Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/00076

 

Д.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02486 дугаар шийдвэртэй

Д.Гийн нэхэмжлэлтэй хариуцагч “Г” ХХК-д холбогдох

нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амар, түүний өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, хариуцагчийн төлөөлөгч Н.Өнөрцэцэг, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагыг удирдаж хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж ирсэн ба аливаа хууль бус үйлдэл гаргаж байгаагүй болно. 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зарим хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчээс иргэн Д.Г миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал мэдээллийг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд тараасан.

Уг бодит бус мэдээллийг хариуцагчаар няцаалгах, зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээлгэх зорилгоор тус нэхэмжлэлийг гаргаж байгаа юм. “Г” ХХК-иас эрхлэн хүргэдэг www.zarig.mn гэх цахим хуудаст 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Хурандаагийн хүү баяжиж байвал хүн, мал харангадах нь яамай” гэх гарчигтай худал мэдээлэл бүхий 12 минут 36 секундийн бичлэгийг олон нийтэд тараасан. Уг мэдээгээр миний нэр төр, алдан хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит бус дараах мэдээллийг олон нийтэд тараасан. Тагнуулын дарга Д.Г алтны компаниа тас нууж шалгалтаас бултуулсан баримт: “...Тэтгэвэрт гарах нас нь болчихоод байхад төрийн өндөр суудлаас үхэн хатан зүүгддэгийн учир юу вэ? Магадгүй тэдний хувийн бизнестэй холбоотой юм биш биз ээ. 1952 онд төрсөн өдгөө 67 настай ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гийн хууль бус үйлдлийг бид Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн голоос баримттайгаар хүргэх болно...”, Монгол Улсын Засгийн газраас Архангай, Сэлэнгэ аймагт хууль бусаар ажиллаж байгаа алтны техникжсэн нинжа болоод компаниудын үйл ажиллагааг өнгөрсөн зун зогсоосон. Гэтэл мэдээлэлд ойрхон дарга нарын уурхай энэ шалгалтаас мултарч, ганцаараа ажиллаж үлдсэн гэвэл та итгэх үү, “...Д.Г дарга тагнуулч хүн юм болохоор хүүгээрээ дамжуулж хүү нь гурван компаниар дамжуулж уурхайгаа ард түмнээс амжилттай нууж чадсан байдаг юм...”, “Д.Г дарга ийнхүү гурван компаниар төөрүүлж, төөрөгдүүлж Нарангийн голыг ухаж байгаа бөгөөд бүх уурхай хаагдахад ганцаараа ажиллаж даналзаж байна...”, “...ТЕГ-ын дарга Д.Г тac нуусан энэ компаниа мэдээж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй. Д.Г дарга уурхайгаа ард түмнээс нуухын зэрэгцээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс нууж чадсан. Зариг мэдээлээгүй бол тагнуулын дарга голын эрэг дээр олборлолт явуулдаг алтны уурхайтай гэдгийг хэн ч мэдэхгүй байсан биз” гэх бодит бус, уг мэдээллийг хүлээн авч байгаа хүнийг төөрөгдүүлсэн, худал мэдээллийг олон нийтэд тараасан.

Би уг мэдээлэлд дурдагдсан “П”, “Т”, “М” зэрэг компанийн үйл ажиллагаанд огт хамааралгүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэж уг асуудалд холбогдуулан хууль, шүүхийн байгууллагад гомдол гаргаагүй боловч хариуцагч компани, түүний сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь дахин бусдын нэр төрийг гутаан доромжилсон, худал мэдээллийг тараасан тул ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно. Тухайлбал, zarig.mn-ний сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийн твиттер хуудаснаа “...Тагнуулчид чинь яагаад дээрэм хийсэн юм. Ер нь тагнуулчид албаны мэдээллийг ашиглаад бусдыг рекетлэж баяждаг юм уу, та алт, нүүрсний уурхайнуудаа ийм замаар олж авсан уу гэж ТЕГ-ын дарга, генерал Д.Гээс асууна, харваад уначихгүй хариулчхаарай. Настай хүн учир түрүүлээд хэлье” гэх мэдээллийг оруулсан. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч нь хэвлэн нийтлэх эрхтэй боловч мэдээллийнхээ үнэн зөвийг нягталж, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг ухамсарлаж, өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээн ажиллах ёстой гэж ойлгож байна. Иймд Д.Г миний нэр төр, алдан хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан арга хэлбэрээр буюу zarig.mn цахим хуудсаар дамжуулан няцаалт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Өнөрцэцэг, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч Н.Өнөрцэцэг миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Зариг.мн сайтаас 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хурандаагийн хүү баяжиж байвал хүн, мал харангадах нь яамай” гэх гарчигтай мэдээлэл хүргэсэн бөгөөд тус мэдээллийг худал мэдээлэл байсан бөгөөд нэр төрд халдсан хэмээж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл дээрх мэдээлэл нь хэрэв худал байсан бол няцаахад татгалзах зүйлгүй. Гэтэл бидний хүргэсэн мэдээлэл үнэн зөв бөгөөд нотлох баримттай юм.

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гийн хүү Г.Аын эзэмшдэг “П” ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт алт олборлож байгаа бөгөөд үүнээс үүдэлтэй байгаль орчин сүйдэж, хүн малыг ундаалдаг Нарангийн гол тасрахад хүрээд байна. Мөн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “П” ХХК-ийн талбайд осол гарч хүний амь нас хохирсон байдаг. Энэ үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас ослын шалтгаан нөхцөлийг тодруулсан бөгөөд “П” ХХК-тай холбоотой зөрчлүүд илэрсэн байдаг. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгалийн эко системийг эвдэн үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсний дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яам, Уул уурхай хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Тагнуул, Цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг шалгалт хийсэн. Гэтэл ТЕГ-ын дарга Д.Гийн хүү Г.Аын компаниуд нь дээрх шалгалтаас хэрхэн мултарч үлдсэн нь сэтгүүлч надад эргэлзээ бүхий байдлыг үүсгэсэн юм. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.16-д итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасны дагуу бид үнэн бодит мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь заалтыг баримтлан Д.Гээс сэтгүүлчийн бэлтгэсэн нийтлэлийн “...Тагнуулын дарга Д.Г алтны компаниа тас нууж шалгалтаас бултуулсан”, “... Магадгүй тэдний хувийн бизнестэй холбоотой юм биш биз ээ...”, “...Гэтэл мэдээлэлд ойрхон дарга нарын уурхай энэ шалгалтаас мултарч, ганцаараа ажиллаж үлдсэн гэвэл та итгэх үү...”, “...Д.Г дарга тагнуулч хүн юм болохоор хүүгээрээ дамжуулж хүү нь гурван компаниар дамжуулж уурхайгаа ард түмнээс амжилттай нууж чадсан байдаг юм...”, “...Д.Г дарга ийнхүү гурван компаниар төөрүүлж, төөрөгдүүлж Нарангийн голыг ухаж байгаа бөгөөд бүх уурхай хаагдахад ганцаараа ажиллаж даналзаж байна...”, “...ТЕГ-ын дарга Д.Г тac нуусан энэ компаниа мэдээж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй. Д.Г дарга уурхайгаа ард түмнээс нуухын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс нууж чадсан. Зариг мэдээлээгүй бол тагнуулын дарга голын эрэг дээр олборлолт явуулдаг алтны уурхайтай гэдгийг хэн ч мэдэхгүй байсан биз...” гэсэн хэсгийг үндэслэн гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийхийг “Г” ХХК-д даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Г” ХХК нь 2019 оны 11 сарын 27-ны өдрийн “Хурандаагийн хүү баяжиж байвал хүн, мал харангадах нь яамай” гэх гарчигтай нийтлэлийн ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гийн хууль бус үйлдлийг бид Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн голоос баримттайгаар хүргэх болно...” гэх хэсгээр Д.Гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг “Г” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гд олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нийтлэлийн агуулга нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гийн хүү Г.Аын Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах уурхайн талаар байсан юм. Энд мэдээллийн агуулгыг бүхэлд нь харгалзах ёстой болохоос үг үсэг бүрээр тодорхойлох учиргүй. Мөн хууль бус үйлдэл гэдгийг заавал эрх бүхий байгууллагаас шалган тогтоох ёстой гэдэг хуулийн шаардлага байхгүй. Үйлдэл нь хуульд нийцээгүй байхыг хууль бус үйлдэл гэж ойлгоно. ТЕГ-ын дарга асан Д.Г нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар төрийн тусгай албан тушаалтан бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарна. Энэ нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар тус хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаал юм. Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргана”, 10.2 дахь хэсэгт “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасан. Улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5 дугаар тогтоолоор “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ыг баталсан ба 4.4.2-т “Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт”-/Үүнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан болон хувь нийлүүлсэн хуулийн этгээд, түүний толгой, охин, хараат болон салбар компани, аж ахуй нэгж, гадаад, дотоодын хөрөнгийн биржээс худалдан авсан хувьцаа, бонд, бусад үнэт цаасыг мэдүүлнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой бичнэ/ гэж заасан. Өөрөөр хэлбэл Д.Г нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэгтэй субъект бөгөөд мэдүүлэгтээ гэр бүлийн гишүүн болох төрсөн хүү Г.Аынхаа компанийг мэдүүлэх ёстой байсан. Ийнхүү мэдүүлээгүй нь шүүхийн хийсэн үзлэгээр нотлогдоно.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгалийн эко системийг эвдэн үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсний дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яам, Уул уурхай хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Тагнуул, Цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг шалгалт хийсэн. Гэтэл ТЕГ-ын дарга асан Д.Гийн хүү Г.Аын компаниуд нь дээрх шалгалтаас хэрхэн мултарч үлдсэн нь эргэлзээ бүхий байдлыг үүсгэсэн юм. Мөн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “П” ХХК-ийн талбайд осол гарч эрдэнэт хүний амь нас хохирсон байдаг. Энэ үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас ослын шалтгаан нөхцөлийг тодруулсан бөгөөд “П” ХХК-тай холбоотой зөрчлүүд илэрсэн байдаг. Мөн шүүхээс газар дээр нь очиж хийсэн үзлэгээр “...Хөрсний хуулалт үүссэн байна. техникийн нөхөн сэргээлт бүхий талбай Нарангийн голоос /голын сайр, гэлдирлоос/ 14 алхам орчим байна” гэжээ. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “...Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтооно” гэж заасан. Өөрөөр хэлбэл тус уурхай нь усны хамгаалалтын бүсээс 200 метрийн зайтай байх ёстой юм. Гэтэл “П” ХХК-ийн уурхай 14 алхмын л зайтай байжээ. Энэ мэт хууль зөрчсөн, хуульд үл нийцэх нөхцөл байдлууд байгаа тухай л мэдээлэл хүргэсэн болохоос ТЕГ-ын дарга асан Д.Гийн тухай, түүний нэр хүндэд халдаж худал мэдээлэл хүргээгүй. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл бичлэгт дурдагдаж буй үйл баримт нь бодит байдалд нийцсэн байсан. Мэдээллийн нийт агуулга ТЕГ-ын дарга асан Д.Гд холбоотой бус байгаль орчин сүйдэж буйтай холбоотой болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан арга хэлбэрээр буюу цахим хуудсаар дамжуулан няцаалт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай гэж тодорхойлсон байтал шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн гэж буй нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэн, үндэслэлгүй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэлбэрээр буюу zarig.mn цахим хуудсаар дамжуулах няцаалт хийлгэхийг” хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч Д.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч “Г” ХХК нь өөрийн эрхлэн явуулдаг Зариг.мн /zarig.mn/ вэб сайтад 2019 оны 11 сарын 27-ны өдрөөс эхлэн “Хурандаагийн хүү баяжиж байвал хүн, мал харангадах нь яамай” гэх гарчигтай 12 минут 36 секундийн видео бичлэгийг олон нийтэд тараасан. Уг нийтлэлд “...Тагнуулын дарга Д.Г алтны компаниа тас нууж шалгалтаас бултуулсан баримт: ...Тэтгэвэрт гарах нас нь болчхоод байхад төрийн өндөр суудлаас үхэн хатан зүүгддэгийн учир юу вэ? Магадгүй тэдний хувийн бизнестэй холбоотой юм биш биз ээ. 1952 онд төрсөн өдгөө 67 настай ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гийн хууль бус үйлдлийг бид Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн голоос баримттайгаар хүргэх болно...”, Монгол Улсын Засгийн газраас Архангай, Сэлэнгэ аймагт хууль бусаар ажиллаж байгаа алтны техникжсэн нинжа болоод компаниудын үйл ажиллагааг өнгөрсөн зун зогсоосон... Гэтэл мэдээлэлд ойрхон дарга нарын уурхай энэ шалгалтаас мултарч, ганцаараа ажиллаж үлдсэн гэвэл та итгэх үү...”, “...Д.Г дарга тагнуулч хүн юм болохоор хүүгээрээ дамжуулж хүү нъ гурван компаниар дамжуулж уурхайгаа ард түмнээс амжилттай нууж чадсан байдаг юм...”, “...Д.Г дарга ийнхүү гурван компаниар төөрүүлж, төөрөгдүүлж Нарангийн голыг ухаж байгаа бөгөөд бүх уурхай хаагдахад ганцаараа ажиллаж даналзаж байна...” “...ТЕГ-ын дарга Д.Г тac нуусан энэ компаниа мэдээж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй. Д.Г дарга уурхайгаа ард түмнээс нуухын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс нууж чадсан. Зариг мэдээлээгүй бол тагнуулын дарга голын эргэ дээр олборлолт явуулдаг алтны уурхайтай гэдгийг хэн ч мэдэхгүй байсан биз” гэх бодит бус мэдээллийг олон нийтэд тараасан.

Мөн zarig.mn-ний сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийн твиттер хуудаснаа “...Тагнуулчид чинь яагаад дээрэм хийсэн юм. Ер нь тагнуулчид албаны мэдээллийг ашиглаад бусдыг рекетлэж баяждаг юм уу, та алт, нүүрсний уурхайнуудаа ийм замаар олж авсан уу гэж ТЕГ-ын дарга, генерал Д.Гээс асууна, харваад уначихгүй хариулчхаарай. Настай хүн учир түрүүлээд хэлье” гэсэн хэсгүүд бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж тайлбарлажээ.  

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Уг нийтлэлд Д.Гийн тухай биш түүний хүү болох Г.Аын тухай тусгагдсан, нийтлэлд нэр дурдсан компани Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэх газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг нь үнэн. Тухайн компанийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн, компанийн явуулж байгаа үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч тал нийтлэлийн агуулгад биш түүний хэсгээс үг үсгээр хөөцөлдөн нэхэмжлэл гаргасан, мөн Д.Г Тагнуулын ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул ажил хэргийн нэр хүнд нь гутаагдаагүй” гэсэн тайлбарыг гаргасан байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Сэлэнгэ аймаг Баянгол сум Нарангийн гол нэртэй газарт ашиглалтын тусгай зөвшөөрлийн лиценз эзэмшигч гэх “П” ХХК нь 1 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд хувьцаа эзэмшигч нь “Т” ХХК, “Т” ХХК нь 1 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд хувьцаа эзэмшигч нь “М” ХХК, нийтлэл гарах үеийн байдлаар “М” ХХК нь 1 хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд хувьцаа эзэмшигчээр нь Д.Гийн А гэж бүртгэлтэй байсан болох нь тогтоогджээ. /хх.58-64/

Анхан шатны шүүх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын нийтэд нээлттэй мэдээллийн санд Г.А нь “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан, уг компани нь “Т” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг, “Т” ХХК нь “П” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг, “П” ХХК нь Сэлэнгэ аймаг Баянгол сум Нарангийн гол нэртэй газарт уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг, Д.Г нь өөрийн хүү Г.Аын хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан “М” ХХК-ийн талаар хөрөнгө орлогын мэдүүлгийн хамаарал бүхий этгээд, Нэгдмэл сонирхолтой этгээд гэх хэсэгт тусгаагүй байсан зэрэг нөхцөл байдалд тулгуурлан бэлтгэсэн видео бичлэг бүхий нийтлэлд “...Тагнуулын дарга Д.Г алтны компаниа тас нууж шалгалтаас бултуулсан”, “... Магадгүй тэдний хувийн бизнестэй холбоотой юм биш биз ээ”, “...Гэтэл мэдээлэлд ойрхон дарга нарын уурхай энэ шалгалтаас мултарч, ганцаараа ажиллаж үлдсэн гэвэл та итгэх үү...”, “...Д.Г дарга тагнуулч хүн юм болохоор хүүгээрээ дамжуулж хүү нь гурван компаниар дамжуулж уурхайгаа ард түмнээс амжилттай нууж чадсан байдаг юм...”, “...Д.Г дарга ийнхүү гурван компаниар төөрүүлж, төөрөгдүүлж Нарангийн голыг ухаж байгаа бөгөөд бүх уурхай хаагдахад ганцаараа ажиллаж даналзаж байна...”, “...ТЕГ-ын дарга Д.Г тac нуусан энэ компаниа мэдээж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй. Д.Г дарга уурхайгаа ард түмнээс нуухын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс нууж чадсан. Зариг мэдээлээгүй бол тагнуулын дарга голын эрэг дээр олборлолт явуулдаг алтны уурхайтай гэдгийг хэн ч мэдэхгүй байсан биз...” гэж мэдээлсэн хэсэгт нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас дээрх үндэслэлээр гаргасан хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч Д.Г нь “М” ХХК, “П” ХХК, “Т” ХХК-ийн үйл ажиллагаанд хамааралтай, тухайн хуулийн этгээдүүдэд хувь эзэмшдэг  гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Харин сэтгүүлчийн бэлтгэсэн нийтлэлийн “...ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гийн хууль бус үйлдлийг бид Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн голоос баримттайгаар хүргэх болно...” гэх хэсэг нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай болсон гэж үзэж, уг хэсгээр нэхэмжлэгч Д.Гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.  

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой бөгөөд иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан, хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээх учиртай.

Нийтлэлийн дээр дурдсан хэсэг нь ТЕГ-ын дарга, хурандаа Д.Г нь хууль бус үйлдэл гаргасан мэт ойлголтыг олон нийтэд төрүүлэхээр болсон байх бөгөөд хариуцагч “Г” ХХК нэхэмжлэгч Д.Гийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хууль бус үйлдэл гаргасан болохыг тогтоогоогүй байхад нэхэмжлэгчийг хууль бус үйлдэл гаргасан мэтээр бичиж нийтэлсэн нь түүний нэр төр, алдар, хүнд, ажил хэргийн нэр гутаасан үйл баримт тогтоогдсон, хариуцагч байгууллага түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ЭНХТӨР

 

                                          ШҮҮГЧИД                               А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                           Ц.ИЧИНХОРЛОО