Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 306/ШШ2025/00043

 

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 306/ШШ2025/00043

Говьсүмбэр аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч П.Цогзолмаа, Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Б-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: О.У

 

Хариуцагч: ШТ нарт холбогдох

 

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 126,000,000 төгрөг гаргуулах, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ч.Х, нарийн бичгийн дарга П.Энхбат, нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч С.С, хариуцагч О.У, хариуцагч Э.т-ийн өмгөөлөгч Д.Д, нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Г.Б миний бие нь одоогоор насанд хүрээгүй дүү Г.Э-ийн хамт түүнийг харгалзан дэмжиж амьдарч байна. Бидний эцэг, эх хоёул өөд болсон. Эцэг Н.Г нь 2014 онд Ш ХК-ийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн ослын улмаас өөд болсон. Харин Б.О нь бусдын буруутай үйлдлийн улмаас амь насаа алдаж, дүү бид хоёр бүтэн өнчин болсон билээ.

ШТ-н төвийн эх баригч, бага эмч ажилтай О.У гэх хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэм буруутайн улмаас миний ээж Б.О-ын амь нас хохирсон болохыг Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024.09.05-ны өдрийн 2024/ШЦТ/86 тоот шийтгэх тогтоолоор тогтоож, О.У-д 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийг тогтоосон. Шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт ...сэтгэл санааны болон тэжээгчээ алдсаны тэтгэмж, гэм хорын бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй... гэж заасны дагуу миний бие дараах хохирлыг хариуцагч нараас шаардаж байна. үүнд:

1.Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү:

Миний ээж амьд ахуй цагтаа буюу 2022 оны 10 дугаар сард Х ХХК-д ажилд орсон байсан бөгөөд үүнээс өмнө Шивээговийн уурхайд ажиллаж байсан.

Нас барагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс сүүлийн 6 сарын цалинг авав/

 

Он, сар

Ажилласан хоног

Цалин

2022 оны 3-р сар

22

1 652 875

2022 оны 4-р сар

21

2 636 414

2022 оны 5-р сар

22

2 688 176

2022 оны 6-р сар

20

1 535 275

2022 оны 10-р сар

21

2 212 500

2022 оны 11 -р сар

22

768 750

Дүн

128

11 493 990

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Иргэний Хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3-т заасны дагуу тэтгэмжийг хэмжээг миний ээжийн дундаж цалин хөлсөөр тооцох бөгөөд, нэг сарын дундаж цалин хөлс нь 1.885.716 төгрөг байна. Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт буюу Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.5-д заасны дагуу дээрхи үнийн дүнг дараах байдлаар тооцов.

Үүнээс нэг өдрийн ажлын дундаж цалин 11 493 990 *128 = 89 796 төгрөг

Нэг сарын дундаж цалин 89 796 х 21 = 1 885 716 төгрөг

Харин Улсаас миний дүүд тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж 1 037 289 төгрөг сар бүр олгодог. Иймд ээжийн сарын дундаж цалин хөлс болон улсаас авдаг тэтгэлгийн зөрүү нь 848,427 төгрөг болж байна.

Миний дүү Г.Э нь одоогоор Нийслэлийн Ерөнхий Боловсролын - дугаар сургуулийн 10а ангид суралцдаг бөгөөд миний бие хуульд заасны дагуу харгалзан дэмждэг. Иргэний Хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1-т заасны дагуу хохирогч нас барсантай холбоотой төлбөрийг суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь сар бүр төлнө гэж заасны дагуу дээрхи 848 427 төгрөгийг миний дүү Г.Э-ийг 18 нас хүртэл сар бүр гаргуулахаар тогтоож өгнө үү.

2. Сэтгэл санааны хохиролд:

Би дүү Г.Э-ийн хамт О.У-н гэм буруутай үйлдлийн улмаас бүтэн өнчин болосн бөгөөд сэтгэл санааны хувьд маш хүнд цохилтод орсон. Миний дүү уг нь их сэргэлэн цовоо, бусадтай нийцтэй харьцдаг, хичээл номондоо идэвхтэй хүүхэд байсан боловч ээжийг өнгөрснөөс хойш бусадтай харилцах, ярилцах нь хумигдаж, дотогшоо дуугуй шаналсан байдалтай болж, хоол унданд муу, хичээл номондоо муудаж, нойргүй хонох, бусадтай таарамж муутай болж хэрэлдэх, байнгын ууртай байх болсон бөгөөд цаашид суралцах, амьдрах идэвх суларсан гэж хэлэхэд болно. Энэ бүхэн нь ээжийн гэнэтийн үхэлтэй шууд холбоотой юм.

Иймд Иргэний Хуулийн 508.5, 511.4, 511.5-д заасны дагуу гэмт хэргийн улмаас миний ээж нас барсан тул сэтгэцэд учирсан хохирлоо шаардаж байгаа болно. 2022 оны 12 дугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг байсан бөгөөд үүнийг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээ нь 63.000.000 төгрөг болно. Насанд хүрээгүй хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж тогтоох зохицуулалтын дагуу 126.000.000 төгрөгийг, хариуцагч нараас нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагч О.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.г нэхэмжлэлдээ: Миний бие Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/-- дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар эмчлэх эрх хасагдаж, 2 жил 6 сарын хугацаагаар - сумын өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэн ажил орлогогүй, сумаасаа гарах эрхгүйгээр эрхээ хязгаарлуулсан. Шүүхээс гэм буруутайд тооцохдоо эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэж үзсэн.

Хүний амь нас хохирсон харамсалтай үйл явдал болсон хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дээрх хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үүнд: 1. 2022 оны 12 сарын 23-ны өдрийн Шүүх шинжилгээний тухай хууль батлагдаж сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалт 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн нь хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэж үзэхээр байна. Уг үйл явдал 2022 оны 12 сарын 21-ний өдрийн асуудал тул тухайн хэрэгт хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.Нэхэмжлэгчээс тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэхдээ талийгаачийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 6 сарын цалингийн дунджаар тооцон нэг сарын дунджийн хэмжээг 1 885 716 төгрөг гэж үзэн улсаас дүүд нь сар бүр олгож буй 1,037,289 төгрөгийн зөрүү 848,427 төгрөгийг нэхэмжилж байгаа нь шууд цалингийн дүнгээр тооцон хасч нэхэмжилсэн харагдаж байгаа төдийгүй, өрхөд гэр бүлийн хэдэн гишүүн байсан эсэх тодорхойгүй учир тэтгэмжийн зөрүүг тооцох, улмаар зөрүү гаргахгүй байх ч боломжтой байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508. 3 дахь хэсэгт Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж хуулинд гэм хор учруулсны төлбөрийг хэрхэн яаж ямар орлогоос тооцохыг заасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч ГШ төв шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 126.000.000 (нэг зуун хорин зургаан сая) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Мөн хууль тогтоогчоос сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шинээр зохицуулсан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн учраас Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт тус тус заасан заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэнэ. Хохирогч Б.О нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нас барсан тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт тус тус заасан заалтыг буцаан хэрэглэх үндэслэл байхгүй байна.

Тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ талийгаач Б.О-ын нэг сарын дундаж цалинг 1.885.716 (нэг сая найман зуун наян таван мянга долоон зуун арван зургаа) төгрөг гэж тодорхойлсон. Мөн - 1 дүгээр багийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.О-ын тодорхойлолтоор талийгаач Б.О нь хүү Г.Э, охин Г.Б-гийн хамт оршин суудаг байсан нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж заасан. Талийгаач Б.О-ын дээрхи орлогыг гэр бүлийн 3 гишүүнд хуваахад 1 хүнд 628.572 (зургаан зуун хорин найман мянга таван зуун далан хоёр) төгрөг ногдож байгаа бөгөөд талийгаач Б.О-ын насанд хүрээгүй хүүхэд Г.Энь тэтгэвэрийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 1.037.289 (нэг сая гучин долоон мянга хоёр зуун наян ес) төгрөг авч байх тул тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү байхгүй байна.

Иймд нэхэмжпэгчийн гаргасан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 126.000.000 (нэг зуун хорин зургаан сая) төгрөг гаргуулах, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: Нолтох баримтаар нэхэмжлэл, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын ---ны өдрийн 2024/ШЦТ/8- дугаартай шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1031, 1032 дугаартай албан бичиг, Нийслэлийн Ерөнхий боловсролын - дугаар сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өрийн 111 дугаартай албан бичиг, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын - дүгээр багийн Засаг даргын 2023 оын 01 дүгээр сарын 19-ний өдрийн -- дугаартай албан бичиг, Г.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Г.Б-ийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооолтын хуудас,- 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/- дугаартай Харгалзан дэмжигчээр тогтоох тухай захирамж, Б.О-ын нас барсаны гэрчилгээний хуулбар, Н.Г болон Б.О нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Г.Э-ийн төрсний гэрчилгээний хуулбар, Б.О-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг, Г.Б-ийн депозит дансны дэргэрэнгүй хуулга,

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х-ийн хүсэлтийг хангаж, шүүхийн тогтоолоор Төрийн банк ХК-ийн Говьсүмбэр салбараас Б.О /талийгаач/-ын тус банкан дахь - тоот дансны 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх гүйлгээний лавлагаа, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.02.04-ний өдрийн - дугаартай албан бичгээр ирүүлсэн нотлох баримтууд /Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын тэтгэвэрийн байцаагч Э.С-ийн шүүхэд гаргасан тайлбар, Н.Г- тэжээгчтэй ТА-тэтгэвэр олголтын түүхүүд, Г.Б-ийн №- дугаартай тэтгэврийн хувийн хэргийн хуулбар, Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас 4 хуудас, Г.Б-ийн цалингийн тодорхойлолт 2 хуудас, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан Г.Б-ийн өргөдөл, Б.О-ын нас барсны бүртгэл, Г.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Б.О-т тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас болон цалингийн он 2009-2014, Б.О- олгож байсан 2014.11.25-ны тэтгэвэр тогтоолтын хуудас, Б.О-ын шимтгэл төлсөн жилийн тодорхойлолт, Б.О-ын Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдөл, Б.О-ын иргэний үнэмлэхний хуулбар, Г.Б-ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.Э-ийн төрсний гэрчилгээний хуулбар, Н.Г-ын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ш ХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/2- дугаартай Н.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалын хуулбар, МХЕГ-ын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэнгийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актын хуулбар/ зэргийг

Хариуцагч Ш төвийн өмгөөлөгч Д.Д-ын хүсэлтийг хангаж, шүүгчийн захирамжийн дагуу Ш ХК-ийн захиргаа, хөгжлийн бодлогын хэлтсийн 2025,02,03-ны өдрийн - дугаартай албан бичгээр /Ш ХК-ийн гүйцэтгэх захирлын (тухайн он нь харагдахгүй) оны 02 сарын 02-ны өдрийн 36 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалын хуулбар, 2022 оны 06 сарын 22-ны өдрийн Б/316 дугаартай Б.О-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар/, Х ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 25/09 дугаартай албан бичгээр /Хишигт Эрдэс ХХК-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/88 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Х ХХК-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/1- дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар/ зэргийг бүрдүүлсэн байна.

 

Хариуцагч О.У-аас шүүхэд хариу тайлбар ирүүлсэн ба нотлох баримт гаргаагүй болно.

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Г.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 126,000,000 төгрөг гаргуулах, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү тогтоолгохоор тодорхойлж нэхэмжилжээ.

 

Хариуцагч Ш төв нь ... Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Мен хууль тогтоогчоос сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шинээр зохицуулсан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн учраас Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт тус тус заасан заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэнэ. Хохирогч Б.Отгонбаяр нь 2022 оны 12 дугаар сарын 21- ний өдөр нас барсан тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт тус тус заасан заалтыг буцаан хэрэглэх үндэслэл байхгүй байна.

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ талийгаач Б.О-ын нэг сарын дундаж цалинг 1.885.716 (нэг сая найман зуун наян таван мянга долоон зуун арван зургаа) төгрөг гэж тодорхойлсон. Мөн - сумын 1 дүгээр багийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.О-ын тодорхойлолтоор талийгаач Б.О нь хүү Г.Э, охин Г.Б-гийн хамт оршин суудаг байсан нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж заасан. Талийгаач Б.О-ын дээрхи орлогыг гэр бүлийн 3 гишүүнд хуваахад 1 хүнд 628.572 (зургаан зуун хорин найман мянга таван зуун далан хоёр) төгрөг ногдож байгаа бөгөөд талийгаач Б.О-ын насанд хүрээгүй хүүхэд Г.Э нь тэтгэвэрийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 1.037.289 (нэг сая гучин долоон мянга хоёр зуун наян ес) төгрөг авч байх тул тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүү байхгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргажээ.

Хариуцагч О.У нь ... 2022 оны 12 сарын 23-ны өдрийн Шүүх шинжилгээний тухай хууль батлагдаж сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалт 2023 оны 07 сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн нь хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэж үзэхээр байна. Уг үйл явдал 2022 оны 12 сарын 21 -ны өдрийн асуудал тул тухайн хэрэгт хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

-Нэхэмжлэгчээс тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэхдээ талийгаачийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 6 сарын цалингийн дунджаар тооцон, нэг сарын дунджийн хэмжээг 1,885,716 төгрөг гэж үзэн улсаас дүүд нь сар бүр олгож буй 1,037,289 төгрөгийн зөрүү 848 427 төгрөгийг нэхэмжилж байгаа нь шууд цалингийн дүнгээр тооцон хасч нэхэмжилсэн харагдаж байгаа төдийгүй, өрхөд гэр бүлийн хэдэн гишүүн байсан эсэх тодорхойгүй учир тэтгэмжийн зөрүүг тооцох, улмаар зөрүү гаргахгүй байх ч боломжтой байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508. 3 дахь хэсэгт Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж хуулинд гэм хор учруулсны төлбөрийг хэрхэн яаж ямар орлогоос тооцохыг заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж... маргаж байна.

 

3. Талуудын маргааны зүйл нь:

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 126,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талийгаач Б.О нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нас барсан тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт тус тус заасан заалтыг буцаан хэрэглэх үндэслэлтэй эсэх талаар болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүний хувьд насанд хүрээгүй Э-д тогтоосон тэтгэвэр нь тэжээгчийг амьд ахуйд авч байсан цалин орлогоос буурсан эсэх талаар маргаж байна.

Талуудын хоорондох маргаан бүхий харилцаа нь хууль зүйн хувьд Иргэний хуулийн тавин хоёрдугаар бүлэгт зохицуулсан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа байна.

 

Нотлох баримтыг судлахад 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.О нь нас барсан ба эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцээд Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын --ны өдрийн 2024/ШЦТ/-- дугаартай шийтгэх тогтоолоор О.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15. Дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар эмнэлгийн эмчлэх эрхийг хасаж, 02 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн,

Мөн Ш төвөөс хохирогчийн оршуулгын зардал болон түүнтэй холбоотой зардалд 12.073.250 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардлаас бусад сэтгэл санааны болон тэжээгчээ алдсаны тэтгэмж, гэм хорын бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан ба энэхүү шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна.

 

4. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулах шаардлагын тухайд:

4.1 Иргэний хуулийн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-д Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно, мөн хуулийн 511.5-д Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж дээрх заалтууд нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт орсон байна.

Гэвч Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль, тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан ба хууль буцаан хэрэглэх ойлголт нь тухайн хууль, хуулийн заалтын үйлчлэх хүрээ, хэмжээ хязгаарыг тодорхойлсон ойлголт юм. Маргаан бүхий хуулийн заалтын хувьд уг заалтуудыг үйлчилж эхлэхээс өмнөх үйл баримт /хууль зүйн факт/-д буцаан хэрэглэх талаар тухайн хуульд өөрт нь болон дагаж мөрдөх хуулиар хуульчилж заагаагүй тул Иргэний хуулийн 5.1-д заасан ...хуульд зааснаас бусад тохиолдолд... гэх хуулийн нөхцөл хангагдахгүй байна. Мөн хууль зүйн үр дагавар бүхий тодорхой тохиолдол буюу үйл баримт гэдэгт шүүхээр шийдвэрлэж шүүхийн шийдвэр гарсан хугацаа хамаарахгүй, харин үйл явдал болсон хугацаагаар тодорхойлогдох юм.

Талийгаач Б.О нь 2022 оны 12 дугаар сарын 21- ний өдөр нас барсан тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 126,000,000 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Шүүх гагцхүү хуульд захирагдах ба хуулийг хэрэглэхдээ тухайлбал хууль, хуулийн зүйл заалт хэрэгжиж эхлэхээс 2 хоногийн өмнө болсон үйл баримт учраас буцаан хэрэглэхээр хуульчлаагүй ч буцаан хэрэглэж болно гэж дүгнэх боломжгүй юм.

4.2 Нэхэмжлэгчээс тэжээгчээ алдсан тэтгэврийн зөрүүг нэхэмжлэх шаардлагын тухайд:

Насанд хүрээгүй Г.Э-д тогтоосон тэжээгчээ алдасаны тэтгэврийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хохирогч Б.О нас барснаар түүний асрамжид байсан насанд хүрээгүй этгээд болох Г.Э-д Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газраас тэтгэмж тогтоосон ба уг тэтгэмжийг тогтоохдоо урьд нь үйлдвэрлэлийн ослоор нас барсан аав Г-г 2014 онд Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөр нас барсантай холбоотойгоор Б, Э нарт тэтгэмж тогтоосон байсан ба ээж Б.О-ыг 2022 онд ердийн өвчний шалтгаанаар нас барахад нь байдалтай адилтгах байдлаар тогтоохдоо хүүхдүүдийн ээж О-ыг нас барахад ердийн өвчнөөр тэжээгчээ алдсаныг тэтгэвэр тогтооход ...иргэнд нийгмийн даатгалын сангаас давхар тэтгэвэр тогтоох болсон, нийгмийн даатгалын нэг төрлийн сангаас тэтгэвэр буюу тэтгэмжийг давхардуулан олгохгүй, давхардахаар бол даатгуулагч илүү таатай нөхцөлтэй тэтгэвэр буюу тэтгэмжийг зөвхөн нэг удаа сонгон авах эрхтэй... гэх хуулийн үндэслэлүүдээр аль ашигтай төрлөөр нь буюу үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан үед тогтоох төрлөөр нь тогтоож, хэрэг шийдвэрлэх үед 1.099.526 төгрөгийн тэтгэмжийг насанд хүрээгүй Э-ийн хууль ёсны төлөөлөгч Б-ийн нэрээр бичигдэн олгож байгаа болох нь хэрэгт авагдсан даатгалын хувийн хэрэг, тэтгэвэр тогтоолтын хуудас зэргээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл ийнхүү тэтгэвэр тогтоохдоо насанд хүрсэн байсан Б-ийг оруулахгүйгээр харин насанд хүрээгүй Э-д тэтгэмж тогтоохдоо асран хамгаалагч Б-ийн нэрээр тэтгэвэр тогтоох хуудас-ыг бичсэн болох нь тогтоогдож байна.

Нийгмийн даатгалын газар буюу салбарын мэргэжлийн байгууллагын тэтгэвэр, тэтгэмж тогтоосон байдалд иргэний хэргийг харъяалан шийдвэрлэх шүүх иргэний эрх зүйн дүгнэлт хийхгүй юм.

Иймд хууль зүйн хувьд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй, 508.2-д Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй гэж зааснаар шаардах эрх тодорхойлогдож байна. Ингэхдээ 508 дугаар зүйлийн 508.3-д ....төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна... гэж заасан нөхцлөөр тооцож тогтооно. Хуулийн заалтын агуулга нь тэжээгчийг амьд ахуйдаа аль нэг хэвшлээр ажил эрхэлж олж байсан орлогоос нэг хүнд ноогдох хэмжээг тодорхойлж, нас барагчийг болон тэтгэмж авах эрхгүй этгээд буюу өөрөө орлого олох боломжтой этгээдийг хасч, тэтгэмж авах эрхтэй этгээдэд ноогдох хэсгээс нь тогтоогдсон тэтгэмж буурсан бага хэмжээтэй бол буруутай этгээдээс нөхөн олгуулах агуулгатай юм. Хуулийн уг нөхцөлөөр нас барагч Б.О, насанд хүрсэн Г.Б нарыг хасч, тэжээгч Б.О-ын авч байсан сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоох ба талийгаач нь цалин, хөлсөөс өөр нэмэлт орлоготой байсан гэх байдал баримтаар тогтоогдоогүй байна. Дундаж цалин хөлсийг тогтоохдоо Г-ын нас барсан шалтгаанд үндэслэн тогтоосон тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин, хөлс тодорхойлох журмын 2.5-д заасан байдлаар тооцож 1.885.716 гэж тооцоолсныг буруутгах үндэслэлгүй юм. Ам бүлийн хувьд багийн засаг даргын тодорхойлолтод Б.О, Г.Б, Г.Э нар ам бүл гурвуулаа амьдардаг гэж тодорхойлсон буюу албан ёсны баримтыг үнэлж, нэг хүнд оногдох хэсгийг тооцоход 1.885.716:3=628.6572 төгрөг байна. Энэ журмаар тогтоосон орлого нь нийгмийн даатгалын байгууллагаас тогтоосон 1.099.526 төгрөг /2025 оны 1 сарын 1 өдрөөс олгож байгаа/-өөс буураагүй байна. Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаагаа Г.Б тухайн ам бүлд амьдардаггүй, Б.О, Г.Э нар ам бүл хоёулаа байдаг байсан гэх тайлбараар тооцоход 1.885.716:2=942.858 төгрөг байхаар ба мөн буурахгүйгээр байна.

 

5.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд ...Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох тухайд бол НХХЯ-ны сайдын гаргасан тушаал, журмын дагуу тогтоосон байна гэж үзэж байна. Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу өөрт ашигтай тэтгэврийн аль нэгийг сонгоно гэсний дагуу сэтгэл санааны хохирлыг төлөх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байна.

6. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5, Иргэний хуулийн 5.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.У, Ш төвд холбогдох гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 126,000,000 төгрөг гаргуулах, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Энэ нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр үйлдэх ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН

 

ШҮҮГЧИД П.ЦОГЗОЛМАА

 

Т.ЭНХМАНДАХ