| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сураагийн Отгонтуяа |
| Хэргийн индекс | 115/2024/0023/З |
| Дугаар | 115/ШШ2024/0026 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Тендер, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 115/ШШ2024/0026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “...” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...,
Хариуцагч: Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын Тамгын газрын дарга ...,
Хариуцагчийн өмгөөлөгч: ...,
Гуравдагч этгээд: “...” ХХК-ийн захирал ... нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч ..., түүний өмгөөлөгч ..., гуравдагч этгээд “...” ХХК-ийн захирал ..., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “...” ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Сумын төвийн гэрэлтүүлэг камержуулалт”-ыг гүйцэтгэх тухай тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. Хэргийн нөхцөл байдлын талаар:
2.1. Анх Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар “Сумын төвийн гэрэлтүүлэг камержуулалтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах” үнэлгээний хороог 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.
Ийнхүү байгуулагдсан тендерийн “Үнэлгээний хороо”-оос ... дугаартай “Сумын төвийн гэрэлтүүлэг камержуулалт”-ын нээлттэй тендерийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зарлаж, урилгыг “www.tender.gov.mn” төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудсанд байршуулсан ба урилгад тендерийн материалыг хүлээн авах сүүлийн хугацааг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 00 минут гэж, тендерийг мөн өдрийн буюу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 30 минутад нээхээр заажээ.
2.2. Дээрх урилгад заасны дагуу “Үнэлгээний хороо” нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 30 минутад тендерийг нээхэд нэхэмжлэгч “...” ХХК-аас гадна “...” ХХК, “...” ХХК гэх нийт 3 аж ахуйн нэгж тендер ирүүлсэн байна.
2.3. Тендерийн “Үнэлгээний хороо” хуралдаж, “...” ХХК, “...” ХХК, “...” ХХК-уудын тендерийг тус тус шаардлагад нийцсэн гэж үнэлэн, улмаар хамгийн бага үнийн санал ирүүлсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэх үндэслэлээр “...” ХХК-ийн тендерийг шалгаруулж тус компанитай гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтийг /хавтаст хэргийн 131 дэх тал/ гаргаж захиалагч Мандах сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна.
2.4. Цаашлаад захиалагч Мандах сумын Засаг даргын Тамгын газраас “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03/232 дугаар албан бичгийг нэхэмжлэгч “...” ХХК-д хүргүүлж сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/70 дугаар захирамжаар эрх олгосны дагуу Мандах сумын Засаг даргын Тамгын газраас 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн ...дугаартай “Мандах сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г “...” ХХК-тай байгуулсан байна.
2.5. Үүний дараа Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргаас 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ...дугаартай “Мандах сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалж дахин тендер зарлах болсон тухай 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/368 дугаар албан бичгийг нэхэмжлэгч “...” ХХК-д хүргүүлсэн.
2.6. Улмаар үнэлгээний хорооноос 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 3 дугаар хуралдаанаараа “Сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх” нээлттэй тендерийг дахин зарлахаар шийдвэрлэж /хавтаст хэргийн 154-155 дахь тал/ тендерийн урилгад тендерийн баримт бичгийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө хүлээн авч, мөн өдрийн буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 30 минутад нээхээр заасан ба уг тендер сонгон шалгаруулалтад “...” ХХК материалаа ирүүлсэн байна.
2.7. Тендерийн “Үнэлгээний хороо”-оос “...” ХХК-ийн тендерт үнэлгээ хийн, уг тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулан /хавтаст хэргийн 157-159 дэх тал “үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл/ тус “...” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтийг /хавтаст хэргийн 156 дахь тал/ гаргаж захиалагч Мандах сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн, улмаар Мандах сумын Засаг даргаас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаартай “Мандах сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г “...” ХХК-тай байгуулсан байна.
3. Нэхэмжлэгч “...” ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нээсэн “Сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх” тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Сумын төвийн гэрэлтүүлэг камержуулалт”-ыг гүйцэтгэх тухай тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
4.1. 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ...дугаартай “Мандах сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 6 дугаар зүйлд заасан 89,272,510 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр багтаан манайд олгохоор тохиролцсон байхад захиалагч нь гэрээний урьдчилгаа төлбөрийг шилжүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлэх нөхцөлөөр хангаагүй тул гэрээний үүргээ биелүүлэхийг албан бичгээр шаардаж, хариуцсан албан тушаалтнуудтай нь холбогдож мэдэгдэж байсан боловч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, дахин тендер зарлах агуулгатай мэдэгдлийг ирүүлсэн нь гэрээний тэгш байдлын зарчимд нийцэхгүй;
захиалагч нь гэрээг цуцалж, дахин тендер зарлахдаа “ерөнхий гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч талын гомдлыг шийдвэрлээгүй, захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгч олох ёстой байсан орлогоо алдсанаар эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.
4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай компанид 2024 оны 05 сарын 01-ний 03/232 дугаар гэрээ байгуулах тухай албан бичиг ирсэнтэй холбоотойгоор 05 сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Үүний дагуу ажил эхлэхээс өмнө буюу 05 сарын 15-ны дотор урьдчилгаа төлбөр 89,270,000 төгрөгийг манай байгууллагад олгох байсан, урьдчилгаа төлбөр олгогдохгүй байснаас ажил хойшилсон. Үүнээс үүдэлтэй 06 сарын 28-ны өдрийн албан бичгээр санхүүжилт хүссэн. Уг албан бичигт ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй байж байгаад 07 сарын 08-ны өдөр хариуцсан албан тушаалтан нь холбогдоод гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Ингээд 07 сарын 09-ний өдрийн 01/368 дугаар гэрээ цуцлах тухай албан бичгийг манайд хүргүүлсэн.
Манай компани гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28.6-т заасан үндэслэлийн дагуу 14.6-т заасан гүйцэтгэлийн баталгаагаа төлөөгүй бол гэрээг байгуулах эрх олгогдох нь хүчин төгөлдөр бус болно гэсэнд аль нэг талаас маргаагүй. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрөө манайх шаардахад төрийн байгууллага нэг ч хариу албан бичиг өгөөгүй. Ажил гүйцэтгэх гэрээ маань цуцлагдаагүй явж байгаа үед гэрээ цуцлах тухай албан бичиг өгсөн нь үндэслэлгүй. Ийм нөхцөлтэй байхад дахиж тендер зарлаж байгаа үйл ажиллагаа эхнээсээ хууль бус явагдаж байгаа. Өмнөх гэрээнийхээ асуудлыг шийдээгүй байхад тендер зарлах үйл ажиллагаа явагдах боломжгүй байсан. Манай байгууллагын эрх, ашиг сонирхол зөрчигдөөд байгаа асуудал дээр ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй шийдвэр гаргаагүй. Хоёр удаагийн албан бичиг дээр хоёулан дээр нь хариу өгөөгүй байж тендер зарлаад дахиад компани сонгон шалгаруулсан. Манай байгууллагын олох ёстой байсан орлогыг хязгаарлаж, эрх болон хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйл ажиллагаа байгаа. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын албан тушаалтан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28.6-т заасан үндэслэлээр анх манай байгууллагад хандаад энэ эрхийг чинь дуусгаж хүчингүй болголоо гэдэг зүйлийг ярихгүйгээр энэ хуулийг хөндөлгүйгээр өнөөдрийн нөхцөл байдалд хүрч байна. Төрийн байгууллагын албан тушаалтан шийдвэр гаргаж болно. Гэхдээ хууль хэрэгжүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан асуудал дээр манай эрх зөрчигдөж байна. Иймд бүхэлд нь хүчингүй болох үндэслэлтэй. Учир нь хуулийн хувьд дахин зарлагдах боломжгүй
Төрийн байгууллагын албан тушаалтны буруутай үйл ажиллагаа буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар 28.6-д заасан арга хэмжээг аваагүйгээр шууд гэрээ байгуулсан. Төрийн байгууллагын албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас манай байгууллага өнөөдөр олох ёстой байсан орлогоороо хохирсон. Үүнд гуравдагч этгээд хүртэл хохирчихсон асуудал яригдаж байгаа.
Манайх байнга сумын гэрэлтүүлгийн үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллагын ажлууд хуваарийнхаа дагуу явдаг. Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын Тамгын газартай холбоотой ажил маань хуваарийн дагуу яваад эхлэхийнхээ өмнөх өдөр Засаг даргын Тамгын газраас гэрээгээ цуцалж байна гэсэн албан бичиг ирсэн. 07 сарын 09-ний албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гээд биччихсэн байгаа. Тэр нь хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Хуулиас үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд яг тэр заалт дээр сонгон шалгаруулалтаас өөр бүүр дуудлага худалдаатай холбоотой заалт байсан. Хуульд гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй гэдэг. Манайх 07 сарын 08-ны өдөр орлогч гэх хүнтэй нь холбогдохдоо маргаашаас очиж ажлаа хийх гэж байна гэхэд 09-ний оройны 10 цаг орчим буцаагаад мэйлээр албан бичиг явуулсан. Энэ албан бичгээр гэрээ цуцаллаа шүү гэдэг байдлаар хандсан. Тухайн албан бичиг эх хувиараа ч ирээгүй. Манайх Сангийн яам болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан. Энэ хугацаанд тендер шалгаруулалт зарлагдсан байсан.
Энэ асуудал дээр урьдчилгаа төлбөрийн баталгааг нь авахгүйгээр гэрээ байгуулаад ажлаа явуулах гэсэн энэ процесс ажиллагааны дараалал алдагдсан. Манай зүгээс урьдчилгаа төлбөрөө олгох ёстой гэж шаардсан. Үүнийг хариуцагчаас танайх гүйцэтгэлээрээ төвлөрүүлж өгөх юм уу гэсэн байдаг. Үүнээс үүдэлтэйгээр манай байгууллага 07 сарын 09-ний хүртэл хугацаа алдсан. Манайх давхар бараа материал бэлдчихсэн. Тухайн бараа материалуудыг яах нь мэдэгдэхгүй байж байна. Ингээд зарим асуудлууд нь шийдэгдэхгүй явсаар байгаад 07 сарын 09-нд шууд гэрээ цуцалсан. Энэ талаараа урьдчилж ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл танай байгууллагын ийм асуудал үүсгэчихсэн байна, үүнийгээ шийдвэрлээч гэж төрийн байгууллагын албан бичгээр нэг ч удаа хангаагүй. Гэтэл одоо ярьж байгаа зүйл нь чатаар холбогдсон гэдэг зүйл ярьдаг. Төрийн байгууллагын үйл ажиллагаа чатаар биш албан хэрэг хөтлөлтөөр явагддаг гэдгийг одоо ойлгох хэрэгтэй байна. Ийм учраас тендер шалгаруулалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байсан гэж үзэж байна гэв.
5. Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч “...” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгийг хүргүүлэхдээ “…гэрээний маягтад гарын үсэг зураад, гүйцэтгэлийн баталгааны хамт ирүүлэх” талаар мэдэгдсэн, тендерийн баримт бичигт урьдчилгаа төлбөрийн 10 хувь болох 8,927,251 төгрөгийн баталгаа ирүүлэх талаар тусгасан, энэ гүйцэтгэлийн баталгаа хийгээгүй бол захиалагч урьдчилгаа төлбөр төлөхийг хуулиар хориглосон;
Олон удаагийн тендерт оролцож байсан компани энэ үүргээ мэдэж байгаа, гүйцэтгэлийн төлбөрөө хийнэ гэж үзсэн учраас гэрээний 6-д урьдчилгаа төлбөр 30 хувь шилжүүлэх заалт оруулсан;
Сумын орлогч дарга ...нэхэмжлэгч компанийн захирал ...той байнга холбогдож утсаар ярьж, зурвас бичиж хэзээ ажлаа эхлэх талаар болон ажил эхэлсэн даруйд санхүүжилт олгох талаар байнга хэлж ярьсаар байсан, гэвч ирж ажлаа хийгээгүй, засаг даргатай холбогдож учир байдлаа хэлээгүй, Засаг даргыг залгахаар утсаа авахгүй байсан тул Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээг цуцлах шийдвэрийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. Нэхэмжлэгчээс гэрээ цуцлах талаар мэдэгдсэний дараа 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн огноотой 1/890 дугаартай “санхүүжилт авах тухай” албан бичгийг манайд ирүүлсэн;
Нэхэмжлэгч нь нэг ч удаа өөрөө болон ажилтнаа явуулж, ажлын талбайгаа ч үзээгүй, хэзээ ирж, яаж ажлаа эхлэх нь тодорхойгүй байсан учраас бидэнд нэмэлт хугацаа тогтоох ч боломжит хугацаа үлдээгүй, гэрээний хугацаа 07 дугаар сарын 20-ны өдөр байхад хугацаанаас өмнө гэрээ цуцалсан гэж байгаа ч сумын 100 жилийн ой 7 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд болох байсан тул гэрээний хугацааг баримтлах боломжгүй, гэрээнд зааснаас наана ажил гүйцэтгэх талаар нэхэмжлэгч мэдэж байсан ба захиалагч урьдчилгаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс хугацаандаа ажлаа гүйцэтгэх боломжгүй байна гэж үзсэн бол хугацаа сунгах хүсэлтээ гаргаж болох байсан ч ямар нэг хүсэлт гаргаагүй учраас “нэмэлт хугацаа тогтоогоогүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй;
Нэхэмжлэгчид ямар нэг бодит хохирол учраагүй, учир нь огт ажил эхлээгүй бөгөөд ажил эхлэхэд бэлэн, бэлтгэл ажил хангасан гэсэн боловч яг ямар бэлтгэл ажил хангасан талаар захиалагч талд мэдэгдсэн зүйл байхгүй;
Дараагийн тендер зарлахад “...” ХХК ганцаараа материал ирүүлсэн бөгөөд үнэлгээний хороо хуралдаж, шаардлага хангасан гэж дүгнэн шалгаруулснаар “...” ХХК нь одоогоор гэрээнд заасан ажлыг гүйцэтгээд дуусч байгаа, иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй” гэж агуулгаар тайлбарлан маргасан.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Мандах сумын Засаг даргын Тамгын газар санхүүжилтээ хугацаандаа өгөөгүйгээс үүрэг гүйцэтгэх боломжгүй байсан. Санхүүжилт төлсөн албан бичгийг 06 сарын 28-ны өдөр өгсөн боловч хариу тайлбар өгөхгүй байж байгаад 07 сарын 09-ний өдөр гэрээ цуцалсан нь үндэслэлгүй гэдэг тайлбар хэлж байна. Энэ асуудалтай холбоотой нэхэмжлэгчээс Иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэлийг гаргаад 11 сарын 08-ны өдөр шүүхээр шийдсэн. Өөрөөр хэлбэл энэ гэрээ цуцалсан үйлдэл хууль бус уу, аль тал гэрээний үүргээ зөрчсөн бэ гэдэг дээр шүүхийн шийдвэр гарчихсан. Харин хараахан албан ёсоор албажиж гарч амжаагүй байгаа учраас шүүхэд нотлох баримтаар өгөх боломжгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т гүйцэтгэлийн баталгааг гаргаж өгөх ёстой. Энэ гүйцэтгэлийн баталгаа өгөөгүй тохиолдолд санхүүжилт өгөхийг хориглоно гэж хуульдаа заачихсан.
Мөн тендерийн баримт бичгийн тусгай нөхцөл, тендерийн баримт бичиг бол тендерийн үйл ажиллагаа холбоотой гол баримталдаг баримт бичгийг тендерт оролцож байгаа компаниуд бүгд хүлээн зөвшөөрөөд орж ирдэг учраас тусгагдсан тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ гэрээний тусгай нөхцөлд зааснаар гүйцэтгэлийн баталгааг 05 сарын 15 өгөх ёстой байсан. Нэхэмжлэгч компани бол олон удаагийн тендерт оролцож байгаа учраас гүйцэтгэлийн баталгаа гаргах ёстой, өгөхгүй бол санхүүжилт орж ирэхгүй, хуульд ийм заалт байдаг гэдгийг мэдэж байгаа. Ийм ч учраас гүйцэтгэлийн баталгаагаа ирүүлнэ гэдэг үүднээс урьд өдөр нь буюу 05 сарын 14-ний өдөр гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулчихсан байдаг. Иймд санхүүжилт хүссэн 06 сарын 28-ны өдөр албан бичиг хүргүүлсэн, хариу хэлээгүй гэж хэлж байгаа тайлбар үндэслэлгүй юм. Яагаад гэхээр гэрээг цуцалсан 07 сарын 09-ний өдрөөс хойш 07 сарын 10-ны өдөр энэ урдуур он сартай 06 сарын 28-ны өдрийн он сартай албан бичгийг гэрээ цуцалснаас хойш өгсөн байдаг. Үүнээс өмнө нь ямар нэгэн байдлаар албан бичиг өгсөн зүйл байгаагүй. Гэхдээ санхүүжилт олгох уу, яах вэ, хэзээ очих вэ гэдэг талаар хариуцсан албан тушаалтан орлогч ...гэх хүнтэй байнгын өдөр тутмын холбоотой байсан нь хэрэгт нотлох баримтаар өгсөн хоёр талын чатаас харагддаг. Үүнээс харахад хэдийгээр гэрээний хугацааг 07 сарын 20-нд тусгачихсан байсан боловч тухайн сумын 100 жилийн ой 07 сарын 17, 18, 19-нд болох байсан учраас гэрээний сүүлчийн хугацааг баримтлах шаардлагагүй, наана нь ажил үүргээ хийгээд өгөөч гэсэн байдаг. Нэхэмжлэгч талаас зөвшөөрөөд наана нь хийж өгнө, очно гэхдээ энд манай ажил дуусахгүй байна. Та одоо давхар тендер авчихсан юм уу гэсэн байдлаар харьцаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Ийм учраас энэ асуудлыг Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдчихсэн буюу Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар цаашид ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон гэдэг үндэслэлээр шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь иргэний болон захиргааны хэргийн шүүхэд эрх хууль ёсны ашиг сонирхол нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзэж эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах ёстой. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг харахаар нэхэмжлэлийн шаардлага нь 2 дахь удаагийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү гэж байгаа боловч яг хүчингүй болгох үндэслэл нь юу юм. “...” ХХК-ийн эрх ашиг нь яаж хохирчхоод байгаа юм бэ гэдэг нь нэхэмжлэлээс тодорхой харагдахгүй байна. Мөн шүүхийн шийдвэр гарсны дараа биелэгдэх боломжтой байх ёстой. Нэхэмжлэгч компани үүргээ гүйцэтгэхгүй буюу гэрээ байгуулснаас хойш 2 сарын хугацаа өнгөрчхөөд байхад нэг ч удаа талбай дээрээ ирэхгүй, холбогдохгүй болсон. Тэгээд холбогдохоороо за нэг очно оо, очихоороо гялс хийчихнэ ээ гээд л байгаад байдаг. Гэтэл сумын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн. Ер нь анхнаасаа л энэ тендерийн сонгон шалгаруулалтын зорилго сумын 100 жилийн ойтой холбоотойгоор зарласан. Гэтэл ингээд сумын ой, улсын баяр наадмын амралт тулчихсан байсан. Үүний дараа сумын ой шууд үргэлжлэх ёстой байсан учраас 07 сарын 09-ний өдөр яахын аргагүй нэмэлт хугацаа ч тогтоох боломжгүй байсан. Нэхэмжлэгч талыг цаашид харах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас Засаг даргын зөвлөл хуралдаад 07 сарын 09-ний өдөр танайхтай байгуулсан гэрээгээ цуцаллаа гэж мэдэгдээд дараагийн сонгон шалгаруулалтыг зарласан.
Мэдээж баталгаагаа авч л байж гэрээгээ байгуулна. Тендерийн баримт бичиг дээр баталгаа гаргана гэж байгаа. Тэгээд албан бичгээр мэдэгдчихсэн. Гүйцэтгэлийн баталгааг компани бүр гаргадаг. 07 дугаар сарын 09-нийг хүртэл гаргаагүй. Дараагийн тендер зарлагдаж байхад танай компани дахин оролцох боломж байсан. Манайхаас 07 сарын 09-нд хэдий бичиг явуулсан ч гэсэн танайх 20-нд гэрээ дуусах юм чинь тэрнээс өмнө бас ирээд хийчих боломж байсан.
Дараагийн сонгон шалгаруулалтад оролцсон ганц компани “...” ХХК байсан ба ганц компани оролцсон. Тухайн компанийг шалгаруулаад ажлаа хийгээд одоо ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй ажил хийгдээд дуусаж байгаа. Энэ нөхцөл байдалд сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгөөч ээ гэхлээр энэ компанийн хийсэн ажлыг бүүр үгүйсгээд эхнээс нь нураагаад дахиад “...” ХХК хийх ёстой юм шиг байдлаар хандах нь эргээд шүүхийн шийдвэрийг биелэгдэх боломжгүй нөхцөл байдалд хүрч байна. Ийм болохоор “...” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж хариуцагчаас үзэж байгаа гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч ... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мандах сум 100 жилийн ойтой холбоотой сумын гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг хийх үндсэн зорилготой байсан. Энэ ажлаа хурдан хугацаанд хийлгэж нэгдүгээрт иргэдийнхээ аюулгүй орчинд амьдрах, хоёрт төсвийн мөнгийг үр өгөөжтэй захиран зарцуулах ажил номер нэгт явагдах ёстой байсан. Тэрнээс “...” ХХК нь 2 сар гаруй хугацаанд үүргээ гүйцэтгэхгүй яваад байхад заавал энэ компанийг хүлээж, энэ компаниар хийлгэнэ гээд ажлаа хойш тавих боломжгүй. Санхүүгийн чадамжтай компани гээд тендерт оролцож байгаа. Өөрөөр хэлбэл 300,000,000 төгрөгийн зээл олгох боломжтой гэсэн баримтаа тендерийн баримтдаа анх “...” ХХК-иас компаниас бүрдүүлээд өгчихсөн байсан.
Хоёр тал мэдээж аль, аль нь алдаа гаргасан уу гэвэл гаргасан. Нэг нь баталгаагаа ирүүл ээ гэж өгчхөөд байхад баталгаа ирүүлээгүй гэрээгээ байгуулсан. Санхүүжилтээ өгч байж манайх ажлаа эхэлнэ гэж нэхээд, талуудын хоорондын чатад санхүүжилтээ нэхсэн, албан бичиг явуулсан, санхүүжилт өгөхгүй бол манайх очихгүй гэдэг байдлаар хандаагүй байдаг. Талуудын хоорондын өдөр тутмын чатаас очно гэдэг нөхцөл байдал харагддаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан энэ хуулийг одоо л яриад байна. Өмнө нь бол маргаан гараагүй нэг нь ирээч гээд, нэг нь очно гээд тэгээд ирэхгүй байсан асуудал яригдсан. Шүүхийн шийдвэр бол биелэгдэх боломжгүй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.2, 126 дугаар зүйлийн 126.1-д заасан үндэслэлээр Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдсэн.
Нэхэмжлэгч баталгаа шаардаж байсан баримт байхгүй гэж байна. 05 сарын 01-ний гэрээ байгуулах албан бичиг дээр гүйцэтгэлийн баталгааны хамт ирүүлнэ үү, ирүүлэхгүй байх нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болно гэж биччихсэн. Гэхдээ гүйцэтгэлийн баталгаа 7,000,000 төгрөгийг 05 сарын 15-нд авахаар тендерийн баримт бичиг тусгагдсан. Гэрээ 05 сарын 14-нд цахимаар байгуулагдчихсан. Үнэхээр нэхэмжлэгч тал урьдчилгаагаа авчхаад ажлаа хийнэ гэж байсан бол урьдчилгаагаа өгөхгүй 2 сар болчихлоо манайх гэрээгээ цуцалъя, танайх үүргээ зөрчөөд байна гээд хандах боломж байсан. Талуудын байгуулсан гэрээ хоёр талын гэрээ учраас нэг талын шаардлагаар гэрээ цуцлах боломж байсан. Гэтэл гэрээгээ цуцлаагүй харин эсрэгээрээ ажлаа хийнэ, очиж хийнэ, одоо очлоо манай нэг ажил дууслаа гэдэг асуудал яригдаад ингээд хугацаа аваад яваад байсан болох нь чатаас тодорхой харагдаж байгаа. Нэхэмжлэгч тайлбартаа манайх зэрэг, зэрэг тендер аваад ажил хийчихдэг гэдэг асуудлаа ярьсан. Тэгэхээр ажил нь амжихгүйгээсээ болоод ингээд ирэхгүй яваад байсан. Нөгөө тал бол үнэхээр наадам болох гээд байна. Наадмаас өмнө манайх энэ ажлаа хийхгүй бол би арга хэмжээ авагдах гээд байна, хурдлаач ээ гээд л яриад байсан нь ,чатаар бол хангалттай тогтоогдож байгаа. Хоёрт дараагийн тендер зарлаж байхад оролцох боломж байсан. Яагаад оролцоогүй вэ гэхээр Сангийн яам болон шударга өрсөлдөөн хэрэгжилтийн төлөө газарт гомдол гаргаад явж байсан. Мөн шүүхэд хандахыг манай удирдлага мэдээгүй учраас хандаагүй гэж ярьж байна. Гэтэл энэ баримтыг Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр ч өгөөгүй. Үнэн зөв бас тайлбар гаргах эрхтэй. Ямар ч байдлаар ингээд хандаад явж байсан гэдгийг өнөөдрийн шүүх хурал дээр л би анх удаа сонсож байна. Мөн Мандах суманд ирээд одоо хэмжилт хийгээд явсан гэж байна мэдээж захиалагч талтай уулзахгүй хэмжилт хийчхээд л явчхаагүй юм нэг ч удаа захиалагчтайгаа уулзаагүй. Гэтэл одоо хэргийн байдалд нийцэхгүй худал тайлбар бас өгмөөргүй байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд дараагийн тендер сонгон шалгаруулалтын ажил хийгдээд ажил 90 хувьтай гүйцэтгэгдчихсэн байхад эргээд энэ сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нь “...” ХХК-ийн буюу гуравдагч этгээдийн ашиг сонирхол, хоёрт Мандах сумын ард иргэдийн эрх ашиг, гуравт энэ төсвийн өмч хөрөнгө бас үргүйдэх ийм нөхцөл байдлууд байгаа. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд “...” ХХК-ийн захирал ... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хоёр тал маргаад манайх бас давхар хохироод яваад байна. Нэг нь гүйцэтгэлийн баталгаа нөгөө нь урьдчилгаа төлбөр авна гэж маргадаг. Гэтэл урьдчилгаа төлбөрийнхөө баталгаа, гүйцэтгэлийн баталгаа ч байршуулаагүй, ажлаа хийгээгүй байж энэ компани яагаад эрх ашиг нь зөрчигдсөн гэж гомдол гаргаад яваад байгааг үнэндээ ойлгохгүй байна. Тендерийн баримт бичиг дээр чинь бас байж байгаа. Ижил төстэй ажил хийж байгаа тохиолдолд 70 хувийн гүйцэтгэлд хүрсэн байж дараагийн ажил руу орно. Нэхэмжлэгч тал шаардлагаа хангаж, мөн санхүүгийнхээ боломж бололцоонд тааруулж тендерт оролцож байгаач ээ. Тэгэхгүй бол ингээд аль, аль талдаа хүндрэлтэй байгаад байна.
Манай компани тухайн ажилд шалгараад ажлыг 90 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Нэхэмжлэгч компани урьдчилгаа өгөөгүй гэж байна. Ер нь тендерт оролцож байгаа компани мэдээж 50 хувийнхаа санхүүгийн чадварыг даана гэж тендерт баталгаа болгож банкны зээлийн эрхийн тодорхойлолт юм уу, банкны дансны хуулгатай тендертээ материалаа илгээж шалгардаг. Хоёрдугаарт мэдээж ямар ч аж ахуйн нэгжүүд урьдчилгаа 30 хувьтай гэрээ хийсэн ч гэсэн банкны баталгаагаа заавал батлуулж байж 30 хувиа авдаг.Тэгэхлээр үүнийг мэдсээр байж одоо бид бүгдийн ажилд бас саад болоод байгаад нь санал нийлэхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан “Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Сумын төвийн гэрэлтүүлэг камержуулалт”-ыг гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… захиалагч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу 89,272,510 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр багтаан манай компанид олгоогүйгээс ажил гүйцэтгэх нөхцөлөөр хангагдаагүй, ажил эхлэх хугацаа хойшилсон үр дагавар бий болсон;
гэрээг цуцалж, дахин тендер зарлана гэх хариуцагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй талаараа 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/244 дүгээр албан бичгээр гомдол гаргасан боловч, гомдлыг шийдвэрлээгүй;
захиалагч нь гэрээг цуцалж, дахин тендер зарласнаар нэхэмжлэгч олох ёстой байсан орлогоо алдаж эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.
3. Харин хариуцагчаас “нэхэмжлэгч нь тендерийн баримт бичигт заасан гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй тул гэрээнд заасан 30 хувийн урьдчилгаа төлбөр төлөх хуулийн үндэслэлгүй, огт ажил эхлээгүй бөгөөд ажил эхлэхэд бэлэн, бэлтгэл ажил хангасан гэх боловч ажлын талбай дээрээ ирээгүй, холбогдоогүй, хэзээ ирж, яаж ажлаа эхлэх нь тодорхойгүй байсан учраас бидэнд нэмэлт хугацаа тогтоох ч боломжит хугацаа үлдээгүй, гэрээний хугацаа сунгах хүсэлтээ гаргаагүй, нэхэмжлэгчид ямар нэг бодит хохирол учраагүй, дараагийн тендерт шалгарсан “...” ХХК гэрээнд заасан ажлыг гүйцэтгээд дуусч байгаа” гэх агуулга бүхий тайлбарыг гарган нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргаж байна.
4. Нэхэмжлэгчийн “… захиалагч нь гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу 89,272,510 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр багтаан манайд олгоогүй буюу ажлыг гүйцэтгэх нөхцөлөөр хангаагүй” гэх үндэслэлийн талаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Үүнд: Өмнө “Тодорхойлох нь” хэсгийн 2.3, 2.4 дэх хэсэгт дүгнэснээр Үнэлгээний хороо нь “Мандах сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил”-ын тендерт нэхэмжлэгч “...” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтийг гаргаж захиалагчид хүргүүлсэн /хавтаст хэргийн 131 дэх тал/, улмаар захиалагч Мандах сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн ...дугаартай “Мандах сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г /хавтаст хэргийн 142 дэх тал, арын нүүр/ нэхэмжлэгч “...” ХХК-тай байгуулсан ба энэхүү тогтоогдсон үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүйг дурдах нь зүйтэй.
4.1. Хариуцагч Мандах сумын Засаг даргын Тамгын газраас зарлаж нэхэмжлэгч “...” ХХК-ийн гүйцэтгэгчээр шалгарсан ...дугаартай “Мандах сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил”-ын тендерийн баримт бичгийн “Е.Мэдэгдэл хүргүүлэх, гэрээ байгуулах” хэсгийн 37.1-д “Хуулийн 42.1-д заасан тохиолдолд гэрээ байгуулах эрх авсан оролцогч тухайн төсвийн жилд санхүүжих дүнгийн гурван хувийн үнийн дүнтэй гүйцэтгэлийн баталгааг захиалагчаас шаардсан хугацааны дотор ирүүлнэ” гэж, 37.2-д “Гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг “Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам”-д нийцүүлэн гаргана” /хавтаст хэргийн 98, 99 дэх тал/ гэж;
II бүлэг. “Өргөдлийн хүснэгт”-ийн ТШЗ 24.1-д “Тендерийн баталгааны дүн: 1,487,875 төгрөг” гэж, ТШЗ 37.1-д “Шалгарсан оролцогч гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх эсэх: “Гэрээний нөхцөлийн дагуу гүйцэтгэлийн 8,927,251 (найман сая есөн зуун хорин долоон мянга хоёр зуун тавин нэг) төгрөгийн баталгаа ирүүлнэ” /хавтаст хэргийн 104 дэх тал/ гэж тус тус заасан болох нь тогтоогдож байна.
4.2. Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгч “...” ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ...дугаартай “Мандах сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний “Санхүүжилт” хэсгийн 2 дахь заалтад “гэрээний үнэ 245,673,938 /хоёр зуун дөчин таван сая зургаан зуун далан гурван мянга есөн зуун гучин найм/ төгрөг” гэж, 3 дахь заалтад “тендерийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр”, 4 дэх заалтад “нэхэмжлэгч нь тендерийн ажлыг 2024 оны 05 дугаар сарын 14-нөөс 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгөхөөр”, 6 дахь заалтад “санхүүжилтийг гэрээ байгуулж урьдчилгаа 30 хувийг, ажил хүлээлцэх акт үндэслэн үлдэх 70 хувийн санхүүжилтийг тус тус Хас банкны 5003394947 дансанд шилжүүлэхээр”;
мөн гэрээний 5 дахь заалтад “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл”, “Бусад шаардлагатай баримт бичиг”, “Үнийн санал”, “Гэрээний тусгай нөхцөл”, “Гэрээний ерөнхий нөхцөл”, “Техникийн тодорхойлолт болон бараа нийлүүлэлтийн хуваарь” зэрэг нь гэрээний салшгүй хэсэг байхаар /хавтаст хэргийн 142 дахь тал, арын нүүр/ тус тус заасан байжээ.
4.3. Улмаар хариуцагчаас тендерийн баримт бичигт заасан гүйцэтгэлийн баталгааг ирүүлэхийг нэхэмжлэгчээс шаардаж байсан болох нь “...” ХХК-д хаяглан хүргүүлсэн “…гэрээний маягтад гарын үсэг зурж, гүйцэтгэлийн баталгааны хамт захиалагчид ирүүлэх, шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг хуульд заасан хугацаанд захиалагчид ирүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болохыг анхаарна уу” гэж дурдсан Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 03/232 дугаар албан бичгээр /хавтаст хэргийн 140 дэх тал/ тогтоогдож байна.
4.4. Дээр тогтоогдсон үйл баримтыг Тендерийн хууль, хуульд нийцүүлэн гаргасан журмын зохицуулалтуудтай уялдуулан дүгнэвэл:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид “тендерийн хуулийн” гэж товчлох/ 4 дүгээр зүйлийн 4.1.16. “"тендер шалгаруулалт" гэж энэ хуульд заасан журмын дагуу зарлал нийтлэх, урилга хүргүүлэх, тендер хүлээн авах, нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах үйл ажиллагааг”, 4.1.17. "тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг” ойлгохоор,
мөн хуулийн 11.1. “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 11.2. “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж тус тус заасан.
Тендерийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. “Тендер шалгаруулалтын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш бол гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэлийн баталгаа шаардана” гэж заасны дагуу хариуцагчаас тендерийн баримт бичигтээ “8,927,251 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа”-г гаргуулахаар тусгасан нь, улмаар “8,927,251 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа”-г нэхэмжлэгчээс шаардсан нь хуульд нийцсэн байна.
4.5. Дээрх тохиолдолд нэхэмжлэгч нь тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.16. “Тендер үнэлэх, давуу эрх олгох, ашиглалтын хугацааны өртөг, чанар ба үнийн оноо тооцох аргачлал, зааврыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/252 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам”-ын “Гурав”-ын 3.1-д “Хуулийн 42.1-д зааснаас дээш төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад гэрээ байгуулах эрх авсан оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаас багагүй үнийн дүнтэй гүйцэтгэлийн баталгааг захиалагчид хүргүүлнэ”, 3.2-т “Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичиг болон гэрээнд урьдчилгаа төлбөр олгохоор заасан бол урьдчилгаа төлбөрөөр санхүүжүүлэх ажлын нэр төрөл, тоо хэмжээ, төсөв, ажил гүйцэтгэх хуваарийн хамт урьдчилгаа төлбөрөөс багагүй үнийн дүнтэй баталгааг захиалагчид хүргүүлнэ” гэж тус тус заасны дагуу тендерийн баримт бичигт заасан “8,927,251 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа”-г захиалагчид хүргүүлэх үүрэгтэй байна.
Гэтэл нэхэмжлэгч нь дээр дурдсан хууль, журамд заасныг зөрчин тендерийн баримт бичигт заасан гүйцэтгэлийн баталгааг хариуцагчид хүргүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа “урьдчилгаа төлбөр шилжүүлээгүйгээс ажил гүйцэтгэх нөхцөл хангагдаагүй буюу захиалагч гүйцэтгэлийн баталгаа хүлээж аваагүй байхдаа гэрээ байгуулсан учраас манайд урьдчилгаа төлбөр төлөх ёстой” гэх агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгчид гэрээнд заасан урьдчилгаа төлбөрийг шаардах эрх үүсэхгүй байна.
Нэгэнт “гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй байхад гэрээ байгуулсан” дээрх тохиолдолд хариуцагч нь Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.6. “Энэ хуулийн 14.6.2-т заасан нөхцөл бий болсноор захиалагч гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, удаах эрэмбэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно” гэж заасныг хэрэгжүүлэх буюу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тендерт “...” ХХК-ийн дараагаар хамгийн бага үнийн саналтай эрэмбэлэгдсэн “...” ХХК-д /хавтаст хэргийн 134-135 дахь тал/ гэрээ байгуулах эрх олгохоор байжээ.
4.7. Хариуцагч Мандах сумын Засаг даргын Тамгын газраас Тендерийн хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчсөн нь дээрх байдлаар тогтоогдож байгаа хэдий ч энэ нь нэхэмжлэгч “...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хангалттай үндэслэл болохооргүй байна.
4.8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бусад үндэслэлийн тухайд:
4.8.1. Хариуцагчаас гэрээ цуцалж, дахин тендер зарлах талаар нэхэмжлэгч “...” ХХК-д мэдэгдсэн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/368 дугаар албан бичгийг нэхэмжлэгч нь мөн өдөртөө хүлээн авсан ба улмаар “гэрээ цуцлах үндэслэлгүй иймээс гэрээтэй холбоотой асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлнэ” гэх агуулга бүхий 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/1244 дугаар хариу албан бичгийг хариуцагчид цахим шуудангаар хүргүүлсэн ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Тендерийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3. “...гэрээ байгуулснаас хойш гаргасан гомдлыг шүүхэд гаргана” гэж заасны дагуу гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд гомдол гаргахаар байжээ.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ...дугаартай “Мандах сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4-т зааснаар 2024 оны 05 дугаар сарын 14-нөөс 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор ажлыг бүрэн хийж гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн ба хариуцагчаас нэхэмжлэгчийн гэрээний үүргээ гүйцэтгэж дуусах хугацаа өнгөрснөөс хойш 16 хоногийн дараа дараагийн тендерийг зарласан нь тус тус тогтоогдож байх ба энэ тохиолдолд “... манай гомдлыг шийдвэрлээгүй, гэрээний хугацаа дуусаагүй байхад дараагийн тендерийг зарласан” гэж маргаж байгаа нь мөн үндэслэлгүй, харин “нэхэмжлэгчид шүүхэд гомдол гаргах болон дараагийн тендерт дахин оролцох боломжит хугацаа байсан” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
4.8.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй шалтгаанаа “Сангийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт урьдчилан гомдол гаргасан” гэж тайлбарласныг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8. “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан ба нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Сангийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт урьдчилан гомдол гаргасан” талаарх үйл баримтыг огт дурдаагүй, энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсарган өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх үйл баримттай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
4.8.3. Мөн нэхэмжлэгчээс “манайд гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоогоогүй” гэж маргасан. Гэвч нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар тендерийн ажлыг хуанлийн 67 хоногт буюу 2024 оны 05 дугаар сарын 14-нөөс 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч ажил гүйцэтгэх хугацаа дуусахад 11 хоног үлдсэн байхад Мандах суманд нэг ч ирээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчаас тус тус шүүхэд нотлох баримтаар гарган ирүүлсэн нэхэмжлэгч компанийн захирлаас Мандах сумын Засаг даргын орлогчтой цахимаар харилцсан зурвас /хавтаст хэргийн 145-147 дахь тал/, Мандах сумын Засаг даргын зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр хуралдааны тэмдэглэлд “…бүтэн 2 сар болж байхад ажлаа хийгээгүй юм чинь 7 хоногт хийх нь үгүй байх” /хавтаст хэргийн 149 дэх тал/ гэж тэмдэглэгдсэн байгаагаар тогтоогддог.
Иймээс нэхэмжлэгчид нэмэлт хугацаа тогтоосон ч тендерийг хариуцлагатай гүйцэтгэх боломжгүй байсан гэж үзэхээр байна.
4.8.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “манай компани олох ёстой байсан орлогоо алдаж” эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх агуулгатай тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.
Шүүх өмнөх 4.5 дахь хэсэгт “нэхэмжлэгч нь тендерийн баримт бичигт заасны дагуу шаардсан “8,927,251 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа”-г захиалагчид хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан урьдчилгаа төлбөрийг шаардах эрхгүй” гэж;
Мөн 4.6 дахь хэсэгт хариуцагч нь “тендерийн баримт бичигт заасан гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй нэхэмжлэгчтэй “Мандах сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалт”-ын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж хууль зөрчсөн, зүй нь гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, удаах эрэмбэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”-оор байсан талаар нэгэнт дүгнэсэн тул хууль бус гэрээний төлбөрийг авах ёстой байсан буюу “орлого олох” ашиг сонирхол зөрчигдсөн гэх агуулгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
5. Хариуцагчаас “...” ХХК-ийн Мандах суманд хийж гүйцэтгэсэн сумын төвийн гэрэлтүүлэг камержуулалтын ажлын тайлан, тайланд хавсаргасан фото зургийг /хавтаст хэргийн 176-194 дэх тал/ тус тус хэрэгт нотлох баримтаар гарган ирүүлснээс үзвэл гуравдагч этгээд “...” ХХК нь сумын төвийн гэрэлтүүлэг камержуулалтын ажлыг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлүүлж, 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд ажлын гүйцэтгэл 90 хувьтай хийгдсэн болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Мандах суманд хийж гүйцэтгэх гэрэлтүүлэг камержуулалтын ажлын тендер бүрэн хэрэгжсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Хариуцагчаас хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч 90 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэх нь Тендерийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “үр ашигтай, хэмнэлттэй” байх зарчимд нийцэхгүй гэж үзлээ.
Дээр тогтоогдсон нөхцөл байдлыг бүхэлд нь дүгнэвэл “Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Сумын төвийн гэрэлтүүлэг камержуулалт”-ыг гүйцэтгэх тендерт сонгон шалгаруулалтын улмаас нэхэмжлэгч “...” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд маргааны үндэслэлд хамааралгүй зарим баримтыг үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 28 дугаар зүйлийн 28.6, 30 дугаар зүйлийн 30.3, 30.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Сумын төвийн гэрэлтүүлэг камержуулалт”-ыг гүйцэтгэх тухай тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “...” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван /5/ хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА