| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямын Амарзаяа |
| Хэргийн индекс | 18/2024/0049/З |
| Дугаар | 118/ШШ2024/0064 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 118/ШШ2024/0064
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.
Хариуцагч: Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Г. нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. /онлайнаар/, гуравдагч этгээд Г., гуравдагч этгээдийн өмгөөлөгч В., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар захирамжаар *******ны өвөлжөөг эзэмшүүлснийг, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшлийн талбайн хэмжээ өөрчлөх тухай” А/59 дүгээр захирамжийн *******ны өвөлжөөг эзэмшүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэжээ.
2. Хэргийн нөхцөл байдал: Гуравдагч этгээд Г.д Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргын 2003 оны 01 сарын 27-ны өдрийн 06 дугаар захирамжийг үндэслэж 2008 оны 11 сарын 11-ний өдөр Түдэвтэй сумын Ойгон багийн ******* нэртэй өвөлжөөний 700 м.кв газрыг эзэмших ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /хавтаст хэргийн 26-р хуудас/ олгогдсон байна.
Улмаар Түдэвтэй сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшлийн талбайн хэмжээ өөрчлөх тухай” А/59 дүгээр захирамжаар Г.д Ойгон багийн ******* нэртэй газар 5000 м.кв газар эзэмшүүлэхээр талбайн хэмжээг нэмэгдүүлж өөрчилсөн.
3. Нэхэмжлэгч нь Түдэвтэй сумын Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дүгээр захирамжийн талаар аймгийн Засаг даргад гомдол гаргаж, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 261 дүгээр албан бичгээр хариу авсан байх ба 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч “Уг өвөлжөөг манай аав олон жил эзэмшиж, бодитоор өвөлжөөнд амьдарч байгаад аавын маань бие муудаад УБ хот явахдаа Ш. гэдэг хүнийг харж байгаарай гээд захиж үлдээгээд явсан байхад, дур мэдэн манай өвөлжөөг Г. гэдэг хүнд зарж, Г. нь өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулж авсан нь хууль бус гэж”, хариуцагч тал “Тухайн үеийн Засаг дарга хуулийн дагуу хүсэлт гаргасан иргэний хүсэлтийн дагуу ******* нэртэй өвөлжөөний газрын эзэмшигчээр гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн” хэмээн тус тус маргасан.
5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний аав Д. өвчний улмаас Улаанбаатар хотод эмчилгээнд явах шаардлагатай болсон тул би аавыгаа аваад эмчилгээнд удаан хугацаагаар явах болсон учраас саахалт айлын эзэн Ш.д өөрийн өвөлжөө болох Доод шивээтийн "*******" нэртэй өвөлжөөг харж байгаарай гээд захиж үлдээсэн. Олон жил яваад ирэхэд аавын өвөлжөөг иргэн Ш. нь иргэн Г.д зарсан байсан. Ингээд 2019 онд аймгийн Газрын албанд хандахад багийн ИНХ-д хүсэлтээ гаргаж шийдвэрлүүл, одоогийн байдлаар эзэмшил байхгүй байна гэсэн хариуг албан бичгээр ирүүлсэн. Ш. гэх хүнд өвөлжөө эзэмшүүлэх захирамж гарсан эсэхийг мэдэхгүй тул өвөлжөөний асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж Түдэвтэй сумын Засаг даргад өргөдөл гаргахад Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргын 2024 оны 04-р сарын 22-ны өдрийн 3/63 дугаартай албан бичгээр 2003 оны 01-р сарын 27-ны өдрийн 06 тоот захирамжаар *******ны өвөлжөөг эзэмшүүлснийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дугаартай талбайн хэмжээ өөрчлөх захирамжаар эзэмшүүлсэн тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн тул түүнийг 2024 оны 04-р сарын 24-ний өдөр гардаж аваад Завхан аймгийн Засаг даргад өргөдөл гаргаж 2024 оны 07-р сарын 02-ны өдрийн 261 дугаартай Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан бичгээр ирүүлсэн хариуг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэйл хаягаар хүлээж аваад нэхэмжлэл гаргаж байна. Маргаан бүхийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 тоот захирамжаар *******ны өвөлжөөг эзэмшүүлснийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дугаартай талбайн хэмжээ өөрчлөх тухай захирамжийг иргэн Д. надад хуулбарлаж өгөөгүй тул хариуцагчаас дээрх захирамжийг гаргуулан хэрэгт хавсаргуулж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуульд газрыг Монгол улсын иргэн 18 насанд хүрснээр хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана гэж хуульчилсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 оны захирамж гарсан гэж үздэг. Хэрэгт авагдсан баримтаар 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эдгээр асуудлын талаар тусаагүй байна. Газар эзэмших гэж байгаа иргэн хүсэлт гаргаж хүсэлтийн хүрээнд захирамж гаргаж захирамжийн хүрээнд гэрчилгээ олгож гэрээ байгуулдаг. Гэрээ, гэрчилгээ худалдаж авсан баримт хэрэгт байхгүй. Газрыг хуульд заасны дагуу эзэмшиж авсан гэх боломжгүй байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож байгаа цаг хугацааны дарааллын хувьд таарахгүй байна. 2003 оны сумын Засаг даргын захирамжийг үндэслээд 2008 онд Г.д газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгсөн байдаг. Хэрэгт авагдсан баримтаар Д.******* 2005 оноос хойш эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу явсан асуудал яригдаж байна. Бичгийн баримтыг судлахаар 2006 оноос хойш Ш. эзэмшсэн гэх бичгийн баримт нь байгаа боловч 2003 онд Ш.д юм уу, Г.д тухайн өвөлжөөг эзэмшүүлсэн гэх нотлох баримт хэрэгт байхгүй учраас хуульд заасны дагуу гэрчилгээ гарсан гэж үзэх боломжгүй байна. 2006 оны бүртгэлд тухайн өвөлжөөг Ш. харж хандаж байсан нөхцөл байдал байдаг. 2008 онд Г.******* нэр дээр гарч байгаа гэрчилгээ нь хуульд заасны дагуу олгогдоогүй байна. 2003 онд Г. гэх хүн худалдаж аваагүй байна. 2019 оны 01 дүгээр сард “*******” гэх өвөлжөөний газрыг хэн нэгэн эзэмшээгүй байна. Газрын албанаас Д.д бичиг ирүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтаар Г., Ш. нар “*******” гэх өвөлжөөний газрыг эзэмшээгүй байсан. 2008 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ Г.******* нэр дээр байсан гэх боловч 2019 оны 01 дүгээр сар хүртэл энэ баримт байхгүй байсан. 2019 оны 01 дүгээр сард газрын талбайн хэмжээ өөрчлөх нэрийн дор Г.д 5,000 /таван мянга/ метр квадрат “*******” гэх нэршилтэй өвөлжөөг эзэмшүүлж байгаа захирамж гарсан. Г. хүсэлтээ гаргаж эзэмшиж аваагүй. Ийнхүү эзэмшүүлж байгаа нь Газрын тухай хуулийг зөрчиж байна. Г. нь бусад иргэдээс давуу байдлаар буюу ямар нэгэн хүсэлт гомдол гаргаагүйгээр тухайн өвөлжөөний газрыг эзэмшчихсэн байдал байна. Хэдийгээр тухайн өвөлжөөг худалдаж авсан гэх боловч Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ шилжсэнээр худалдаж авсанд тооцогдоно. Газрын тухай хуульд зааснаар эрх залгамжилж, авч байгаа эрхийг шилжүүлсэн сумын Засаг даргын захирамж гарах ёстой. Газрын тухай хуулийг зөрчсөн байна. Миний үйлчлүүлэгчийн эрх ашиг хөндөгдөж байна. Д. нь аавынхаа өмч хувьчлалаар авч байсан хашаа гэж байгаа боловч гэрч нар бууцыг авсан гэж мэдүүлдэг. Тухайн өвөлжөөний газрыг Д. эзэмшиж байсан байна. Аавынхаа эзэмшиж байсан “*******” гэх нэршил бүхий өвөлжөөний газрыг удаа дараа эзэмших хүсэлтийг гаргасан байдаг. Тухайн өвөлжөөний газрыг Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин бусдад эзэмшүүлсэн үйлдэл нь хууль бус учраас хүчингүй болгуулах, хүчингүй болгуулсныхаа дараа хуульд заасны дагуу хэн нь эзэмших ёстой, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах юм уу, дуудлага худалдаагаар зарах юм уу, худалдах эсэх асуудлыг Газрын тухай хуульд заасны дагуу эзэмших эрхийн гэрчилгээг хэнд олгох нь зүйтэй гэдгийг сум орон нутаг шийдвэрлэх нь зүйтэй. Газрын тухай хуульд заасны дагуу Г. эзэмшээгүй учраас эдгээр захирамжийг хүчингүй болгож өгөөч ээ гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
7. Хариуцагч Түдэвтэй сумын Засаг дарга Ц.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: .... Тухайн шийдвэр гарсан онуудад миний бие Засаг даргын албыг хашаагүй байсан бөгөөд иргэд хоорондын асуудал учраас иргэний хэргээр шийдүүлэх ёстой гэж үзсэн юм. 2003 оны 06 тоот шийдвэрээр Ш. өөрийн нэр дээр гэрчилгээ авч 2006 онд иргэн Г.д худалдсан байдаг ба (2006 оны бүртгэлийг хавсаргав.) Г.******* нэр дээр хийгдсэн 2006 оны гэрчилгээ нь хуучин газрын гэрчилгээг улс орон даяар шинэчилсэн үед хийгдсэн гэрчилгээ болно. 2019 оны А/59 тоот шийдвэр бол өвөлжөөний талбайн хэмжээг тэгшилсэн шийдвэр юм. Энэхүү асуудлын гол холбогдогч нь иргэн Ш. байх тул түүнээс асууж тодруулбал зүйтэй болов уу гэж бодож байна...гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тус сумын газрын даамлаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Намайг газрын даамлын ажил авснаас хойш энэ маргаан яригдаж байгаа. Энэ талаарх баримтыг судлахад Г. нь 2008 онд “*******” гэх нэршилтэй өвөлжөөг эзэмших эрхийн гэрчилгээтэй байдаг. 2019 оны А/59 дүгээр захирамжаар тухайн өвөлжөөний газрын хэмжээ өөрчлөгдсөн. 2 захирамжаар тухайн өвөлжөөг Г. нь эзэмшиж байгаа. Д. нь “*******” гэх нэршилтэй өвөлжөөг эзэмших хүсэлт өгсөн. Тамгын газрын дарга, Засаг дарга нартай хамтран шийдвэр гаргасан. Тамгын газрын дарга Д.гийн хүсэлтийг хангах боломжгүй байна. “*******” гэх нэршилтэй өвөлжөөг 2008 онд Г. гэх хүний нэр дээр шилжсэн байх тул шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн. 2006 оны бүртгэл дээр “*******” гэх нэршилтэй өвөлжөө Ш.ы нэр дээр бүртгэгдсэн байсан. Тэрийг үндэслээд 2008 оны гэрчилгээг олгосон байх. 2019 онд талбайн хэмжээ өөрчлөхдөө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал гаргаад өмнө нь эзэмших эрхийн эрчилгээтэй байгаа хүмүүсийн өвөлжөөний газрын хэмжээг 5000 метр квадрат талбайтай болгон өөрчилсөн. 2003 онд Г., н. нарт холбогдох материал байхгүй байгаа. 2019 онд сумын бүх өвөлжөөний газар эзэмшиж буй хүмүүсийн өвөлжөөний газрын хэмжээг өөрчилсөн. Зөвхөн Г. гэх хүний газрын хэмжээ өөрчлөгдөөгүй гэв.
9. Гуравдагч этгээд Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Доод шивээтийн *******ны өвөлжөөг 2006 онд Ш.аас 10 эр хонь, 80,000 төгрөгөөр худалдан авсан. Үүнээс хойш манайх энэ өвөлжөөг 18 жил эзэмшиж байгаа. Ш. өвөлжөөг гэрчилгээтэй нь өгсөн. Хуучин цагаан гэрчилгээтэй байсан. Хуучин гэрчилгээ 40 жилийн хугацаатай байсан. Захиргаа хуучин гэрчилгээг хураан авсан. Шинэ гэрчилгээ байгаа, татварыг төлж хууль журмын дагуу эзэмшиж байгаа. гэжээ.
10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” гэх нэршилтэй өвөлжөөний газрыг эзэмших болсон үндсэн шалтгаан нь Ш. гэх хүн “*******” гэх нэршилтэй өвөлжөөг эзэмшиж байгаад Г.д тухайн өвөлжөөг харилцан тохиролцож худалдсан байдаг. Худалдан аваад Г. нь сумын Засаг даргын Тамгын газраас газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Бүртгэл журналуудад тодорхой хэмжээгээр тусгагдсан газрын төлбөр төлсөн байна. Нэхэмжлэлтэй холбогдуулаад тухайн газрыг Д. эзэмшин авч байсан юм уу, үгүй юү гэдэг асуудал гарч ирж байна. 2003 оноос өмнө тухайн газрыг хүн эзэмшиж авч байсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээ дээр бичигдсэн хашааг л хувьчилж өгсөн байна. Үл хөдлөх хөрөнгө болох газрыг хувьчилж өгсөн асуудал бол байхгүй байна. Тухайн үеийн хүмүүс өвөлжөөний газрыг хувьчлалаар авчихлаа гэж ойлгосон байна. Газрыг Монгол улсын хэмжээнд өнөөдөр хүртэл хувьчилсан асуудал байхгүй. 2003 оноос өмнө “*******” гэх нэршилтэй өвөлжөөг хэн ч эзэмшиж байгаагүй байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээ дөчин жилийн хугацаатай байсан ба одоо шинэчлэгдээд 15 жилийн хугацаатай болсон байна. Д. гэх хүн Түдэвтэй сумд оршин сууж байсан эсэх тухай асуудал үүсэхээр байна. 2002 онд Г. нь Түдэвтэй сумд шилжиж ирсэн байна. Шилжиж ирэхэд Д. гэх хүн байхгүй байсан гэж байна. 2019 онд талбайн хэмжээг өөрчлөх тухай асуудлыг тухайн сум орон нутгийн иргэд өөрсдөө өвөлжөө бууцанд хамаарагдаж байгаа газрын өвөлжөөний хэмжээг нь тогтоож өгөхгүй болохоор малчдын хооронд тодорхой хэмжээний маргаан үүсээд байгаа учраас өвөлжөө бууцыг 5,000 /таван мянга/ метр квадрат талбайтай болгочихсон юм байна. 200 гаруй өрхийн өвөлжөөний газрын хэмжээг нийтэд нь өөрчилсөн. Давуу байдал олгоод шилжүүлсэн асуудал байхгүй байна. Д. аавынхаа эзэмшиж байсан газрыг өвлөх тухай эрх үүсэхээргүй байна. Д. нь тухайн газрыг эцгээсээ хойш эзэмшээд явах боломжит хугацаа байсан байна. Улаанбаатар хотоос буцаж ирээд тухайн өвөлжөөг Ш.д Д. өгсөн гэдгийг Ш. өөрөө нотолдог. Өв нээгдэх хугацаанд Д. хүсэлтээ гаргаад явсан бол өвлөгдөх боломжтой байсан. Өвлөгдөх эрхийн хугацаа дууссан байна. Сумын Засаг даргын гаргаж байсан захирамжууд хууль зүйн үндэстэй байна. Тиймээс захирамжийг хэвээр нь үлдээж өгөөч ээ гэсэн саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 06, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дүгээр захирамжууд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах үндэслэлүүдээр зөрчөөгүй байна.
2. Гуравдагч этгээд Г.д Түдэвтэй сумын Ойгон багийн нутаг дахь ******* нэртэй өвөлжөөний газрыг эзэмшүүлэхдээ Түдэвтэй сумын Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар захирамжийг үндэслэсэн байх боловч уг захирамжийн хавсралт байхгүй болох нь Түдэвтэй сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/138 дугаар албан бичиг болон аймгийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/2196 дугаар лавлагаагаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 107,108-р хуудас/
3. Гуравдагч этгээд Г.******* ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд тусгагдсан Түдэвтэй сумын Засаг даргын 2003 оны 06 дугаар захирамжаар “Иргэдэд газар эзэмшүүлэх тухай” асуудлыг шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байх ба уг захирамжийн хавсралт байхгүй гэдгээр Г.д олгогдсон *******ны өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. /хавтаст хэргийн 26-р хуудас/
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлэхээр байна.
5. Нэхэмжлэгч болон гэрч Ж.*******, Я.******* нараас нэхэмжлэгчийн аав болох Д. нь олон жил доод шивээтийн *******ны өвөлжөөнд мал маллаж амьдарч байгаад 1992 оны өмч хувьчлалаар өвөлжөөгөө хувьчилж авч байсан гэж мэдүүлж байх боловч Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/1392 дугаар лавлагаагаар Түдэвтэй сумын өмч хувьчлалын баримтад өвөлжөөг хувьчилсан талаарх баримт байхгүй болохыг дурдсан. /хавтаст хэргийн 5-р хуудас/
6. Хэрэгт авагдсан Д............ нарын ............... дугаартай хөрөнгө оруулалтын эрхийн бичгээс харахад Д.гийн нэр дээр 3500 төгрөгөөр хашааг хувьчилж авсан бичиглэл хийгдсэн байх боловч энэ нь дангаар маргаан бүхий өвөлжөөний газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй. /хавтаст хэргийн 6-9-р хуудас/
7. 1994 оны Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар иргэн газар эзэмших хүсэлтээ Засаг даргад гаргаж, 31 дүгээр зүйлд зааснаар сумын Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаар байна. Гэвч өмнөх 1994 оны Газрын тухай хуулийн дагуу нэхэмжлэгч болон түүний эцэг Д. нарт газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн болох нь тогтоогдохгүй байна
8. 2002 оны Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.
9. Гэрч Ш. мэдүүлэхдээ “Д. бие нь өвдөөд Улаанбаатар хот явсан, дараа жил нь хотоос ирэхдээ намайг *******ны өвөлжөөг эзэмш гэдгийг хэлсэн” гэж мэдүүлэх бөгөөд Түдэвтэй сумын газрын даамал дээр бүртгэгдэж байгаа газар эзэмшигчдийн бүртгэл гэх бүртгэлийн 51 дээр ******* нэртэй өвөлжөөг 2006 онд, ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу Ш. эзэмшигчээр, мөн бүртгэлийн 259 дээр ******* нэртэй өвөлжөөг 2008 онд, ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу Г. эзэмшигчээр тус тус бүртгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна./хавтаст хэргийн 73, 79-р хуудас/
10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Г.д Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар захирамжийг үндэслэн тус сумын Ойгон багийн нутаг дахь ******* нэртэй өвөлжөөний газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, 2019 оны 11 сарын 18-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж 5000 м.кв болгож, 5000 м.кв газрын кадастын зураг Г.******* нэр дээр гарсан үйл баримт тогтоогдож байгаа.
11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “2019 оны А/59 дүгээр захирамж нь шинээр газар эзэмшүүлсэн захирамж байх бөгөөд Г.******* газар эзэмших хүсэлт байхгүй, бүртгэгдээгүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “сум орон нутгийн хэмжээнд нийт газар эзэмшигч иргэдийн газрын хэмжээг нэмэгдүүлсэн” гэж маргаж байна.
Гэвч гуравдагч этгээдийн хувьд “*******” нэртэй өвөлжөөний газрыг эзэмшихдээ шинээр хүсэлт гаргаж эзэмшээгүй, иргэн Ш.аас худалдан авсан болох нь гэрч Ш.ы мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд худалдан авсан талаар талууд маргаагүй, Ш.аас өвөлжөөний газрыг гэрчилгээний хамт худалдан авч гэрчилгээг захиргаанд хураалгаж шинэчлүүлсэн гэж тайлбарлах энэ тохиолдолд Г.******* шударга эзэмшигч гэж үзэх бөгөөд түүний хүсэлт бүртгэгдээгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох боломжгүй байна.
12. Гуравдагч этгээдтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ байхгүй байх хэдий ч Г. нь 2020, 2021, 2022, 2023 онуудад газрын төлбөр төлж байсан талаарх баримт хэрэгт авагдсан байх тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаар гуравдагч этгээд Г.******* хууль ёсны газар эзэмшигч гэж үзэхээр байна. /хавтаст хэргийн 44-р хуудас/
13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд маргаан бүхий газрыг эзэмшихээр удаа дараа хүсэлт гаргаж байсан гэх бөгөөд Түдэвтэй сумын газрын даамлын хөтөлж буй өргөдөл гомдлын бүртгэлд 2010–2022 онуудын иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших, ашиглах, өмчлөхөөр гаргасан хүсэлтийг бүртгэсэн байх боловч нэхэмжлэгч Д.гээс маргаан бүхий өвөлжөөний газрыг эзэмших талаар гаргасан хүсэлт бүртгэгдээгүй байна. /хавтаст хэргийн 71-78-р хуудас/
Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн иргэдийн Нийтийн Хурлын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд өвөлжөөний асуудлыг шийдвэрлүүлэх тухай Д.гийн өргөдлийг хэлэлцээд хуралд оролцсон иргэдийн дийлэнх олонхи нь маргаан бүхий өвөлжөөний газрыг Д.д эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасан байх боловч хуралдаанаас шийдвэрлэхдээ энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр тогтсон байна. /хавтаст хэргийн 13, 14-р хуудас/
Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий өвөлжөөний газрыг эзэмших хүсэлтийг 2023 онд нэг удаа багийн иргэдийн Нийтийн Хуралд гаргаж хэлэлцүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Нэхэмжлэгчийн аав болох Д. тухайн өвөлжөөн дээр олон жил өвөлжиж, хувьчлалаар тухайн өвөлжөөний газрыг хувьчилж авсан” гэж тайлбарлан маргасан, нэхэмжлэгч өмнө нь тухайн газрыг олон жил эзэмшиж байсан гэх боловч Газрын тухай хуульд заасны дагуу газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, газрын төлбөр төлж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч талаас энэ талаар баримт гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “сумын Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор маргаан бүхий өвөлжөөний газрыг хэнд эзэмшүүлэхийг сумын Засаг дарга шийднэ” гэх тайлбарыг шүүх хангах үндэслэлгүй байна.
15. Хэдийгээр бодит байдалд нэхэмжлэгчийн аав маргаан бүхий газрыг 2003 оноос өмнө ашиглаж байсан байх боломжтой ч, хууль зүйн хувьд уг эрхээ баталгаажуулаагүй, өөрөөр хэлбэл, Д. болон Д. нарт “*******” нэртэй өвөлжөөний газрыг ашиглуулсан, эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр болон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ байхгүй байх тул маргаан бүхий газрыг шаардах эрхтэй гэж үзэхээргүй байна.
16. Иймд Түдэвтэй сумын Засаг даргын 2003 оны 06, 2019 оны А/59 дүгээр захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, уг захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар захирамжаар “*******”-ны өвөлжөөг эзэмшүүлснийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшлийн талбайн хэмжээ өөрчлөх тухай” А/59 дүгээр захирамжийн “*******”-ны өвөлжөөг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Д.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА