Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/669

 

 

 

 

    2023            6              29                                         2023/ДШМ/669

 

 З.Г, П.П нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Б.З.Г, Ш.Ч,  

цагаатгагдсан этгээд П.Пгийн өмгөөлөгч Л.Ц,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/440 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Ш.Ч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн З.Г, П.П нарт холбогдох 2208000001964 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

И овгийн  З.Г, 19.. оны 12 дугаар сарын 27-ны өдөр ........ хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр, 3 хүүхэд, хадам эхийн хамт ........... оршин суух хаягтай, /РД: ............./;  

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 240 дүгээр зүйлийн 240.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 340 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, 240 дүгээр зүйлийн 240.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ялаар,

Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 126 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт, 123 дугаар зүйлийн 123.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 5 жилийн хорих ялаар,

Төв аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 5 жил 3 сарын хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 649 дүгээр шийтгэх тогтоолоор 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

  С овгийн  П.П, 19.. оны 10 дугаар сарын 20-ны өдөр .... хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ................ оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;  

Шүүгдэгч З.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжинд байрлах 66-97 УБУ улсын дугаартай, цагаан өнгийн Сканиа маркын тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхойгүй шалтгааны улмаас П.Пгийн хэвлийн тус газарт хутгалж “хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 3-р сегмент, ходоод гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч П.П нь З.Г өөрийг нь хутгалсан даруйд түүний зүүн шанаа тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, 26, 27 дугаар шүдний эмтрэл, зүүн завжинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: З.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, П.Пгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Пд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, З.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар З.Гыг 07 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Год оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар З.Гын 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 26 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хохирогч П.Пгийн эмчилгээнд зарцуулсан зардлын нотлох баримтыг бүрдүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Пд эмчилгээний зардалд 2.100.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, З.Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, П.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, П.П нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлд зааснаар хохирлоо арилгуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүх шүүгдэгч П.Пгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон талаар: Хохирогч П.Пгийн “Би мах идэх гэсэн чинь хутга байхгүй байхаар гараараа нэг томыг аваад өндийгөөд суусан чинь З.Г эргээд над руу харах шиг болоод миний хэвлийн хэсгээр халуун оргихоор нь би хэвлий рүүгээ харахад З.Г миний хэвлий хэсэгт хутгалсан байсан, би хутгатай гарыг нь сугалаад З.Гын нүүр лүү нэг удаа гараараа цохиод дарсан чинь Амартогос ах юу болж байна гээд надтай хамт З.Гыг доош дарах үед З.Г хутгаа арагш ор руу шидсэн. ... гэсэн мэдүүлэг би хутгатай гарыг нь сугалаад З.Гын нүүр, гэрч С.А, Б.Б, А.Ө нарын мэдүүлгээр дээрх үйл баримтуудаас дүгнэлт хийхэд П.П хутгалуулснаа мэдсэн даруйдаа хутгатай гарыг нь биеэсээ сугалж гаргуулаад З.Гын нүүр хэсэгт цохисон нөхцөл байдал тогтоогдсон. З.Гын хохирогч П.П руу довтолсон довтолгоо үргэлжилж байхад хохирогч нүүр хэсэгт нь цохисон, гэрч С.Амартөгс ирж доош нь дарж хутгыг ор луу шидүүлсэн зэрэг нь гэрч С.А, Б.Б нарын болон хохирогчийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байгаа. Аргагүй хамгаалалтын асуудал нь Монгол Улсын эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын институтэд чухал байр суурийг эзэлдэг төдийгүй өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг аюултай довтолгооноос хамгаалах талаар Эрүүгийн хүүлиар зөвшөөрсөн. П.Пн өөрийн амь нас эрүүл мэндийн эсрэг хүүль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан. Шүүгдэгч П.Пн өөрийн нь амь насанд аюүлтайгаар хүтга барин халдан довтолж хутгалсан даруй З.Гын хутгатай гарыг хэвлийгээсээ сугалан нүүр хэсэгт нь нэг үдаа гараараа цохисон үйлдэл нь өөрийн амь насаа хамгаалж хийсэн үйлдэл бөгөөд хажууд байсан гэрч ирж салгаснаас үзэхэд довтолгоо төгссөн байсан гэж үзэхгүй тул аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүхээс П.Пд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтыг тус тус зөрчсөн буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, илтэд үндэслэлгүй зарим шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан тул эс зөвшөөрч байна. Эсэргүүцлийн үндэслэл нь:

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн З.Гын “Ир хэсгийг нь П.П руу харуулж өгсөн. Тэгтэл П.П миний зүү шанаа, хацар, ам хэсэг рүү нэг удаа цохисон”, яллагдагчаар П.Пгийн “Хутгалуулснаа хараад шоконд ороод цохисон”, шүүх хуралдаан дээр шүүгдэгч З.Г мэдүүлэхдээ “Хутгалсныхаа дараа П.Пг дахин хутгалахаар завдсан зүйл байхгүй”, шүүгдэгчээр П.П “Хутгыг нь холдуулаад намайг дахиж хутгалж магадгүй гэж айсандаа З.Гыг нэг цохисон, намайг хутгалах гэж чичсэн зүйл байхгүй, гарт хутга байсан учраас цус хараад шоконд ороод цохисон, хутгалаад 5-­10 секунтын дараа цохисон”, өмгөөлөгч Л.Цгийн шүүх хуралдаанд “П.П хутгалуулсныхаа дараа өөрийнх нь биеэс цус олгойдож байхыг хараад 10 секундын дараа З.Г цохисон байдаг” гэсэн мэдүүлгийг тус тус өгсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт нь “Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй боловч нийгэмд ашигтай, Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогддоггүй үйлдлийг аргагүй хамгаалалт” гэнэ.

Эрүүгийн хуулийн тус зүйл хэсгийг агуулга болон онолын үүднээс авч үзвэл Аргагүй хамгаалалтад дараах нөхцлүүд зайлшгүй байна. Үүнд, гэмт халдлага нийгэмд аюултай байх буюу хүний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд хохирол учруулахын тулд хийсэн үйлдэл байх, гэмт халдлага бодитой байх буюу халдлага бодитой байх шинж нь халдлага нэгэнт эхэлсэн дуусаагүй, үргэлжилж байгаа эсхүл халдлага эхлэх гэж буй нь илэрхий байх, хэрэв халдлага бодитой хийгдээгүй, эсхүл халдагч этгээдийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад аргагүй хамгаалалт хийж, бусдад гэм хор учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульд заасан ердийн журмаар шийдвэрлэнэ, мөн хамгаалалт зөвхөн довтлогч руу чиглэсэн байх, хамгаалалт цаг үеэ олсон байх буюу тухайн ойлголтыг зөв тодорхойлох нь хамгаалалт хийж буй иргэний эрхийн хэмжээг шийдвэрлэхэд нь ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл аргагүй хамгаалалтын эрхийг хэрэгжүүлэх хэмжээ хязгаар нь нийгэмд аюултай халдлагын эхлэл ба төгсгөлийг цаг үеэр тодорхойлогдохоор хуульчилсан. Гэмт этгээд хохирол учруулах замаар халдлагыг таслан зогсоомогц аргагүй хамгаалалтын цаг үе дуусгавар болно. Худал хамгаалалт буюу халдлага довтолгооны үед биш довтолгоо өнгөрсөн хойно хийгдсэн бол аргагүй хамгаалалтын шинж чанар алдагдана” зэрэг нөхцлүүд заавал бүрдсэн байх ёстой.

Хэрэгт П.П хохирогчоор болон сэжигтэн шүүгдэгч, шүүгдэгч, З.Г нь хохирогчоор болон сэжигтэн, шүүгдэгч, шүүгдэгч гэсэн хэргийн оролцогчоор тус тус харилцан эсрэг сонирхолтой оролцсон. Гэтэл шүүхээс шүүгдэгч П.Пд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн З.Гын “Ир хэсгийг нь П.П руу харуулж өгсөн. Тэгтэл П.П миний зүү шанаа, хацар, ам хэсэг рүү нэг удаа цохисон”, шүүх хуралдаан дээр шүүгдэгч З.Г мэдүүлэхдээ “Хутгалсныхаа дараа П.Пг дахин хутгалахаар завдсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15117 дугаартай “З.Гын биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, 26, 27 дугаар шүдний эмтрэл, зүүн завьжинд язарсан шарх гэмтэл тогтоогдоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр 2022 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр үүсэх боломжтой гэмтэл байна” зэрэг нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтаа шийтгэх тогтоолдоо огт дурдалгүй, харин харилцан эсрэг сонирхолтой этгээд буюу шүүгдэгч П.Пгийн өөрийнх нь хохирогчоор өгсөн мэдүүлгийг иш татаж, П.Пг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэснийг, шүүгдэгч З.Гын бусдыг хутгалсан аюултай үйлдэл төгссөн буюу хохирогч П.Пг дахин хутгалахаар довтлоогүй, П.Пгийн шүүгдэгчээр өгсөн мэдүүлгээр “З.Г нь намайг дахин хутгалчихаж магадгүй” гэсэн таамагласан шинжтэй мэдүүлгийг өгсөн, аргагүй хамгаалалтын худал хамгаалалт хийсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэнтэй нийцэхгүй, хэргийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй байхад шүүгдэгч П.Пд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтад заасан “Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/440 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.

Шүүгдэгч З.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн прокурор гардан гүйцэтгэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилж, хэт нэг талыг баримтлан хохирогч талын эрх ашигт нийцүүлэн олон жилийн хорих ялын санал оруулж, шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж үзэж байна. Би хохирогч П.Пг урьд нь огт танихгүй, түүнийг хутгалах ямар нэгэн шалтгаан байгаагүй. Түүнтэй утсаар ярих нь байтугай хамт архи ууж байхдаа ч ганц үг солиогүй. Хохирогч П.Пг гараараа мах зулгааж идээд байхаар нь санаа зовж хутга авч өгөх явцад машин доторх давчуу байрлал, бид хоёрын шахдалцаж суусан зэргээс шууд хамааран энэ үйлдэл үйлдэгдэж, улмаар тэнд байсан гэрч гэх хүмүүс П.Пг хутгалчихлаа гэх үндэслэлээр намайг бүгд зодож хөнгөн гэмтэл учруулсан байдаг. Намайг гомдол гаргаж, шүүх эмнэлгээр яваад эхлэнгүүт гэрч, хохирогч нар үг үйлдлээ нэгтгэн миний үйлдлийг таслан зогсоохын тул хамгаалалт хийсэн мэтээр 1 хүн шиг адил мэдүүлэг өгч улмаар үүнийгээ хэрэгжүүлж, шүүн таслах ажиллагаан дээр намайг нийлж зодож гэмтээсэн үйлдлээ зөвхөн П.Пгийн үйлдэл болгож, аргагүй хамгаалалтаар халхавчилж хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. Намайг П.Птай утсаар маргалдаж хэрэлдсэн гэх боловч энэ нь ямар ч баримтаар нотлогдоогүй ба утасны харилцан яриа, дуудлага шалгах ямар ч ажиллагаа хийгээгүй учир хүн хутгалах шалтгаан болсныг нотлох баримт хавтаст хэргийн материалд авагдаагүй болно. Гэрч нарын мэдүүлгээс нэг зүйлийг анхаарч өгнө үү. Нэр бүхий гэрч З.Г нь П.Пг хутгалсан хутгаа машины суудлын араар нуусан хэмээн мэдүүлсэн байгаа. Хэрэв шүүхийн дүгнэлтээр П.Пг санаатайгаар хутгалсан бол тэр хутгыг нуух ямар ч шалтаг, шалтгаан байхгүй. Тэнд үйлдлээ хянах чадвараа алдсан нэг ч хүн байгаагүй. Прокурор болон анхан шатны шүүхийн дүгнэснээр миний санамсар болгоомжгүй үйлдэл гаргаж болохгүй нэг үндэслэл нь урьд хутга, мэсний үйлдлээр ял эдэлж байсан явдал юм. Урьд би ял эдэлж байсан нь үнэн боловч энэ нь миний болгоомжгүй үйлдэлд ингэж сөргөөр нөлөөлнө гэж бодоогүй учир маш их гомдолтой байна.

Эцэст нь миний эхнэр, гурван хүүхдээ тэжээж, үнэнч шударгаар хөдөлмөрлөж амьдарч байсан, болгоомжгүй үйлдлээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж дахин сайтар нягтлан, гэрч нарын үгсэн тохиролцож, миний эсрэг мэдүүлгүүдийг хуулийн дагуу няцааж надад оногдуулсан олон жилийн хорих ялыг хөнгөрүүлж, үнэнч шударгаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Гын өмгөөлөгч Ш.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч З.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, зардлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна.

Хохирогч П.П нь “Би мах идэх гээд хутга байхгүй байхаар нь махнаас гараараа аваад зулгааж, дахин тонгойгоод ууттай махнаас нэг томыг аваад өндийгөөд суусан чинь З.Г эргээд над руу харах шиг болсон чинь миний хэвлийн халуу оргиод З.Г миний хэвлий рүү хутгалсан байсан. Би энэ хүнийг танихгүй, уулзаж байгаагүй. Би машин дотор З.Гтой огт маргаагүй санаж байна. Бид хоёрт маргалдаж муудалцах шалтгаан байхгүй бөгөөд бүх зүйл маш хурдан болсон, өр авлагаа, өш хонзонгийн асуудал байхгүй. Би бодохдоо ямар нэгэн шалтгаангүйгээр санаандгүй хатгачихлаа гэж бодож байна. Учир нь машин дотор зай багатай, хөдөлж суухад зай бага байсан.” гэсэн мэдүүлгээс дүгнэхэд гэмт хэргийн нөхцөл байдлын хувьд З.Г нь хохирогчтой хэрэлдэж маргалдаагүй, хоорондоо зодолдоогүй, асуудал маш богино хугацаанд болоод дууссан байдаг.

З.Г ам бүл 5, эхнэр, 3-12 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь ажилгүй, өөрөө уушгины сүрьеэ өвчтэй. З.Г нь үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, дүгнэлт хийж байгаа, эрүүл мэндийн байдал, нас зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч З.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Гын өмгөөлөгч Б.З.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд П.Пгийн өмгөөлөгч Л.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс П.Пгийн үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь, П.Пг хутгалах үед гэрч Амартөр байсан. Гэрч Амартөр мэдүүлэхдээ “П.Пгийн хэвлий рүү хутгалангуут нь би З.Гыг барьж хутгыг нь шидүүлсэн” гэсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт уг асуудлыг тодорхой хэлэлцсэн байдаг. Маш богино хугацаанд болсон хэрэг байсан. Хэвлийдээ хутгалуулсан хүн өөрийнхөө амь насыг аврахын тулд цохисон үйлдэл хийснийг бие даасан бүрэлдэхүүнтэй буюу бусдын биед санаатай халдаж хөнгөн хохирол учруулсан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж анхнаасаа маргаж ирсэн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ талаарх асуудлаа тодорхой тайлбарласан. Дээрх асуудлыг давхар нотолж гэрч Өлзий-Орших мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэл болон давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч З.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжинд байрлах 66-97 УБУ улсын дугаартай, цагаан өнгийн Сканиа маркын тээврийн хэрэгсэл дотор согтуурсан үедээ П.Пгийн хэвлийн тус газарт хутгалж “...хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 3-р сегмент, ходоод гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт...” бүхий амь насанд нь аюултай хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч П.Пгийн “... Би мах идэх гэсэн чинь хутга байхгүй байхаар нь махнаас гараараа аваад зулгааж идчихээд дахин тонгойгоод ууттай махнаас гараараа нэг томыг аваад өндийгөөд суусан чинь З.Г эргээд над руу харах шиг болоход миний хэвлий хэсгээр халуубн оргихоор нь би хэвлий рүүгээ харахад З.Г миний хэвлий хэсэгт хутгалсан байсан. Би хутгатай гарыг нь сугалаад З.Гын нүүр лүү нэг удаа гараараа цохиод дарсан чинь Амартогос ах юу болж байна гээд надтай хамт З.Гыг доош дарах үед З.Г хутгаа ор луу шидсэн. ...” /1хх 16-17, 19/,

гэрч С.А-ийн “... би хажуу талаас болиулах санаатай П.Пг татаад болиулахад П.П намайг данх Болдоо хутгалчихлаа гэсэн. Тэгээд би шууд данх Болдоог барьж аваад доош нь дарсан. Энэ үед манай хүү жолооч талын хаалгаар орж ирээд П.Пг хойш нь түшээд машинаас буулгасан. Тухайн үед П.П надад хэлэхдээ данх Болдоо урд нь утсаар яриад надтай хэрүүл хийгээд байсан гэж хэлсэн. Тэгээд энэ хоёр хоорондоо энэ байдлаасаа болоод муудалцаад Болдоо П.Пн гэдэс тус газарт хутгаар хатгачихсан. Харин би хутгалж байхыг хараагүй, болиулах санаатай П.Пг татахад хутгалчихлаа гэсэн. ... З.Г, П.П нар бие биеэ цаашаа суу гээд гараараа түлхээд байсан, тэгээд гэнэт хоорондоо ноцолдоод эхлэхээр нь би салгах гээд П.Пг бариад татахад Амараа ахаа, намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн. ...” /хх 20, 28-29/,

гэрч Б.Б-ын “... А З.Гыг дээрээс нь дараад доош харуулчихсан, П.П “...ахаа намайг З.Г хутгалчихлаа шүү дээ” гэсэн бөгөөд надад цамцаа сөхөөд харуулахад гэдэс, өрц хоёрынх нь голд хутганы шарх харагдсан бөгөөд шархнаас нь цус гарч байсан. ...” /хх 35-36/,

гэрч А.Ө-ын “... П.П “...энэ Болдоо гэдэг хүн намайг танихгүй байж охин минь, бандиа, гичий минь гээд доромжлоод байгаа юм” гээд уурлаад ярьж байсан. ... тэр машины кабин руу эргээд харсан чинь П.П ах жолооч талд сууж байгаа хүнтэй ноцолдоод байх шиг болохоор нь жолоочийн эсрэг талаар гүйгээд хаалга онгойлгоход Баянзул ах миний өмнө кабин руу авирчихсан зогсож байсан бөгөөд би эвгүй юм болж байна гэж бодоод кабин дотор ороход П.П ах “Амараа ахаа наадах З.Г чинь намайг хутгалчихлаа шүү дээ” гэхэд аав юу яриад байгаа юм бэ гэхэд нь П.П ах цамцаа сөхөөд харуулсан чинь гэдэснээс нь маш их цус гарч байсан бөгөөд машинаас үсэрч буугаад жолооч талаар очоод П.П ахыг араас нь татаад буулгаад цусыг нь аавын машины урд байсан нойтон сальфетикаар дараад шууд эмнэлэг ороё гээд машиндаа тэр хоёрыг суулгаад аваад явж байх замдаа түргэний 103 руу залгахад цагдаа руу залгасан. Би яг хэн хутгалсныг хараагүй, цонхоор ноцолдоод байх шиг байхаар нь хараад ороход тухайн үйл явдлууд болсон бөгөөд би П.П ахыг араас нь татаад авах гэж байхад тэр З.Г гэдэг хүн машины арын ор луу ногоон хуйтай, хар иштэй хутга шидэж харагдсан. ...” /хх 38-39/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15123 дугаар “...П.Пн биед хэвлийн хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 3-р сегмент, ходоод гэмтээсэн хатгагдаж шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чавдарт нөлөөлөхгүй.” /хх 55-56/ гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

  Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч З.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар З.Гыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Харин шүүгдэгч П.Пгийн З.Г өөрийг нь хутгалсан даруйд түүний зүүн шанаа тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж зүйлчлэн прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.  

Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, П.Пд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Прокурор Н.Ундрахаас “... П.Пгийн үйлдэлд аргагүй хамгаалалтын шинж байхгүй, анхан шатны шүүх илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.”, 2 дахь хэсэгт “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй.”, 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.” гэж тус тус заасан.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч П.П нь З.Гыг хэвлий хэсэгт нь хутгалахад хутгатай гарыг нь сугалаад, З.Гын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон үйлдлийг өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл гэж үзэх ба нэгэнт өөр лүү нь чиглэсэн аюултай довтолгоон хийгдсэн байхад өөрийгөө хамгаалах зорилгоор түүний нүүр лүү цохиж байгаа нь аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн хангаж байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Ш.Ч нараас “... тухайн гэмт хэрэг болгоомжгүй үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан идэвхитэй үйлдэл байдаг ба энэ гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл, хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх ба хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч З.Гын хувьд зэвсэг хэрэглэж П.Пгийн биед хүнд хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн ба тэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, үйлдлээрээ хүнд хохиролд зориуд хүргэжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны гуравны хоёроос багагүй ял оногдуулж болно” гэж хуульчилсан.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болдог боловч заавал хэрэглэх ёстой зохицуулалт биш юм.

Түүнчлэн шүүгдэгч З.Гын тус гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, урьд олон удаагийн ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж буй арга хэрэгсэл зэргийг тал бүрээс нь харгалзаж, түүнд 07 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/440 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Ш.Ч нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Н.Ундрахын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч З.Гын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 80 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/440 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Ш.Ч нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Н.Ундрахын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гын цагдан хоригдсон 80 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ОЧМАНДАХ

 

                      ШҮҮГЧ                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ