Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/00074

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/00074

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/02175 дугаар шийдвэртэй

М ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б ХХК-д холбогдох

илүү нийлүүлсэн цементийн төлбөр 153 470 800 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 13 637 220 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чинбат, Т.Жавхлан, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь 2011 оноос Хан-Уул дүүрэгт зочид буудал, үйлчилгээний зориулалттай барилгын ажил эхлүүлсэн. Энэ ажлын гүйцэтгүүлэгчээр Лотте инженеринг ХХК-тай гэрээ байгуулж ажиллаж байсан. Лотте инженеринг ХХК нь тус барилгын ажлын суурийг хийхдээ Б ХХК-иас бетон зуурмагийг авах гэрээ байгуулсан. Энэ хоёр компанийн хооронд хийсэн гэрээний дагуу МАК компани нь Б ХХК-д цемент нийлүүлэхээр болсон. Мак товер гэдэг барилгад шаардлагатай бетен зуурмагт ногдох цементийг нийлүүлэх үүрэг хүлээж ажилласан. Үүний дагуу Мак компани 2012 оноос 2013 оны хугацаанд нийтдээ 5 588.9 тонн цементийг нийлүүлсэн байдаг. Энэ талаар талуудын нягтлан бодогч нар тооцоо нийлээд анхан шатны баримтыг шүүгээд акт үйлдсэн. Нөгөө талаас Б ХХК манай компаниас авсан цементийг ашиглан зуурмаг бэлтгээд Лотте инженеринг ХХК-д нийлүүлсэн. Нийт 10 843.9 м.куб бетон зуурмагийн тооцоо нийлсэн болохыг талуудын нягтлан бодогч нар анхан шатны баримтад үндэслэж тооцоо нийлсэн акт үйлдсэн. 2014 оноос тухайн барилгын ажил газрын гүний усны нэвчилтээс болоод зогссон. Тооцоо нийлсэн актуудаар 10 843.9 м.куб зуурмагийг өгсөн, 2012, 2013 онд Лотте инженеринг ХХК-д 9 976.9 м.куб зуурмаг нийлүүлэгдсэн. Харин Мак компани нь өөрийн бусад хэрэгжүүлж байсан жижиг төсөлд 8 700 м.куб зуурмагийг авсан байдаг. Хариуцагчийн зүгээс 1 009 м.куб зуурмаг бусад төсөлд нийлүүлсэн. Тэгэхээр тооцоо нийлсэн актад тусгагдсан тоо нь эцсийн дүн гэж үзэх үндэслэлтэй. Мөн тооцоонд ороогүй гээд байгаа зуурмагийн асуудал 2012 оны асуудал. Энэ асуудлыг 2020 онд гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шаардлага гаргах хугацаа дууссан асуудал. Ийм учир 139 м.куб зуурмагийг нийлүүлсэн гэдэг асуудлыг манай тал хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зөвхөн тооцоо нийлсэн актыг баримтална. Талуудын хоорондын харилцаанаас үзэхэд Б ХХК нь Мак компанид зуурмаг нийлүүлэх, зуурмагт ногдох цементийг Мак компаниас авах, илүү нийлүүлсэн цементийн төлбөрийг Мак компанид буцаан төлөх харилцаа үүссэн. Илүү нийлүүлсэн цементийн хэмжээ хэд вэ гэдэгт талуудын маргааны гол цөм нь явж байгаа гэж ойлгож байгаа. Б ХХК нь Лотте инженеринг ХХК буюу Мак товэрт нийлүүлсэн зуурмагийн үнийг Лотте инженеринг ХХК-иас авчхаж байгаа. Мак компани нь ногдох цементийн төлбөрийг нэхэмжлээгүй. Ногдох цементээс илүү гарсан цементийн үнийг нэхэмжилж байгаа. Нөгөө талаас Мак компани нь бусад төсөлд зуурмаг авсан. бусад төсөлд авсан зуурмагийн үнийг Б ХХК-д төлнө гэсэн байгаа, ногдох цемент гэдэг асуудалд М200, М300, М350, М450 гэсэн зуурмагийн ногдох цемент дээр зөрүү гарсан. М250, М550-д орсон ногдох цементэд маргадаггүй. Харин үлдсэн 4 төрөлд маргаж байгаа. Барилга архитектур корпорацын дүгнэлт гарсан гэж ярьсан. Энэ дүгнэлт болон Мак компаниас гарсан дүгнэлт болон Б ХХК-иас гарсан дүгнэлтийн ногдох цементийг харахад М200-д гэхэд Мак компанийн гаргаснаас 5 кг-аар илүү, Б ХХК-ийн тооцсоноор 30 кг-аар илүү байсан. Ногдох цемент нь илт зөрүүтэй байгаа. М3ОО-д манай талаас 33 кг-аар бага тооцсон байхад Б ХХК 370 кг гэж гарсан. Мөн М450-д барилга архитектурын гаргасан 370 кг гэж заасан байхад Мак компани 425 кг гэж 55 кг-аар зөрүүтэй байхад Б ХХК-ийнх 475 гэж гаргаад энэ нь 105 кг-аар зөрүүтэй гарсан. Барилга архитектурын дүнгээр тооцох юм бол илүү нийлүүлсэн цементийн төлбөр 165 000 000 төгрөг болох тооцоо байгаа. Гэхдээ манай компани ногдох цементийн асуудлаар 153 470 840 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ нь хариуцагч компанид илүү ашигтай байгаа. Тухайн үед Лоттэ инженеринг ХХК нь мөн мэргэжлийн компаниар гүйцэтгүүлэн газар дээр авсан дүгнэлтүүд байдаг. Б ХХК-ийн баримтлаад байгаа тоо нь технологийн заавар гэдэгт тусгагдсан. Технологийн заавар нь хэргийн материалд хавсралтаар оруулсан байгаа. Энэ нь бодит байдалд хийгдсэн цементийг тодорхойлох боломжгүй ерөнхий тоо хэмжээг гаргадаг. Технологийн зааврын 6-р хуудсанд дурдсан байдаг. Технологийн зааврын нүүрэн хэсэгт л бүртгэв гэсэн дардастай, орц нормтой холбоотой хэсгийг баталгаажуулаагүй баримт байдаг. Барилга архитектур корпорацын дүгнэлт Мак болон Лоттэ инженеринг ХХК-ийн гүйцэтгэж байсан зуурмагийн найрлагыг тодорхойлсон дүгнэлтээс харахад Б ХХК нь технологийн зааврыг хэзээ ч баримталж байгаагүй нь тодорхой харагдаж байна. Тэгэхээр технологийн зааврыг баримтлах үндэслэл байхгүй. Харин мэргэжлийн итгэмжлэгдсэн лобатори болох барилга архитектурын корпорацын дүгнэлтийг барих нь зүйд нийцнэ гэж үзэж байгаа. Талууд зуурмагийн үнийн асуудалд маргадаггүй. Тийм учраас авсан хэмжээ нь марк, маркаар байдаг үнээр тооцож үзэхээр Мак компани 154 900 000 төгрөгийн зуурмаг бусад төсөлд авсан. Энэ төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч компани 30 000 000 төгрөгийн Хөтөл тэлмэн ХХК-д танай өмнеес төлсөн гэж ярьдаг. Энэ асуудалд талуудын хооронд ямар нэгэн тохиролцоо байхгүй. Хэргийн материалд авагдсан баримтыг харахад 2012 оны 10 дугаар сарын 16-нд Б ХХК-иас Хөтөл тэлмэн ХХК-д 30 000 000 төгрөг шилжүүлсэн баримт байдаг. Үүнийгээ Мак компанийн өмнөөс төлсөн гэж тайлбарладаг. Хөтөл тэлмэн ХХК-д төлсөн 30 000 000 төгрөгийг өөрсдийн үйл ажиллагаандаа авсан цементийн төлбөрийг төлсөн гэж бодож байна. Мак компани нь манай өмнөөс төл гэсэн бичиг явуулж байсан бол түүнийгээ нотлох хэрэгтэй. Энэ талаар Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасан байдаг. Манай компани зөвшөөрөл өгснийг би хайгаад олоогүй. 30 000 000 төгрөгт өөр жижиг асуудлууд их байдаг. Мөн манай зүгээс 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн дээр тооцоолол нь хүснэгтэн байдлаар байгаа. Илүү нийлүүлсэн цементийн хэмжээ нь 2.028 тонн байдаг. 1 тонн цементийн үнэ 152 000 төгрөг нийтдээ 308 300 000 төгрөг болж байгаа. Илүү нийлүүлсэн цементийн үнийг Б ХХК-д төлөх ёстой зуурмагийн үнийг хасахад 153 470 840 төгрөг болж байна. Б ХХК-д илүү нийлүүлсэн зуурмагийн үнэ болох 153 470 840 төгрөгийг нэхэмжлэгч компанид олгохыг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Баасандулам, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээрээ 2012, 2013 онуудад манай компаниас бетон зуурмаг авч, төлбөрт нь цемент нийлүүлж байсан бөгөөд илүү нийлүүлсэн цементийн төлбөрт тооцон 134 103 180 төгрөгийг манай компаниас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Манай компани нь 2011 оны 11 дүгаар сарын 17-ны өдөр МАК ХХК-аас зарласан Haytt Regency олон улсын зочид буудал барих тендерт оролцоод Лотте Инженеринг Констракшн Монголиа ХХК-тай 2 жилийн хугацаанд 48 000 м.куб бетон зуурмаг нийлүүлэхээр харилцан тохирч МАК ХХК-ийн эзэмшлийн газарт өөрийн үйлдвэрийг барьж суурилуулан, бетон зуурмагийг баригдаж буй барилгад шууд нийлүүлэхээр тохирсон. Гэрээнд заасны дагуу тухайн төсөлд шаардлагатай бетон зуурмагт орох цементийг МАК ХХК нь Хөтөл Тэлмэн ХХК-ийн цементийг нийлүүлж байсан бөгөөд бетон зуурмагийн үнээс цементийн үнийг хасаж тооцохоор тохирч, бетон зуурмагийн үнийг доллараар буюу 1 ам.долларыг 1330 төгрөгөөр тооцон төлбөр хийхээр харилцан тохиролцсон байна. 2017 оны 4 дүгээр сарын 28-нд болон 2014 оны 7 дугаар сарын 28-нд тус тус хийсэн тооцоо нийлсэн актаар Хөтөл Тэлмэн ХХК-аас буюу МАК ХХК-аас Б ХХК-д нийлүүлсэн цементийн тооцоо нь 5 588.93 тн, Б ХХК-аас Лотте Инженеринг Констракшн Монголиа ХХК болон МАК ХХК-нд нийлүүлсэн бетон зуурмаг 10 843.9 м.куб болохыг баталгаажуулсан байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... эдгээр тооцоо нийлэх актаар талуудын өгсөн, авсан цемент, бетон зуурмагийн хэмжээг эцсийн байдлаар тогтоосон бөгөөд МАК ХХК нь 1991.2 тн цементийг "Б ХХК-д илүү нийлүүлсэн байдаг... цементийн хэмжээг дараах аргачлалын дагуу тооцсон ... гэжээ. МАК ХХК-аас нэхэмжлэлд дурдсан тооцоолол хийсэн хүснэгтийн 1-т ... Лотте Инженеринг ХХК-д нийлүүлсэн 2012, 2013 онд авсан бетон зуурмагийн хэмжээ 9973.9 м.куб, МАК-ийн бусад төсөлд авсан бетон зуурмагийн хэмжээ 870 м.куб ... гэжээ. Талуудын нягтлан бодогч нарын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хийсэн бетон зуурмагийн тооцоо нийлсэн актын хавсралтад анхан шатны баримтыг үндэслэн авсан бетон зуурмагийн м.куб, тоо хэмжээ, марк, тээврийн хэрэгслийн дугаар зэргийг жагсаан бичиж, нийт авсан бетон зуурмагийн хэмжээг тооцоолон гаргаж баталгаажуулсан байна. Гэтэл бидний зүгээс 2012, 2013 оны анхан шатны архивын баримтыг нэг бүрчлэн шалгаж үзэхэд МАК ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр М250 маркийн 139 м.куб оетон зуурмаг авсан нь тогтоогдож байгаа бөгөөд уг авсан бетон зуурмаг нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн баримтад оруулаагүй болох нь тогтоогдож байна. Иймд МАК ХХК-ийн бусад төсөлд авсан бетон зуурмагийн хэмжээ нь 870 м.куб биш харин 1009 м.куб бетон зуурмаг болж байна. Харин Лотте Инженеринг ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маргах зүйл байхгүй байна. МАК ХХК-аас нэхэмжлэлд дурдсан тооцоолол хийсэн хүснэгтийн 2-т ...Лотте Инженеринг ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагийг маркаар нь ангилж, ногдох цементийн хэмжээг үзүүлбэл ... гээд Лотте Инженеринг ХХК-д 2012, 2013 онд нийлүүлсэн 9973.9 м.куб бетон зуурмагт ногдох цементийн хэмжээг 3 597.7 тн цемент орсон гэсэн тооцоолол хийсэн байна. Барилгын материалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг явуулахын тулд барилгын тухай хуулийг үндэслэн гаргасан Газрын харилцаа, Барилга, Геодези, Зураг Зүйн Газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан 625 тоот тушаалаар барилгын материалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн зааврыг хянаж баталгаажуулах дүрэм, журмыг батлан мөрдүүлэхээр болсон байх бөгөөд уг журмын дагуу МАК ХХК-ийн газарт шинээр үйлдвэр суурилуулж, үйл ажиллагаа явуулахын тулд манай компанийн зүгээс тус үйлдвэрийн технологийн зааврыг боловсруулан Монгол Улсын Засгын Газарын Хэрэгжүүлэгч Агентлаг, Газрын харилцаа, Барилга, Геодези, Зураг зүйн газраар баталгаажуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Манай компанийн боловсруулсан технологийн зааврыг баталгаажуулахын тулд тухайн үйлдвэрт туршилт хийж үйлдвэрийн технологийн горимын дагуу цаашид мөрдөх бетон хольцын найрлагыг тогтоож баталгаажуулсан юм. Тус үйлдвэрийн технологийн заавраар баталгаажсан бетон зуурмагийн орц найрлагыг Лотте Инженеринг ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээг маркаар нь ангилж, ногдох цементийн хэмжээг тооцоолж үзвэл Лотте Инженеринг ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагт ногдох цементийн хэмжээ нь 4 231.3 тн болж байгаа бөгөөд цементийн зөрүү нь 1 357.6 тн цемент болж байна. МАК ХХК-н гаргасан нэхэмжлэлд Б ХХК-д илүү нийлүүлэгдсэн 1 991.2 тн 302 662 400 төгрөгийн үнэ бүхий цементээс МАК ХХК-ийн бусад төсөлд авсан 154 922 000 төгрөгийн үнэ бүхий 870 м.куб бетон зуурмагийн төлбөрийг хасаж тооцвол зөрүү төлбөр 147 740 400 төгрөг болно. Уг 147 740 400 төгрөгөөс 2014 оны тооцоо нийлсэн актаар гарсан төлбөр 13 637 220 төгрөгийг хасаж 134 103 180 төгрөг болж байгаа юм ... гэжээ. Бидний хийсэн тооцооллоор илүү нийлүүлсэн цементийн зөрүү нь 1 357.6 тн цемент болж байгаа бөгөөд 1 тонн цементийг 152 000 төгрөгөөр тооцож үзвэл 206 356 720 төгрөгийн өглөгтэй гарч байгаа юм. Үүнээс МАК ХХК-ийн бусад төсөлд авсан 1 009 м.куб бетон зуурмагийн үнэ болох 184 871 520 төгрөгийг хасаж тооцвол 21 485 200 төгрөгийн өглөгтэй байна. Нэхэмжлэгч нь цементийн төлбөрийг нэхэмжлэхдээ 2012, 2013 онуудад хийгдсэн бетон зуурмаг болон цементийн тооцоо нийлсэн актыг үндэслэсэн байх бөгөөд тухайн эд нийлүүлж байсан цемент болон бетон зуурмаг нь 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Лотте Инженеринг Констракшн Монголиа ХХК болон Б ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээг үндэслэн хийгдэж байсан арилжаа, худалдаа юм. Тийм учраас МАК ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагийн үнэлгээ, тооцоог Лотте Лнженеринг Констракшн Монголиа ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэн тооцоо хийх нь үндэслэлтэй юм. Дээр хийсэн тооцооллын дагуу манай компани нь МАК ХХК-д 21 485 200 төгрөгийн үлдэгдэлтэй гарч байгаа бөгөөд манай компанийн зүгээс 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хөтөл Тэлмэн ХХК-д цементийн төлбөрт тооцон 30 375 000 төгрөгийг Хаан банкны 5030017977 тоот дансанд шилжүүлж байсан байна. МАК ХХК нь нэхэмжлэл гаргаж, тооцоолол хийхдээ уг мөнгийг хасч тооцоолоогүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах нь зүйтэй юм. Бидний хийсэн тооцооллоор 2012, 2013 онуудад МАК ХХК-аас авсан цементийн төлбөрийг бүрэн барагдуулж дууссан байх тул нэхэмжлэлд дурдсан мөнгийг төлөх үндэслэлгүй юм. Харин 2014 оны МАК ХХК-тай байгуулсан арилжааны гэрээний дагуу 2014, 2015 нэхэмжлэгч нь манай компаниас 253 324 500 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг авч, 239 687 280 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлж, манай компани 13 637 220 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй юм гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Баасандулам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нь 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр МАК ХХК-аас зарласан Haytt Regency олон улсын зочид буудал барих тендерт оролцоод Лоттэ инженеринг ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2012, 2013 онуудад бетон зуурмаг нийлүүлсэн, МАК ХХК-аас цемент авч байсан. 2014 онд МАК-ийн Haytt Regency олон улсын зочид буудал барих төсөл хэрэгжүүлэх боломжгүй болсны улмаас 2012, 2013 онуудын цементийн төлбөр тооцоог МАК ХХК-тай дуусгасан учраас 2014 онд шинээр Арилжааны гэрээ байгуулан цемент авах болсон юм. Тус гэрээний дагуу 2014, 2015 онуудад МАК ХХК нь манай компаниас 253 324 500 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг авч, 239 687 280 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлж, манай компанид 13 637 220 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа юм. Манай компанийн зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж албан бичиг хүргүүлж байсан боловч төлбөрөө төлөлгүй манай компанийг хохироосон байтал, манай компаниас ямар ч үндэслэлгүйгээр цементийн төлбөр нэхэмжилж шүүхэд хандсан явдал нь бизнесийн ёс зүйгүй хуулийн этгээд болохыг харуулж байна. Иймд МАК ХХК-тай 2014 онд байгуулсан Арилжааны гэрээ-г үндэслэн бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр болох 13 637 220 төгрөгийг МАК ХХК-аас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Х.Чинбат шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэл гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжпэлд 2015 оны тооцоо нийлсэн актын дагуу 13 637 220 төгрөгийг сөрөг нэхэмжлэлд шаардсан байна. 2015 оны үйл баримт нь арилжааны гэрээний дагуу гарсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан. Хариуцагчаас 13 637 220 төгрөгийг анхнаасаа хасаад тооцсон учир сөрөг нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч Б ХХК-иас илүү нийлүүлсэн цементийн үнэ 153 470 800 төгрөг гаргуулах тухай Монголын алт ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1-д зааснаар М ХХК-иас бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 13 637 220 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгож, Иргэний хэрэгх шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар М ХХК-иас 226 140 төгрөг гаргуулж Б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1 161 280 /828 500+226 140+106 640/ төгрөгийг, хариуцагчийн төлсөн 226 140 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгчийн зүгээс Лотте инженеринг констракшн Монголиа ХХК-тай зөвхөн МАК ТОВЕР-ын төсөл дээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. МАК нь тус компанитай Б ХХК-д нийлүүлэх бетон зуурмагт ногдох цементийг нийлүүлэх тохиролцоо, хэлцэл хийсэн. Мөн МАК нь Б ХХК-тай тохиролцсоны дагуу МАК ТОВЕР төслөөс бусад МАК-ийн хэрэгжүүлж байсан төсөлд бетон зуурмаг авч, түүний оронд цемент нийлүүлдэг байсан. Лотте инженеринг ХХК болон Б ХХК-иудын хооронд дараах огноотой гэрээнүүд байгуулагдсан байдаг. МАК компани тус гэрээнд огт оролцоогүй, гарын үсэг зураагүй. 2011 дүгээр сарын 17-ны өдөр зурагдсан гэрээ Hyatt Regence Mongolia Улаанбаатар хот, Бетон зуурмагийн үйлдвэр ба бетон зуурмаг /Гэрээний хугацаа ба нөхцөлүүд/. Гэрээний 8.1. бетон зуурмаг нийлүүлэгч (Б ХХК) нъ түүхий эд материал худалдан авах, бетон зуурмаг үйлдвэрлэх... үүрэг хүлээнэ. Гэрээний 9.6 ажил олгогч (МАК) нь цементээр хангасан тохиолдолд бетон зуурмаг нийлүүлэгч /Б ХХК/ нь цементийн үнийг төлнө, цементийн үнийг Улаанбаатар хотод сар бур хэвлэгдэн гардаг барилгын материалын унэ ханшийн сэтгүүл баримтлан тогтооно. 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зурагдсан бетон зуурмагийн үйлдвэр ба бетон зуурмагаар хангах тухай нэмэлт гэрээ. Гэрээний ажил олгогч нь ажил гүйцэтгэгчийг бетон зуурмагийн хольцуудаар хангах ба гэрээлэгч нь эдгээр хольцуудыг ашиглан бетон зуурмаг үйлдвэрлэнэ. Дээрх гэрээнүүдэд үндэслэн Б ХХК-ийн Лотте инженеринг Монголиа ХХК-д нийлүүлэх бетон зуурмагт ногдох цементийг МАК нийлүүлэхээр МАК болон Лотте инженеринг Монголиа ХХК нар тохиролцсон. Тодруулбал, МАК компани Б ХХК-д зөвхөн бетон зуурмагт ногдох цементийг л нийлүүлэх үүрэгтэй, тохиролцоотой байсан. Гэвч бодит байдал дээр МАК нь Б ХХК-д нийлүүлэх бетон зуурмагт ногдох цементээс илүү их хэмжээний цемент нийлүүлэгдсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг уусээгуй буюу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэн бид Б ХХК-аас буцаан шаардаж байгаа болно. МАК болон Б ХХК-ийн хооронд МАК-ийн бусад төслүүд дээр бетон зуурмаг нийлүүлэх, түүний оронд цемент өгөх арилжааны гэрээ амаар байгуулагдсан байдаг. Ийнхүү талуудын хооронд хэд хэдэн төрлийн гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүхээс зөвхөн Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн /1-р хэсэгт дурдсан/ хэмээн үндэслэлгүй, дутуу дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа ажил гүйцэтгэх гэрээнд үндэслээгүй бөгөөд 2, 3 дахь хэсэгт заасан харилцааны хүрээнд илүү нийлүүлэгдсэн цементийн төлбөрөө шаардсан. Шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөн, арилжааны гэрээний асуудлаар огт дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч ямар нэг доголдолтой ажлын үр дүнг нийлүүлсэнтэй холбоотой маргаагүй /илүү нийлүүлэгдсэн цементийн төлбөр буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал хөндсөн/ буюу маргааны гол зүйл нь Нэхэмжлэгчийн зүгээс хүлээж авсан бетон зуурмагт ногдох цементээс үндэслэлгүйгээр илүү нийлүүлсэн цементийн зөрүүгийн асуудал юм. Шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, улмаар түүндээ үндэслэн. хэрэглэх ёсгүй заалтыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Мөн талууд нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актуудаар хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд МАК-аас Б ХХК-руу нийлүүлсэн цементийн тооцоо 5588.93 тн, Б ХХК-ийн зүгээс МАК-ийн хэрэгжүүлж буй бусад төсөлд нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээ нь 10 843.9 м.куб гарсныг тус тус баталсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн болон 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үндэслэж нийт хүлээн авсан зуурмагт ногдох хэмжээнээс илүү хэмжээний цемент нийлүүлснээ олж мэдсэн. Иймээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.2, 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар дуусаагүй буюу хариуцагч татгалзах эрхгүй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрдөг нь түүний гаргасан хариу тайлбаруудад нь тодорхой тусгагдсан. Тодруулбал талуудын хооронд зөвхөн бетон зуурмагт ногдох цементийг тооцох аргачлал дээр маргадаг, өөр компани руу /Хөтөл тэлмэн ХХК-руу шилжүүлсэн 30 000 000 төгрөг/ шилжүүлсэн төлбөрийн баримтаар тооцож дуусгавар болгох, тооцоонд ороогүй гэх М250 маркийн 139 м.куб бетон зуурмагийн асуудал зэрэгт үндэслэж үгүйсгэдэг. Талууд М250, М550 маркийн бетон зуурмагт орсон цементийн хэмжээ дээр маргаангүй. Энэ талаар хариуцагчийн гаргасан тайлбарт тодорхой дурдагдсан. Харин М200, МЗОО, М350, М450 марк дээр нэгдсэн байр сууринд хүрдэггүй. "Б" ХХК-ийн баримталж буй тоо нь Барилга архитектурын корпорацын тооцсоноос илт зөрүүтэй байдаг бол нэхэмжлэгч нь өөрийн баримталж буй хэмжээг шүүхийн журмаар Барилга архитектурын корпорацаас гаргуулсан дүгнэлтэд үндэслэдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалт буюу үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч М ХХК нь Б ХХК-д холбогдуулан илүү нийлүүлсэн цементийн төлбөр 153 470 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 13 637 220 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг нарийвчлан тогтоож эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болсон байна.

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нийт нийлүүлсэн цементээс Лотте инженеринг ХХК-д өгсөн бетон зуурмагт ногдох цементийн хэмжээг хасаж тооцвол 302 662 400 төгрөгийн үнэ бүхий цементээс М ХХК-ийн бусад төсөлд авсан 154 922 000 төгрөгийн үнэ бүхий 870 м.куб бетон зуурмагийн төлбөрийг хасаж тооцвол зөрүү төлбөр 147 740 400 төгрөг гэж, хариуцагч байгууллага ...илүү нийлүүлсэн цементийн зөрүү нь 1 357.6 тонн цемент болж байгаа бөгөөд 1 тонн цементийг 152 000 төгрөгөөр тооцож үзвэл 206 356 720 төгрөгийн өглөгтэй гарч байгаа юм . Үүнээс М ХХК-ийн бусад төсөлд авсан 1 009 м.куб бетон зуурмагийн үнэ болох 184 871 520 төгрөгийг хасаж тооцвол 21 485 200 төгрөгийн өглөгтэй байна гэж өөр өөрөөр тайлбарлан маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрүүдэд үйлдэгдсэн Тооцоо нийлсэн акт гэсэн бичгийн баримтууд авагдсан байх бөгөөд дээрх баримтыг үйлдсэн талаар талуудын хэн аль маргаагүй. /1хх.8,13/

Дээрх бичгийн баримтын агуулгаас үзэхэд 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №201704-28 тоот актаар 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Хөтөл тэлмэн ХХК-аас Б ХХК-руу нийлүүлсэн цементийн тооцоо нь 5 588.93 тонн гарсныг, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №201707-28 тоот актаар 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Б ХХК-аас Lotte E&C-руу нийлүүлсэн зуурмагийн тооцоо нь 10 843.9 м.куб гарсныг тус тус харилцан баталсан байна.

Харин зохигчид зуурмаг хийхэд орсон цементийн орц найрлагаас хамаарч илүү гарсан цементийн хэмжээний талаар харилцан зөрүүтэй тайлбар гаргажээ. Иймд нэхэмжлэгч М ХХК-аас хариуцагч Б ХХК-д илүү нийлүүлсэн цементийн хэмжээг тогтооход зуурмагт орсон цементийн орц найрлагыг тогтоох нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн зохигчид дээрх тооцооны актуудыг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 04/1282 тоот, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17/210 тоот албан бичгүүдийг харилцан солилцож байсан үйл баримт тогтоогдсон байхад шүүх Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 821 дэх хэсэгт заасан Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн заалтуудыг үндэслэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай. /1хх.25, 107/ Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд шаардах эрх хэдий үеэс үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна гэж үзлээ.

Зохигчид 2012, 2013 онд цемент болон зуурмаг нийлүүлсэн асуудлаар хожим буюу 2017 оны 4 дүгээр сарын 28, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрүүдэд акт үйлдэж, 2017 оны 9 дүгээр сарын 27, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлбөр төлөх талаар албан бичиг солилцож байсан байхад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хэрэгсэхгүй болгосон атлаа тэдний хооронд 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан арилжааны гэрээний үүргийг дүгнэсэн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн акт, 2016 оны 5 дугаар сарын 17, 2016 оны 12 дугаар сарын 26, 2017 оны 8 дугаар сарын 22, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрүүдийн мэдэгдлүүдийг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна гэж дүгнэсэн нь зөрчилтэй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт ...зохигчдын тайлбар нь... нотлох баримт болох бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 21 485 200 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч төлнө гэсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

Талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг бүрэн тогтоосны үндсэн дээр зохигчдын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэх юм.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хөөн хэлэлцэх хугацааг буруу дүгнэсэн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/02175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 926 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО