| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0540/Э |
| Дугаар | 573 |
| Огноо | 2017-12-06 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 573
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
Улсын яллагч Д.Дэлгэрмаа,
Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Мөнхбаатар,
Хохирогч Н.Гандуулга, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Цээнэ овогт М Бд холбогдох 201725031020 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 12 дугаар баг, Булагийн 19 дүгээр гудамж, 3 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар хорих ял оногдуулж, ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож байсан, хэрэг хариуцах чадвартай, Цээнэ овогт М Б (РД:0000000000),
нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн автомашины зогсоол дээр хохирогч Н.Гандуулгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “…Тэр өдөр хохирогч манай машиныг шүргэсэн. Тэгээд бууж ирээд шүлсээ хаяхаар нь би цохисон. Тэгсэн хохирогч уурлаад өөрөө дайраад байсан. Уруул хэсэгт нь гараараа цохьсон. Эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн. Тэгээд ах ирээд салгахад ахтай заамдалцсан. Би боль гэхэд над руу шүлсээ хаясан. Шүдийг нь эмчлүүлж өгнө” гэв.
Хохирогч Н.Гандуулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч нь намайг машин шүргэчихлээ гэсэн. Шүргэсэн мөр байгаагүй. Тэгээд маргалдсан. Над руу уурлаад ах нь намайг зайл гэсэн. Тэгсэн ах нь түлхээд эргээд харахад Б цохьсон. 1 удаа гараараа нүүр рүү цохьсон. Эмчилгээний зардалд 4.000.000 төгрөг нэхэмжилнэ. 187.200 төгрөгийн баримт хэрэгт хавсаргуулсан. Шүдний эмчид үзүүлсэн. Цаашид 4.000.000 төгрөгийн шүдний эмчилгээ хийлгэх юм байна гэсэн” гэв.
Н.Гандуулга мөрдөн шөлгөх ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: -Би 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр үед эхнэр Энхсаруулын хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төв орж өөрийн эзэмшлийн 52-69 УНХ улсын дугаартай Киа маркийн машинтай явж байсан. Тэгээд машинаа цоожлоод буугаад ирсэн чинь зүүн талд зогсож байсан боронзон өнгөтэй Королла маркийн автомашины жолооч буугаад ирсэн. Тэгээд учир зүггүй пизда минь чи миний машиныг мөргөчихлөө гээд уурлаад эхэлсэн. Тэгтэл ах нь юу болоод байгаа юм бэ, чи мөргөчихсөн юм биш үү гээд байсан. Тэгэхээр нь би мөргөсөн бол цагдаа дуудъя гэж хэлсэн. Тэр үед дүү нь намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэр үед би машины голд зогсож байсан ба түлхэх үед нь хөл алдаад эргээд хойшилсон чинь дүү нь нүүр рүү гараараа цохиод авсан гэжээ.
Гэрч Ц.Алтанхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төв рүү орсон, 10-аад минутын дараа юм авчихаад гарч ирсэн чинь дүү М.Б нэг танихгүй залуу хоёр бие биенээ заамдчихсан зогсож байхаар нь очоод юу болсон талаар асуухад Б нөгөө залууг хажууугаар орж ирэхдээ машин шүргэчихлээ гэхээр нь тэр хэсгийг нь харсан чинь гайгүй байхаар нь салгаад холдуулсан, нөгөө залууг нь яв яв гээд цээж рүү нь зөөлхөн түлхсэн чинь нөгөө залуу нь та нар намайг нийлж байгаад зодох гэж байгаа юм гээд намайг заамдаад авсан, би гарыг нь салгаад холдуулсан. …Тэгсэн чинь Б уурлаад гараараа 1 удаа тэр залуугийн нүүрэн тус газар нь цохисон” гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.5.02-ны өдрийн ¹5852 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Н.Гандуулгын биед баруун дээд 1-р шүдний сулрал, дээд доод уруулын салстад язрал, дээд уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал үүссэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч М.Б 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Бөмбөгөр” худалдааны төвийн автомашины зогсоол дээр Н.Гандуулгатай машин шүргэлээ гэх шалтгаанаар маргалдаж, нүүр рүү нь гараараа цохисноос хохирогчийн биед баруун дээд 1-р шүдний сулрал, дээд доод уруулын салстад язрал, дээд уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь
шүүгдэгчийн “Тэр өдөр хохирогч манай машиныг шүргэсэн. Тэгээд бууж ирээд шүлсээ хаяхаар нь би цохисон“ гэх мэдүүлэг, хохирогчийн “Тэгээд учир зүггүй пизда минь чи миний машиныг мөргөчихлөө гээд уурлаад эхэлсэн. Тэр үед дүү нь намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэр үед би машины голд зогсож байсан ба түлхэх үед нь хөл алдаад эргээд хойшилсон чинь дүү нь нүүр рүү гараараа цохиод авсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Алтанхуягийн “...дүү М.Б нэг танихгүй залуу хоёр бие биенээ заамдчихсан зогсож байхаар нь салгаад холдуулсан, нөгөө залууг нь яв яв гээд цээж рүү нь зөөлхөн түлхсэн чинь нөгөө залуу нь та нар намайг нийлж байгаад зодох гэж байгаа юм гээд намайг заамдаад авсан, би гарыг нь салгаад холдуулсан. …Тэгсэн чинь Б уурлаад гараараа 1 удаа тэр залуугийн нүүрэн тус газар нь цохисон” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.5.02-ны өдрийн ¹5852 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2002 оны Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч прокуророос түүнд 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлджээ. Шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар заасан тул шүүгдэгч М.Бат-Амгаланд шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн тул шүүгдэгч М.Бг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж байна.
Хохирогч Н.Гандуулга нь шүд эмчлүүлэх эмчилгээний зардал 4.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтыг буюу эмчилгээнд бодитоор зарцуулсан баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Харин хохирогч нь 212.250 төгрөгийн баримт хэрэгт хавсаргаж ирүүлснээс шүүгдэгчээс түүнд 200.000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдож байх тул үлдэх 12.250 төгрөгийг шүүгдэгчээс нөхөн гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлын хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн буруутай этгээдээс иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч Н.Гандуулга нь шүүгдэгч М.Б зодуулснаас хойш толгой өвддөг болсон гэж мэдүүлж байгаа боловч 2017.5.02-ны өдрийн ¹5852 тоот шинжээчийн дүгнэлтэд уг өвчний талаар ямар нэг дүгнэлт гараагүй, тухайн үед уг дүгнэлтийн талаар хэргийн оролцогчдоос маргаагүй, гэмт хэрэг гарснаас хойш 7 сар өнгөрсөн учир дахин буюу нэмэлт шинжилгээ хийлгэх боломжгүй болсон тул энэ талаарх хохирогчийн гомдол, хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Цээнэ овогт М Бг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч М.Бг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Бгаас 12.250 (арван хоёр мянга хоёр зуун тавь) төгрөг гаргуулж, хохирогч Боржигон овогт Наранболдын Гандуулга (РД:ЗЖ92123111)-д олгож, хохирогч нь хуульд заасан шаардлага хангасан эмчилгээнд гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5.Шүүгдэгч нь 2 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгчид урьд авсан 50.000 төгрөгийн эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан эд хөрөнгө барьцаалах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ