Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 580

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Улсын яллагч Д.Энх-Оргил,

            Шүүгдэгч М.А нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Дадай овогт Мийн Аэд холбогдох 1711000000296 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 24 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 6 сартайгаас 5 насны 2 хүүхэдтэй, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1203 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дадай овогт Мийн А (РД:00000000000),

нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1203 тоотод иргэн Б.Дэмбэрэлсамбууг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч М.А нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “…Тухайн үед манай эхнэр сэрчихээд бие засъя гэхээр нь би хамт гарч бие засуулчихаад гэртээ орж иртэл Б.Дэмбэрэлсамбуу угаалтуурын тэнд өмдөө тайлаад бие засаж байхаар нь би очоод Б.Дэмбэрэлсамбуугийн нүүр рүү 3-4 удаа цохиод гэрээс хөөгөөд гаргасан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.

Хохирогч Б.Дэмбэрэлсамбуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “…М.А нь бие засахаар гэрээсээ гараад эргэж орж ирээд гэнэт намайг нүдээд зодоод эхэлсэн юм. Би гэрээс нь зугтсан чинь араас барьж аваад миний нүүрэнд өшиглөж гудамжинд үснээс чирсэн юм. Би боль, болиоч гэж хэлсэн чинь яадаг юм гээд миний нүүрэнд хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн юм..” гэжээ.

Гэрч Э.Анужин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би бие засчихаад гэр рүү орсон чинь Б.Дэмбэрэлсамбуу нь угаалтуурын хажууд зогсоод шээгээд байж байхаар нь манай нөхөр А нь Дэмбэрэлсамбууг шууд нүүр рүү нь цохиод авсан. Хэд цохьсоныг бол мэдэхгүй байна. 2-3 удаа нүүр рүү нь цохьсон. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад Дэмбэрэсамбууг хөөгөөд гаргасан…” гэжээ.

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.13-ны өдрийн ¹14230 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Б.Дэмбэрэлсамбуугийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамар, эрүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч М.А нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1203 тоот өөрийн гэр дотор Б.Дэмбэрэлсамбууг шээлээ гах шалтгаанаар зодсоноос хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болох нь

 

 

шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Дэмбэрэлсамбуугийн “…М.А нь бие засахаар гэрээсээ гараад эргэж орж ирээд гэнэт намайг нүдээд зодоод эхэлсэн юм. Би гэрээс нь зугтсан чинь араас барьж аваад миний нүүрэнд өшиглөж гудамжинд үснээс чирсэн юм. Би боль, болиоч гэж хэлсэн чинь яадаг юм гээд миний нүүрэнд хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн юм…” гэх мэдүүлэг, гэрч Э.Анужингийн “...Би бие засчихаад гэр рүү орсон чинь Б.Дэмбэрэлсамбуу нь угаалтуурын хажууд зогсоод шээгээд байж байхаар нь манай нөхөр А нь Дэмбэрэлсамбууг шууд нүүр рүү нь цохиод авсан, 2-3 удаа нүүр рүү нь цохисон” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.13-ны өдрийн ¹14230 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, “хохирогчийн шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол саналгүй гэх хүсэлт”, болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Дадай овогт Мийн Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Дэмбэрэлсамбуу нь шүүгдэгчтэй эвлэрсэн, хохиролд 150.000 төгрөг төлсөн ба хохирогч нь ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч М.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүнчлэн гэмт хэрэг гарсан нөхцөл буюу хохирогч нь нялх хүүхэдтэй айлын гэрт ичгүүр сонжуургүйгээр илээр бие зассан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнд оногдуулсан ялаас чөлөөлөх боломжтой гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Дадай овогт Мийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин  мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.Аэд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ