| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2206002823123 |
| Дугаар | 2023/ДШМ/670 |
| Огноо | 2023-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2023/ДШМ/670
2023 6 29 2023/ДШМ/670
А.Вд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Ариунцэцэг,
шүүгдэгч А.Вгийн өмгөөлөгч Ч.Н,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/603 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Вгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2206002823123 дугаар хэргийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М овогт А.В, 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдөр .... хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 3, эх, дүү нарын хамт ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............../.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Вгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Вг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Вд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч А.В нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Ш гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.В гаргасан давж заалдах гомдолдоо: “... 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Г.Штэй үл ойлголцож, үүнээс болж би түүний биед халдсан. Миний бие өөрийн болчимгүй үйлдлээ хаацайлахгүй байгаа боловч эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээний ноцтой үйлдэл хийсэн гэдэгтээ эргэлзэж байна. Тодруулбал, дээрх үйл явдал болсны маргааш би хохирогчтой уулзаж, уучлалт гуйсан мөн миний эх н.Болортуяа ч тэр даруйд хохирогч болон хохирогчийн эхтэй холбогдож, очиж уулзаж, уучлалт гуйхад хохирогч талаас: “...Манай хүүхдүүд арай түргэдээд цагдаад гомдол гаргасан байна. Айхтар гэмтэж, бэртсэн зүйл алга. Бидний зүгээс гомдолгүй. Аль аль талаа чирэгдүүлэхгүйгээр шийдвэрлэе. Цагдаагийн алба хаагчид энэ талаар хэлье...” гэх байр суурийг илэрхийлж, энэ тухай хохирогчийн эх цагдаагийн алба хаагчтай холбогдож мэдэгдсэн. Болортуяа удаа дараа очиж, уулзаж, асуудлыг хүндрүүлэхгүйгээр Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж, шийдвэрлэж өгөхийг хүсэхэд “... та нар санаа зовох шаардлагагүй. Сүртэй асуудал биш..." гэх хариу өгч, шаардлагатай тохиолдолд холбогдоно гэсэн.
Цагдаагийн байгууллагаас дахиж над руу болоод миний эх рүү огт яриагүй учир бид асуудал шийдвэрлэгдсэн гэж ойлгосон. Сүүлд асуухад хохирогч тал ч мөн адил ойлголтой байсан байна. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын эхээр гэнэт угсаар ярьж, хэд хэдэн удаа дуудсан ба тухай бүр очиж уулзахад 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр энэ хэрэгтээ холбоотойгоор надаас гэрчийн мэдүүлэг авч, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай" тогтоол, “Шинжээчийн дүгнэлт” зэргийг танилцуулж, яллагдагчаар мэдүүлэг авч, хүсэлт бичүүлж авсан. Ингэхдээ мөрдөгчийн зүгээс надад танилцуулсан баримтуудын хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлаж өгөхгүйгээр “...Чи санаа зовох хэрэггүй. Торгуультай салчихна...” гэх байдлаар хэлж, “...санал, хүсэлт байхгүй, танилцлаа, гэм буруугаа зөвшөөрч байна...” зэрэг агуулгатай баримтуудад гарын үсэг зуруулж, хүсэлт бичүүлж авсан. Би тухайн үед Эрүүгийн бус Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх юм байна гэж ойлгож, мөрдөгчийн хэлж, зөвлөсний дагуу холбогдох баримтуудад гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл гомдолд дурдаж буй үйл явдал болсноос хойш даруй 10 cap орчмын хугацаанд цагдаагийн байгууллагаас надтай болон хохирогчтой холбогдохгүй байж байгаад гэнэт л учир нь олдохгүй янз бүрийн баримтууд танилцуулж, дахин мэдүүлэг авсан болно.
Дээрх үйл явдлууд болж өнгөрч, прокуророос яллах дүгнэлт гардаж авсны дараа би өөрийгөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах' гэмт хэрэг үйлдсэн гэх асуудлаар буруутгагдаж байгаа, надад холбогдох хэргийг прокурорын зүгээс шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлэхээр болсныг мэдэж, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр буюу өөрт холбогдох хэргийг шүүхэд шилжсэний дараа өмгөөлөгчтэй холбогдож, уулзаж зөвлөгөө авахад мөрдөгчийн зүгээс надад хэлж, ярьж байсан нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч..." буй байдлыг үүсгэснийг хожим ойлгож анхнаасаа өмгөөлөгчид хандаагүй, цагдаагийн алба хаагчдын үгэнд итгэж, найдаж явсандаа харамсаж байна.
Мөн хохирогчтой дахин 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр холбогдож, уулзаж, түүний мэдүүлэгт дурдагдсан: “...Тухайн үед 65.000 төгрөг зарцуулсан. Баримт байхгүй...” гэх болоод бусад хохирол байгаа бол төлье гэхэд тэрээр “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй..." гэсэн байр суурийг дахин илэрхийлж, хохиролд мөнгө авах шаардлага байхгүй гэж татгалзсан. Миний хувьд өөрийн бусдын бие, хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдсан үйлдлээ хууль бус байсан болохыг ухамсарлаж байгаа боловч Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан эсэх, хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл бодитой учирсан эсэхэд эргэлзэж байгаа юм.
Гомдолд дурдсан нөхцөл байдлыг анхан шатны шүүхэд хуралдааны явцад үнэн зөвөөр, тодорхой мэдүүлсэн боловч шүүх намайг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, миний эрх зүйн байдлыг насан туршид минь дордуулж байгааг хүлээн зөвшөөрч, эвлэрэх боломжгүй байна. Иймд надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөхийг хичээнгүйлэн хүсье. ...” гэжээ.
Шүүгдэгч А.Вгийн өмгөөлөгч Ч.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Холбогдох тайлбараа бичгээр өчигдөр шүүхэд хүргүүлсэн байгаа. Шүүгдэгч А.Вгийн хувьд хохирогчийн биед халдсан асуудал дээр маргасан зүйл байхгүй. Шүүгдэгч А.В тайлбарлахдаа “... тухайн үед бид хоёр харилцан заамдалцаад миний хувьд мөргөх оролдлого хийсэн. Хохирогч намайг буцаагаад түлхсэн. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд бид салаад явсан. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдаад байгаа гэмтлийг би учруулаагүй, тухайн үед харахад хохирогчид ил харагдах шарх байгаагүй. Бид хоёрын дунд тийм сүртэй зүйл болоогүй” гэдэг. Гэтэл хохирогч мэдүүлэхдээ “газар унагаасан, мөргөсөн, шанаан тус газар цохисон” гэх байдлаар зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Шинжээчийн дүгнэлтийг хохирогч болоод шүүгдэгчид аль алинд нь гарсанаас нь хойш 10 сарын дараа танилцуулсан байдаг. Үүнээс болж хэргийг анхан шатны шүүхээс прокурорт буцааж байсан. Харин прокурорын эсэргүүцлийг үндэслээд давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байна гээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон учраас хэргийг шийдвэрлэсэн байдаг. Ийм эргэлзээтэй хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн тодорхой бус дүгнэлтүүдэд үндэслэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчлийн шинжтэй үйлдэл байж болох байтал заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх байдлаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч А.Вд холбогдох хэрэг 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр үйлдэгдсэн байдаг. Хохирогч тухайн болсон асуудлын талаар мэдүүлэг өгөхдөө үнэн, зөвөөр мэдүүлсэн. Хэрэгт хохирогчийн хоёр удаагийн мэдүүлэг авагдсан байдаг. Шинжээчийн дүгнэлт 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гарсан. Хохирогчийг удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч үнэн зөвөөр тогтвортой мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч А.В нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчид гэмтэл учруулаагүй гэж маргадаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Анхан шатны шүүхээс А.Вг гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч А.В нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Инканто молл”-ын эсрэг талд насанд хүрээгүй хохирогч Г.Ш нүүр нь тус газарт мөргөж, биед нь халдаж “дээд эрүүний зүүн хажуугийн 1, 2 дугаар шүдний сулрал, доод уруулын няцарсан шарх” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Г.Ш “... Энканто моллын зүүн талд найз З-ийн найз залуу В гэх залуу намайг дуудсан. Тэгээд би тэнд яваад очиход тэр миний дух руу мөргөөд, баруун хацар луу нэг удаа цохисон, газар намайг унагаасан. Тэгээд би салаад KFC рүү гүйж ороод ахыгаа дуудсан. ...намайг З-д цамцаа өгсөн гэх шалтгаанаас болж намайг зодсон юм байна лээ. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ...” /хх 33-40, 114/,
А.Вгийн яллагдагчаар өгсөн “... Би найзуудтайгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто молл-ын урд талд байрлах кофе шоп дотор сууж байхдаа Г.Ш-г харж байсан. ... харьцаж байсан охин руу залгаад байсан учир үл ойлголцож, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр түүний утас руу залгаж, кофе шоп дээр ир гэж дуудаж уулзсан. Тэгээд Шигмүнитэй барьцалдаж авсан, би ам руу нь толгойгоороо мөргөөд бид хоёр салсан. ...” /хх 52/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 156 дугаар “Г.Ш биед дээд эрүүгий зүүн хажуугийн 1, 2 дугаар шүдний сулрал, доод уруулын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 45-46/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч А.Вгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Вг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүгдэгч А.Вд 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Шүүгдэгч А.В нь “... надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч А.Вгийн үйлдлээр хохирогч Г.Ш биед хөнгөн хохирол учирсан болох нь хохирогч болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдон тогтоогдсон байх бөгөөд нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүгүй, бие биеэ нотлож байх ба шүүгдэгч А.Вгийн үйлдэл нь хохирогч Г.Шигмүнд учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Нөгөөтээгүүр, хохирогч Г.Ш “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэсэн мэдүүлэг нь шүүгдэгч А.Вгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үгүйсгэхгүй юм.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/603 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Вгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/603 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Вгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ