Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/668

 

 

 

 

    2023            6             29                                         2023/ДШМ/668

 

 Л.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ариунжаргал,

хохирогч Т.О, Б.О, тэдгээрийн өмгөөлөгч Я.Б,  

яллагдагч Л.Аын өмгөөлөгч Д.Ц,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/1389 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Т.О, Б.О нарын өмгөөлөгч Я.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Ад холбогдох 2206000003704 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ц овгийн  Л.А, 19... оны 10 дугаар сарын 09-ний өдөр ............... хотод төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;  

Яллагдагч Л.А нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн 26 дугаар лангууны ойролцоо иргэн Т.О, Б.О нартай маргалдаж, улмаар Б.Оийн нүүр лүү нь түлхэх, маажих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл, мөн иргэн Т.Оын энгэрээс нь заамдан авч түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь зүүн дунд хуруу, ядам хурууны зөөлөн эдийн няцрал, нуруу, ууцанд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүний биед хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан баримтуудыг хянан үзээд хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байна гэж үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь...гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...”, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй." гэж тус тус заасан. Гэрч Ц.Э-ы “Би хувцасны лангуу ажиллуулдаг. Тэгээд ариун цэврийн өрөө орох гээд алт мөнгөний лангууны урд үзүүрт явж байтал хүмүүс орилолдоод байхаар нь харсан. ...Хажуунаас нь тэр ах гэх залуу нь Отгоог цохиод байх шиг байсан...’’, гэрч Д.Б-гийн “Би гэрийн цагаан бүрээс зардаг лангуун дээрээ өглөө 09 цаг өнгөрч байхад ирсэн. Манай эсрэг талд алтны лангуунууд байдаг. Тэгтэл хүмүүс чанга дуугараад байхаар нь харсан. ...Хажуунаас нь А-ийн ах гэх залуу гарч ирээд О-ийг бас хөл, гар луу нь өшиглөөд, цохиод байсан, газар унасан үед нь ах гэх залуу нь яаж цохисныг мэдэхгүй байна, өшиглөөд “муу пизда” гээд хараагаад байсан...”, гэрч М.Т-ийн “Би урд талд байдаг хоолны газар луу цай уух гээд явж байтал хүмүүс маргалдаад байсан. ...Тэр ах нь гэх Б нь О-г бас түлхэж унагаад, өшиглөөд "чи муу боол илүү шүү, доод давхаргын зарц нар” гээд элдэв бусаар хэлээд байсан...”, гэрч Б.Б-ийн “...хажуунаас нь Л.Аын ах Б орж ирээд О-тэй зууралдаад, хоорондоо зодолдоод байсан, О-ийн хамрын дээд хэсгээс цус гарсан байсан, Б О-ийн хаана нь яаж цохисныг бол мэдэхгүй байна, ямар ч байсан зууралдаж, зодолдоод байсан...”, хохирогч Б.Оийн “...дараа нь ах Б нь ирээд баруун талын гуя руу өшиглөөд, миний лангуу руу түлхэж унагаасан. Унахдаа би газар луу савж унасан...”, Б.Оийн дахин өгсөн мэдүүлэгт “...хажуунаас Б нь орж ирээд “энэ муу новш одоо юу вэ” гээд бөгс, гуя руу өшиглөж, гараа зангидаж байгаад цохисон, би лангуу руугаа түлхэгдэж ороод унасан.”, гэрч Б.О-ын “...Б гээд залуу О-ийг лангуу руу нь түлхээд, нүүр лүү нь цохиод байсан”, хохирогч Б.Оюунбаярын “...араас нь Б О-ийг лангуу руу түлхэж унагаад, дээрээс нь цохиод байсан” гэж тус тус мэдүүлсэн байна. Дээрхээс үзвэл хохирогч Б.Оийн биед гэмтэл учирсанд Л.Б-ын үйлдэл, оролцоо байгаа эсэхийг шалган тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, хохирогч, гэрч нар нь Б.Оийг Л.Б нь түлхсэн, өшиглөсөн, цохисон гэх үйл баримтыг тухай бүр мэдүүлсэн байхад прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд “...Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтын хүрээнд Л.Б-ын гаргасан үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн нь ойлгомжгүй буюу Л.Б-ын үйлдлийн улмаас хүний биед хохирол, хор уршиг учраагүйг нотолсон, эсхүл Л.Б-ын үйлдэлд хууль бус шинж байгааг үгүйсгэсэн ямар нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй байна. Иргэн Д.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст Т.О, Б.О нарт цохиж, зодуулсан гэх утга агуулга бүхий гомдол гаргасан байх бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14696 тоот дүгнэлтийн “хэсэг газрын үзлэг” хэсэгт “Биед ил харагдах гэмтэл шархгүй” гээд Д.Ц-ийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүйг тодорхойлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8, 30.10 дугаар зүйлүүдэд мөрдөгч нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч хянаж үзсэн даруй, эсхүл 5 хоногийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, нээхээс татгалзах саналыг прокурорт гаргах, нээхээс татгалзах тохиолдолд прокурор тогтоол гаргаж, гомдол гаргагчид мэдэгдэхээр хуульчилсан байна. Гэтэл Д.Ц гэх иргэний гомдлыг хүлээн авч, хэрэгт хавсаргасан атлаа дээрх хуульд заасан ажиллагааг хийгээгүй, дан ганц шинжээчийн дүгнэлтийг хавсаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, гомдол гаргасан этгээдэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй нь тухайн өргөдөл, гомдлыг нь хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8, 30.10 дугаар зүйлд заасан журмыг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Харин хохирогч нарт гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд дэх “хэсэг газрын үзлэг” хэсэгт тодорхойлсон гэмтэл, зовуурь нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” гэж тус тус заасанд хамаарах эсэх талаар дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзэх үндэслэлтэй ба шүүх нэгэнт хэргийг прокурорт буцаасан тул мөрдөн байцаалтын шатанд шинжээчээс мэдүүлэг авах замаар хохирогч нарт тодорхойлогдсон гэмтэл нь ямар онцлог, шинж, үр дагавраараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа, тухайн гэмтлүүдийг ямар үйл, хөдлөлийн улмаас авах боломжтой, уг гэмтэл нь эрүүл мэндийг тодорхой ямар хугацаанд сарниулах боломжтой, хөдөлмөрийн чадварыг 5-10 хувь алдагдуулна гэсэнд ямар шинжээрээ нийцэж байгаа, уг гэмтлийг авсан даруй тодорхой ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой эсэх талаар тухайлан тодорхойлуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэх зарчмыг хангахад ач холбогдолтой гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх ажиллагааг буюу Л.Б-ын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох, иргэн Д.Ц-ийн гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргах, шинжээч эмч Б.Д-ээс мэдүүлэг авч, захирамжид заагдсан нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хохирогч Т.О, Б.О нарын өмгөөлөгч Я.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/1389 тоот захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Л.Ад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд шилжүүлэн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн боловч Л.Б-ын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох, иргэн Д.Ц-ийн гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн баримт, захирамжид заагдсан нөхцөл байдлыг тодруулах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Уг гэмт хэрэг анх 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарсан бөгөөд яллагдагч Л.А болон түүний өмгөөлөгч нар нь яллах дүгнэлт гардаж авахаас зайлсхийж, хэргийн мөрдөн шалгах ажиллагааг удаашруулсаар ирсэн байдаг. Уг гэмт хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа хийгдсэн, холбогдох гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд дээр үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байсан боловч үл ялих зүйлээр шалтаглан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, миний үйлчлүүлэгч нарын зөрчигдсөн эрх ашиг сонирхлыг сэргээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Л.Аын өмгөөлөгч Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ц-г гэрчээр асуусан учраас ажиллагаа хийгдсэн. Б-ын үйлдлийг бусдад гэмтэл учруулаагүй учраас хэрэгт татаагүй гэх хоёр үндэслэлийг хэлж байна. Ц-ийн хувьд ганцхан гэрчээр асууснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор дараахь мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно” гэж заасан. Мөн хуулийн 30.8 дугаар зүйлд гомдол мэдээллийг хянаж үзээд гарах шийдвэрийг заасан байдаг. Ийм учраас шүүх 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж байж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Т.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг шийдвэрлэгдэхгүй удааширч байгаад гомдолтой байна. Хэргээ хурдан шийдвэрлүүлмээр байна. ...” гэв.

Прокурор Д.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан. Учир нь, Ц-ийн гаргасан гомдлыг шийдвэрлээгүй асуудал нь энэ хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ямар ч хамааралгүй буюу нөлөөлөлгүй. Зөрчлийн шинжтэй асуудал гэж үзээд Л.Аын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд Ц-ийн гаргасан гомдол хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна. Б-ын үйлдэл холбогдлыг шалгаагүй байна гэж байна. Б-ын үйлдэл холбогдол нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргээр Б нь хоёр хүний биед халдсан үйлдлийн улмаас хоёр хохирогчид ямар нэгэн гэмтэл учраагүй байна гэх дүгнэлтийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд бичээд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Л.Ад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ хохирогч нарын өмгөөлөгч Я.Бын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.

Анхан шатны шүүх Л.Б-ын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох, иргэн Д.Ц-ийн гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэнд холбогдох баримтуудыг хавсаргах, шинжээч эмч Б.Д-ээс мэдүүлэг авах гэсэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, яллагдагч Л.Ад холбогдох хэрэгт гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/1389 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хохирогч Т.О, Б.О нарын өмгөөлөгч Я.Бын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй.

Яллагдагч Л.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/1389 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Л.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ОЧМАНДАХ

                                        ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ