байсан. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо буюу ТЭЦ-3-ын арын зам дээр нэг чигийн хөдөлгөөнтэй зам дээр зүүнээс баруун тийш зорчиж явахад **-** улсын дугаартай, Тоёота Приус 35 маркийн авто машин нэгдүгээр эгнээнээс огцом зүүн гар тийш эргэн урсгал сөрж, машинд их хэмжээний хохирол учруулсан. Тухайн үед Тоёота Приус 35 маркийн автомашин ослын газраас тойроод зугтаасан. Тэгээд араас нь буугаад очтол зогсчихсон, машин дотроос согтуу эрэгтэй хүн бууж ирсэн, би тэр хүнийг уг машиныг жолоодож байсан гэж боддог. Тухайн машин дээр очтол хариуцагч эмэгтэй өөдөөс орилж, хашгичаад цагдаа дуудсан. Цагдаагийн байгууллага мөргөлдсөн хоёр машины хэнийх нь зөв буруу гэдгийг шүүхийн тулд хоёуланг нь журмын хашаа руу ачаад авч явсан гэв.

Хариуцагч ************* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би ТЭЦ-3 станц орчим явж байгаад эргэхдээ цагаан зураас давж, мөргөсөн. Тухайн үед бүтэн эргээд хашлага мөргөөд зогссон, энэ хүн намайг зугтсан гэжярьж байна. Цагдаагийн газраас надад буруутай гэж хэлсэн.Тухайн үед бүх материалаа даатгалын газарт өгөөд 3 хоногийн дараа журмын хашаанаас бичиг баримтаа авсан. Цагдаа нь тэр хүнийхээ журмын хашаа, ачилтын мөнгийг өгөөрэй гэсэн учраас би дансыг нь явуулчхаарай гээд 220,000 төгрөг өгсөн. Би даатгалаас 2,000,000 гаруй төгрөг, үнэлгээний 158,000 төгрөг өгсөн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохирол 1,843,953 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

 

Хариуцагч *************нь машинд учруулсан хохиролд нийт 2,764,000 төгрөг төлсөн, машин ачилтын мөнгө, орлого нэхсэн мөнгийг төлөхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 239 постны уулзвараас баруун тийш 20м зайд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө Тоyota Alphard маркын **-** улсын дугаартай, тээврийн хэрэгслийн жолооч *********, **-**  улсын дугаартай, x/приүс маркын тээврийн хэрэгслийн жолооч ********* нар зам тээврийн осол гаргасан зөрчилд холбогдсон нь зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлд тусгагдсан./хх-32/

 

Хариуцагч ********** нь Замын Хөдөлгөөний дүрмийн 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчин ***** улсын дугаартай, тээврийн хэрэгслийг мөргөж, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулж, зам тээврийн осол гаргасан байна./хх-37-41/

Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс **********д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасныг үндэслэн 100,000.00 төгрөгөөр торгож, шийтгэвэр хүчин төгөлдөр болсон тул хариуцагч нь гэм буруутай, энэ талаар маргаагүй. /хх-43-50/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө гэж заажээ.

Нэхэмжлэгчид *******даатгалаас 2,386,000 төгрөг, даатгалын үнэлгээний 158,000 төгрөг, хариуцагч журмын хашаа, ачилтын мөнгө гэж 220,000 төгрөгийг өгч, **************депозит дансны хуулгыг шүүхэд өгсөн байна./хх-61-63/

 

Нэхэмжлэгч 100,000 төгрөгөөр бодож, олох байсан орлого 13 өдрийн 1300,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн боловч баримтаар нотлогдоогүй.

 

Иймд хариуцагчаас ачигч машины төлбөр 95,000 төгрөг, Дельта авто сервист засуулахад гарсан зардал 360,000 төгрөг, үнэлгээний ажилтны хөлс 10,000 төгрөг, эд анги оношилсон төлбөр 38,000 төгрөг, гидр шингэн 10,000 төгрөг, дуут дохио 40,000 төгрөг, их гэрлийн ламп 50,000 төгрөг, дохионы гэрэл болон подвар ламп нийт 18,000 төгрөг, нотариатын зардал 29,000 төгрөг, нэхэмжлэлийн төлбөр 70,200 төгрөг нийт 720,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 43,753 төгрөгийг улсын орлогод үлдээж, 21,835 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ************аас 720,200 /долоон зуун хорин мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 718,356 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж 34,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 21,835 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ